Өглөө бүр хуучны орос хийцийн угсармал таван давхар орон сууцны цонхоор “Төгөлдөр” төвийн үүдэнд суух өвгөжөөр эр наранд ээн, ямар нэгэн зүйлийг хичээнгүйлэн бодож суух нь харагдана. Хаа сайгүй сүүдрэвч бараадан даалуу ч юмуу хөзөр дэлгэн үеийнхээ хөгшдийг цаашлуулан сууж байдаг тийм л нэг байдаг эр. Гэхдээ түүнийг ийн сүүдрэвч бараадан сууж хөзөр, даалууны гуншин дуудан тоглож байхыг би нэг ч удаа хараагүй. Хэдий хэр хугацаанд ийн нарлаж суусныг нь мэдэхгүй ч нэг мэдэхэд нуруугаа үүрчихсэн модон гүүр чиглэн алхаж явах нь үзэгдэнэ. Хажуугаар нь гүйлдэх шинэ мянганы хүүхэд багачууд Туулын эрэг дагуу хорхой шавьж түүхээр шулганалдан нисэлдэх бор шувууд шиг түүний тухай юу ч мэдэхгүй. Бүр таних ч үгүй.
Өнгөрсөн зууны 80-аад оны дунд үе. Улаанбаатар хотын захын дүүргийн гэр хорооллын нэгэн гудамжинд тоглоомдоо улайрсан багачууд бужигнана. “Хоолоо идээрэй” гэх ээжүүдийн дуудлага тэдний чихийг ч хөдөлгөсөнгүй. Зуны нар тэнгэрийн хаяаг улайран жаргах ба жаалуудын хөлөөр боссон тоос тэр өнгөнд сүлэлдэн дэгдэх аж. Төд удалгүй ээжүүд хаалгаар ахин цухуйж “Кино гарлаа” гэхтэй зэрэгцэн хүүхдүүд оноо тэнцсэн тоглоомоо маргааш үргэлжлүүлэхээр болж гэрийн зүг чавхдан орцгоох нь тэр. Хүүхдүүдийн эзгүйд “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны япон хурандаа Накаяама хорон төлөвлөгөө боловсруулж манай талыг ялчихаж мэдэх юм шүү дээ. Манай талын хэлээр ярьдаг муу тагнуул Молом занги өөр ямар ч муухай хэрэг тарих юм билээ хэн мэдэх вэ.
Молом занги гэхээр хэний тухай өгүүлээд байгааг Монгол кино сонирхон үзэгчид андах нь үгүй. Эсрэг талын дүрээрээ хүүхэд багачуудын өстөн болж томилолтын хуудас дээрээ Банзарын Молом гэж бичүүлтлээ дүрээ урлаж чаддаг энэ эрхмийг Банзарын Дамчаа гэдэг. Дайсны талын дүрийг түүн шиг үзэн ядтал гаргаж чаддаг жүжигчин өөр хэн билээ. Би түүнийг Холливуудын жүжигчин Энтони Хопкинстой зүйрлэн боддог юм. Энтони Хопкинс хэдийгээр эерэг дүрд голдуу тоглодог ч 1991 онд бүтээгдсэн “Хурга майлахаа болино” киноны Ханнибал Лекторын дүрийг нуруу хүйт оргим жихүүцэм гаргасан байдаг даа. Б.Дамчаа гуай харин Молом зангийн дүрийг үзэн ядаж тэчьяадмаар гаргаж чадсан нь гайхалтай. Ямар сайндаа л ханилсан хань нь“Хөөрхөн алаг үрсийнхээ зургийг үзүүлж тэднийгээ их санаж байна гэж үнэн учраа хэлсэн орос цэргийг бусдаар хөнөөлгөөд, хээв нэг сувдан зүүлт авч зогсох дүрийг хараад айх гайхах, жигших зэрэгцэн, “Яаж чадаж байна аа” хэмээн уулга алдсан. Би олон хүүхнүүдийн дунд суугаад киног нь үзэж байлаа. “Балиар хорон санаатай хүн хаанаас гараад ирэв. Хөөрхийг алуулахгүй байх байсан юм” гээд л хүмүүс уурлаж байна аа. Би ч бас сэтгэл гонсгор театраас гарлаа. Гараад ханьтайгаа харихаар алхаж явахад “За ямар болж” гэлээ. Би “Чи тэр орос цэргийг алуулчих юм” гэсэн чинь “Би Молом биш шүү дээ” гээд л инээлдэж билээ” хэмээн ярьсан байдаг. Энэ мэт дурсамж тоймгүй. Түүнийг “Монгол киноны их хөлгөн тууль” гэж би зүрх гарган нэрлээд сууж байна.
Б.Дамчаа гуай өөрийн дурсамж, намтар болох “Цөвүүн жаран” номдоо “1952 он Налайхын их уурхай гэж байсангүй. Налайх үйлдвэр гээд түүний харъяа арав гаруй жижиг нүхэн уурхайнууд байх. Би БС 8, 13 дугаар уурхайнуудад үнэлэгч гэдэг ажилд оров. Тэр бол уурхайн олон төрлийн ажлуудад тусгайлан үнэ зохиосон байх ёстой бөгөөд түүгээр ажлын хөлс бодогдож олгодог. Жишээ нь таван килограммын хүрзээр нэг хүрз нүүрсийг тэдэн метр газар зөөж хаявал төдөн төгрөг гэх мэтээр үнэ тогтооно гэсэн үг” хэмээн өгүүлсэн байх нь их хотын иргэн болоод эхлүүлсэн ажил амьдралынх нь анхны жим татагдсан газар байжээ. Домог маань Санхүү эдийн засгийн сургуулийг төсвийн нягтлан бодогч, зааварлагч мэргэжлээр төгсөөд нутагтаа очиж ганц жил ажиллаад л нийслэлд ирсэн юм билээ. Түүний намтар, дурсамжийг уншаад “Угаас хүмүүний амьдрал гэдэг дуулаад, туулаад гарчихдаг талын жижигхэн горхи, говийн намхан толгод биш” хэмээн эргэцүүлэлд автан сууж билээ. Б.Дамчаа гуай ид дүнжгэр буюу 37 насандаа кино урлагт хөл тавьсан байдаг.
Он цаг хийгээд кино хальс нүдний өмнө солигдон жирэлзсээр дайсны талын хорон санаат Молом занги өөр, өөр нэрээр дэлгэцнээ амилан манай талыг хорлохыг хичээсээр явах аж. Хөөрхий муу Дэлгэрийг шоронд явуулахаа шахаж байгааг нь хараад “Аргагүй л муу Молом мөн дөө” гэж дургүй хүрнэ. Болдогсон бол гар буугаар... за за аав ээж мэдчихвэл аашлах байх. Энэ муу Молом занги лав манай зүүн гудамжны Жагаагийн аав байх аа. Чулуугаар байлдахад тэр муу Жагаа муухай мэргэн онодог, хурдан гүйдэг, маш хорон зальтай хүүхэд. Мөн л байх. Аягүй бол чулуугаар байлдахад зүүн гудамжны армид орчихсон гүйж явж мэднэ. Тэгвэл ч чавхаар толгойг нь цоо харвах юм шүү.
Үнэхээр л мань эрийг гудамжид зүгээр явуулдаггүй байсан гэдэг. Бүтээсэн дүрээсээ болж үзэгчдээсээ түүн шиг том үнэлэлт авсан жүжигчин хэд бол. Б.Дамчаа гуайн том охин “Намайг гэртээ байж байтал аав гаднаас нэг хүнтэй орж ирлээ. Би жаахан гайхасхийгээд анзаараад хартал аавын толгой цус болчихсон байх юм. Цус болсон байхыг нь хараад сандарч хөвөн гаргаж ирээд аавын толгойг боолоо. Нөгөө цуг орж ирсэн хүн тортой талх барьчихсан халамцуу байсан. Яасан бэ гэхээр, аавыг автобусны буудал дээр ажилдаа явахаар зогсож байхад нь тэр хүн киноных нь дүрээс болоод зэвүүцээд цохичихсон юм билээ. Нөгөө хүн ааваас уучлал гуйгаад явсан л даа. Аав руу чулуу шидэх, энд тэнд шивэр авир гэж ярих бол байнга байсан үзэгдэл. Тэр нь ааваас гадна бидэнд их төвөгтэй байв. Аав биднийг амралтын өдрөөр музей дагуулж явах дуртай. Заримдаа би ээжтэй үлдэхээр болж, хоёр эрэгтэй дүү аавыг дагаж явна. Хоёр дүү маань заримдаа "Аавтай явахгүй ээ" гэдэг байсан. Аавтай хамт явахаар хүмүүс сонжино, харна, шивэр авир хийнэ, эсвэл хэн нэгэн ирээд яриа өдөөд хуучлаад зогсчихно. Ер нь олны нүдэн дээр, анхаарлын төвд байх чинь тухтай алхаж, гишгэж ч болохгүй, тоглож наадаж ч чадахгүй их эвгүй шүү дээ. Тухайн үед хувийн машин гэж байдаггүй. Манай аавд л лав байгаагүй. Тиймээс аав минь төмөр замаас Кино үйлдвэр хүртэл автобусаар явдаг байсан. Өдөр цайны цагаараа гэртээ ирж, хоолоо идээд буцаад явна. Ер гадуур хоол идэхгүй, гэр рүүгээ л яардаг байсан” гэж дурссан байдаг.
Түүний бүтээсэн дүрүүдээс хамгийн даацтай, харцаараа хүртэл ярьж тоглосон дүрийг нь би Исмэл тайжийн дүр юм болов уу гэж боддог. Ярьж байгаа үг нь Монголын төлөө мэт байвч дотор санаандаа юу агуулж буй нь харцнаас нь уншигддаг нь аймаар. Бараг амьсгалаас нь хүртэл өмхий үнэртэх болов уу гэж бодогдтол гаргасан даа. Энэ нь нэг талаасаа түүний өндөр боловсролтой нь холбоотой юм билээ. Мань эр дүрээ судлахдаа Өвөрмонголын Ренчиндорж гэдэг хүний “Мандухай цэцэн хатан” бэсрэг тууж, түүхийн ховор зохиолуудыг монгол бичгээр уншин кино зохиолтойгоо харьцуулан судалгаа хийсэн юм билээ. Б.Дамчаа гуай энэ тухай өөрийн намтар дурсамждаа ийн баринтаглан үлдээжээ. Тэрбээр “Мандухайн үхлийн тухай, Исмэлийн цаазлуулсан тухай түүхэн бүтээлүүдэд дурдсан зүйл огт үгүй байв. Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын “Мандухай хатан” жүжгийн зохиолд Нисман, Ш.Нацагдорж гуайн зохиолд Исмайл гэж бичсэний дундыг барьж Исмэл гэдэг нэр кинонд хэрэглэсэн юм. Би энэ дүрийнхээ гол шугамыг Ш.Нацагдорж, Б.Балжинням нарын зохиолд бичсэнээр барьж аваад дээр нь чадах чинээгээрээ ургуулан бодож хувилсан ухаантай” гээд “Миний хувьд төрийн том тайш Монголын төрд хүчин зүтгэж буй мэт дүр үзүүлээд Мандуул хаан, Мандухай цэцэн хатан, Батмөнх даян хаантай нууцаар сөргөлдөж, чадвал Монгол төрийн жолоог атгах, ядвал Мин гүрний захиргаанд Монголыг нэгтгэн өөрөө Мин гүрний ивээл дор Монгол төрийг дангаар эзэгнэх далдын хорон санаа агуулсан Уйгар удмын хүн. Энэ бол жүжигчин хүнд тэр болгон заяадаггүй аз завшаан бас хүнд шалгалт байсан”гэж өгүүлсэн байна.
Шинэ жилийн баярын концерт телевизороор гарч байна. Аавын зассан сүлд мод байшингийн хоймор хэсэгт өнгө, өнгийн чамин гэрэл анивчуулан хараад л суумаар мэдрэмж төрүүлэх бөгөөд ширээн дээр тавьсан “Хотол” бялуу хүртэл дэргэд нь юу ч биш. Гэнэт муухай Моломын хоолой телевизороос сонсогдох нь тэр. Цайвар хослол өмссөн Молом занги
“Шижир туяа цацруулан
мишээсэн
Шингэх наран юутай
гоёхон бэ” гээд л дуулж байна шүү. Гар өөрийн эрхгүй халаасанд байх чавх руу явсан боловч тэвчлээ. Аавын саяхан авсан “Темп” гэх дөрвөн хөлтэй телевизорыг харвачихвал нэлээд том жавтий хүртэх нь мэдээж.
Б.Дамчаа гэдэг хүн зөвхөн жүжиглэх урлагаар өөрийгөө хязгаарлаагүй нэгэн. Төмөр замын дуу бүжгийн чуулгаас эхэлсэн түүний уран бүтээлийн замнал хэчнээн ч зүг салаалан одоо вэ. Түүний дуулсан “Цэнгэлтэй үдэш” хөнгөн хэмнэлт уянгалаг дуу “Монгол поп” урсгалын эх суурийг тавьсан гэж үзэх хүн ч бий. Өвөрмөгц аргил хоолойгоор
“Сэрүүхэн үдэш чамтайгаа
зугаалахад
Сэргэлэн залуус юутай
цэнгэлтэй вэ” хэмээхүй өнгөрсөн зууны 70, 80-аад оны Улаанбаатарын намуухан үдэш нүднээ шууд л үзэгдээд эхлэх ажээ. Б.Дамчаа гуай угаасаа дууг зурж дуулдаг хүн байжээ. Тэрбээр “Дайчдын аяны дуу”-гаар хол замд аяншиж, хөлс, наранд түлэгдсэн цэрэг эрийн тоосонд дарагдсан бор царайг аргасан сөөнгө хоолой зурж үзүүлэх мэт ажээ. Хожим нас нэлээд явсан хойноо “Хурд” хамтлагтай хамтран дуулсан “Эх орон” дуу нь Монголын эстрад ертөнцөд жинхэнэ бөмбөг дэлбэлэх шиг л болсон доо. Эх орон дуу ид хүчээ авч байх үед Улаанбаатар хотын өнцөг булан бүрд эгшиглэж монгол хүн бүрийн зүрхэнд эх орноо хайрлах шалтаг өгч байв даа.
Телевизороор манай зөвлөлтийн кино гарч байна. Гэтэл ахиад л өнөөх Молом зангийн хоолой сонсогдоод эхэллээ. Яахаараа дайсны талын хүн Орос кинонд орчихдог билээ. Гэхдээ фашистууд биш манай талын дарга Молом зангийн хоолойгоор яриад бүр гайхаш барчихлаа. Хүүхэд насны гэнэхэн ухаанаар ухаж ойлгох гээд дийлсэнгүй.
Б.Дамчаа гэдэг жүжигчин Монголын орчуулгын киноны 400-гаад бүтээлд өөрийнхөө өвөрмөц дуу хоолойг мөнхөлжээ. Өөрөөр хэлбэл энэ хүн уйдашгүй амьдарчээ. Кино урлаг, дуу хуур, бүжиг, жүжиг. Үүгээр өгүүлж дуусав би. Харин кино ингэж эхэлдэг гэдэг шиг түүний намтар ийн эхэлдэг. “Дээд Монголын урианхай овгийн Цадим эзний хүн, гар хөл нь бүгд зургаан хуруутай байсны учир өвөг дээдсийг минь Олон гар хэмээн нэрлэж байв. Олон гар буюу зургаадай өвгөдийн хүн маань зуны тэргүүн сарын 15-ны тэргэл саран гийсний маргааш өглөөнөөс эхлээд намар цагаан хяруу унах хүртэл хөл нүцгэн явж гадаа унтдаг хүн байсан юм гэнэ лээ. Тэрээр үүр цүүрээр босож голын эрэг дээр очоод суучихдаг байж. Их үд өнгөрөхөд моринд мордоод нар гудайхын цагт ирнэ. “Та туж л ингэж явах юм. Хаа хүрдэг байна?” гэвэл “Шувуудын жиргэх, ялаа зөгийнүүдийн дүнгэнэлдэх, сүнгэнэлдэхийг чагнах гэж л тэр” гэдэг байж. Орой хоол унд болсны хойно нэг лонх нанчид халаалгаад түүнийгээ шимэн, цуур татан суух дуртай. Ерөөлч магтаалч ирвэл ихэд хүндэтгэн цайлаад, товшууртай ерөөл аялуулан хэлүүлээд машид таашааж чагнадаг хүн байжээ” Эхлэлээр төгсгөх учир юу гэвэл энэ хүн домог, кино урлагийн их хөлгөн тууль юм.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна