Монгол руугаа нүүсэн нүүдэлчид



Цаг эргэж, цахилдаг хөхөрсөн цагаан морин жилээс хойш “Үндэсний” болгон үзмэрийн шилэн хоргоноос гарч үүх түүх, үндэс язгуураа сануулан сэргэж эхэлсэн. Сайхан хэрэг шүү. Үүний нэгэн жишээ болсон “Монгол гэр” үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд нээж, Монгол орны 21 аймгаас төрөл бүрийн ур, хийцтэй, угсаатны онцлогийг илтгэсэн гэрүүд  ханаа шийрлэн буулаа. Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээ ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус өвийн жагсаалтад орсон “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгыг агуулж байгаа юм. Үндэсний өв соёлоо дээдлэн уламжилж, үр хүүхдэдээ өвлүүлэх, мөн “Соёлын боловсролын оролцоот хөтөлбөр”-ийг энд хэрэгжүүлнэ. 

Д.Сүхбаатарын талбайн хүндэт хойморт ихэмсэглэн буусан өргөө цагаан гэрүүд 21 аймгийг төлөөлөх бөгөөд тэд монгол орны бүс нутаг дахь газар зүйн байршлаараа буурь засжээ. Гэр болгон аймаг бүс нутагт амьдран суух угсаатны онцлогийг харуулсан тоглоом наадгай, эд хэрэглэл байрлуулсан байх ба энэ бүгдийг уйгагүй, хичээнгүйгээр тайлбарлах тайлбарлагчтай. Тааварт тоглоом, оньсон наадгайг зочилж ирсэн хүн бүр чөлөөтэй тоглож болох бөгөөд тайлбар, үүх түүх, тоглоомын дэг жаягийг нь мэдэж авах боломжтой ажээ. Гэр болгоны ханаар аймаг орон нутгийнхаа онцлог, угсаатны бүлгүүдийн аж амьдралын хэв маягийг шингээсэн үзмэрүүд дэлгэж зарим гэрт нь видео танилцуулга ч байрлуулсан байх аж. Монгол орны хамгийн зүүн хязгаарт байх Дорнод аймгийн гэрт зочиллоо. Дорнод аймагт голлон суух буриад зоны онцлогийг шингээсэн үзмэрүүд, тоглоом наадгайг дэлгэжээ. Хананд нь гоёмсог чимэглэлтэй буриад дэглүүд өлгөөтэй байх нь удган, бөөгийн хувцас гэнэ. Ахиулан харвал үнэхээр бөөгийн хэц хэнгэрэг, элдэв хэрэглэлийг өлгөсөн байна. Гэрт элдэв үзмэрт сатааран зогсож байтал гаднаас олон хүүхэд шуугилдан орж ирлээ. Хүүхдүүдэд энэ бүхэн үнэхээр сонирхолтой байгаа нь тэдний сониучирхан гялалзах нүднээс нь харахад илт. Багш нь үзмэр болгоны дэргэд дагуулан очиж тайлбарлах бөгөөд гэрийн эзэгтэй ч мөн үүргээ гүйцэтгэн багшид дэм өгөх аж. Монгол гэрийг жижгэрүүлсэн хэлбэрээр хийж ширээн дээр тавьсныг хүүхдүүдэд тайлбарлан буулгуулж, деталь бүрийг нэрлүүлэн мэдэхгүйг нь зааж өгч, буцаан угсруулж байна. Монгол гэр гэдэг хэн хэнийхээ орон зайг хүндэтгэн, зэрэгцэн оршихуй, ач хүү эмээ өвөөтэйгөө, аав ээжтэйгээ зэрэгцэн амьдрах эв нэгдлийн бат бөх цайз болж чаддаг гайхалтай сууц ажээ. Баруун хатавчнаас эхлэн гэрт байх ахуйн эд хэрэглэл, хөхүүр, хазаар ногт, чөдөр тушаа гээд дээш үргэлжлэн тамга, эмээл гээд цааш өгсөн бурхны авдар гүнгэрваа хүртэл үргэлжлэх аж. Зүүн хатавчнаас гал тогооны хэрэглэл үргэлжлэх бөгөөд эхнэр хүний үйл үртэс, ширмэл ширдэг зэхээстэй. Энэ бүх зүйлд монгол ахуйгаас урган гарсан оюун ухаанаар“Монгол гэрийн уламжлалт зан үйл” шингэн бүтээгдэх ажээ. Үзэсгэлэнгийн гол зорилго үүнд  оршино. Даяаршлын эрин зуунд хэл соёлоо танихаа больтол Монгол, Монголоосоо алсарч эхэлсэн. Өргөө гэр бүхэнд үндэсний өв соёлоо дээдлэн уламжлуулах, үр хүүхдэдээ өвлүүлэх “Соёлын боловсролын оролцоот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Багш, тайлбарлагч нар монгол хүүхэд монгол ахуйгаасаа хэчнээн алсран холдоо вэ гэж харамсан ярьж байгаатай олон таарлаа. Монголоо алдсан монголын талаар нас явж үс нь бууралтсан зохиолч сэтгүүлч, эрдэмтэн мэргэдээс өөр дуугарах хүн бараг үлдээгүй юм уу гэж бодогдох үе ч байв. Соёл урлаг гэхээр сонгодог хөгжим, дуурь, балет төдийхнөөр хэмждэг цаг өнгөрсөн зууны 50-аад оноос эхлэлтэй болов уу гэж таамаглаад байна. Бараг ортой ч биз. Үндэсний онцлогтой бүжиг дуу хуур, тоглоом наадгай “Ардын” гэдэг тодотгол зүүгээд арын хашаа руу амбаардуулж гарсан. Биет болон биет бус өв тээгчид маань тэр үед “Сайн дурын уран сайханч” нэртэй сажилж л байлаа шүү дээ. Нэг талаасаа 100 шахам жил гаднын соёлоор тархиа нүдүүлсэн ард түмэн  өв соёл руугаа эргэн тэмцэж байгааг харахад бахархахгүй байх аргагүй юм даа. “Соёлын сэргэлт” –ийн хүрээнд хийгдэж байгаа олон ажил түүний дотроос “Нүүдэлчин” өв соёлын наадам түүний үргэлжлэл болсон “Монгол гэр” үзэсгэлэнг гаргасан өдрөөсөө эхлээд л зорилгодоо хүрч байгааг харахад таатай. “Монгол гэр” үзэсгэлэнгийн талбайд бидний үргэлжлэл болсон хүүхэд багачууд олон байна. Хүүхдүүд бүлэг, бүлгээрээ багшийнхаа удирдлага дор гэр болгоноор орж сонирхох ажээ.  


Нийслэлийн 49 дүгээр сур­гуулийн багш Э.Буянсайхан “Би сургуулийнхаа 5В бүлгийн хүүхдүүдийг дагуулж явна. Манай ангийханд яг одоо монгол гэрийн уламжлалт зан үйл, өв уламжлалын талаарх хичээл орж байгаа юм. Талбай дээр ийм үзэсгэлэнг нээсэн тухай олж мэдээд хүүхдүүддээ танхимын бус мэдлэг олгох гээд дагуулаад ирлээ” гэж яриад цааш нь “Манай сургууль Хайлаастад байдаг болохоор хотын төвийн сургуулийн хүүхдүүдтэй харьцуулахад гэрийн талаарх мэдлэг сайн. Гэр доторх эд хэрэглэл, ахуйн зүйлсийг өөрсдийнхөө амьдралаас мэднэ. Гэхдээ л  зарим зүйлсийг ямар зориулалттай, хэрэглээтэй гэдгийг нь мэдэхгүй, бүр ойлгохгүй байна. Энэ бүгд хэрхэн үүссэн, ямар хэрэглээтэй, яаж хийдгийг зааж тайлбарлаж өглөө” гэж олзуурхан өгүүлж зогсоно. Хотын төвийн сургуулийн хүүхдүүд монгол гэрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг англиар нэрлэж монголоор юу гэдгийг нь тайлбарлагч багшаас асуух тохиолдол ч байсан гэнэ. 
Үзэсгэлэнгийн талбайд сурагч багачуудаас гадна гадаадын зочид, аялагч жуулчид олон байлаа. Гэр үзэсгэлэнгийн тайлбарлагч нар Буриадын бүгд найрамдах улс, Өвөрмонголоос хүн их ирсэн байна гэж байлаа. Үзэсгэлэнгийн бас нэгэн зорилго энэ. Аялал жуулчлалын сэргэлтийн хүрээнд хийж буй олон ажлын үр дүн эхнээсээ гарч гадаадын жуулчдын түрүүч Монголд ирсэн. Жуулчдад монгол гэр, уламжлалт зан үйлийг сурталчлан таниулах, монгол онцлогтой, нүүдэлчдийн амьдралын хэв маягийг эх орны зүрхэн дэх төв талбайгаас эхлүүлж байгаа юм.  


Гэр үзэсгэлэнгийн хамгийн сүрлэг сайхан гэрийг “Хаадын гэр” компанийнхан барьсан байлаа. Наймдугаар Богдын ирвэсийн арьсан гэрээс санаа авч хийсэн гэх уг гэр уламжлал шинэчлэлийн гайхалтай төгс зохицол байсныг өгүүлэх юун. Бас нэгэн сонирхолтой, зайлшгүй орж үзэх гэрийн нэг бол “Мандала бурхан шашин, соёлын төв”-ийн барьсан гэр байлаа. Ис тортогт идэгдэж, жаран жарны түүхийг тээж ирсэн түүхийн нандин өв болсон эд өлгийн зүйлсийг гэрт дэлгэн үзүүлжээ. Хэдийгээр тэнд шинэ юм үзэхгүй ч гэр үзэсгэлэнгийн талбайд зайлшгүй л байх ёстой гэрийн нэг мөн байлаа. Гэрийн хойморт залсан асар том гүнгэрвааг товойлгон сийлж чимэглэсэн луугаар хэдэн оны үеийн, ямар хэргэм зэрэгтэй хүн хэрэглэж байсан эд гэдгийг мэдэж болно. Ис тортогт идэгдэж өнгө нь харласан хуучны авдрыг хараад л хэддүгээр зууных гэдгийг нь хэлж болдог гэнэ. Ороод цуглуулагч эрхэмтэй таван үг солиход тун гэмгүй. Эртний эд өлөг цуглуулна гэдэг маш нарийн ухаан, логик сэтгэлгээ хэрэгтэй юм гэдгийг түүний ярианаас илэрхий. 
Аймгууд өөрсдийн онцлогоо товойлгон харуулахыг хичээсэн нь үүдээр нь ороход л мэдэгдэнэ. Надад хамгийн их таалагдсан гэр дуу хуурын өлгий болсон Дундговь нутгийн гэр байлаа. Үүдээр нь ороход л аргалын утаа үнэртэж хойморт нь тавьсан радиогоор уртын дуу эгшиглэн ховсдож, хот газрын нүргээнт амьдралаас хэсэгхэн ч болов хөндийрүүлж орхих нь тэр. Гэрийн голд тулга тавьсан байх ба аргал зэрэглэн өрж уугиулжээ. Эзэгтэйн талд нэг бүсгүй тэмээний ноос ээрүүлдэн оосор бүч томно. Орж ирсэн жуулчид аппаратаа шажигнуулан зураг авч гайхалтай зүйл олж харсандаа баярлан нүд нь гялалзах ажээ. Сурагч багачууд яг л эмээгийндээ, өвөөгийндөө орж ирсэн мэт мөнөөхөн ээрүүл эргэлдүүлэгч бүсгүй дээр шавах бөгөөд үүнийг хэрхэн хийдгийг сониучирхан шалгаах нь хайр хүрмээр. Нутгаа зорин гүйх унаган хүлэг харсан мэт сэтгэгдэл төрөх нь юу билээ. Эх түүх, эх орон, өв соёл руугаа тэд тэмүүлж байгаа учраас тэр биз. Мэдэхийг хүснэ гэдэг том эхлэл. Хүүхдүүдийг харж зогссон Дундговь аймгийн Соёл урлагийн газрын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Б.Шинэбаяр “Хүүхдүүд ч гэлтгүй томчууд хүртэл чөдөр ногт хэрхэн зангидах, эсгий ширэх, айраг цагаа, ааруул хурууд бэлтгэх арга гэх мэт ЮНЕСКО-д бүртгэгдсэн биет өвийг хийдэг биет бус өвөө мэдэхгүй, сонирхон асуух тохиолдол их байна. Байгаль дэлхийтэйгээ холбоотой нүүдэлчин амьдралын хэв маяг монгол хүн бүрийн цусанд шингэсэн байдаг, бид түүнийг нь л сануулахыг хичээж байна” хэмээн санаашран өгүүлж зогсоно. 
Бид монгол ахуйгаасаа ямар их холдоо вэ, монгол ахуйгаа ямар их санаа вэ.


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22