УИХ болон Орон нутаг, Дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт бүтэн ялалт байгуулсан МАН мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Баянгол дүүрэг 34 хорооны намын хорооноос гадна Хяналтын хороо болон эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын холбооны бүрэлдэхүүнтэйгээр улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Баянгол дүүргийн МАН-ын хороонд байрны хүртээмжийн асуудал тулгамдаж байсан бол өдгөө бүрэн шийдвэрлээд байна. Тодруулбал, дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар 2019 онд хувийн хөрөнгөөр Баянгол дүүргийн гэр хорооллын дунд дөрвөн айлын газрыг чөлөөлснөөр шинэхэн байранд төвхнөсөн билээ. Ингэснээр орчин үеийн дулаан, цэвэр бохироо шийдсэн, агаарын бохирдол үүсгэдэггүй, дотроо 150 гаруй хүний суудалтай хурлын танхим бүхий байртай болоод байна. Ийнхүү 9, 10, 21, 22 дугаар хорооны намын хороог байраар хангасан юм. Түүнчлэн намын дэргэдэх төрийн бус дөрвөн байгууллага тусдаа өрөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд залуучуудад чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломж бүрдүүлэх үүднээс намын байрны гадна хүүхдийн тоглоомын талбай төдийгүй сагсны шийдийг байрлуулсны зэрэгцээ ахмадууд амрах сүүдрэвч, сандлыг мөн байршуулсан юм. Ийнхүү дөрвөн хорооны намын хороог өөрийн гэсэн байртай болгосноор Баянгол дүүргийн МАН-ын хороо хоёр байртайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр тус намын хороо байрны хүртээмжийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн юм. Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэргэд төрийн бус дөрвөн байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн Социал демократ залуучуудын холбоо нь 21 тэргүүлэгч, ажлын алба, 34 хорооны салбар зөвлөл, 550 идэвхтэй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бол Социал демократ эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Дүүргийн намын хорооны зүгээс өнгөрсөн хугацаанд намын дээд шатны байгууллагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хэрэгжүүлж хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах хүрээнд олон нийт, гишүүдэд зориулсан олон талын үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэн идэвх санаачилгатайгаар ажиллаж байна. Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Хяналтын хороо болон ахмадын холбооныхон хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэе.
Хяналтын хороо дөрвөн тулгуурт бодлогыг чиглэл болгон ажиллаж байна
Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Хяналтын ерөнхий хороо нь намын дүрмийн биелэлтэд хяналт тавих, гишүүдийн ёс зүй, сахилга батыг дээшлүүлэх, намын хүний нөөцийн бодлогын тулгамдсан асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, үүссэн алдаа дутагдлыг арилгахад бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна. Түүнчлэн намын санхүүгийн баримт бичгийн хөтлөлт, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг цэгцэлж, ашиглалт зарцуулалтыг хууль, дүрмийн дагуу хэрэгжүүлэх гэсэн дөрвөн тулгуурт бодлогыг чиглэл болгон хэрэгжүүлэн ажиллаж байна. Баянгол дүүргийн МАН-ын VIII бага хурлаар сонгосон Хяналтын хорооны даргаар Ж.Намнансүрэн, дэд даргаар Б.Нямдорж, гишүүдэд Д.Цолмон, Ш.Энхтунгалаг, М.Энхмэнд, Д.Рэнцэнноров, Д.Магсаржав, Ц.Батцэнгэл, Б.Мөнхжаргал нарын есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм. МАН-ын анхан шатны байгууллага /НАШБ/ байгуулах журмаар шинэ бүтэц, зохион байгуулалтад шилжсэнээр 34 хорооны хэмжээнд хяналтын хороог 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, үүрэг гүйцэтгэж байна. Хяналтын байгууллагын идэвхтэн сонгуультнуудын хувьд бүгд 35-аас дээш насных бөгөөд 85.3 хувь нь дээд боловсролтой, 86.6 хувь нь хоёр буюу түүнээс дээш жил ажилласан дадлага, туршлагатай боловсон хүчнүүд үүрэг гүйцэтгэдэг байна. Өнгөрсөн онд Хяналтын хорооны гишүүдийн хурлыг 70-100 хувийн ирцтэйгээр зургаан удаа зохион байгуулан ажиллажээ. Хяналтын хорооны гишүүд, хорооны намын хяналтын хороодын дарга нарыг цаг үеийн мэдээлэл, үүрэг даалгаваар хангах ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн, тодорхой хугацаанд үүрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад нь туслэмж, дэмжлэг үзүүлж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байгаа юм. Түүнчлэн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар шинэ гишүүдийн элсэлтийн явц, дүн, хяналтын байгууллагаас тавьж буй хяналтын дүн, намын байрны тохижилт, ашиглалт, үйл ажиллагааны талаар болон бусад асуудлыг хороодод хэрхэн шийдвэрлэж байгаа талаар хийсэн шалгалтын үр дүн зэрэг асууплаар мэдээлэл хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. “Цахим-МАН” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд намын гишүүдийн цахим шалгалт бүртгэлд байгаа бүрэлдэхүүний чанар байдалд шалгалт хийж ажиллав. Ингэснээр шалгалтаар 100 гаруй зөрчил илрүүлсэн бөгөөд цаг алдалгүй арилгуулсан байна. МАН-ын Хяналтын байгууллагаас намын гишүүний ёс зүйн байдалд хяналт тавих зөвлөмж, сургалтад хамрагдан, МАН-ын хорооны дарга, тэргүүлэгчид мөн аппратын ажилтнууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хяналтын хорооны гишүүд, намын үүрийн дарга, гишүүдэд “Намын гишүүний ёс зүйн байдалд тавигдаж буй шаардлага ” сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан байна.
Ахмадын холбоо 30 дугаар Их хурлаас дэвшүүлсэн зорилт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбоо нь Дүүргийн намын хорооны Ахмадын зөвлөл 34, намын ахмад гишүүд 3405, нийт намын гишүүдийн 30 хувь, бусад гурван гишүүний нэг нь намын ахмад гишүүн байна. Ахмад гишүүдийн хувьд Монгол Улсын төр, засаг, нийгэм, соёл, улс ардын аж ахуйн бүхий л салбарт оюун ухаан, сэтгэл, мэдлэг чадвараа дайчлан эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн бүтээлч хувь нэмрээ оруулсан, хэлэх үг, бүтээсэн гавьяатай алдартнууд байна. Тодруулбал, Ахмадын холбооны гишүүд дунд БНМАУ-ын баатар найм, Монгол Улсын Гавьяат цолтон 40 гаруй ажиллаж амьдарч төр, засаг намынхаа бодлого шийдвэр ажил, амьдралын баялаг туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах ажлыг зохион байгуулан намын хамт олонтойгоо хөл нийлүүлэн алхаж байна. МАН-ын ХХХ Их хурлаас дэвшүүлэн баталсан Социал-демократ онол, бүх шатны сонгуульд намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийг цаг алдалгүй гишүүд, дэмжигчид, ард иргэдэд сурталчлан таниулах, ахмад гишүүдийн манлайлах үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, өөрсдийн сурч хүмүүжсэн итгэл үнэмшлээрээ намын залуу гишүүд, ажилтан, залуучуудыг араасаа манлайлан дагуулах ажлыг Ахмадын холбоо болон намын хороодын Ахмадын зөвлөл ажлынхаа гол зорилго хэлбэр болгон зохион байгуулж байна. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын системийн онолоор боловсруулсан Шинэ сэргэлтийн дөрвөн зорилттой 10 их наядын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх талаар төр, засгаас зохион байгуулж буй ажлын үр дүнг намын гишүүн, дэмжигчдэд сурталчлах ажлыг олон хэлбэрээр шуурхай зохион байгуулж байна. Тус холбооны өдөр тутмын үйл ажиллагаа дүүргийн намын хорооны тэргүүлэгчид, намын хорооны дарга Ж.Ганбаатарын байнгын бодит тусламж, дэмжлэгийн үр дүнд гишүүд дэмжигчдэд шуурхай хүрч, тэдний урам зоригийг сэргээж, тавигдсан зорилгыг биелүүлэх хөдөлгөх хүч болж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (1)