Орчуулагч: Д.Оюунгэрэл /ЧҮНДЖ паблишинг/
Үхэл гээч үргэлж гэнэтийнх аж. Бүр эдгэршгүй өвчтэй хүн ч өнөөдөр үхэхгүй гэж найдна. Долоо хоногийн дараа ч юм уу, лав өнөөдөр л биш гэж итгэнэ. Эцгийн минь үхэл бүр ч гэнэтийн цочролд оруулсан юм. Аав маань “Клуб 27”-гийн алдартай хэдэн хөгжимчин шиг яг 27 насандаа таалал төгслөө. Дэндүү залуухнаараа. Миний аав хөгжимчин биш, ер алдар нэртэй ч хүн биш байв. Хавдар золиосоо сонгох биш дээ. Ингээд найман настайд минь орхиод явсан аавыгаа би насан туршдаа санаж бэтгэрч явна. Хэрэв арай эрт хорвоог орхисон бол түүний тухай дурсамж ч үлдэхгүй, тийм болохоор тэгтлээ шаналахгүй байх сан. Гэвч аавгүй үлдэх байсан биз ээ. Санаж гансардаг тулдаа би эцэгтэй хүн гэдгээ мэдэрдэг юм. Аав минь амьд байсан бол намайг үргэлж сэргээж, хөгжөөх байлаа. Унтахын өмнө духан дээр үнэрлэж, өөрийнхөө дэмждэг хөлбөмбөгийн багийг яаж ийгээд л надаар хөгжөөн дэмжүүлж чадах байсан даа. Зарим зүйлийг ээжээс ч илүү тайлбарлаж өгөх сөн. Удахгүй нас барна гэж надад огт хэлээгүй юм. Биеэрээ дүүрэн гуурс залгуулаад эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа ч надад хэлээгүй. Дараа сар гэхэд дэргэд минь байхгүйгээ мэдсээр байж ирэх жил хамтдаа юу хийхээ ярьж билээ. Ирэх жилийн төлөвлөгөө ёсоор бол бид хоёр загасанд явж, очиж үзээгүй газруудаараа аялах байлаа. Ийм гайхалтай сайхан жил болох ёстой байсан юм. Бодвол намайг ирээдүйдээ итгэлтэй хүн болог гэсэндээ тэр юм болов уу, ирээдүйд хийх ажлаа төлөвлөх нь нэг ёсондоо итгэл найдвараа хадгалж үлдэх өвөрмөц арга ч юм уу даа. Сүүлчийн мөч ирэн иртэл аав минь намайг инээлгэсээр байв. Миний нулимсыг харахгүй гэсэндээ хагацлын тухай нэг ч үг хэлээгүй болов уу.
Нэг өдөр ээж сургууль дээр гэнэт ирээд намайг эмнэлэг рүү аваад явлаа. Эмч эмгэнэлт мэдээг чадах ядахаараа тун болгоомжтой дуулгав. Ээж минь уйлж гарлаа. Өчүүхэн ч гэсэн найдлага тээж явсан хэрэг. Харин би цочролд оров. Юу гэсэн үг юм бэ. Эмч нар эмчлээд эдгээчихдэг зүгээр нэг өвчин байгаагүй юм уу. Хууртагдсан мэдрэмж. Аав минь нэгэнт дэргэд үгүй болсныг ойлготлоо их л удаан хашхирч чарлав. Тэгээд цурхиран уйллаа...
Сугандаа нэг хайрцаг хавчуулсан сувилагч дөхөж ирэв. Хайрцаг дотор хаяглаагүй хэр нь гарчиг тавьчихсан, наалттай баахан дугтуй. Сувилагч надад нэг захиа гаргаж өгөөд “Аав чинь энэ хайрцгийг чамд өгөөрэй гэсэн юм. Долоо хоногийн турш бичсэн. Харин эхний захиаг чи одоо унших ёстой. Сэтгэлээ сайн бариарай” - гэлээ. Дугтуйн дээр “Намайг үгүй болоход” гэсэн бичиг харагдав. Би нээгээд уншлаа.
“Хүү минь, чи энэ захидлыг уншиж байгаа бол аав нь нас барсан гэсэн үг. Үнэхээр харамсаж байна. Үхнэ гэдгээ мэдэж байсан л даа. Чиний уйлахыг харахгүй гээд хэлээгүй юм шүү. Үхэх гэж байгаа хүн жаахан ч гэсэн амиа хичээж болох юм гэж бодоод. Чамдаа их олон юм зааж сургах хэрэгтэй юмсан. Чи минь юугаа ч мэдэхгүй нялх амьтан шүү дээ. Тийм болохоор аав нь энэ захиануудыг бичлээ. Цаг нь болохоор нээгээд уншаарай. Өмнө нь битгий нээгээрэй, за юу. Хоёулаа тохиролцлоо шүү. Аав нь хүүдээ хайртай. Ээжийгээ сайн халамжлаарай. Одоо бол гэртээ чи эр хүн. Хайртай. Аав нь.
Жич: Ээжид нь захиа бичээгүй шүү. Тэртэй тэргүй миний машиныг авч байгаа юм чинь”
Муруй сарий бичсэн энэ захидлыг арайхийн тайлж уншаад би тайвширч, бүр инээмсэглэлээ. Аав минь ийм сонирхолтой зүйл бодож олжээ. Хорвоод хамгийн чухал юм бол энэ хайрцаг байлаа. Нээж болохгүй гэж ээждээ сануулав. Доторх захидлууд нь зөвхөн минийх, өөр хэн ч унших эрхгүй. Дугтуйн дээрх гарчгуудыг би цээжээр мэднэ. Хэзээ нээхээ ч мэднэ. Харин дараагийн захидал нээх хүртэл удаан хүлээх хэрэгтэй болов. Ингээд мартаж орхисон юм.
Шинэ газар нүүж ирээд долоон жил өнгөрөхөд хайрцаг хаашаа орсныг ч санахгүй, үнэндээ ой тойноос арчигдсан байв. Ээж маань ахиж нөхөрт гарсангүй. Учрыг нь лавтай мэдэхгүй ч, аав минь насны ганц хайр нь байсан гэж би боддог. Ээж харин нэг найз залуутай байлаа. Үнэндээ тэр залуутай уулзаж өөрийгөө л доош татаж байна даа гэж би бодно. Найз залуу нь ээжийг огт хүндлэхгүй. “Бааранд танилцсан залуугаас арай дөнгүүр хүнтэй уулзах хэрэгтэй” гэж би ээждээ хэлээд таван салаа боовны амт үзлээ. Би алгадуулах юм хийсэн л дээ. Хацар хорсох тэр мөчид нөгөө хайрцгийг, “Ээжтэйгээ тун айхавтар хэрэлдсэн үедээ” гэсэн аавын захиаг санадаг байна шүү.
Унтлагын өрөөгөө нэгжээд, шүүгээний дээд тасалгаанд хийсэн аяны богц дотроос нөгөө хайрцгаа олж авлаа. Хайрцган дотроос “Анх удаа үнсэлцэхдээ” гэсэн нэртэй, уншилгүй мартаж орхисон захиа гарч ирэхэд нь өөрийгөө үзэн ядлаа. Хайсан захиагаа олоод нээв.
“Одоо ээжээсээ уучлалт гуй. Юунаас болж хэрэлдсэн, хэн нь буруутайг мэдэхгүй. Гэхдээ би ээжийг чинь мэднэ. Зүгээр л уучлалт гуйсан нь дээр. Чиний ээж шүү дээ. Чамд ухаангүй хайртай. Ээжид чинь хэн ч билээ, нэг хүн “Өөрөөрөө төрөх нь хүүхдэд сайн” гээд хэлчихсэн болохоор тэр их өвдөлт зовлонг тоолгүй чамайг жамаараа төрүүлсэн юм шүү. Эмэгтэй хүн нярайлж байхыг харж байсан уу. Эсвэл чамд ээжийн чинь хайрыг нотлох өөр юм хэрэгтэй байна уу. Уучлалт гуй. Ээж нь уучилна. Хайртай шүү. Аав нь”
Миний аав зохиолч хүн байгаагүй ээ. Энгийн л нэг банкны ажилтан байсан юм. Гэхдээ түүний үг надад их нөлөөлөв. Миний 15 наслахдаа хуримтлуулсан хамаг туршлагыг нийлүүлээд ч аавын энэ ухаалаг үгэнд хүрэхгүй.
Ээжийн өрөө рүү гүйж очоод хаалга нээлээ. Нүд рүү минь эгцэлж харах гээд ээжийг нааш эргэхэд нь уйлж орхив. Аавынхаа захиаг атгаад ээждээ очсоноо санаж байна. Ээж минь намайг тэврээд чив чимээгүй зогсоод л байж билээ. Ингэж бид хоёр эвлэрсэн юм. Аавын тухай ярилцахад тэр яг хажууд минь байх шиг санагдаж байв. Ээж, би, тэгээд ааваас минь үлдсэн захидал...
Түүнээс хойш “Зандан байхаа болих мөчид” гэсэн захидлыг нээх хүртэл их хугацаа орсонгүй.
“Баяр хүргэе, хүү минь.
Битгий санаа зовоорой. Аяндаа дээрддэг юм. Эхний удаа дандаа аймаар санагддаг. Миний хувьд бол бүр ярих ч юм биш. Биеэ үнэлдэг, хачин муухай эмэгтэй байсан гээд бод доо. Чамайг энэ захидлыг анх хараад ээжээсээ “зандан” гэж юу болохыг асуух вий л гэж айж байлаа.
Хайртай шүү. Аав нь”
Аав минь бүх амьдралын туршид намайг ингэж дагасан юм даа. Аль эрт тэнгэрт одсон ч надтай хамт байж чадсан хэрэг. Түүний үг хэний ч хийж чадаагүйг хийж өгсөн юм. Аавын үг надад хүч өгч, амьдралд таарах бэрх хатуу даваа бүрийг давах урам зориг хайрлаж байлаа. Итгэл бөхөөд эргэн тойронд юм болгон бүүдгэр харагдах үед ч аавын үг инээмсэглэл бэлэглэж, уурандаа багтарсан үед ухаан цэлмээдэг байв.
“Гэрлэх үедээ” гэсэн захидлыг нээхдээ их түгшсэн сэн. Гэвч “Аав болохдоо” гэдэг захиаг бодвол гайгүй байжээ.
“Одоо чи жинхэнэ хайр гэдгийг ойлгоно оо, хүү минь. Эхнэртээ хэчнээн хайртай байсан ч дэргэдээ байгаа жижигхэн амьтныг хараад жинхэнэ хайр бол энэ юм гэж ойлгож байгаа. Хүү юу, охин уу гэдгийг аав нь мэдэхгүй л дээ. Гэхдээ хүү минь, жарга. Одоо цаг хугацаа гэрлийн хурдаар өнгөрч одно. Тиймээс хүүхдийнхээ дэргэд бай. Эргэж олддоггүй юм шүү, цаг хугацаа гэдэг чинь. Хүүхдийнхээ живхийг сольж өг, усанд оруул, үргэлж дуурайх үлгэр жишээ нь бай. Над шиг сайн эцэг болох бүх боломж чамд бий гэдэгт итгэлтэй байна”
Задлаад уншихад хамгийн хэцүү, аавын хамгийн богино захиаг нээх болов. Захиандаа гурван үг бичихдээ над шиг ингэж шаналсан байх даа. “Ээж нь өөд болоход” гэсэн дугтуйг задлах гэж их удлаа. Шаналж шаналж нээлээ.
“Тэр одоо минийх”
Үнэхээр шогч хүн шүү! Энэ бол намайг инээлгээгүй цорын ганц захиа юм. Би аавдаа амласан үгэндээ хүрч, цаг нь болоогүй байхад дугтуйг нээж байсангүй. Нэг захидлыг эс тооцвол шүү дээ. Тэр нь “Чи ижил хүйстэн гэдгээ ойлговол” гэсэн нэртэй, хамгийн хөгжилтэй захидлуудынх нь нэг.
“Юу ч гэлтэй билээ? Үхсэндээ л баяртай байна.
Марзаганах яах вэ, нэг юм хэлье. Үхлийн ирмэгт тулаад байхдаа би ухаарсан юм. Бид онцын ач холбогдолгүй их олон юманд санаа тавьж амьдардаг юм билээ. Ямар нэг зүйл өөрчлөгдөнө гэж бодоогүй биз дээ. Битгий тэнэглэ. Жаргалтай амьдар”
Дараагийн дугтуйгаа нээх цагийг, ааваасаа ахиад нэг сургаал сонсохыг би тэсэн ядан хүлээдэг байлаа. Хачирхалтай нь, яаж 27 настай тэр залуу 85 хүрсэн хөгшин намайг сургаж чаддаг байна. Одоо би эмнэлгийн орон дээр энэ муу хавдраас болж хамар, хоолойдоо гуурс залгуулаад хэвтэж байхдаа, нээж уншаагүй сүүлчийн захидалтай дугтуйг тэмтэрч байна. “Явах цаг чинь ирсэн бол” гэдэг энэ захиаг нээхээс айгаад байгаа юм. Үхэх цаг минь ирсэн гэж бодмооргүй байна. Ер нь хэн ч ингэж боддоггүй биз. Тэгээд л үхдэг шүү дээ.
Гүнзгий амьсгаа аваад дугтуйг нээлээ.
“Сайн уу, хүү минь. Чамайгаа их өтөлсөн гэж найдаж байна.
Энэ захиагаа би хамгийн эхэнд бичсэн юм шүү. Илүү амархан байсан гэх үү дээ. Ингээд бичихэд чамайгаа орхиод явна гэхээс шаналж шархирч байсан зүрх минь хөнгөрсөн юм. Үхэл ойртох тусам хүний оюун улам цэлмэдэг бололтой.
Сүүлийн хэдэн өдөр аав нь амьдралынхаа тухай их эргэцүүллээ. Богино боловч аз жаргалтай амьдарчээ, би. Чиний аав, ээжийн чинь нөхөр байлаа. Өөр юу гуйх юм бэ. Сэтгэл минь амгалан байна. Тэгэхээр хүү минь одоо тайвшир. Миний өгөх зөвлөгөө: Битгий ай.
Жич: Чамайгаа их үгүйлж байна”
Рафаэл Зохлер
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна