Цагаан морин жилийн хувьсгалаас хойш ард түмний оюун санааны ертөнцөд тэсрэлт гарч 70 мянган жилийн өмнө сапиенсууд танин мэдэхүйн хувьсгал хийсэн шиг зүйл болов. Оюун санааны ертөнцөд үүссэн тэсрэлтийн долгион урлаг, дуу хөгжмийн салбар луу тархан “Хонх”-ны дуу бүгдийг сэрээн цангинав. Сэрсэн нийгэм үзэл бодлын эрх чөлөөг баруун солгойгүй сөгнөж эхэллээ. Домог болсон “Харанга”, “Хурд" рок хаад ТҮЦ-ийн өсгөгчөөр зандарч, “Камертон”, “Сүнс”-үүд өөр, өөрийн өнгөөр аргадан дугараа эргэж байв. Хуучин нийгмийн гав гинжийг сэгсэрч хаясан ард түмэн эрх чөлөөндөө хөлчүүрэн намрын хөлтэй найранд орсон мэт найган ганхаж байлаа. Гэвч чадалтай нь амьдардаг хорвоо гэж ардчилал гуай анхааруулснаар хөлтэй найранд хөлчүүрхсэн нийгэм шартаж сэрэв. Хүндээр шартсан нийгмийг аргадан дуулагчдын нэг нь “Элкондор” хэмээх Альпийн тасны нэрийг авсан мэргэжлийн дуучин залуус байв.
Ардчилсан хувьсгалын гуравдугаар он буюу 1993 он. СУИС-ийн 306 тоот өрөөнд хоёрдугаар курсийн хоёр ах Дорнод аймгаас ирсэн нэгдүгээр курсийн шинэхэн оюутан П.Хэрлэнг дуудаж уулзсан нь уран бүтээлийн оргилуун, хүсэл тэмүүлэл дүүрэн яриа болсон гэдэг. “Шигтгээ” хамтлагийн дуучин Б.Цогоо гэж төрөл бүрийн авьяастай, авьяасандаа халгиж, цалгиж явдаг эр байв. Түүний дуулсан “Жирийн монгол охин”, “Хүүхэд нас минь баяртай” зэрэг дуу тухайн үеийн залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байв даа. Яруу найрагч Х.Тэргэлийн шүлгээр бүтсэн “Хүүхэд нас минь баяртай” дууны аялгууг Б.Цогоогийн аав бичиж байсан түүхтэй. Зураач хүний мэдрэмжээс тийм гайхалтай аялгуу гардаг байх нь. “Айзам 2” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан, Цогоо хоёр хар багын сайн найз байжээ. “Оддын эрэлд” шоуны томоохон өрсөлдөгчид амьдрал дээр салж хагацахгүй андууд байсан гэхээр сонирхолтой шүү. Дуучин Б.Цогоог “Нөгөө ертөнц”-ийн тайзнаа уран бүтээлээ эгшиглүүлэхээр явах сүүлчийн мөч хүртэл мөр, мөрөө түшилцэж явсан хоёр доо.“Элкондор” хамтлагийн дөрөв дэх гишүүн нь “Guys 666” хамтлагийг үүсгэн байгуулагч Т.Амарзаяа. Т.Амарзаяа хамтлаг байгуулагдсанаас нэлээд хойно бүрэлдэхүүнд нэгдсэн байдаг. Ийнхүү СУИС-ийн 306 тоот өрөөнөөс нэгэн "Тас" нисэн гарч урлагийн тэнгэрт жигүүр дэлгэжээ. “Элкондор” хамтлагийн хамгийн анхны уран бүтээл "Тавилан” нэртэйгээр сонсогчдын сонорт хүртэв.
Цэн цэнгийн нулимс нь бороо шиг асгарна
Цээжний амрагаа үгүйлж сэтгэл минь гэгэлзэнэ
Үүл үүлэн дээрээс алсыг хармаар санагдана
Өнчин цагаан ботго зүүдэнд минь тэшнэ
Ай хөөрхий дассан сэтгэлд минь
Аяс аясхан гуниг төрөөд л байна даа хөө хэмээн уянгалуулж, хүчирхэг хоолойгоор сонсогчдын дур сэтгэлийг байлдан дагуулж эхэллээ.
Урлагийн хүрээнийхэн дундаа мэргэжлийн гэх тодотголтой “Элкондор” хамтлагийнхан 1996 оны эмэгтэйчүүдийн баярт зориулж, Травиатта дуурийн “Хундаганы дуу”, “О соле миёо” зэрэг сонгодог уран бүтээлүүдийг поп опера жанраар дуулсан нь тухайн үедээ л эвэртэй туулай үзсэн мэт үзэгчдийг ангайлгаж байв. Монголд хамгийн анх поп опера дуулсан хамтлаг бол “Элкондор”. П.Хэрлэн, Д.Жаргалсайхан хоёрын хүчирхэг хоолой сонгодог дуурийн ариг дуулахад үзэгчдэд онцгой мэдрэмж төрүүлж байсан нь тодорхой. Хамтлаг байгуулагдаад удалгүй“Хамжааргагүй дурлал” тэргүүтэй шинэ дуугаа үзэгчдэд хүргэснээр богино хугацаанд олны таашаалд нийцжээ. Байгуулагдсанаас хойш дөрвөн жилийн дараа буюу 1997 онд “Элкондор” хамтлаг хамгийн анхны “Дурлалын гудамж” тоглолтоо СТӨ-д тоглохоор болов. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад удаагүй байсан Н.Багабанди эхнэр хүүхэд тамгын газрынхантайгаа, Ерөнхий сайд М.Энхсайхан болон УИХ-ын гишүүдийн 60 гаруй хувь нь “Дурлалын гудамж” тоглолтыг үзэж сонирхжээ. Тоглолтын дараа Ерөнхийлөгч Н.Багабанди хамтлагийнхантай уулзаж “Та бүхэнд юу хэрэгтэй байна, нэг удаа хүсэлтийг чинь биелүүлье” гэхэд мань дөрөв “ Бидэнд одоохондоо хэрэг болох юм алга” гэж хариулсан гэдэг. Авьяасандаа эрдэж, ард түмэнд таалагдана гэдгээ мэдэж байсан гэхэд хаашаа юм, залуу халуухан л байж дээ. Тухайн үед “Элкондор” хамтлагийн тэр тоглолт хоёр өдөр заал дүүргэж, төлөвлөгөөнөөс гадуур гурав дахь өдрөө тоглож байв. Монголын рок поп хөгжмийн ертөнцөд хамгийн анх удаа төрийн өндөрлөг, УИХ-ын гишүүд тоглолтыг нь үзсэн хамтлаг болсон түүх ч мөн тэднийх. Сонгуулийн үеэр хамтлаг дуучдын эрэлт хэрэгцээ ихэсдэг үе байлаа. Сурталчилгааны ажлаар 21 аймгийг нэг тойроход л бүгд нэг байрны мөнгөтэй бууж байсан гэхээр "Элкондор" тухайн үедээ л дебют байж дээ. Гэхдээ "Элкондор” хамтлагийн үнэнч фэнүүд 1997 оны “Пентатоник” наадмын шилдэг дебют шагналын эзэн болно гэж хүлээж байсан ч шагналын эзнээр “Спайк” хамтлаг тодорч байсан юм даа. Тухайн үед тэдний дуулсан “Бүсгүй минь” хэмээх дуу хит болж залуусын амандаа аялах дууны нэг болж байлаа.
Санахгүй л байж чадахгүй нь бүсгүй минь
Сарны талаас ганц шувуу нисэхэд
Салхины үзүүрээс дуу чинь сонсогдоод
Санахгүй л байж чадахгүй нь
Бүсгүй минь бүсгүй минь
Бүр холын гэрэл гэгээ минь... “Бүсгүй минь
Энэ дуу “Элкондор” хамтлагийн “Тавилан”, “Хамжааргагүй дурлал” зэрэг анхны дуунуудыг зохиосон Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин, ая зохиогч Ч.Төгсбаярын бүтээл. Дууны шүлгийг түүний дүү нь бичсэн юм билээ. Ийм сайхан дуу хийлээ гээд Ч.Төгсбаяр маань “Элкондор”-т авчирч өгөхөд хамтлагийнхан эхэндээ голж байсан гэдэг. Гэтэл голсон юм голд орж, шилсэн юм шил хазна гэгчээр олон түмэнд маш богино хугацаанд хүрч хит болсон. Энэ дуу бол яахын аргагүй “Элкондор”-ын нэрийн хуудас. “Бүсгүй минь” дууг мэдэхгүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй л болов уу.
Хамтлаг тарснаас хойш дуучин Д.Жаргалсайхан “Айзам2” хамтлагтаа эргэн нэгдэж уран бүтээлээ үргэлжлүүлсээр л явна. Орц болгон хамтлагтай, сүлд дуутай байсан тухайн цаг үеийн шидээвэр хамтлагийн нэг “Айзам-2”. “Мөрөөдөл” дуугаараа олонд танигдаж, охидын зүрхийг шархлуулж байсан “Айзам-2” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан. “Карьер хөөгөөгүй л болохоос биш дуу, хуураасаа холдож чадаагүй” хэмээн түүний ярих нь 1980, 1990-ээд оны үе рүү хөтөлнө.Тухайн үед "Айзам-2" хамтлаг гурван жил л идэвхтэй уран бүтээл туурвисан. Тэгээд л дуучин Д.Жаргалсайхан урлагийн мөр хөөж, СУИС-д элсэн оржээ. Түүний дараа “Элкондор” хамтлагаа байгуулж, нисэн дүүлж, дуулж явлаа.
“Манай хамтлагийн дуучин Б.Цог манай сургуулийн найруулагчийн ангид сурдаг байсан. Бид хоёр 1980-аад оны сүүлээр Монголын эстрад дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан болсон. Тэнд танилцаж, найз болж байлаа. Бид хоёрыг хамтлаг байгуулна гэж СУИС-д шуугиан тарьж байхад П.Хэрлэн манай доод курст ороод ирлээ. Тэгээд бид гурав сургууль дээр хоосон анги олоод л дуугаа бэлдэж, дуулж хуурдаад л анх хамтлаг байгуулж байлаа” хэмээн тэрбээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хамтлагаа дурсан хүүрнэсэн байв.
“Элкондор” хамтлаг тарснаасаа хойш 15 жилийн дараа буюу 2015 оны хоёрдугаар сард ая зохиогч Ч.Төгсбаярын тоглолтон дээр нэгдэж ая дуугаа өргөж байсан түүхтэй. Харин "Элкондор" хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан П.Хэрлэн "Анд минь чамайг үгүйлэх юм" анхны бие даасан тоглолтоо Улаанбаатар паласт толилуулж байлаа.
Дуучин П.Хэрлэнгийн энэ анхны бие даасан тоглолт нь их урлагийн гэр бүлд нэгдсэнийх нь 25 жилийн тайлан байв. Тэрбээр ийнхүү огтхон ч зүгээр суугаагүй гэдгээ нотлон харуулсан даа. П.Хэрлэнгийн хүчирхэг хоолойг үгүйлсэн сонсогчид нь тоглолтын заалыг дүүргэн ирж байв шүү.
“Элкондор” хамтлагийн үйл ажиллагааг хоёр мянган онд албан ёсоор зогсоосон болохоос биш тэдний хувьд хувийн уран бүтээл нь үргэлжилдгээрээ үргэлжилсэн.
Студид дуугаа гацаагаад “За одоо больё доо. Тус тусын ажил төрлөө хийцгээе” гэж шийдвэр гаргаад л тарчихсан. Хүмүүс “Элкондор” эргэн нэгдэх үү, хэзээ тоглох вэ гэдэг. Хүмүүст тийм сэтгэгдэл үлдээсэн нь сайхан ч тэдний хувьд нэмж хийсэн зүйл үгүй болохоор боломжгүй. Тэдэнд Цогоо алга, уран бүтээл алга. Тэдний нэрний өмнө “Элкондор”-ын гэх овог л үлдэж.
“Элкондор” маш богино хугацаанд гарч ирж өндрөөс өндөрт нисэн дүүлээд өдөө тэнгэртээ цацаад хаашаа ч юм нисээд явчихсан "Тас".
Эцэстээ бүгд л мартагдана
Энхбаяр, Энхсайхан, Элбэгдорж
Элкондор, Нисванис, Нирвана
Элтон Жон, Жексон ч мартагдана
Эцэстээ бүгд л мартагдана... хэмээн Дорнодын задгай шар найрагч Мөнхсайханы шүлэглэснээр нийтлэлээ төгсгөе.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна