Монголын уран бүтээлчдийн тухай “Tatler” сэтгүүлийн энэ сарын дугаарт онцолсон байна. Азийн урлагийн ертөнцөд Монголын төлөөлөгчид сонирхолтой бүтээлүүдээрээ гарч ирдэг. Нүүдэлчдийн олон талт өв уламжлалыг харуулсан дүрслэлийн зүйрлэл бүхий урлагийн бүтээлүүд гаднынхны анхаарал, сонирхлыг ямагт татдаг. Монгол ардын аман зохиолд олгой хорхой гэх аюултай хорхойн тухай элбэг тохиолдоно. Ихэнхдээ говьд нуугдаж байдаг энэ амьтан элсэн манхан доор амьдардаг гэдэг. Энэ нь үхлийн хор ялгаруулж, хүрсэн хэнийг ч тэр дор нь үхэлд хүргэдэг. Одоо ч монголчууд олгой хорхой байдагт итгэнэ. Тэгвэл Нью-Йоркод суралцсан залуу уран бүтээлч Э.Жанцанхоролын бүтээлд энэхүү амьтны дүрслэл давтагддаг бөгөөд түүний баригдашгүй мөн чанар нь хийсвэр, биет бус боловч итгэл үнэмшлээр дамжуулан хэлбэр дүрсээ өгсөн санааг зүйрлэнэ. Ардын үлгэр, домог зүйгээс сэдэвлэсэн бүтээлийнхээ тухай тэрбээр “Бидэнд харагддаггүй ч итгэж үнэмшдэг зүйлийг орчин үеийн урлагаар дамжуулан илэрхийлэхийг зорьсон. Хүмүүс үнэн биш гэдгийг мэддэг ч домог, үлгэрт итгэдэг. Хийсвэр санааг нь дэвэргээд бодвол "Эдийн засаг хөөсөрлөө" гэдэг ч юм уу бүх юм барьцгүй, хэзээ ч хагарч магадгүй юм шиг харагдаж болно. Тэгсэн хэрнээ бүх зүйл орчиндоо дассан, өөрийн гэсэн дархлаатай, үржин тэлэх үйл явцтай байдаг. Тэгмэгц хөөс гэдэг материал энэ утга, санааг илүү төгөлдөр болгож байгаа. Хөөсөөр хүмүүс цонх, хаалгаа дулаалдаг. Яах гэж хүн амьдрах орчноо тухтай болгож байна вэ гэвэл хүмүүс өсөж, үржих зорилгын төлөө үүнийг хийж байгаа. Гэтэл хүн зөвхөн үржих гэж хоол унд идэж, ая тухтай газар бүтээж амьдардаг бол энэ нь өт хорхойтой адил түвшний зүйл” гэжээ. Жанцанхорол бүтээлдээ үлгэрийн элементүүдийг шингээж, амьтад, дүр, үйл явдлыг судалсан байна. Тэрбээр ямааны эвэр, хаягдсан мод зэрэг байгалийн хаа сайгүй байх олдворуудаар уран баримал урладаг. Ингэснээрээ орон нутгийн ландшафт, нүүдэлчдийн соёл, түүнчлэн даяаршсан эдийн засгийн нэг хэсэг болохтой холбоотой олон нийтийн хэрэглээ, нөөцийн хомсдолтой тулгараад байгаа улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар өгүүлдэг. “Эвэр бол амьтны зүгээс биеэ хамгаалах хэрэгсэл. Харин дархлаа гэдэг санаа бас л нэг төрлийн эсэргүүцэл, хамгаалалт шүү дээ. Эвэр бага, багаар ургадаг шиг дархлаа ч мөн аажмаар бий болж тогтдог. Тэр талаасаа илүү сонирхолтой. Нөгөө талаар үхэр эврээсээ даардаг амьтан гэдэг. Их сонин. Хөдөө үхрийн эвэрт бээлий углачихсан байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө үхрийн эвэр бат бөх, хүч чадал, эрх мэдлийг бэлгэддэг. Эвэр ийм асуудлыг авч үзэх хоёрдмол талтай байгаа нь сонирхолтой” хэмээн бүтээлээ тайлбарлажээ.
“Нийгэм холимог зүйлсээс бүтэж байна”
Монгол орон нүүдэлчдийн соёл иргэншлийн өлгий нутаг бөгөөд энэ нь зан заншлыг аман зохиолоор дамжуулан өвлүүлэхийн чухлыг онцолдог. Гэвч коммунист үзэл суртлын нөлөөгөөр 70 жил Монголын эзэнт гүрний үеийн олон ёс заншил, буддын шашны уламжлал, сургаалыг хориглосон нь түүхэнд соёлын цоорхой үүсгэжээ. 1990-ээд оноос хойш монгол уран бүтээлчид “Монгол хүн” гэсэн санааг эрэлхийлэх болсон. Жанцанхоролын баримлууд нь тухайн үндэстний өнөөгийн соёлын уур амьсгалыг дүрслэн харуулсан зүйрлэл болж, энэ өвөрмөц байдал өөрчлөгдөн, хэлбэржиж буйн баталгаа юм. Түүний бүтээлүүд Хонконгийн үзэсгэлэнд тавигдана. Ингэхдээ дундад зууны үеийн дурсгалт зүйлс, түүхий эд, гоо зүйн үзэмжийг илтгэсэн түүний цуглуулга маягийн баримлуудыг онцлон толилуулах аж. Эдгээр бүтээлүүдийн нэг болох “Vigousse” (2016) хэмээх цутгамал хүрэл хэсэг нь олгой хорхойноос санаа авчээ. Уран бүтээлч хүн авьяасаа мэдлэгээр баяжуулан өөрийгөө хурцлан хөгжүүлснээр үзэл бодлоо төлөвшүүлдэг. Энэхүү үзэл бодол нь тухайн уран бүтээлчийг бүтээлээ туурвихад нь чиглүүлж өгдөг ба бидний хэлж заншсанаар тухайн уран бүтээлч “Өөрийгөө олсон байна” хэмээн ярьдаг. Үүнийг гэрчлэх залуу авьяастан бол Эрдэнэбаярын Жанцанхорол. Төрөлхийн даруу төлөв, өөртөө итгэлтэй, сониуч бас шийдэмгий зантай залуу уран бүтээлч. Орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл Нари Вардын шавь, АНУ-ын Нью-Йорк хотын “Хантэр” коллежид суралцсан. Түүний уран бүтээлийн урлангаар аялахад эргэн тойрон хэнд ч хэрэггүй эд зүйлс картон цаас, хайрцаг, эвэр, төмөр, банз, хавтан хөглөрнө. Харин эцсийн дүнд ямар санааг юугаар яаж илэрхийлэх нь чухал. Холимог буюу хайбрид баримлын төрлөөр туурвисан бүтээлүүд нь урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан. Холимог бүтээл нь сүүлийн үед эрчтэй хөгжиж буй орчин үеийн урлагийн төрөл юм. Бид ямар цаг үед амьдарч байна вэ. Юунд итгэж амьдрах вэ. Эдгээр асуултад уран бүтээлч хариулт хайх ба гол санаагаа авгалдай, авгалдайн хэв, барилгын хөөс, картон цаас, амьтны эвэр, хэвлэлийн цаас, хөсрий мод зэрэг материалыг ашиглан гаргана. Цаашилбал түүний бүтээлүүд бидний оршин тогтнолын тухай асуулт дэвшүүлнэ. Бид байгалийн амьтад хэвээрээ юу, эсвэл бид өөрсдийн бүтээсэн холимог зүйлс үү. Энэ тухай уран бүтээлч “Одоогийн нийгэмд маш олон холимог зүйлсээс бүтэж байна.
Хайбрид мотортой машинууд, эрэгтэй эмэгтэй хүйсийн ялгаагүй байдал, америкууд испанижиж байна гэдэг ч юм уу. Миний цаг үед байгаа эдгээр зүйлийг өөртөө асуулт болгон тавьснаар бүтээлүүд маань гарсан. Энэ бүхний гол зангилаа нь бараг хоосон чанар, Буддизмын үзэлд их дөхнө. Би уран бүтээлийн эрэл хайгуулаар одоо олж авснаар бол эцсийн дүндээ дэлхийн бүх зүйл, тэр дундаа хүмүүс бид бүгд хувьсан өөрчлөгдөнө. Гэхдээ энэ эрэл, хайгуул заавал тодорхой үр дүн, хариултад хүрэх албагүй л дээ. Харин ингэж юмыг ухаж, түүнийгээ урлаг болгон хөрвүүлэх явц нь өөрөө их чухал юм” гэжээ. Жанцанхорол урлагийн мэргэжлийг сонгосон нь гэр бүлийн орчинтой холбоотой. Түүний ээж Ж.Мөнхцэцэг, аав М.Эрдэнэбаяр нар алдартай уран бүтээлчид юм. Э.Жанцанхорол АНУ-д бакалаврын боловсрол эзэмшээд эх орондоо ирж Дүрслэх урлагийн сургуульд багшилжээ. Тэрбээр 2019 онд Венецийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцсон. Түүний "Түр зуурын байдал" үзэсгэлэн нь өнгөрсөн ба одоо үеийг нэгтгэжээ. Тэдгээрийн ихэнхийг полиуретан хөөс, орчин үеийн хиймэл материал ашиглан урласнаараа ялгаатай.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна