Ан цав доор

unen
19 цагийн өмнө


Орчуулагч: Д.Цогчулуун
 ЧҮНДЖ паблишинг 

"Writer’s Digest" сэтгүүлээс зарласан богино өгүүллэгийн 18 дахь уралдааны тэргүүн байрын өгүүллэг

Хаашаа ч хүргэж мэдэх, бас хаашаа ч хүргэхгүй байж мэдэх түмэн газрыг холбон хэлхсэн мөрөн гол мэт хагархай ан цаваар хуваагдсан цардмал зам. Хөлийн хуруу хөрч мэдээ алдаад хөшингө, бөгс ч ялгаагүй. Уг нь байр хоорондын гудманд суухад хүмүүс яншихгүй амар ч, дандаа чийгтэй байх нь төвөгтэй. Хайлаагүй цас, тогтоол шалбааг, элдэв дусаал ус хэчнээн олон давхар юм өмсөөд нэмэр байхгүй, ёс юм шиг арьсанд хүртэл нэвчиж хүйтэн жаварт часхийлгэнэ. 
Өчигдөр дуусгалгүй хадгалсан хугас хавчуургатай талхаа гаргаж идэх санаатай халаас руугаа гараа шургуулсан ч хуруунд даавууны өөдөс, сөрдийсөн утас л тэмтрэгдэв. Итгэж өгөхгүй нөгөө халаасаа ухаж, ёроолынх нь оёдлыг дагуулан хатгаж шалгалаа. Жийнсэн өмдний дотор өмссөн бэлтгэлийн өмдний халаасыг ч үлдээлгүй ухаж үзээд дараа нь хүрэмнийхийг шалгав, бас л хоосон. Яалт ч үгүй бухимдах сэтгэл төрж, өөрийн мэдэлгүй амандаа гүвтнэх зуураа бээрч мэдээ алдсан өгзгөө сэлгэж хазайв. Шавхай дээр гараараа тулж таарсан тул босоод сэгсэрлээ. Аргаа барж хавчуургатай талхаа гараад ирэх болов уу хэмээн гудамж уруу хэсэг хараа бэлчээсэн ч бараа нь үгүй. 
- Новш, - гэж би амандаа үглэв. Гэдэс хилэнтэйеэ хүржигнэх нь надад уурлаж байх бололтой. - Мэдэж байна аа, - хэмээн би өөдөөс нь хэдэрлэнэ. 
- Та зүгээр үү? – гэх сулхан дуу араас сонсогдов. 
Би эргэж харлаа. Тогонд цохиулаад сэгсийчихсэн аятай, үс нь зүгээр ургасан эд биш харин элдэв өвс, мөчир, арзгар төмөр утас сэлтийг базаж нийлүүлээд толгой дээр нь наачихсан юм шиг нэг тийм хүү зогсож байна. Өмд нь дор хаяж тохой орчим уртадсан нь чирэгдэж явсаар норж харлажээ. 
- Хавчуургатай талхаа гээчихсэн байна. Халааснаас унасан бололтой, - гэж би хариуллаа. 
- Ахиад авч чадахгүй юм уу?
- Үгүй ээ.
- Танд нэг юм үзүүлье. Алив дагаарай, - гэж хүү хэлэв. 
Тэгээд нэг тийш явуут арагш эргэн харж намайг дагаж байгаа эсэхийг шалгана. Хотын гудамжны шалбаагнаас үсэрхийлсэн шавар нүүрийг харлуулсан нь харин ч түүний инээмсэглэлийг яг л очир алмаас адил гялалзуулж харуулах ажээ. Хамаг хөнжил хучлагаа хамж базаад мөрөн дээрээ тохож, хүүгийн араас дагав. Талхны газартай тохироотой ч юм бил үү. Тийм хүмүүс хаа очиж олон байдаг юм шүү. Хазганахыг минь анзаараад хүү хурдаа сааруулав. 
- Та яачихсан юм бэ?
- Зүгээр л хөгшрөөд өө.
Хүү толгой дохиод намайг хамгийн ойр байсан түргэн хоолны газар луу дагуулан явав. Хаалгыг нь онгойлгож ороод эгнэсэн улсын араас зогслоо. 
- Надад мөнгө байхгүй шүү, – гэж би анхаарууллаа. 
- Надад ч бас байхгүй.
Хүмүүсийн тавгүйрхэн хяламхийн харах харцнаас өөрийнхөө хэр их самхай ханхлуулж байгааг мэдэрнэ. Тэндхийн ажилчид ч бас эгнэсэн улсын ард зогсох бидэн рүү хараа сунган ажиглаж байна. Бүгд л тухгүй байх бололтой. Ийм маягийн амьдрал харахыг хэн хүсэх вэ дээ, тэр тусмаа хүлээх танхимд нь ийм ойрхноос шавхай тариад байж байхыг. 
Хүү найтааж гарлаа. Ээлж дараалаад, бүр гэдийж ирээд урагш тонголзон найтаана. Тэгснээ ханцуйгаараа хамраа шудран арчаад, юу ч болоогүй аятай гэмгүй царайлан зогсох юм. Одоо бүгд л над руу харцгаана, хүүг минийх гэж бодоод, намайг ямар нэг балиар юм хийчихсэн юм шиг л. 
- Хоёр аяга халуун ус авч болох уу? – гэж хүү асуув.
Тооцоон дээр сууж буй охин залуухан юм аа. Гял цал болсон газар гахай нохойн баасанд хутгалдаад, өмхий самхай ханхлуулан ороход сэтгэлийн тэнхээ хэр шаарддагийг яагаад ч мэдэхээргүй залуухан. Бид хоёрыг хөөж гаргах байх даа. Тэгж л таарах вий гэж бодон зогсох зуур охины харц хүү дээр хэсэг тогтсоноо толгой дохив. 
- Бололгүй яах вэ, хонгор минь.
Хүү яг л тэр охинд үрчлэгдсэн аятай мишээлээ. Лангуун дээрх уур савссан хоёр хуванцар аягыг авч нэгийг нь надад өгөв. 
- Май, - гээд хүү маасайлаа.
- Ус уу? 
- Ахиад байгаа. Уух болоогүй шүү. 
Хана налуулж тавьсан тавиурын дэргэд очоод жижигхэн боодолтой улаан сүмснээс атга дүүрэн базаж аваад, халаас руугаа хийнгүүтээ ахиад атгаж авлаа. Айлын сүмсийг бараг л дуусгах шахав. Харин давс, хар перец дээр хамаагүй даруухан загнаж байна. Байсных нь талын талыг л. Эцэст нь хоёр халбага аваад хаалга руу зангав. 
- Явъя. 
Бөмбийсөн нөхрөөс хоцорчихгүй явах гэсэн боловч хазгар дээрээ халуун устай аяга барьсан би яах нь ойлгомжтой. Гудамж руу яваад очиход өнөөх чинь аягатай усаа урдаа тавиад хоёр хөлөө жийчихсэн, газар сууж байна. 
- Алив л дээ, - гээд л нөгөөх чинь яг аягатай усаа дарс болгон хувиргах гэж байгаа хүн шиг дуудна. Намайг юмнаас хоцорчих гээд байгаа юм шиг л тэвдүүлээд байсан болохоор би ч хэрэндээ хурдалж, халуун усаа бээрсэн хуруун дээрээ асгалан барин очлоо. Халуун ус часхийтэл хорсгож байна. Газар суулаа, хөлөө жийгээд түүн рүү харав. Сониучхан том хүрэн нүдтэй юм. Халааснаасаа атга дүүрэн ууттай сүмс гарган надад бариулаад, өөрөө нэгийг шүдээрээ үгтээн онгойлгож эхлэв. Тавыг онгойлгосныхоо дараа багцалж бариад халуун ус руугаа шахаж гоожуулснаа ахиад л хэдийг задаллаа. 
- Дуурайгаад хий, - гэж намайг шавдуулна, - Ус хөрчихөөр гоё болдоггүй юм. 
Хамгийн сүүлд хэзээ ч инээмсэглэсэн юм бэ, бүү мэд. Гэнэт мишээмээр оргиход хөшиж хатсан нүүр минь хальсан бүрхүүлдээ таталдах мэт сонин мэдрэмж төрөв. Би сүмснүүдээ задлан ус руу гоожуулж эхэллээ. Зунгааралдсан бүхэл юм усны ёроолд бөөгнөрөн унасаар, би ч үг дуугүй базсаар л. 
- Одоо үүнийг.
Хүү давс, хар перец өгнө. Би дуугүй л гоожууллаа. Тэгээд надад халбага өгөхөд нь хоёул халуун усан дээрээс бөгтийн тонгойгоод хутгаж эхлэв. Сүмс эхэндээ задрах тун дургүй, хачин бөөгнөрсөн юм усан дотор эргэлдэж байна. Би ч үргэлжлүүлсээр. Тэг тэгсээр өнөөх чинь сарниж эхлээд удалгүй улбар шар ч юм шиг, улаан ч юм шиг, нэг тийм сүүмгэр юм боллоо. Хүү өөрийнхөө холимгийг аятайхан гэж бодов бололтой гэдийв. Намайг яах нь вэ гэх янзтай харж байна. 
-Тэгээд яах юм бэ? – гэж би асуув.
- Тэгээд болсон.
- Юу болсон гэж? 
- Улаан лоолийн шөл, – гэж хүү хариулав. 
Хажуу бөөрөнд нь ус бөнжигнөсөн хуванцар аяга руугаа би хараад, хүү рүү бас харав. Царайд нь “Юу гэх бол?” гэсэн хүлээлт харваас илт. Яг л төрсөн өдрөөр минь алганы мөртэй шавар хатааж авчирчихаад, өөрийг нь түүгээр цохих болов уу, эсвэл харж баясах болов уу гээд харж байгаа мэт. Би аяга руугаа тонгойж үнэрлэлээ. Сүмстэй усны уур хамар луу сэнхийн ороход, яагаад ч юм бэ, улаан лоолийн шөл шиг мэдрэмж төрсөнд халбагаараа хутгаж гаргаад амсаж үзэв. 
- Үгүй ер өө, яалт ч үгүй улаан лоолийн шөл юм аа, - гэж би хэлэв. 
Хүүгийн царай гэрэлтэж ирээд л халбагаа амандаа зуулаа. 
- Чи өөрөө бодож олоо юу? 
- Аанхаа. Өвдсөн үедээ уух дуртай. – гээд хүү нусаа ханцуйгаараа шудрав.
- Чи одоо ч өвдсөн байна даа. Өнөөдөр л мэдээ юу?
- Үгүй ээ. Би байнга л өвдөж байдаг юм. – гэж хүү толгой сэгсрэн хариулав. 
Би хүүг сайн харлаа. Өмдний чийг шуумгаас дээшлээд одоо гуяны хавьцаа бараантаж харагдана. Доороос нь идэж байгаа юм шиг. 
- Байнга даардгаас болсон байх л даа. Чамд очих газар байгаа юу? 
- Байхгүй ээ. 
- Аяны хөнжил байгаа биз дээ? Хучлага?
Хүү над руу харснаа ахиад л толгой сэгсрэв. 
- Пээ, алив хүү минь, дагаад яв. 
Арайхийн босоцгоолоо, жавар ч тасхийж байна даа. Гудам руугаа дагуулан явж, унтах дуртай газартаа авчрав. Тоосгон байшинд тулган байрлуулсан том төмөр хайрцагнаас уур савсана. 
- Алив, наад руугаа ойртоодох, – гэж би хүүд хэлэв. 
Хүү над руу харснаа хайрцагт ойртлоо. Халуун уур нүүр өөд нь үлээхэд хүү нүдээ анина. Уруулд нь мишээл. 
- Сайхан үнэртэй юм аа, - хэмээн тэр хэлэв. 
-Угаасан хувцасны үнэр. Энэ угаалгын газар, - гэж би хариуллаа. 
Хүү гараа урагш сунгав. 
– Гоё юм аа. 
Би тонгойгоод, унтдаг газраа хүмүүсээс халхалж тавьсан хавтгай модыг холдууллаа. Хогийн сав, хана хоёрын дундах жижигхэн булан. 
-Энэ унтахад их гоё газар. Өмхий л дөө, гэхдээ тэгсхийгээд дасчихна. Харин ёстой дулаахан шүү. 
- Гоё юм аа.
- Чи ав. 
Хүү цочих мэт нааш харав. Ээлжлээд над руу нэг, булан руу нэг. 
- Нээрэн юу?
- Нээрэн. Үүнийг ч бас ав, - гээд би мөрөн дээрээ тохоотой хөнжлүүдийн нэгийг түүнд өглөө. 
- Та яах юм бэ?
- Ахиад шинэ газар олтол дулаан байлгах улаан лоолийн шөл байгаа юм чинь, - гээд би хуванцар аягаа өргөж түүнийхтэй тулгав. Хүүгийн царайд гэрэл тодорч, хөнжлөөрөө биеэ ороолоо. 
- Дараа тааръя, хүү минь. 

Николь Дисней

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22