Ш.Сувдмаа: Монгол хэл, бичгийн шалгалтын бэлтгэлийг бүрэн хангасан


-Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн монгол хэл, бичгийн шалгалтыг хоёрдугаар сургууль дээр авна-


Монгол хэл, бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр орон даяар зохион байгуулагдана. Элсэлтийн шалгалтын бэлтгэл ажлын явцын талаар БҮТ-ийн Элсэлтийн шалгалтын албаны үнэлгээний зохион  зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Сувдмаатай ярилцлаа. 

-Элсэлтийн шалгалт зохион байгуулах бэлтгэл ажлын явц хэр байна вэ?
-БШУ-ны сайдын А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалт зохион байгуулах журам”, БҮТ-ийн захирлын А/20 дугаар тушаалаар батлагдсан Шалгалт зохион байгуулах удирдамжийн дагуу бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулах бэлтгэл  ажил бүрэн 100 хувь хангагдсан. Улсын хэмжээнд нийт 48 байранд шалгалт зохион байгуулна. 


-Монгол хэл, бичгийн шалгал­тад хэчнээн шалгуулагч бүрт­гүүлсэн бэ?
-Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 15-нд үргэлжлээд дууссан. Нийтдээ 35700 орчим шалгуулагч бүртгүүллээ. 


-Шалгалтад бүртгүүлсэн хүүхдүүдийн хэдэн хувийг давтан шалгуулагч эзэлж байна вэ?
-Шалгуулагч хүүхдүүдийн тоо тухайн жилийн төгсөгчдийн тооноос хамаардаг. Энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангийг 35 мянга гаруй хүүхэд төгсөнө. Энэ хүүхдүүд маань 100 хувь монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдах шаардлагагүй. Энэ бол Монгол Улсын их, дээд сургуульд элсэхэд шаарддаг суурь шалгалт. Зарим хүүхэд гадаадын их, дээд сургуулийг сонирхдог. Зарим нь энэ жилдээ сургуульд элсэхгүйгээр өөр сонголт хийдэг. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байдаг. Өмнөх онд 400 онооны босго даваагүй хүүхдүүд энэ жил дахин шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.


-Тусгай хэрэгцээт хүүхдүүдээс шалгалт авах ямар зохицуулалт хийсэн бол?
-Элсэлтийн шалгалтын журмын 5.3-т зааснаар тусгай хэрэгцээт шалгуулагчид жил бүр  шалгалтад хамрагддаг. Ийм хүүхдүүдийн хэрэгцээнд тулгуурласан  бүх үйлчилгээг үзүүлж ирсэн. Энэ удаад 10 гаруй хүүхэд зохих журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж, бүртгүүлсэн байна. Бид тусгай хэрэгцээт шалгуулагчид зориулсан тусгай анги, танхим бэлтгэж шалгалтыг зохион байгуулдаг.  Өөрсдийнх нь хүсэлт, өргөдөл, өвчний оношоос нь хамаарч тусгай хянагч багштай шалгалт явуулдаг. Энэ удаагийн элсэлтийн шалгалтад харааны, сонсголын, тулгуур эрхтний  бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүд бүртгүүлсэн байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн элсэлтийн шалгалтыг  ЕБС-ийн хоёрдугаар сургуульд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Бид элсэлтийн шалгалтад тэргэнцэртэй хүүхэд орох боломжтой налуу шаттай сургуулийг сонгодог. 


-Шалгалтын хуудас дээр хариуг заавал гараар будаж тэмдэглэх шаардлагатай юу. Тусгай хэрэгцээт хүүхэд энэ талаар цахимаар саналаа  илэрхийлсэн байсан?
-Энэ жил бидэнд монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдахаар бүрэн саажилттай хүүхдийн хүсэлт, өргөдөл ирсэн. Бид эцэг, эхтэй нь уулзаж, ярилцан, өөрсдийнх нь боломжит түвшинд асуудлыг шийдлээ.  Монгол хэл, бичгийн шалгалтын эсээг гараар бичдэг. Энэ хүүхэд маань компьютер дээр бичдэг гэсэн. Тиймээс шалгалтыг компьютероор, мэргэжлийн багшийн хяналт дор авах зохицуулалт хийлээ. 
-Жилд тусгай хэрэгцээт хэчнээн хүүхэд шалгалт өгч, их, дээд сургуульд орж байна вэ?
-Элсэлтийн шалгалт өгөх тусгай хэрэгцээт хүүхдүүдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд дунджаар 20-30 хүүхэд шалгалт өгч байна. Энэ хүүхдүүд маань ихэвчлэн МУИС-д элсэн ордог гэх статистик мэдээлэл байна.


-Монгол хэл, бичиг бол их, дээд сургуульд элсэгчдийн суурь шалгалт. Энэ хичээлд хүүхдүүдийн сурлага өмнөх жилүүдээс хэр ахиж байна вэ?
-Нийт иргэдийн эх хэлний дархлааг сайжруулах, эх хэлийг зөв эзэмшүүлэх зорилготой монгол хэл, бичгийн шалгалт авах тухай Засгийн газрын 37 дугаар тогтоолыг  2013 онд баталсан. Энэ тогтоолын дагуу 2014 оноос монгол хэл, бичгийн шалгалтыг  улсын хэмжээнд зохион байгуулж ирлээ. Ингэснээр жилээс жилд хүүхдүүдийн монгол хэл, бичгийн  мэдлэг сайжирч байна. Хүүхдүүд монгол хэл, бичгийн шалгалтдаа зөв бичгийн дүрмээр зөв бичихээс гадна чөлөөтэй сэтгэн бодож, эсээ бичих ур чадвар сайжирч байгаа. 
-Ер нь элсэлтийн шалгалт өгч байгаа хүүхдүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Монгол хэл, бичгийн шалгалт өгөх сурагчдыг  тухайн сургуулийн монгол хэлний багш нар чиглүүлэн ажиллаж байна. Өмнөх оны шалгалтын жишиг даалгавар дээр ажиллуулах, эсээ бичих, ном уншуулах зэргээр бэлтгэл хийж байна. Мөн өмнөх оны төгсөгчид манай eec.mn сайтаас бие даан шалгалтдаа бэлдэж байна. 
Харин шалгалтад ирэхдээ хүүхдүүд бичиг баримтын бүрдэл дутуу, сандрах зэрэг тохиолдол гардаг. Элсэлтийн шалгалтыг бид амралтын өдөр зохион байгуулж байна. Тиймээс нийслэлд авто замын түгжрэлээс үүдэн шалгалтаас хоцрох тохиолдол бага.  Гэхдээ бид хүүхдүүдийг  шалгалт авахаас  нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагыг тавьдаг. Шалгалт авах байраа мэдэхгүй тохиолдолд өмнөх өдөр нь очиж үзэх хэрэгтэй. Шалгалтын явцад бид сэтгэл зүйч ажиллуулдаг. Энэ мэтчилэн хүүхдүүдэд зөвлөгөө өгч байна.  Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард танхимаар болон онлайнаар зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. Жил бүрийн элсэлтийн шалгалтын үеэр  хүүхдүүдийн алддаг нийтлэг  алдаа  нь хариултын хуудсыг андуурч дугуйлах. Хүүхэд бүр өөр өөрийн дадлаар 100 минутад багтаан дасгал ажлаа хийж байгаа. Гэтэл зарим хүүхэд хариултын хуудас дээр дугуйлж будахдаа техникийн алдаа гаргадаг.  Багшийн “Цаг дуусаж байна” гэж хэлэхтэй зэрэгцээд сандарч, хариултын хуудсыг бөглөхдөө дугаар алгасаж, андуурч будах зэрэг алдааг гаргадаг. Тиймээс хүүхдүүддээ хариултын хуудас дээр маш сайн дадлага хийгээрэй гэж зөвлөдөг. 


-Монгол хэл, бичгийн шалгалтад ирэхдээ ямар бичиг баримт бүр­дүүлэх вэ?
-Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх гэсэн гурван бичиг баримтыг бүрдүүлнэ. 
-Яагаад монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа өгөх шаардлага тавьж байна вэ?
- Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400.  Өмнөх онд 400 онооны босго даваагүй хүүхдүүд энэ жил дахин шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Монгол хэл, бичгийн босго оноог давж чадаагүй хүүхдэд боломж олгох зорилгоор жилд хоёр удаа элсэлтийн шалгалт авч байгаа юм. Тиймээс энэ шалгалтын босгоо давж чадаагүй хүүхэд бүтэн жил сургуульгүй өнжих асуудал сөхөгдөнө. 


-Эсээ бичлэгийн төрлийг яаж сонгож байна вэ?
-Эсээний хувьд сургалтын хөтөлбөрийн дагуу үздэг эсээний олон төрлөөс сонгодог.


-Элсэлтийн шалгалтад ямар хичээлийг түлхүү сонгож байна вэ?
-Элсэлтийн шалгалтад мате­матик, нийгэм судлал, англи хэл зэргийг мэргэжлийн бүлгээс хамаарч сонгодог.


-Энэ жилийн элсэлтийн шалгал­тын онцлог юу вэ?
-Элсэлтийн шалгалтыг долдугаар сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар  товлосон.  Энэ жилийн элсэлтийн шалгалт өмнөх журмын дагуу явагдана. УИХ-ын сонгууль зохион байгуулах цаг хугацаатай давхацсан учир элсэлтийн шалгалтыг долдугаар сард зохион байгуулахаар хойшлуулж товлолоо.  Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр  сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. 
Мөн олон улсын хөтөлбөрөөр сурч байгаа хүүхдүүд оноо  дүйцүүлсэн хүсэлт явуулж, Монголын их, дээд сургуульд хамрагдах боломжтой. 


-Боловсролын ерөнхий хууль батлагдаад хэрэгжиж байна. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой элсэлтийн шалгалтад өөрчлөлт орсон уу?
-Боловсролын ерөнхий хууль батлагдсанаар  манай байгууллагын чиг, үүрэг  нэмэгдэж, боловсролын арга зүйн байгууллага болж өргөжлөө. Мөн энэ жилээс ЭЕШ биш  элсэлтийн шалгалт гэж нэрлэх болсон. Боловсролын ерөнхий хуулийн дагуу элсэлтийн шалгалтыг 2026 оноос шинэ зохицуулалтаар  зохион байгуулна. Бид хуулийн дагуу өнөөдөр ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийнханд шинэчилсэн журмыг танилцуулж, хичээл сонголтод нь өөрчлөлт оруулж  байна. 


-Элсэлтийн шалгалт зохион байгуулагчдад тулгамдсан асуудал бий юу?
-Тухайн жилийн цаг үеийн онцлогоос хамаарч асуудал үүсэх нь бий. Энэ жилийн тухайд дөрөвдүгээр сарын 3-8-ны хооронд Монгол Улсад үндэсний хэмжээний олимпиад зохион байгуулна. Үндэсний хэмжээний олимпиадад төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа. Олимпиадад хамрагдаж байгаа сурагчдын зарим нь  хөдөөнөөс хотод ирсэн. Тиймээс Боловсролын ерөнхий газартай хамтран ажиллаж, олимпиад болж байгаа газарт нь шалгалт авах зохицуулалт хийж байна. Мөн улсын хэмжээнд волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Энэ бүхнийг хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, шалгалтад нь оруулах зохицуулалтыг тухай бүр хийж ажиллаж байгаа юм. 


-Эцэг, эхчүүдэд хандаж юу гэж зөвлөх вэ?
-Шалгалтын өмнөх орой эцэг, эхчүүд маш хариуцлагатай байх ёстой. Шалгалтын үеэр бид эмч ажиллуулдаг. Нар, салхи, тоос, ургамлын харшилтай хүүхдүүд байдаг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эмийг  нь уулгаад явуулах хэрэгтэй. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, хоол ундыг нь зохицуулж, эрт унтуулж, амраах,  цаг агаарыг харах зэргийг эцэг, эх хариуцах үүрэгтэй.
Хүүхдийнхээ сэтгэл зүйг тогтвортой байлгахад эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй. Олон сар шалгалтдаа бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлж, айдас, түгшүүрт автуулахгүй байхад анхаараарай. ЕБС-ийн төгсөх ангийн хүүхэдтэй эцэг, эх бүр энэ цаг үед хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьж, анхаарч зөвлөгөө өгч байгаа. Гэхдээ элсэлтийн шалгалт амжилтгүй бол ирээдүй нь бүрхэг болно гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй байх хэрэгтэй.  “Чи шалгалтаа сайн өг, заавал тэнц” гэсэн эцэг, эхийн дарамт байдаг  гэсэн гомдол хүүхдүүдээс  ирдэг.  Хүүхдээ сэтгэл зүйн хувьд тайван байлгавал шалгалтаа амжилттай өгдөг. 

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22