Уран нугаралтын түүхийг бүтээгчид


Дэлхийн шилдэг циркийн имижийг монгол уран нугараачгүйгээр төсөөлөх боломжгүй болжээ.  Уран нугаралт хэмээх гайхалтай урлагийг Монголын болгон тамгалсан уран бүтээлчдийн нэг “Khulan Circus Mongolia”-г үүсгэн байгуулагч Г.Ариунааг  “Монгол бахархал” буландаа онцоллоо.  Манай улсын гадаад бодлого нээлттэй болсон 1990 оноос циркийн уран бүтээлчид хилийн чинадад гэрээгээр тоглож, хүссэн тэмцээндээ оролцож эхэлсэн. Түүнээс өмнө ч уран нугаралтын төрөл олон улсад Монголын циркийн нэрийн хуудас болтлоо алдаршсан юм. Монголын циркийн сор болсон нугараачид гадаадад ажиллаж, амьд­рах нь элбэг. Тэнд уран нугаралтыг циркийн бусад төрлөөс дээгүүрт үнэлдэг. Алдартай циркүүд уран нугаралтын номероо зөвхөн Монголоос авдаг нь манай уран бүтээлчдийн чадвар чансаатай холбоотой. Ер нь Монголын уран нугаралт л хамгийн сайн гэсэн үнэлгээ хэдийнэ тогтсон. Энэ бол уран нугаралтыг дэлхийд таниулсан манай уран бүтээлчдийн гавьяа. “Khulan Circus Mongolia”-г  байгуулаад хорь гаруй жилийг үдэхдээ 300 гаруй хүүхдэд хичээл заажээ. Дэлхийн хорь орчим улсад эх орноо төлөөлөх уран нугараачдыг бэлтгэн, олон мянган хүүхдийн эрүүл чийрэг, зөв галбир төрхтэй болоход тусалжээ.  Охин Анухуландаа зориулан байгуулсан “Khulan Circus Mongolia”-ийнхан 2006 оноос гадаад харилцаагаа бие даан бэхжүүлж эхэлжээ. Улмаар олон улсын циркчидийн тэмцээнд уран нугаралт, тэнцвэр, акробатын төрлөөр оролцох болсон. Тодруулбал,  нэг гранпри, таван алт, долоон мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.  Түүний шавь нар жигүүрээ дэлгэн, 15 улсын циркэд мэргэжлийн жүжигчнээр ажиллаж байна.


“Үндэсний урлаг учраас монгол хүүхдүүддээ л багшилдаг”

Г.Ариунаа багш зургаан наснаасаа спортын гимнатикаар хичээллэсэн байна.  Тууштай хичээллэсэн энэ төрлөөрөө зургадугаар ангийн сурагч байхдаа спортын мастер цол хамгаалж, Ж.Раднаабазарын нэрэмжит Улсын циркэд жүжигчнээр ажилд оржээ. Манежийг эзэгнэж, үзэгчдийг эзэмдэх уран нугараачдыг хараад, циркийн жүжигчин болох мөрөөдлөөр жигүүрлэсэн байна. Тэр үеийн монгол хөвгүүд бөх, охид уран нугараач болохыг мөрөөддөг байсан гэдэг. Циркийн жүжигчдийн бэлтгэлээ хэрхэн хийхийг харж, тоглолтыг  нь үзээд  баярлаж суусан гэрэлт үе сэтгэлд мартагдахгүй дурсамж болон үлджээ.  Уран нугаралтын студи байгуулсан түүх тун сонирхолтой. Гэрээсээ хол гаднын улсуудаар томилолтоор явж урлагаа сурталчилна. Нэгэн удаа олон хоногийн томилолтоосоо иртэл ээжийгээ санасан ууган охин нь нэлээн жин нэмсэн байв. “Би мэргэжлийн циркчин, урлагийн хүн атлаа охиныхоо гоо сайханд анхаарсангүй” гэж харамсаад бас зориг шулуудаад  2002 оноос хүүхэдтэйгээ ажиллаж эхэлжээ. Сунгалт, дасгал, гимнастик хийлгэж, хэр хэмжээндээ л багшлав. Өөрийнхөө хүүхдэд хичээл заах бас л шаггүй ажил. Өвдөлт, хэцүү бэрхийг нь биеэрээ туулсан учраас охиноо дотроо хайрлаж, өрөвдөнө. Гэхдээ шавьдаа зааж сургах үүрэгтэй багшийн байр сууриа эхэнд тавьжээ. Охин нь өдгөө ээжийнхээ үргэлжлэл, монгол нугараач­дын залгамж халаа болжээ. Циркийн манежнаа өссөн охин энэ урлагт сэтгэл зүрхээ зориулах нь аргагүй.  Ингээд зав чөлөө хомс ч уран нугаралтын студи байгуулжээ. Багшлахын тулд их сургуульд сурган хүмүүжүүлэх чиглэлээр сурч төгссөн байна. Шавь нар нь гадаад, дотоодын олон шоу, циркэд тоглодог бөгөөд өдөр бүр шаргуу бэлтгэл хийдэг. Тэрбээр циркийн мэргэжлийн жүжигчин болохыг хүссэн шавь нартаа монгол хүүхэд байх гэдэг хатуу шалгуур тавьдаг. Уран нугаралт бол үндэсний урлаг учраас тэр. Харин насанд хүрсэн сонирхогчдод шалгуур тавьдаггүй аж.  Сурсан эрдмээ бусдад заах амаргүй ч сурах гэж хичээх хүүхдүүдийн оролдлого эрч хүч нэмнэ. Хэцүү, бэрх гэж шантралгүй мэрийн суралцах хөөрхөн шавь нараа харахаар хайр ундардаг аж.  Мундаг нугараач бэлтгэх багшийн найдлага талаар өнгөрөөгүй. Монгол циркийн залгамж халааг бэлтгэжээ. Шавь нараа “Авьяаслаг австраличууд” шоунд оролцуулж, монгол уран нугаралт уян хатан, тэсвэр хатуужил, урлаг, хүч тамир, тэнцвэр гээд хүний хамгийн дээд мэдрэмжүүд хосолсон циркийн шилдэг үзүүлбэр болохыг батлахаар тэд хамтдаа хичээж байна.   “Khulan Circus Mongolia” Австралид алдартай. Г.Ариунаа багш 2015 онд Австралид хөл тавьжээ. Үндсэн салбар нь Монголд учир ирэн очин амьдардаг аж.  Тус улсад ажиллаж амьдардаг монголчууд хүүхдүүдээ сургах, өөрсдөө хичээллэх сонирхолтой учир 2018 онд салбараа нээжээ. Өдгөө охин Анухулан нь Брисбон, Г.Ариунаа багш Сидней дэх салбараа хариуцдаг. 


Насны хязгааргүй шавь нар

Түүний шавь нарт насны хязгаар үгүй.  Томчуудтай ажиллах нь хүүхдүүдэд хичээл заахаас хэцүү гэнэ. Балчир хүүхдийн яс нь бүрэн гүйцэд бэхжээгүй, уян хатан учир төвөггүй  нугарна.  Монгол уран нугаралтаар хичээллэх сонирхолтой насанд хүрэгчдэд энгийн, хөнгөхөн техникүүдээс заадаг аж. Ингэхдээ уян хатны дасгалуудаа үндэсний уламжлалт уран нугаралтын хѳдѳлгѳѳнд тулгуурлан боловсруулснаараа онц­лог. Уран нугаралтыг эмэг­тэйчүүдийн, бүсгүй­чүүдийн гэж хамаатуулж ойлгох нь элбэг. Тэгвэл хүнд ажил хийснээс нурууны бэртэл авсан эрчүүд хөдөлгөөний дутагдалтай хүмүүст хамгийн тохиромжит дасгал болдог гэнэ.  Шөрмөс, булчингаа аажмаар сунгах, чангалах хүсэлтэй хүмүүст зориулан насанд хүрэгчдийн анги нээжээ. Уран нугаралтад өөрийгөө зориулсан тэрбээр “Мэргэжлийн жүжигчин бэлтгэхээс гадна хүүхдүүдтэй ажиллах сайхан байдаг. Спорт, урлагаар хичээллэсэн хүүхэд тэвчээртэй, цагийн менежменттэй болж төлөвш­­дөг. Эцэг, эхчүүд охидоо цээж эгц, мөр тэгш гоо зүйтэй болгох гэж манайд ханддаг.  Төрөлхийн нуруу, хөлний харьцааны өөрчлөлттэй хүүхдэд гажил заслын хичээл орж байна. Үр дүнд богино хугацаанд хүрэх тохиромжит үе бол 3-6 нас. Үүнээс оройтвол хугацаа их орно.  Монголчууд “Хөгширч биш хөшиж үхдэг” гэж ярьдаг нь утга учиртай. Хөдөлгөөний  өөрчлөлтийн хамгийн гол дасгал бол сунгалт.  Азиуд овор багатай, урт насалдаг нууц нь сунгалтын дасгалтай холбоотой. Сунгалтын дасгал хийхэд хүний бие коллаген үйлдвэрлэдэг. “Гэдсээ тат” гэдэг ч хий дэмий үг биш. Гэдсээ татахад нуруу цэх болдог. Өөрөөр хэлбэл, булчин чангарч, нурууны суулт үүсэхгүй. Аль үеийг яаж сунгахаас хамаарч галбир засалтад нөлөөлдөг. Биеийн уян хатан  монгол хүнд байгалиас заяасан. Бид генетикийн өгөгдлөө арга барил болгон хөгжүүлж чадсан.  Урлаг талаасаа хүний гоо сайхан, хүч чадлыг харуулдаг монгол нугаралтын техник агуу. Гадаадын циркийн сургуулиас багшлах урилга их ирнэ. Ахмад үеийнхнийхээ боловсруулсан Монголын гэх уран нугаралтын техникийг монгол хүүхдүүддээ л заахыг чухалчилдаг. Монголын уран нугаралтын нэр хүнд дэлхий дахинд өсөхийн хэрээр гадаад орнуудад энэ мэргэжлээр сурах хүсэлтэй хүүхдүүдийн тоо ч өсжээ. Австрали дахь салбараасаа мэргэжлийн жүжигчин төрүүлэхийг хүсдэг. Гэр бүлээ дагаад хүүхдүүд нэг газраа суурин амьдарч чаддаггүй учраас тогтвортой хичээллэхэд амаргүй. Манай салбар байхгүй хотод очсон тохиолдолд сургалт завсарддаг.  Ингээд мэргэжлийн түвшинд бэлтгэж чаддаггүй. Олон хүн хамруулахыг хүсдэггүй. Ирээдүйтэй гэж бодсон  гурав, дөрвөн хүүхэдтэй тууштай хичээллэж байгаа. Мэргэжлийн уран бүтээлч болоход суралцагч хүүхдээсээ илүү гэр бүл нь тууштай байх хэрэгтэй. Хүүхдүүд сонирхоод хичээллээд эхлэхээрээ маш тууштай явдаг. Харин эцэг, эхчүүд л дундаас нь гаргах зэргээр туйлбаргүй хандах гээд байдаг. Хүүхдийнхээ эрмэлзлийг дэмжээрэй. Уран нугаралт бол урлаг спортын нэгдэл. Ая, уран хөдөлгөөн гээд урлагийг шингээсэн.  Хүнд, хүчний техникийг нь харвал яах аргагүй спорт” гэсэн юм. 


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22