Орчуулагч: Д.Оюунгэрэл /ЧҮНДЖ паблишинг/
Нийтийн тасалгаат галт тэрэгний хаалга яг өмнө нь нээгджээ. Дугаарлаж зогссон олон дунд баруун, зүүнээсээ шахуулсан Сарра Давидовна хаалгаар хамгийн эхэнд ороод явчихлаа. Бушуухан алхсаар хонгилын дунд хэрд хүрээд, цонхны дэргэд нэгэн эвтэйхэн булан олж суув. Ахиад л аз дайрчээ. Нийтийн тасалгаанд суугаа чигтээ шөнөжин явах тавгүй ч, суудлын галт тэргэнд тасалбар авах мөнгө хүрээгүйн дээр ная наслахдаа ая тух гээч юманд тэгтлээ татагдаж дасаагүй билээ. Тэртэй тэргүй унтахгүйгээс хойш. Киев хот руу гэнэт уригдсан явдал нь сэтгэл дотрыг долгилуулж орхижээ. Суугаад бодох юм дэндүү олон байв.
Ач, гуч нарыг нь аваад Давид, Люся хоёр алс холын Израильд амьдрах гээд явчихсан, араас нь очиж чадах эсэхийг гагц бурхан л мэдэх хэрэг. Ганцаараа үлдээд бодолд дарагдах цаг ихтэй болчихжээ. Нэгээс нөгөөг ургуулан бодсоор удаан гэгч гиюүрэх зуршил ч суух шинжтэй. Уг нь чадал харих болоогүй, ажилгүй сууж чаддаггүй л хүн сэн.
Сарра Давидовна нэгэн хачирхалтай гэмээр зүй тогтол анзаарах болсон юм. Туулсан амьдралаа байн байн нэхэн эргэцүүлэхүйеэ нэн олонтаа аз тохиож байсныг олж мэджээ. Зарим үед зүгээр л завшаан дайрч, сая галт тэрэгний суух тавцан дээр зөв газраа олоод зогссонтой ижил зүйл их гарна. Харин хааяа таагүй муу, бүр аймшигтай зүйл тохиолдох боловч хожим эргээд харвал энэ нь илүү жихүүцэм аймаар явдлаас аварсан байж таардаг аж.
1915 онд эцэг нь түүнийг хоёр настайд Москва орчмын Катуар гэх сонин нэртэй тосгон руу эхийнх нь хамт дуудаж ирүүлсэн цагаас хойш л аз дагаж эхэлсэн юм уу даа. Аав нь дайнд явж шархдаад, цэргийн эмнэлэгт эмнүүлж байв. Навсгар муу оромжоо орхиод очтол хоёр сарын дараа бурхан болчихсон эцгээ Сарра огт санадаггүй. Буцах мөнгөгүй эх охин хоёр Катуарт гацаж орхижээ. Чүү чамай амь залгуулж, ядуу зүдүүгийн туйлыг үзэн зүдэрсээр хоёр жилийн дараа л, хувьсгал ид өрнөж байх үеэр эх нь байнгын ажил, толгой хоргодох өрөөтэй болов. Гэсэн хэдий ч амаргүй хэвээр. Арван нас хүртлээ Сарра байнга өлөн зэлмэн явж, далан жилийн дараа ч тэр өлсгөлөнгийн мэдрэмж санаанд тодхон үлдсэн байна. Харин Катуарт ирсэн нь зол болжээ гэдгийг 1920 онд мэдэв. Өмнө нь тэдний амьдарч байсан тосгоныг 1918 онд петлюровчууд газрын хөрстэй тэгшилсэн байжээ.
Дараа нь аж амьдрал арай тэнийж ирэв. 1934 он хүртэл ээжтэйгээ амьдарч байгаад Сарра Киевийг зорилоо. Ээж нь эндээ дассан гээд хөдөлсөнгүй. Эхний жил хагас Киевт үнэхээр жаргалтай амьдарчээ. Оёдлын үйлдвэрт ажилд ороод, таван айлтай нийтийн байрны нэг өрөөнд сууж, найз нөхөд ч олонтой болов. Хамгийн дотнын найзыг нь Роза Гольденцвейг гэнэ. Хажуу өрөөний бүсгүй. Хагас жилийн дараа хайр дурлал гээчтэй учирлаа. Гриша Пономаренко гэх засварчин залуу. Наргиан наадамч, эрдүү хавархаг, хар үстэй, цэнхэр нүдэн хонгор сон.
Даанч хайр нь эмгэнэлээр төгсөх учиртай байж. Бие давхар, үр хөндүүлэх бодолгүй гэдгийг нь Гриша мэдмэгц шууд хаяад явчихжээ. Тэгээд хэдхэн сарын дараа ерөнхий инженерийн зээ дүү Даша Савкинатай гэрлэлтээ батлуулчихсан аж. Тэдний хурим болдог өдөр Сарра хүүгээ төрүүлж, уй гашуугаа давж гарах их хүчийг бяцхан сарвагар үрээсээ олов. Удалгүй 1937 онд Гриша, Даша хоёр баривчлагдаж, гурван сарын дараа хоёулаа буудуулсан гэх хирдхийм мэдээ дуулдлаа. Гриша хэрэв хайр сэтгэлээсээ урваагүй бол Даша биш Сарра буудуулах байж л дээ. Бас нэгэн аз түшжээ гэх үү. Гэвч сая сая жүүдийн гашуун тавилан бүсгүйг тойрсонгүй, хагас жилийн дараа баригдаад явжээ. Өөдсийн чинээ Давидик нь өлбөрч үхэх үү, өнчин хүүхдийг асрах газарт өсөх үү гэдгийг ч мэдэхгүй, өр зүрхээ урж тасчин салах болов. Роза найздаа мянга түмэнтээ талархаад ч баршгүй. Тэр бүсгүй: - Сарра, тайвшир. Би хүүг чинь орхихгүй, чамд амлая. Надад найдаж болно, - гэсэн юм.
Ингээд Сарраг ачаад явжээ. Аймшигт тамлал дунд бас л золоор гайгүй өнгөрсөн гэж болно. Мөрдөн байцаах явцад ердөө ганцхан удаа зодуулж, эрэмдэг зэрэмдэг болсонгүй салав, мөрдөгч өөр ажилтай яараад байсан бололтой. Баривчлагдаад таван долоо хоног өнгөрөхөд гурван хүний бүрэлдэхүүнтэй шүүх хурлаар арван жилийн ял сонсжээ.
Хойшид ч азын тэнгэр ивээсээр байлаа. Гянданд жил хагас хоригдохдоо Киевийн их сургуулийн багш нартай хамт байсан нь эрдэм мэдлэгт угаас хорхойтой түүний ухаан санааг нэлээд тэлэв. 1938 оны дундаас эхлэн ээж нь ховорхон ч атугай захиа ирүүлээд байх болжээ. Хөөрхий муу эх нь яажшуухан бичиг үсэг холбож сураад охин үрдээ захидал илгээж суусан бол доо. Тэгээд бүр оросоор шүү! Сайхан хэвтэй бичих хэрнээ дэндүү их алдаатай эхний захидлуудыг нь тайлж унших гэж Сарра их л удаан толгойгоо гашилган суудаг байв. Гэлээ ч яаж ийгээд л ойлгоод авна. Хамгийн анхны захианд Роза Давидыг эмээд нь авчирч өгснийг уншаад санаа амарчээ. Мэдээж хэрэг, найзаас илүү ээж найдвартай байлгүй яах вэ.
1939 онд гяндан нь хорих лагераар солигдлоо. Колымын хязгаар. Сарра бие бялдрын хувьд хүч тэнхээтэй хүн тул арай хөнгөвтөр байсан болов уу. Тэгээд ч багаасаа өлөн хоосон ходоодоо тэсэж дассан байлаа.
1944 оны эхээр ээж нь хэцүү мэдээ дуулгав. Роза Гольденцвейгийг германчууд буудчихжээ. Жүүдүүдийг хоморголон цаазалсан Ээвэр эрэг гэх содон нэртэй газар тэгэхэд дурдагдаагүй санагдана. Гэхдээ буудуулсан нь бол гарцаагүй үнэн. Ийнхүү Киевт таних хүн Саррад үлдсэнгүй. Ахиад л зол завшаантай хэрэг. Баривчлагдаагүй сэн бол Киевийн газар шороонд ясаа тавих байсан нь гарцаагүй. Од түшжээ...
Хачирхам тэр аз тохиол аанай л орхисонгүй ивээсээр. 1945 оны өвөл мод бэлтгэх ангид томилогдон, алс хязгаарт цөлөгдөөд байлаа. Хөрөөдсөн шинэс буруу тийш хазайн унах мөчид Аня Рыжих зайлж амжилгүй дарагдчих нь тэр. Сарра түүнийг модон доороос сугалж гаргахдаа хугархай ёрдгор мөчирт нүдээ хатгуулж орхив.
- За, Коган! Одоо яалтай билээ, эмнэлэг рүү явж болно, - гэж харгалзагч хэлжээ.
Эмнэлэг хүртэл 9 км зам туулна. Гадаа - 45 хэмийн хүйтэн. Нүд нь тэсэхүйеэ бэрх хатган өвдөж, дээрээс нь даарч ядарсандаа сөхөрчих шахан арай чүү урагшилна. Халууран дэмийрч, энэ хорвоог аль эрт орхисон аав, Гриша, Роза нартайгаа ярилцан зам хороож бэдэрсээр эмнэлэгт хүрчээ. Тэгээд мэнд үлдэв. Гурав хоногийн дараа нүүр нүдгүй цасан шуурга тавьж, тэнгэр онгойход мод бэлтгэлийн хоригдол хүүхнүүдээс гурав нь л амьд гарсан байлаа.
1947 он шувтрах үед Сарра Давидовна суллагдав. Бас ч бүрэн сул чөлөөтэй болсонгүй. Колымаас явах боломжгүй болж л дээ. Учир юун хэмээвэл, ганцаардаж зовсон түүнд нягтлан бодогч Фадей Лещинский гэгч гэрлэх санал тавихад нь татгалзаж чадаагүй ажээ. Харамсалтай нь, энэ гэрлэлт санаснаар сайхан байсангүй. Нөхөр нь өнжин хонон архидаж, Сарраг хүн сонсохын аргагүй муу муухайгаар хараан зодож нүднэ. Эцэст нь, өвлийн хүйтэн нэгэн өдөр даарсандаа дотроо бүлээцүүлэх гэсэн үү, ажлын агуулахдаа орж даруулга ч үгүй архи уугаад хөлдчихсөн байв. Литр хагас спирт нэг дор залгилаад газар дээрээ нам явчихсан гэдэг. Юу ч гэх вэ, Саррад ахиад зол болсон хэрэг. Эс бөгөөс удаан тарчилж амьдрах байсан биз.
1955 онд цагаадаж, Сарра Давидовна Москва хүрлээ. Аз завшаан түших шинэхэн мөчлөг эхлэв үү гэлтэй. Галт тэрэг Москвад зогстол хоёр хүн хар гүйхээрээ тосов. Эцэнхий атигар буурал ээж нь, тэгээд Давид. Хүүгээ тэр даруй танилаа. Хагас жил тутам зээ хүүгийнхээ зургийг илгээж байсан эмээгийн буян. Хамгийн гол нь, хүүгийн нүдний харц, дуу хоолой, үг сүггүй урсах нулимсанд худал хуурмаг юм байсангүй. Эхийгээ өрөвдөн хайрлах сэтгэлийг эмээ нь гүн бат суулгасан байжээ. Тэр мөчөөс хойш хүүгийнхээ энэ хайраар л Сарра Давидовна өдий болтол тэтгэгдэж яваа юм. Бас нэгэн баярт мэдээ юу байв аа гэвэл, талийгаач өвөөгийн хүслийг биелүүлж, Давид дээд сургуульд элссэн байв. Нэр хүндтэй Менделеевийн дээд сургуульд ороход Коган гэх овог ч, хэлмэгдсэн эх нь ч тээг болоогүй аж. Физик-химийн тэнхим хүүгийн хувьд хаалттай байсан нь үнэн ч, цацраг идэвхэт бодисоос хол, зүгээр юм болж. Үсэг бичигт хагас дутуу тайлагдсан, байрны манаачийн өчүүхэн цалинтай эмгэн яаж зээ хүүгээ ийм сайхан залуу болгож өсгөөд, хэнээс ч дутуугүй боловсролтой хүн болгож чадсаны нууцыг харин Сарра огт тайлж чадаагүй юм.
Ингээд гурвуул Ойн хотхонд амьдрах болов. Катуар одоо ийн нэрлэгджээ. Давид тавдугаар дамжаанд байхдаа гэрлэж, Люся шууд л хадам ээжийнхээ зүрх сэтгэлийг булаав. Сарра Давидовна бүх зүйлд баярлаж талархана. Үл мэдэг яйжгар жижиг байшингийн хорин ам дөрвөлжин өрөөндөө хачин дуртай байв. Дараа нь 1959 онд таван давхар тоосгон байшингийн дөрөвдүгээр давхарт олгосон тансаг гээчийн гурван өрөө байранд нүүж ороод магнай хагартал баярлажээ. Катя, Костик хоёр төрчихсөн байсан цаг. Зургуулаа амьдрахад томдоод л байдаг сан. (Яваандаа хүүхдүүд томроход зайгүй мэт давчдаж байснаа харин одоо хов хоосон мэт санагдана. Душанбегээс дүрвэж ирсэн айлд хоёр өрөөгөө хөлслүүлж, өөртөө ганц өрөө үлдээчхээд байхад л.) Нэр сайтай оёдолчин болж, ажлаараа бахархана. Ач нараа харж баярлана. Хүүхдүүдийнхээ ажил төрлийг харж мөн талархана.
Брежневийн үед сэтгэл амар амьдрав. Дургүй хүрмээр үе олон байсан ч, үндсэндээ гайгүй, арван жил шорон оронгоор явсан бие сэтгэл нь гэсэж бүлээцсээр л байжээ.
Өөрчлөн байгуулалт, нээлттэй засаглалыг баяр хөөртэй угтсан хэр нь зарим найзууд шигээ улс төрийн айхавтар тэсрэлт гаргаж зүтгэсэнгүй. Гэр орны амьдралд илүү цаг гаргаж, 1985 онд эхийгээ оршуулаад (бурхны ивээлээр ерэн нас хүрч, сүүлийн хорь гаруй жилд нь жаргалтай амьдарсан даа), ач охины, дараа нь ач хүүгийнхээ хуримыг хийж, гуч нараа үзэв. 1991 оны төгсгөл аймаар байлаа.
Эхлээд Улсын онцгой байдлын зөвлөл, улмаар дүрвэгсдийн нүүдэл. Үр хүүхдүүд нь хэчнээн ятгасан ч Сарра Давидовна дүрвэхээс татгалзжээ. Аав, ээжийнхээ шарилыг орхиод явж чадсангүй. Бодоод үзтэл орос хүн гэдгээ, орос нутгаас, орос хэл, орос хүмүүсээс холдож чадахгүйгээ ойлгожээ. Гэвч хүүхдүүдгүй үлдээд тэсэх аргагүй хов хоосон, уй гуниг дунд ганцаардав. Хагас жилийн дараа Душанбегээс амь зулбаж ирсэн армян-тажик гэр бүл болох Акоп, Алия хоёрыг дөрвөн хүүхэдтэй нь гэртээ суулгаад сэтгэл арай хөнгөрсөн байна.
Днепр мөрний гүүрэн дээгүүр галт тэрэгний дугуй түжигнэхэд сая нэг сэхээ орлоо. Зүрх нь базлав. Цонхон чинад сүмийн алтадмал бөмбөгөр орой гялалзаж, эргийн эгц ганга ногоорон дуниартана. Идэр залуу насных нь Киев хот... Хөрш улсын нийслэл.
Өртөөний тавцан дээр “Дурсгал” гэсэн бичиг энгэртээ барьсан залуу хархүү тослоо.
- Сарра Давидовна, таны тээш хаа байна?
- Энэ, - гээд цүнхээ үзүүлэв.
- Тэгээд л болоо юу?
- Тийм ээ.
- Тэгвэл... Одоо хоёулаа манайд очъё. Та өглөөний цайгаа ууж, жаал амраад ав. Унтсан ч болно. Дараа нь хотоор явцгаана. Би ажлаасаа хоёр өдрийн чөлөө авчихсан болохоор таны хүссэн бүхнийг үзүүлье. Хувийн унаагүйг минь өршөөж үзээрэй, нийтийн тээврээр зорчихоос ондоо мэхгүй. Өө халаг, би нэрээ ч хэлсэнгүй. Намайг Гриша Пансюк гэдэг. Бид энэ удаад тан шиг зургаан хүнийг урьсан, харин манай баг найман хүнтэй. Уригдсан хүн бүрийг нэг хүн дааж авна гэсэн үг.
- Гялайлаа, Гришенька. Таныг ингэж дуудаж болно биз дээ? (Хархүү толгой дохив) Их сайхан нэр байна. Би залуу зандан насандаа нэгэн Гришад хайртай явлаа. Хүүг нь төрүүлсэн. Гриша минь буудуулчихсан юм. Танаас нэг зүйл хүсэх байна. Одоо надад юм идэж, амсхийж хэвтэх хэрэг алга. Намайг Ээвэр эрэг өөд хүргээд өгнө үү.
Уг газарт ирээд тамир тэнхээ нь бүр мөсөн барагджээ. Эхлээд сөхрөн сууж, тэгснээ эвхрэн хажуулдав. Тэндээ удтал уйлан хэвтлээ. Залуу халуун насаа, Роза найзыгаа, Гришагаа, хэзээ ч билээ үзэн ядаж явсан Дашаг, ясаа энд тавьсан олон сайхан нөхдөө халаглан дурсаж, мэгшин уйлав. Гриша Панасюк зайдуухан зогсоод хүлээх агаад нүд нь бас улайчихсан харагдана. Гришагийнд очлоо. Урьд нь Саррагийн амьдарч байсан газраас холгүй суудаг аж. Гэвч хот танигдахын аргагүй өөрчлөгджээ. Дэндүү олон барилга байшин сүйдэж, дайны дараа шинээр цогцлоон босгосон байна.
Сарра Давидовна ахиад л азтайгаа гайхах шиг болов. Гриша, эхнэр Ольгагийн хамт төрсөн ээж шигээ түүнийг хүндлэн зочилж, оройжин халуун дотно яриа өрнүүлж суужээ. Элэг дэвтэх мэт болж, хэвтмэгц нам унтаж орхилоо.
Өглөө босоод Гриша хэлсэн нь:
- Сарра Давидовна, бид таныг ингэж хялбархан олсны учир бол таны хавтаст хэрэг Киевт золоор бүрэн бүтэн хадгалагдаад үлдчихсэн байсных юм. Хувилж авах боломж ашгүй таарч, би хадгалаад үлдсэн. Авмаар байвал энд бий.
Авмаар байлаа. Нимгэхэн хавтсыг барихдаа гар нь салганан чичирнэ. Гэтэл... Амьдралдаа хоёрхон удаа хуйх нь арзасхийн үс нь хөдлөх шиг болсон билээ. Баривчлагдах үед нялх жаахан Давидикийг гараас нь булаан авахад, дараа нь ял сонсгох мөчид. Харин одоо гурав дахь удаагаа тэрхүү жихүүн айдсыг мэдрэв. Хавтсыг нээгээд, эхний хуудас дээрх бичгийн хэвийг шууд таньжээ. Нүд нь харанхуйлж, арай ядан уншив. Тууш шугамтай сурагч дэвтрийн хуудаснаа дараах мөрүүд дурайж байлаа.
«Дотоод явдлын ардын комиссарын газарт,
Коммунист залуучуудын эвлэлийн гишүүн Гольденцвейг Роза Израилевнагаас.
Хүндэт нөхөд өө!
Комсомолын гишүүн, эх орончийн ариун шударга үүрэг болон агуу Сталиныг хүндэтгэн хайрлах сэтгэл маань үүнийг бичихэд хүргэлээ.
Миний найз Сарра Коган дайсагнагч талын нөхдийн нөлөөнд илэрхий автаад байна. Эхэндээ ардын дайсан Г.Пономаренко гэгчийн амраг болж хэсэг яваад, хүүг нь төрүүлсэн. Жигшүүрт тэрслүү үзэлтэн Пономаренко илчлэгдэж ял авах үеэр Коган надтай болон бусад охидтой ярилцаж байхдаа түүнийгээ ихэд өрөвдөж, улмаар хэлмэгдүүлэн шүүлээ гэх маягийн агуулгатай зүйл ноттой ярьж байсан болно. Сүүлийн үед Коган хувьсгалын эсэргүү ухуулга хийн, гэм зэмгүй олон хүн шударга бус яллагдаж байгаа мэтээр ярих болсон бөгөөд нам, төрөөс хөдөлмөрчин ардынхаа төлөө санаа бага тавьж байна гэхчлэн шүүмжлэх нь ихсэв. Би ийм бузар булай худал зүйлийг тэвчих аргагүйд хүрсний улмаас та нөхдөд бичиж байна.
Эрхэм нөхөд өө!
Хэрэв та бүхэн Коганыг баривчилж яллах нь зүйтэй хэрэг хэмээн үзэх аваас түүний амьдарч буй өрөөг надад шилжүүлж өгөх хүсэлтийг үүгээр уламжилъя. Хүүг нь харж хандахаа амлаж байна. Хүүхдийн буруу гэж үгүй санагдана. Гэм нүгэлтэй эцэг эхээ үүрд мартан, жинхэнэ зөвлөлтийн хүн болж хүмүүжихэд нь би тусалж, чадах бүхнээ хийх болно. Роза Гольденцвейг.»
Ээвэр эрэгт ялзрахаас аварсан хүн энэ байжээ! Амь насыг нь хамгаалж үлдсэн хамаг аз одын эх үүсвэр эндээс ундарч, хайртай найз нь ганц муу өрөөнд шунахайрсан хэрэг байж л дээ.
Сарра Давидовна хэнхдэг цээжнээс нь юу юугүй оргилох гаслант орь дууг энэхэн хатангир биедээ баймгүй агуу хүчээр даран барьж зогслоо.
*Ээвэр эрэг буюу Бабий яр – 150 мянга гаруй жүүд хүн алагдсан газар. Цуст яргаллын тэр тамаас 29 хүн л амь зулбан гарсан түүхтэй.
Александр Закгейм
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна