Б.Дөлгөөн: Монголын балет дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгааг ойлгосон


УДБЭТ-ын балетын гоцлооч Б.Дөлгөөнтэй ярилцлаа. АНУ-ын Вашингтон хотын “Kirov academy of Ballet – Washington DC”-д суралцаж төгссөн түүнийг үзэгчид андахгүй болсон биз ээ. Төрөлх театрынхаа тайзан дээр гарсан цагаасаа тэрбээр дүрээс дүрийн хооронд амьдарч явна. Дуурийн театрынхан А.Хачатуряны “Спартак” балетыг таван жилийн дараа тайзнаа дахин амилуулахад Б.Дөлгөөн гол дүрд тоглосон юм. Дарангуйлагчийн эсрэг зоригт эрийн манлайлан удирдсан боолуудын бослого, тэмцлээс гадна үнэнч хайр дурлал, эрх чөлөөний тухай өгүүлэх “Спартак” балетчидаас мэдрэмж нэхдэг, ажиллагаа шаарддаг сонгодог бүтээлүүдийн нэг юм. 

-Дуурийн театрын тайзнаа “Спар­так” балетыг тавьсны 40 жилийн ойн тоглолтод та гоцоллоо. Анх удаа Спартакийн дүрийг бүтээв үү?
-Тийм ээ. Өмнө нь олон тоглолтод оролцсон ч Спартакийн дүрд тоглож байгаагүй. Энэ удаа нэлээд судалж, бэлтгэж байгаад тайзан дээр гарлаа. Анхандаа “Яах бол” гэсэн бодол төрж байсан. Гэхдээ үзэгчид алга ташихыг сонсоод сэтгэл хөдлөлөө дарж чадсан. “Спартак” жүжиглэлт шаарддаг балет. Боол байж үзээгүй хүн тухайн үеийн байдлыг ойлгохгүй. Ямар сэтгэл зүйтэй жүжиглэхээ мэдэхгүй учраас илэрхийлэхэд бэрх. Энэ бүх зүйл надад хол санагдсан учраас, мэдрэмж дутуу байсан болохоор дүрээ судлахаар болсон. Хамгийн түрүүнд энэ дүрийг бүтээж байсан бүжигчидтэй уулзсан. Мөн ном уншиж судлан тухайн үеийн нийгмийн байдлыг ойлгохыг хичээсэн юм. 


-Балетын жүжигчин А.Эрдэнэболд тантай дублёрдсон. Хэдийгээр нэг дүрийг бүтээж байгаа ч хувь уран бүтээлчийн жүжиглэлт болгон ондоо байдаг?
-Балет ганцхан бүжгийн техник дээр тогтдоггүй. Бүжигчнээс жүжиглэлт шаарддаг. Жүжиглэлтгүй техник хуурай харагдана. Тийм учраас аль алийг нь хамтад нь авч явах шаардлагатай байдаг. Надтай дублёрдсон балетын гоцлооч А.Эрдэнэболд Спартакийн дүрийг мөн л анх удаа бүтээсэн. Тиймээс бид “Спартак” балетаар өөрсдийгөө шинээр танилцуулж чадсан гэж бодож байна. Үүнд багш нарын маань ач тус их бий. Тэднээс зөвлөгөө авч, бэлтгэлээ улам чамбайруулснаар бид амаргүй дүрийнхээ ард амжилттай гарч чадлаа.   

   
-Өнөөдөр танай театрынхан амарч байгаа ч та бэлтгэлээ хийж байна. Дүрээс дүрийн хооронд ачаалал ихтэй амаргүй байна уу?   
-Анхандаа амар байгаагүй. Харин одоо ачаалалдаа дасаж байна. 14 хоногийн циклээр дүрүүд дээр ажиллаад нэг л мэдэхэд шинэ улиралтай золгочихож. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш нэлээд хэдэн дүр бүтээсэн. Тэдгээрийн зарим нь огт тоглож байгаагүй дүр учраас судлах шаардлагатай болдог. Ингэж л бид нэг дүрээс нөгөө дүрийн хооронд амьдарч байна. Заримдаа өмнө нь тоглож байсан дүрээсээ гарч чадахгүй байх тохиолдол гарна. Ийм үед багш нарын тус их дэм болдог. 

     
-Таныг олон улсын тэмцээнд оролцож байхад Америкт сурдгийг мэдсэн. Монголд ирж Дуурийн театрт ажиллах шийдвэр яагаад гаргах болов?
 -Би театртаа өнгөрсөн жилээс эхлэн ажиллаж байна. Таны хэлсэнчлэн өмнө нь Америкт сурсан. Түүнээс өмнө Монгол Улсын консерваторид суралцаж бүжгийн жүжигчин болсон. Сургуулиа төгсөөд ажиллах эсвэл үргэлжлүүлэн суралцах хоёр хувилбар надад байсан. Би сурахыг нь сонгож Вашингтоныг зорьсон юм. Сургуулиа төгссөний дараа Нью-Йорк хотод хэсэг хугацаанд ажиллаж, амьдарч байгаад Монголд ирлээ. 


-Балетын зарим жүжигчин илүү ихийг сурахын тулд, бусдаас илүү сайхан амьдрахын төлөө гадаад улс орныг зорьдог. Харин та том зах зээлийг орхиод иржээ. Америк амьдралын хэв маяг таалагдсангүй юу, эсвэл мэргэжлээрээ ажиллахад саад бэрхшээлтэй байв уу? 
-Аливаа зүйлийн талаар хүн бүр өөрийн гэсэн төсөөлөл, хүлээлттэй байдаг. Америкийн талаарх миний бодол ч тийм л байсан. Эндээс явахдаа сураад дараа нь ажиллах тухай хүртэл бодож байлаа. Гэхдээ тэнд очиход төсөөлснөөс өөр дүр зураг угтсан. Мэргэжлээрээ ажиллахаар болоход Монголоос нэг их ялгаатай санагдаагүй. Харин ч Монголын балет дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа юм байна гэсэн бодол төрсөн. Хэдийгээр Америкт эндхээс арай илүү цалин авах ч амьдралын өртгөө оруулаад бодохоор яг адилхан. Харин Монголдоо ирж ажиллавал байр түрээслэхгүйгээр, гэр бүлийнхэнтэй илүү дээр амьдрах боломж байгааг ойлгосон. Яах вэ,  Америкт бүжигчид их чөлөөтэй. Олон компанитай учраас чадвартай л бол хаана ч ажиллаж болно. Жилд хэдэн ч компани сольж ажиллах боломжтой. Энэ нь нэг талаараа давуу байдал боловч миний бодсоноос өөр байсан юм. Би суурин амьдрахыг илүүд үздэг. 


-Тэгвэл таны амьдралын хэв маяг таараагүй байх нь?
-Тиймээс л Монголд ирсэн. Энэ нь ч зөв сонголт байсан гэж боддог. Би нэг л шийдвэр гаргасан бол эргэж буцах дургүй. Гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй байхыг хичээдэг. Тиймээс ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө нухацтай боддог. 


-Олон сая хүн амтай, дээр нь мэргэжлийн олон компани үйл ажиллагаа явуулдаг их гүрэнд очоод өрсөлдөөн ямар байдгийг өөрийн биеэр мэдэрсэн байх. Магадгүй тийм өрсөлдөөнөөс л жинхэнэ уран бүтээлч төрдөг биз?
-Мэдээж өрсөлдөөн их. Балетын аль нэг компанид бүжигчний нэг орон тоо гарахад тэнд сонгогдохын тулд Америкийн олон мужаас 200-300 бүжигчин ирж өрсөлддөг. Түүнээс хамгийн сүүлийн шатанд дөрвөөс тав нь тунаж үлдэнэ. Хэдийгээр тэд  шалгарч байгаа ч эцэст нь ажилд орж чадах эсэх нь тодорхойгүй. Хэрвээ тухайн компаниас тавьсан шаардлагад нийцэхгүй бол хэнийг ч нь авахгүй байх эрсдэлтэй. Мөн нөгөө талаар бүжгийн зарим компани бүжигчин авах шаардлагагүй мөртлөө ажлын байрны зар тавьж хураамжаас нь ашиг олдог юм шиг санагдсан. 


-Тэгвэл тэр ертөнцөөс танд үлдсэн зүйл нь юу байв?
-Илүү тууштай байж сурсан. Шантрах үе олон тохиолдоно. Хүний нутагт өвдөнө. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарна. “Дэггүй Лиз” шиг хошин балетад тоглох ёстой үед ар гэрт асуудал тулгарахаар сэтгэл зүйн хүндрэлээсээ гарахад бэрх. Гэхдээ энэ бол балетын жүжигчин бүрийн  дайрч өнгөрдөг “зам”. Тиймээс аль болох өөрийгөө хатуужуулж тайзан дээр гарахыг хичээдэг. 


-Хүн тухтай бүсээсээ гараад хамгийн түрүүнд дутагдаж байгаа зүйлээ олж мэддэг. Америкт байхдаа та тийм зүйл мэдэрсэн үү? 
-Мэргэжлийн хувьд контем­порари, модерн чиглэлийг хөгжүүлэхэд арай хожуу яваад байгаа юм шиг санагдсан. Манайд модерн тоглолт цөөхөн болдог. Монгол Улсын консерваторид модерн бүжгийн хичээл заадаг. Гэхдээ цаг багатай. Америкийн хувьд ийм сургалт өдөр бүр орохын зэрэгцээ тоглолт ч олон болдог. Энэ байдал нь бүжгийн олон урсгал хөгжих боломж, нөхцөлийг бий болгодог юм шиг санагдсан. 


-Өөрийнхөө давуу талыг олж мэдсэн үү. Олон улсын бүжигчидтэй харьцуулж харав уу?  
-Монгол Улсын консерваторийг төгссөн нь миний давуу тал болсон. Манайх шиг сургалттай сургууль өндөр хөгжилтэй Өмнөд Солонгос, Япон улсад ч байхгүй. Тэдгээр улсад сонгодог урлагийг багаас нь заадаг ч ихэвчлэн хувийн сургуулиуд байдаг. Бүр эхнээс нь мэргэжлийн бүжгийн жүжигчин болтлоо сурч хөгжих орчин манай улсад л байна.  Тийм болохоор би ийм сайн сургалттай сургуулийг төгссөнөөрөө маш их бахархдаг. Сургуулиа төгсөж Америкт очоод ойролцоо настай хүүхэдтэй өөрийгөө харьцуулахад миний чадвар арай илүү байсан. Туршлагаараа ч бусдаас ялгардаг байсан юм. 


-Балетын жүжигч­ний өрсөлдөгч нь нэг талаараа цаг хугацаа байдаг. Тэр хэрээр өөрийгөө ялан дийлэх тэсвэр тэвчээр шаарддаг?
-Хүмүүс балетыг залуу насны урлаг гэдэг. Балетын жүжигчид 30 нас гарахаараа хөгширсөн мэт боддог. Гэхдээ би тэгж боддоггүй. Яагаад гэвэл хэдэн настайгаас үл хамааран тайзан дээрээ амьдарч байгаа балетын жүжигчин олон байна. Тэд олон жүжигт бүжиглээд үзчихсэн. Тайзан дээр юуг, хэрхэн хийхээ мэддэг.


-Та ямар тэмцээн уралдаанд оролцъё гэж бодож байна вэ?
-Миний тэмцээн уралдаанд оролцох нас аль хэдийнэ өнгөрсөн. Энэ жил 25 настай. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн тэмцээн уралдаанд оролцсон. 
-  2017, 2018 онд БНСУ-ын Сөүл хотод болсон “Korean International Ballet Competition”-д оролцож Special Award,
-  2017 онд БНСУ-ын Бусан хотод болсон “Busan International Dance Competition”-д оролцож Grand Prize,
-  2018 онд АНУ-д зохион байгуулсан YAGP олон улсын балетын тэмцээнд Pas de duex төрлөөр хоёрдугаар байр, Finalist,
-  2018 онд АНУ-д болсон USA IBC JACKSON уралдааны Semi Finalist зэрэг амжилт  гаргасан.


-Гэр бүлийн хүнийг нь балетын жүжигчин гэж сонссон. Танилцуулж болох уу?
-Манай эхнэрийг М.Тэргэл гэдэг. УДБЭТ-ын балетын жүжигчин. Одоо хамтдаа Дуурийн театртаа ажиллаж байна. Америкаас ирээд удаагүй бид хөөрхөн хүүтэй болсон. Нэг ангийн хоёр явсаар гэр бүл зохиосон. 


-Театртаа ирлээ. Одоо юу хийхээр зорьж байна вэ?
-Одоохондоо ажил, ажил, ажил л байна. Өнгөрсөн хугацаанд ирээдүйд юу хийх талаар бодоогүй юм байна. Түүний оронд тоглож үзээгүй “Дон Кихот” болон  “Жизель” балетын сонгодог тавилтад нь бүжиглэмээр байна. 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22