Цас 24 цагаар үргэлжилж орно. Үргэлжлэн цасан шуурга дэгдэнэ. Цас, шуурга намжихад зам гаргана. Хоёр, гурав хоногоос дахин цас лавсан орж, дараа нь үргэлжлэн нүүр нүдгүй шуурна. Энэ их цас, шуурганд малчид малаа бэлчээх байтугай гэрээсээ ч гарч чадахгүй цасанд дарагдан бүслэгджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орсон цас зарим нутгаар 100 өдөр үргэлжлэн орж, тал нутгаар 40-50 см зузаарчээ.
Сүүлийн 40 жил ороогүй их цасанд мал, малчид аль аль нь хүчин мөхөстөж, мал хорогдон, малчид зутарч, Улсын онцгой комисс, орон нутгийн онцгой байдлын алба хаагдсан зам, даваа, гүвээг нээж байгаа ч байгалийн үзэгдлийн өмнө хүчин мөхөстөж байна.
Улсын хэмжээний нийт нутгийн 80 хувьд өвөлжилт, хаваржилт хүндэрч, зарим нутаг зудын нэн хүнд нөхцөлд байна. Тиймээс Засгийн газраас цас, зудын нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Улсын онцгой комиссын Шуурхай зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна.
Шуурхай бүлгүүд өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж хүргэх үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Говь-Алтай, Завхан аймагт ажиллаж байна.
Цас эрт орсон учраас малчид хадлангаа татаж авч чадалгүй цасанд даруулжээ
Говь-Алтай аймгийн нийт нутгийн 71.1 гаруй хувьд зудын нөхцөл байдал үүсчээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд ажиллаж малчдад тусламжийн бараа хүргэлээ. Тус суманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн нийтдээ 15 удаа их хэмжээний цас орж, цасны зузаан 30 см-т хүрчээ. Үүний улмаас бог мал тамирдаж, хээл хаяж, төл авах найдлага бараг л тасраад байгаагаа малчид ярьж байлаа. Цас эрт орсон учраас малчид илүү гэр, портер автомашинаа өвөлжөөндөө авчирч чадаагүй, зарим малчид бэлтгэсэн өвс хадлангаа зөөж авч амжилгүй цасанд даруулжээ. Малчин малаа бэлчээх нь бүү хэл гэрээсээ гарахад ч хэцүү болж бэлтгэсэн хадлангаа малдаа тавьж өгсөөр гаднаа өвс тэжээлгүй болж байгаагаа ярьж байсан юм. Тиймээс Баян-Уул сумын 289 малчин өрхөд 108 тонн малын тэжээл, хүнс болон эрүүл мэндийн багцыг үнэгүй өгөв.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нэг боодол өвс Говь-Алтай аймагт 25 мянган төгрөг, нэг шуудай тэжээл 40-50 мянган төгрөгийн үнэтэй байна. Тиймээс эхний ээлжид улсын болон орон нутгийн нөөцөөс малын тэжээл, мөн хүнс болон шаардлагатай эм тариаг малчдадаа үнэгүй хүргэж өгч байна” гэлээ. Зуд болж, өвс тэжээлийн үнэ огцом нэмэгдсэн хүнд үед Засгийн газраас тусламж дэмжлэг үзүүлж, сайд нараар ахлуулсан “Шуурхай баг” ажиллаж байгаад малчид талархаж байгаагаа илэрхийлж байсан юм
140 мянга гаруй малчин 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байна
Говь-Алтай аймгийн Жаргалан суманд ч нөхцөл байдал хүнд байна. Тиймээс Шуурхай бүлэг Жаргалан суманд ажиллаж, хүнд нөхцөл байдалд байгаа 215 малчин өрхөд тус бүр 15 шуудай хивэг, тэжээл, хүнсний болон эрүүл мэндийн багцыг хүргэж өгсөн юм.
Шуурхай бүлгийн ахлагч Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан малчидтай уулзах үеэрээ “Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Шадар сайд Төв банкны Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийсэн. Зудын хүнд нөхцөлийг харгалзан үзэж, малчдын банкны зээлийн эргэн төлөлт болон хүүгийн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарсан байна” гэдгийг дуулгалаа. Малчид өвс тэжээл авахын тулд “Хаан” банк болон Төрийн банкнаас багагүй зээл авсан гэдгээ ярьж байсан юм. Монгол Улсын хэмжээнд 140 мянга гаруй малчин 1.2 их наяд төгрөгийн малчны зээл авсан мэдээлэл байна. Малчид хавар ноолуурын үеэр эсвэл намар махны үеэр зээлээ төлдөг. Энэ жилийн хувьд хавар урт болно, шар усны үер болох магадлал ихтэй. Тиймээс ямаагаа самнаж, өрөө төлөх боломж хомс байгаа. Хаваржилт хүндэрсэн энэ хүнд үед зээлийн төлөлтийг хойшлуулсан нь өвс, тэжээл, хивэг, түлш авахад нэмэртэй, сэтгэл зүйн хувьд ч цаг наашилтал түр амсхийх боломжтой боллоо хэмээн ярьцгааж байна.
40-50 км замыг 12 цаг туулж байна
Говь-Алтай аймагт олон өдөр үргэлжилж орсон цасны улмаас зам даваа хаагджээ. Өнөөдрийн байдлаар Бугат сумын Бугын даваа, Цээл сумын Цагаан голын хөндий, Цогт сумын Дөтийн даваа гээд олон даваа хаагджээ. Онцгой байдлын жилчид шуурхай ажиллаж, зам давааг нээж байгаа ч дахин цас орвол дахиад л хаагдах эрсдэлтэй байгаа юм.
Тайшир сум хүрэх замд цас их орсон, цасан шуурга шуурч, зам хунгарласан байв.
Шуурхай баг зам дагуу цасанд суусан машинуудыг татаж гаргасан. Говь-Алтай аймгийн Тайшир сум хүрэх замд өвс ачсан “Шаланз” маркийн машин цасанд суусан байлаа. Автомашины жолооч “40-50 км замыг 12 цаг туулж байна. Цас их байна. Халтиргаа их байна” гэж ярьж байлаа. Тайшир сумын хувьд нөхцөл байдал мөн л хүнд байна.
Тус сумын зарим айл өрх цасанд боогдож, өвс, тэжээлээ авч чадахгүйд хүрчээ. Цас цэвэрлэж зам гаргаж байгаа ч олон цагаар цас үргэлжлэн орж, дахиад л цасанд боогдож байгаа аж. “Ойрын хоёр өдөр урд зүгээс цас шуураад хүнд байна. Ямааны хөл халцарсан, адуу харганы өргөс идэж байна” хэмээн малчид ярьж байлаа.
Шуурхай бүлэг Онцгой байдлын алба хаагчдад цасанд боогдсон айл өрхүүдэд зам гарах үүрэг өгөв. Шуурхай баг 280 айл өрх тус бүрд 15 шуудай хивэг хүргэж өглөө. Энэ үеэр
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хүнд хэцүү цаг үеийг Засгийн газар малчидтайгаа хамт даван туулна. Засгийн газар, Улсын онцгой комиссын нөөцөлсөн өвс, тэжээлийг зудын нөхцөлд байгаа малчдад үнэгүй хүргэж өгч байна. Удахгүй дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэсэн юм.
Малчид хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй байна
Говь-Алтайгаас Завхан хүрэх замд хүчтэй цасан шуурга шуурч байлаа. Замд цасан хунгарт суусан автомашинуудыг Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн аврах ангийн албан хаагч, аврагч нар техник хэрэгслээр татан гаргаж , иргэдийг онц шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхааруулж байв. Завхан аймгийн 24 сумаас 17 нь зудын нэн хүнд нөхцөлд хаваржиж байна. Тус аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Манай Завхан аймаг зудын нэн хүнд нөхцөлд хаваржиж байна. Сүүлийн мэдээгээр 30 гаруй мянган толгой мал хорогдоод байна. Бид хүнд нөхцөлийг даван туулах бүх арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ.
Цагаанчулуут сумын дээд багийн сууринд ирэхэд мал ихээр хорогдсон байлаа. Суурингийн энд тэнд олноороо хорогдсон бог малын сэг, зэм овоолоостой. Малын хашаанд нэмнээтэй, тамирдаж туйлдсан бод мал олон байна.
Хаврын тэргүүн сарын шинийн 3-наас хойш тасралтгүй шуурч, шөнөдөө -38 хэм хүрч хүйтэрч байгаа гэнэ. Цасны зузаан 40-50 см-т хүрчээ.
Малчид “Өнгөрсөн намар махны үнэ хямд байснаас намар мал мах зарж чадаагүй. Зун ган болоод өвс ургаагүй. Ийм хүнд өвөл болно гэж төсөөлсөнгүй. Мал их хорогдож, хотноосоо гарч чадахгүй байна. Малчид зээлээ төлж чадахгүй байна. Бидэнд хүүхдийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Биднийг хүүхдийн мөнгө л авч явж байна. Бид туйлдаж байна” хэмээн ярьцгаав.
Тэд бас малын түүхий эд боловсруулах үйлвэр байгуулж, малын арьс ширийг үнэд оруулах хэрэгтэй байна. Авто зам тавьж өгөх шаардлагатай” гэсэн санал хэлэв.
Тус аймгийн Тосонцэнгэл суманд Арьс ширний үйлдвэрийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хувийн хөрөнгөөр байгуулж, ирэх намар ашиглалтад оруулах юм байна. Мөн энэ онд улсын төсвийн хөрөнгөөр автозам тавихаар төсөвлөжээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэ нь сүүлийн 49 жил үзэгдээгүй их цас, шуурга, байгалийн үзэгдэл юм.
Дараагийн ээлжид будаа хүргэж өгөхөөр ажиллаж байна. Зудын хүнд нөхцөлийг Засгийн газар малчидтайгаа хамт даван туулна” гэлээ.
Шуурхай бүлэг Цагаанчулуутад зудын нөхцөл нэн хүндэрсэн 74 өрхөд 370 уут хүчит тэжээл, хүнсний болон эрүүл мэндийн тусламж өглөө.
Цагаанхайрхан сумын 100 өрхөд 12.5 тонн тэжээл хүргэлээ
Шуурхай бүлэг Цагаанхайрхан сумын Цэцэрлэг, Онц багийн малчдын хаваржилтын байдалтай танилцлаа.
Өвөлжилт нэн хүндэрч, ес дэх өдрөө тасралтгүй шуурч, цаг агаар өдөртөө -30 хэмээс буухгүй байгаа талаар малчид ярьж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуульдаа мал төрийн хамгаалалтад байна гэж заасан. Монгол Улсын өв уламжлалыг малчин түмэн тээж явдаг.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр гурав, дөрөвдүгээр сард хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс дараагийн шатанд малчдадаа хүчит тэжээл хүргэхээр ажиллаж байна” гэлээ.
Цагаанхайрхан сумын Засаг дарга С.Бат-Өлзий “Малчдын хүнд хэцүү байдалтай газар дээр нь ирж танилцаж байгаа Засгийн газар, Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгт баярлалаа. Сумын Тамгын газрын 2018 онд авсан автомашин эвдэрсний улмаас албан хаагчид хувийн машинаараа ажлаа хийж байна. Манай суманд 137 мянган толгой мал өвөлжиж, сүүлийн мэдээгээр 1500 гаруй мал хорогдсон дүнтэй байна. Ховдоос өвс, тэжээлээ татахад машин техникийн хүндрэлтэй байна” хэмээн танилцуулав.
Тус сумын Онц багийн эмч Х.Дүгэрмаа “Хөдөөгийн багийн эмч бид хувийн машинаараа ажлаа хийгээд явж байна. Малчид би яах вэ, хэдэн малдаа өвс, тэжээл авах хэрэгтэй гэж ярьж өөрсдийнхөө эрүүл мэндээс илүү малдаа л анхаарал тавьж байна. Малчид үнэхээр тамирдаж байна” гэлээ.
Цагаанхайрхан суманд өнгөрсөн оны сүүлчээр УОК-оос 28 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгчээ. Шуурхай бүлгээс тус сумын хаваржилт хүндэрсэн 100 өрхөд 12.5 тонн тэжээл үнэгүй хүргэж, хүнсний болон эрүүл мэндийн тусламжийн багц өглөө. Мөн малчдад эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгсөн юм.
Завхан аймагт улсын нөөцөөс нийт 400 тн тэжээл үнэгүй олгов
Монгол Улсын сайд, Завхан аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан боллоо. Тус аймгийн 24 сумын аюулгүйн нөөцөд 1104.8 тн өвс, 766.5 тн тэжээл буй бөгөөд нийт бэлтгэх өвс, тэжээлийн нөөцтэй нөөцийн 82 хувийг бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар нийт бэлтгэсэн өвсний 1059,1 тн, тэжээлийн 701 тн-ийг зарцуулж, 45,7 тн өвс, 65,5 тнн тэжээлийн байна. Тус аймгийн нутагт 12 аймгийн 52 249 өрхийн 631 хүн, 135,8 мянган мал отроор өвөлжжээ. Өнгөрсөн онд Засгийн газраас тус аймагт 495.57 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгожээ.
Мөн өвөлжилт хүндэрсэн сумдад нэмэлтээр 349.5 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож юм. Энэ сарын 11-16-нд өдөр шөнийн температурын зөрүүгээс шалтгаалан цасан дээр 2-3 см мөсөн үе үүсэж Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн сумын нутгаар төмөр буюу мөсөн зуд нүүрлэх нөхцөл бүрдсэн байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-наас хойш нийт 46 удаа цас оржээ. Энэ сарын 18-ны байдлаар цасны дундаж зузаан 1-35 см, хунгарын зузаан 18-80 см, гуу жалгандаа 20-120 см, хөрний зузаан 2-25 см, мөсөн бүрхэвчийн зузаан 2-3 см тогтоод байгаа аж.
Энэ сарын 12-17-ны өдрүүдэд цас орж шуурсны улмаас орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж, 17 сумын 54 багийн 2256 малчин өрх төрийн болон бусад үйлчилгээ авах боломжгүй, 194 хүүхэд хичээлдээ ирж чадахгүйд хүрчээ. Цаашид 11.250 км далпуу татаж, зам гаргахад 181 сая төгрөг шаардлагатай байгаа талаар тус аймгийн Онцгой байдлын газраас танилцуулав.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Малчид Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаа ч амьжиргааны түвшнийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Засгийн газар энэ удаад улсын нөөцөд байсан 6000 тонн тэжээл, орон нутгийн нөөцөд байсан 20 мянган тонн тэжээлийг малчдадаа үнэгүй хүргэн өгч байна. Хоёрдугаар ээлжинд хүчит тэжээлийг малчдадаа хүргэхээр бэлтгэж байгаа гэнэ. Малчид маань зам хаагдсантай холбоотой хоол, хүнс болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна.
Иймээс импортын гурил, тэжээлийн татварыг тэглэх асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Үүнтэй холбоотой малчдад хүнс болон эм тариаг УОК-оос хүргэнэ” хэмээв.
Хаагдсан зам, давааг нээсэн ч дахин цас орж, хаагддаг. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газарт машин техникийн хангамжийг нэмэгдүүлэхээр болов. Завхан аймгийн сумдын Тамгын газар болон эмнэлгүүдэд автомашин хүрэлцээгүйгээс төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхан хувийн машинаараа тусламж үйлчилгээнд явж байна.
Өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газраас тус аймгийн дөрвөн суманд энэ оны эхний улиралд багтаан автомашин олгохоор шийдвэрлэлээ. Мөн энэ ондоо багтаан тус аймгийн эрүүл мэндийн салбарт автомашин олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх юм.
Завхан аймагт улсын нөөцөөс нийт 400 тн тэжээл үнэгүй олгосныг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг хүлээлгэж өглөө. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Шуурхай бүлгийн орон нутагт ажиллах томилолт үргэлжилж байна.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна