Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Солонготой ярилцлаа. Хүүхэд ахуй цагаасаа ятга хөгжимтэй нөхөрлөсөн түүнийг уншигчид хамгийн сүүлд “Мөнгөн мод” наадмын тайзнаа шилдэг хөгжимчин шагналыг авахад нь харсан байх. БНХАУ-ын Ханжоуд болсон Азийн наадамд урилгаар оролцож, Их Британи, Тайланд зэрэг улсад Монгол Улсыг сурталчлахад тэрбээр урлагийн салбарын төлөөлөл болон уран бүтээлээ толилуулсан юм. Дорнын төгөлдөр хуур хэмээгддэг ятга Монгол Улсад ямар хэмжээнд хөгжүүлж байгаагийн нэгэн жишээг түүний мэргэжлийн болон орчин цагтай уясуулсан бүтээлүүдээс харж болох буй за.
-Охидын хувьд сониуч, олон зүйлийг сонирхон туршиж, судалдаг насандаа та ятга хөгжимтэй нөхөрлөсөн юм билээ. Ийм сонголт хийхэд урлагийн гэр бүлийн уур амьсгал нөлөөлсөн үү эсвэл өөрөө дурлаж энэ хөгжмийн зэмсгээр хичээллэсэн юм уу?
-Манай аав зураач, барималч хүн. Дүрслэх урлаг дагасан орчин намайг зураг зурах дуртай болгосон. Түүнээс биш ятга хөгжмийн талаар ямар ч ойлголтгүй хүүхэд байлаа. Харин намайг энэ хөгжимтэй нөхөрлүүлсэн хүмүүс бол ээж, эмээ хоёр маань. Бодвол охиноо урлаг, уран сайхан, гоо зүйн мэдрэмжтэй хүн болгохыг хүссэн юм болов уу. Арван настайд маань Хөгжим бүжгийн коллежийн хаалгаар хөтлөн оруулж шанзны Цэрэндулам багштай танилцуулж байв. Тэр үед л багш “Эмэгтэй хүүхэд ятгаар хичээллэхэд нийцтэй” гэж зөвлөсөн байх. Нэг их удалгүй шийдвэрээ гаргаж би Хөгжим бүжгийн коллежид элсэн суралцахаар болсон. Гэхдээ тэр жил нь миний нас арай болоогүй байсан учраас ятга хөгжмийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болох сургалтыг өөр хүнээр заалгуулахаар болж байв. Ингэж намайг ятга хөгжимд дурлуулсан Батдэлгэр эгчтэй танилцсан юм. Хөгжим заахаас гадна урлагийн хүний биеэ авч яваа байдал, хөгжимтэйгөө харьцаж байгаа зэрэг нь надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.
-Таны эгч, дүү хоёр мөн мэргэжлийн хөгжимчид. Тэр дундаа эгч тань ятгатай уясах хуучир хөгжмийг гаргууд эзэмшсэн уран бүтээлч шүү дээ. Урьдаас тохируулсан юм шиг энэ зохилдлого ёстой л хувь тавилан гэлтэй?
-Биднийг хөгжимчин болоход гэр бүлийнхний нөлөө их байсан. Эмэгтэй хүүхдүүдээ урлагийн хүн болгож сайхан болгоныг нь мэдрүүлэхийг зорьсон биз. Намайг ятгын ангид орохтой зэрэгцэн эгч маань ч хөгжимчин болох эхлэлээ тавьсан. Ийм нэгэн ижил шалтгаанаар эгч бид хоёр Хөгжим бүжгийн коллежид нэг ангид элссэн. Хуучир, ятга хоёр хоршихыг бодолцсон нь эгчийн ямар хөгжмийн зэмсгийг тоглож сурахад нөлөөлсөн байх. Уг нь эгч бүжиглэх дуртай, бүжгийн эвсэлтэй. Намайг эгчтэй нь адилхан бүжгээр хичээллүүлье гэхээр би эв дүй муутай байсан. Тийм учраас эгч сонголтгүйгээр хуучир хөгжимчин болсон.
-Зөв сууж сурах, хөгжмийн зэмсгээ зөв тавих, гарын хуруунууд цэврүүтэх гээд асуудал мундахгүй. Тийм үедээ хойш суудаг хүүхэд байв уу эсвэл махруу зантай, оролдлоготой охидын нэг байсан уу?
-Тав, зургадугаар ангид таны хэлсэнчлэн олон асуудалтай тулгарсан. Харин долоо, наймдугаар ангиас хөгжимдөө дурлаж эхэлсэн. Тухайн үед хүүхдүүдийг концертод оруулах “өдрийн од” шиг. Намайг сурч байх үед шанзны Зүмбээ багш анги ангиас түүвэрлэсэн хамтлаг байгуулсан. Түүнд нь би багтсанаар зургадугаар ангиасаа тоглолтод оролцож эхэлсэн. Энэ үйл явдал намайг ятга хөгжимд илүү дурлуулсан байх. Тоглолтуудад оролцон урамшиж наймдугаар ангидаа Оросод болсон хүүхдийн наадамд оролцож байв.
-Түүнээс гадна гэр бүлийн хүрээнд хамтлаг байгуулж Европын орнуудаар тур аялал зохион байгуулсан нь уран бүтээлчийн хувьд өөрийгөө таньж мэдэхэд ихээхэн нөлөөлсөн байх?
-Манай аавын хобби аялах. Дэлхийн оюутан залуусын 12 дугаар их наадам болоход нь бүтээлүүдээ явуулснаар шалгарч урилга авч байсан. Бие дааж англи хэл сурснаас гадна Европын орнуудад үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Эгч бид хоёрыг аравдугаар ангиа төгсөхөд ардын хөгжмийн “Ханбогд” нэртэй хамтлаг байгуулсан. Ингэхдээ хамтлагийн бусад гишүүнийг анги ангиас сонгон авснаар хамтлагаа байгуулж байсан түүхтэй. Тэр үеэс буюу 2002 оноос эхлэн жил бүр арван жилийн сургуулийн амралт болоход бид Европын орнуудаар аялан тоглоно. Ингэхдээ зүгээр нэг явчихгүй. Аав бүтээлүүдээ дэлгэж, бид мөн монгол гэр авч явж монгол ардынхаа соёл урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг мөн хамтад нь хийдэг байсан юм. “Ханбогд” хамтлаг таван цомогтойгоос дөрвийг нь Швейцарт бичүүлж байв.
-Хэдийгээр аялан тоглолт боловч энэ нь нэг талаараа танд туршлага болсон байх. Олон орноор аялан тоглоно гэдэг таны насны, залуу хөгжимчинд тухайн үедээ том боломж болсон уу?
-Европод ажиллаж, амьдардаг уран бүтээлчид байсан. Гэхдээ одоогийнхтой харьцуулахад аялан тоглодог хамтлаг цөөн. Бидэн шиг аялан тоглож байгаад намар хичээл эхлэхтэй зэрэгцэн ирдэг хамтлаг цөөхөн байв. Тухайн үед Европын орнуудад тоглолтоо хийхээр очиход биднийг маш найрсгаар хүлээж авдаг. Заримдаа тоглолтоос тоглолтын хооронд амрах цаггүй явдаг байлаа. Хамтлаг хоёр хуваагдаж зорьсон газраа хүрч тоглодог байсан дурсамж ч бидэнд бий. Гэхдээ энэ бүхэн бидэнд маш их туршлага болсон. Тайзны соёлд суралцах, нүүр хагарахаас эхлээд уран бүтээлчид байх зан чанарыг төлөвшүүлэхэд ихээхэн тус дэм болсон гэж боддог юм.
-Таны бага дүү төгөлдөр хуурч шүү дээ. Хэдий үеэс та бүхэнтэй нэгдэж хамтлагийнхаа ажилд оролцдог болсон бэ?
-Бага дүү Сэлэнгээ надаас долоон насаар дүү. Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид суралцсан. “Ханбогд” бол ардын хөгжмийн хамтлаг. Тиймээс дүү маань багаасаа манай хамтлагт бөмбөр тоглодог байв. Багаасаа рок хамтлаг байгуулж байсан болохоор аав дүүд бөмбөр авч өгсөн. Дээр нь манай дүү бүжгийн эвсэлтэй. Монгол ардын бүжгийг эвлэгхэн бүжиглэчихдэг байсан юм. Ер нь тухайн үед бид олон зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй байсан. Гаднын улс орнууд руу цөөхүүлээ явах учраас ганцхан хөгжмөөр хязгаарлагдахгүй бүгд л юм юмны захтай байх шаардлагатай. Цөөхөн хүн олон чадвартай байх хэрэгтэй байлаа. Тиймээс хамтлагийн хүн бүр бүжиглэдэг. Монгол ардын бүжгээс гадна цам, бөөгийн бүжиг хүртэл бүжиглэдэг байв. Дээр нь манай хөгжимчид өөрсдөө хөөмийлдөг байлаа.
-Ийм гоё уур амьсгалтай гэр бүлийг бүрдүүлэхэд хамгийн их хүчин чармайлт гаргасан хүн нь хэн байв?
-Аав, ээж хоёр минь юм даа. Бага залуу гэлтгүй охидоо бүх талаар дэмжсэний хүчинд өнөөдөр бид өдий зэрэгтэй явна. Ээж минь охидоо үргэлж дэмждэг. Шалгалт дөхөхөөр бид гурав нэг нэг өрөөнд суугаад хөгжмөө давтана. Сурагч байсан болохоор эхнээсээ сайн тоглохгүй нь тодорхой шүү дээ. Тэр үед аав, ээж маань ямар тэвчээр, хүлээцтэй байсан юм бэ. Хөрш зэргэлдээ айлууд ч нэг нэгнээ ойлгож харилцдаг байсан юм байна гэж бодогддог.
Дээр нь хүн өөрөө ээж болоод ээжийгээ илүү их хайрлаж, ойлгодог юм байна. Миний охин одоо Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангид сурч байна. Ганцхан хүүхдийн хичээлийг давтуулах гэж их ажил болно. Гэтэл ээж маань гурван охиноо мэргэжлийн хөгжимчин болтол яасан их хичээсэн юм бэ. Ээжийн хувьд ёстой л амаргүй даваа байсныг одоо бодохоор өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг.
-Цөөнгүй улс орноор аялан тоглосон та Үндэсний урлагийн их театрын хөгжимчнөөр хэдий үеэс ажиллав. Ахмад уран бүтээлчид, мэргэжлийн урлагийн хамт олныхоо төлөөлөлд шалгуулаад их театрынхаа нэг эд эс нь болж байсан уу?
-Хөгжим бүжгийн коллеж төгссөн жилээ Үндэсний урлагийн их театрын хөгжимчин болохоор шалгалт өгсөн. Шалгалт өгөхдөө Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ятганд зориулсан концертыг тоглож байсан санагдана. Шалгалт өгснөөс хойш ямар ч хариу ирэлгүй нэг сар болсны эцэст их театрынхаа хөгжимчинд тэнцсэнээ мэдсэн. Тэгж би 2007 онд театрынхаа хөгжимчин болсноос хойш 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд цөөнгүй уран бүтээл тоглолоо. Оркестрын хөгжимчин, гоцлол хөгжимчин байх нь хоорондоо маш ялгаатай. Гоцлол хөгжимчин өөртэйгөө ажиллаж байж үр дүн гарна. Оркестрын хөгжимчин өдөр болгон шахуу шинэ бүтээл дээр ажиллана. Үүнийгээ дагаад чадвар сайжирдаг гэж би хувьдаа боддог. Түүнээс гадна жаран хөгжимчний дунд суучихаад алдаж болохгүй, тийм эрх ч байхгүй. Хамтын хүчээр бүтээл төрдөг учраас бүхий л цаг хугацаанд хамгийн сайнаараа байхыг хичээдэг. Ийм мэдрэмжүүд авдаг учраас ажилдаа маш дуртай.
-Монголд аль нэг урлагийн байгууллагад харьяалагдаад ажиллаж байгаа, эсвэл хувиараа ажиллаж байгаа ятгачид байна. Та тэднээс аль алийг нь хослуулан авч явдгаараа ялгарах болов уу. Ятганд зориулсан мэргэжлийн бүтээлүүдээс гадна орчин цагтай уясуулсан нэлээд хэдэн бүтээлийн ард гарчээ?
-Соло уран бүтээл хийх бодол надад үргэлж байсан ч цаг хомс байсан. Ингэж хойшлуулсаар яваад соло уран бүтээлээ хэдэн жилийн өмнөөс хийж эхлээд байна. Анхны цомгоо 2009 онд гаргахаар төлөвлөсөн ч санаснаар болоогүй. Нэг л дутуу юм шиг санагддаг байлаа. Мэргэжлийн хөгжимчнөөр төгсчихөөд ковер хийхээр өөрийгөө чамлах мэдрэмж төрдөг юм билээ. Төсөөлснөөс маань хамаагүй сул болоод байгаа мэдрэмж төрсөн. Тэгж яваад 2014 онд “Торгоны хээ” бүтээлээ олон нийтэд хүргэж байсан юм. Нэг жигдрээд уран бүтээлээ хийх гэтэл ээж болж хэсэг хугацаанд завсарласан. Одоо соло уран бүтээлээ эрчимтэй хийх бодолтой байна.
-Азийн хэдхэн улс ятгыг өөрийн уламжлалаар хөгжүүлэн авч явж байна. Эдгээр улсын нэг нь Монгол бөгөөд мэргэжлийн хөгжимчдийг бэлтгээд багагүй хугацаа өнгөрсөн. Уран бүтээлчдээс нь олон улсад дуудагдах дайны хөгжлийг бид аль хэдийнэ эх орондоо бүтээсэн байна?
-Ятга босоо, хэвтээ хоёр төрөлтэй. Хэвтээ ятгыг Азийн хэд хэдэн улсад хөгжүүлж байна. Энэ хөгжмийн зэмсгийн гарал үүслийн талаар тодорхой хэлэх боломжгүй. Ерөнхийдөө Төв Азид үүссэн гэдэг. Одоо Монгол, Солонгос, Хятад, Япон, Вьетнам гэсэн Азийн оронд эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ харахад ятга гэдгийг мэдэгдэх боловч хөглөгөө, тоглох арга барил, техникийн хувьд багахан ялгаатай. Манай улсын ятгын мэргэжлийн сургалт 1961 оноос эхлэлтэй. Умард Солонгосоос багш ирэхдээ сургалтад зориулан ятга авчирсан. Тухайн ятган дээр “Энэ хөгжмийг эх нутагт нь буцаалаа” гэсэн бичээстэй ирсэн гэдэг. Мөн Солонгост монгол гүнжийн хөшөө байдаг гэж ярьдаг. Тэр нь далай руу харсан байрлалтай, эх нутгаа санаад ятга хөгжим барьснаар дүрсэлсэн байдаг гэдэг юм билээ. Үүнээс өмнө Монгол дахь ятга нутаг нутгийн онцлогтой харилцан адилгүй байсан. Мэргэжлийн сургалттай болсноор хөгжимчид төрж, хөгжмийн зохиолчид ятга хөгжимд зориулан бүтээл хийх болсон.
-Олон улсын тоглолтод Монголоосоо сонгогдон оролцоход уран бүтээлчийн хувьд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Монгол ятгын гол онцлог нь хөг эгшгэндээ байдаг. Монгол аялгуу үнэхээр сонсголонтой, харш өнгө дуугарах боломжгүй. Дээр нь хятад, япон ятгачид хөгжмөө хумсаараа тоглодог. Монгол, Солонгос ятгачид хөгжмөө хурууныхаа өндгөөр тоглодог. Би өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Бээжинд Монгол Улс соёлын төвөө нээхэд очиж тоглосон. Тэнд монголчуудаас гадна Хятад дахь гаднын зочин төлөөлөгчид байсан учраас их хичээсэн. Тухайн үед надаас гадна Хятадын хоёр ч ятгачин байсан бөгөөд бидний тоглолтыг үзэгчид маш сайхан хүлээж авсанд талархалтай санагдаж байсныг дурсахад сайхан байна.
-Та Монголын соёл, урлагийн салбарын шилдгийн шилдгийг тодруулах “Мөнгөн мод-2023” наадмын шилдэг хөгжимчнөөр тодорсон. Таны хувьд ёстой л хүлээлтээс давсан үйл явдал болох шиг санагдсан?
-Тэгэлгүй яах вэ. Яагаад гэвэл би тухайн үед хөгжимчний хувьд яг хаахна яваагаа мэдэхгүй байсан. Ятгаа тоглож уран бүтээл хийгээд л байдаг. Гэхдээ энэ нь яг болоод байна уу, үгүй юү гэдэг асуултыг өөртөө тавьсан үе л дээ. Яг тийм үед энэ шагналыг надад өгсөн юм. Үндэсний урлагийн их театраас хоёр хүнийг энэ шагналд тодорхойлсны нэг нь би байсан. Тэр үед л хамт олон маань миний хийсэн, хийж байгаа бүтээлд ямар сэтгэгдэлтэй байдгийг мэдсэн. Гэхдээ “Мөнгөн мод” наадмаас шагнал авна гэж санаагүй. Миний хувьд гэнэтийн үйл явдал болж, урам авсан. Тийм үед илүү ихийг хийе гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ.
-Одоо тэр эрчээрээ урагшилж байна уу. Энэ жилийн тухайд ард нь гарахаар зорьж байгаа ямар ажил байна вэ?
-“Солонго” пянзаа олон нийтэд таниулахыг тэсэн ядан хүлээж байна. Нэг жанрт баригдалгүйгээр олон төрлийн хөгжим орсноороо онцлогтой бүтээл болсон. Солонгын долоон өнгө шиг хөгжмийн долоон эгшиг юм даа. Ятга хөгжим ямар олон төрлийн өнгөтэйг харуулахыг хүссэн юм. Мөн би энэ ондоо багтаан бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Одооноос хичээвэл энэ том ажлынхаа ард гарч чадах байх аа.
Бид ярилцлагаа энд хүргээд өндөрлүүллээ. Түүний хэлсэнчлэн
Хил хязгааргүй урлагийг
Хөл хориогүй дэлхийг
Хүрэх газрын оргилыг
Хүсэл тэмүүлэлт ирээдүйг мөрөөдөж дараа дахин уулзахаар товлолоо.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна