Хүүхэд багачууд баярын өдрөөрөө ид шидийн орноор аялна


Хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг баяр айсуй. Тодруулбал, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1 маргааш тохиох гэж байна. Эл өдөр үзвэр үйлчилгээний байгууллагууд хүүхдээ хөтөлсөн эцэг, эхийн хөл хөдөлгөөнд дарагддаг. Тэгвэл сарын өмнө үүд хаалгаа нээсэн Улсын хүүхэд, залуучуудын театрт зургадугаар сарын 1-нд ямар үйл явдал, арга хэмжээ өрнөх тухай сурвалжиллаа. Театрын гадна талбайд багачууд инээд хөөр цацруулан тоглож байв. Театрын хаалгаар ороход гол танхимд хөгжим дуугарч, жүжгийн бэлтгэл сургуулилалт хийж байлаа.  Тус театрынхан хүүхдийн баярыг тохиолдуулан “Арслан хүлэгт баатар” жүжгээ дахин толилуулахаас гадна баярын хөтөлбөрөө боловсруулжээ. 

Шинэхэн театрынхан шинэ уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ
Будаг нь ханхалсан, шинэхэн театрынхан маань цоо шинэ уран бүтээл буюу “18 дахь хаврын хайр” жүжгээ зургадугаар сарын 2-нд тоглохоор бэлтгэлээ базааж байлаа. Энэхүү жүжгийн зохиолыг Улсын хүүхэд, залуучуудын театрын Утга зохиол, урын сангийн эрхлэгч Н.Уранзаяа бичиж, найруулагчаар нь УДЭТ-ын Э.Ёндоншарав ажиллаж байна.  Нэг цаг 40 минут үргэлжлэх жүжигт тус театрын 30 жүжигчин тоглохоос гадна урилгаар Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Цэгмэд, Соёлын тэргүүний ажилтан, “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг нар ажиллаж байгааг жүжгийн зохиолч Н.Уранзаяа хэллээ. 

Тэрбээр “Бид театраа албан ёсоор нээснээс хойш гурав дахь жүжгээ тайзнаа тоглох гэж байна. Театрынхаа нээлтэд зориулан 40 жилийн дараа Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгийг оюуны өмчийн эрхтэйгээр би шинэтгэн бичсэн. Одоо тайзнаа тавьж буй “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжгийг мөн шинэтгэн бичсэн. Үлгэрийн баатрын дүрд хувирсан жүжгийг бага насныхан, зөрчил, харилцаа, гэр бүлийн асуудал хөндсөн жүжгийг насанд хүрэгчид үздэг. Харин энэ дунд өсвөр насныхан буюу дунд, ахлах ангийн сурагчид орхигддог юм байна. Тиймээс энэ насныханд зориулж жүжгийнхээ зохиолыг бичсэн. Жүжгээрээ дамжуулан нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндөн харуулахыг зорьж байгаа. Ялангуяа багш мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулахыг зорьсон. Гар утас, сошиал медиагийн нөлөөгөөр бий болоод буй амьд бус харилцаа бидэнд хэрхэн сөргөөр нөлөөлдөг, хүн хүнээ хайрлахгүй байх нь юунд хүргэдэг вэ гэх мэт залуучуудад ухааруулж, ойлгуулахыг хүссэн олон сэдвийг хөндсөн. Нэг ангийнхны үйл явдлыг өгүүлэх учраас олон дүртэйгээс гадна олон талын асуудлыг хөндөж байгаа” хэмээгээд дандаа залуу уран бүтээлчид ажилладаг онцлогтой төдийгүй академик театрын түвшинд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тодотгосон юм. Театрт ажиллаж буй 30 уран бүтээлчийг 80 гаруй жүжигчнээс сонгон шалгаруулж авчээ.

“Арслан хүлэгт баатар”-тай танилцаж, ид шидийн орноор аялаарай

 Улсын хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид хөшгөө нээснээс хойш “Хайрыг хайрла”, “Арслан хүлэгт баатар” гэсэн хоёр жүжгийг үзэгчдэд хүргэжээ. Тэгвэл Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Арслан хүлэгт баатар” ид шидийн хүүхдийн жүжгийнхээ хаалтын тоглолтуудыг толилуулж эхэлжээ. Тухайлбал, энэ сарын 31-нд 11:00, 13:00 цагаас, маргааш буюу зургадугаар сарын 1-нд 11:00, 13:00, 15:00 цагаас, зургадугаар сарын 2-нд 11:00 цагаас тоглох юм байна.  Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Н.Сүхдоржийн “Арслан хүлэгт баатар” таван үзэгдэлт, дуулалт жүжгээр дамжуулан багачуудад ном эрдэм сурахын ач холбогдлыг тайлбарлан ойлгуулахыг зорьжээ. Тиймээс тус театрынхан хүүхэд, багачуудыг баярын өдрөөрөө “Арслан хүлэгт баатар”-тай танилцаж, ид шидийн орноор аялахыг урилаа.

Эх орондоо ирсэн үлэг гүрвэлүүдтэй танилцах боломжтой

Хүүхэд, багачууд жүжиг үзэхээс гадна тус театрын үзэсгэлэнгийн танхимд саатаж, эх орондоо ирсэн үлэг гүрвэлүүдтэй танилцах боломжийг бүрдүүлжээ. Соёлын яамны харьяа байгууллагууд тус театрын үзэсгэлэнгийн тан­химд онцлох бүтээлүүдээ дэлгэн үзүүлж байгаа бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Байгалийн түүхийн музейн хамт олон “Welcome home” үзэсгэлэнгээ дэлгэсэн байна. Тус үзэсгэлэнд тарбозавр батаар, овираптор, галлимимус, протоцератопс зэрэг найман төрлийн 15 үлэг гүрвэлийн гавлын ясны олдворыг байршуулахаас гадна Монгол орноос олддог үлэг гүрвэлүүдийн зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Энэ талаар Байгалийн түүхийн музейн нэгжийн дарга Т.Дашбат “Монгол Улсаас АНУ руу хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг хоёр орны Засгийн газрын хэлэл­цээрийн хүрээнд татан авах ажлыг 2013 оноос хойш зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд буюу тав дахь удаагийн татан авалтаар авчирсан олдворуудыг танилцуулахаар Улсын хүүхэд, залуучуудын театрт байршуулаад байна. Хүүхэд багачууд энэхүү үзэсгэлэнгээс хамгийн том махчин үлэг гүрвэлийн гавлын ясыг үзэх боломжтой. Харин бүтнээр нь болон илүү олон олдвор, үзвэр үзэхийг хүсвэл Байгалийн түүхийн музейг зориорой” хэмээгээд Байгалийн түүхийн музей тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл өдөр бүр ажиллах бөгөөд 0-16 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг гэдгийг дуулгалаа. 


Үлэг гүрвэлийн олдворуудтай “Welcome home” үзэсгэлэнг зургадугаар сарын 1-ний өдрийг дуустал үнэ төлбөргүй үзэх боломжтой тул хүүхэд, багачууд төдийгүй насанд хүрэгчдийг театрын үзэсгэлэнгийн танхимд өргөнөөр саатаж, түүхийн нэгэн цаг хугацаагаар аялахыг урив.

Үзэсгэлэнгийн танхимд байр­шуулсан олдворуудаас хамгийн том нь зөвхөн Монголын говь нутгаас олддог тарбозавр батаар байлаа. Өмнөговь аймгийн Нэмэгтийн давхаргадас гэдэг газраас олдсон бөгөөд урт нь 10-12 метр, өндөр нь дөрвөн метр, жин нь 2-3 тонн аж.

П.Сүхтулга: Эгнээ, суудал хамаарахгүйгээр нэг үнийн бодлого барьж байгаа

 Улсын хүүхэд, за­луу­чуудын театрт сүүлийн үеийн бүх л дэвшилтэт тех­нологи, тоног тө­хөөрөмжийг суу­рилуулсан уч­раас олон ний­тэд инно­вацлаг жү­жиг то­лилуулах тө­­лөв­лөгөөтэй ажил­лаж буйгаа Марктенгийн албаны дарга П.Сүхтулга тодот­голоо. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

-Танайх үүдээ албан ёсоор нээснээс хойш театрын хэм­жээнд ямар арга хэмжээ, үйл явдал өрнүүлж байна вэ? 

-Театрынхаа нээлтийг хийгээд сар болж байна. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа жигд­рүүлэхээс гадна жүжиг болон үзвэр үйлчилгээгээ тогтмол хүргэж байна. Театрыг олон нийтэд таниулахад бусад соёл урлаг, музейн байгууллагууд дэмж­лэг үзүүлж ажиллаж байгаа. Одоогоор улсын таван теат­раас дөрөв нь манай театрын тайз­наа уран бүтээлээ то­ли­луулаад байна. Зурга­дугаар сарын 3-нд Улсын хүүхэлдэйн театр уран бү­тээлээ толилуулна. Нээлтийн үеэр мөн театрын музейг дэлгэн үзүүлсэн. Улсын театруудын түүхэн тоглолт, алтан үеийн ах­мад уран бүтээлчдийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, манай театрын үүх түүхтэй хамааралтай үзмэрүүдийг дэлгэсэн. Үүний дараа Богд хааны ордон музей, Уран зургийн галерей, Урчуудын эвлэлийн хороо зэрэг байгууллага онцлох үзмэрүүдээ дэлгэж та­нилцуулсан. Мөн хүүхдийн олон улсын гар зургийн үзэсгэлэн болсон. Тус үзэсгэлэнд Монгол, Орос, Хятад улсын өсвөр үеийн шилдэг зураачид өөрсдийн сор болсон бүтээлээ дэлгэн үзүүлсэн. Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийг тохиолдуудан Байгалийн түүхийн музейн хамт олон  үзмэрүүдээ байршуулаад байна. Үүний дараа Монголын гэрэл зурагчдын холбооныхон бүтээлээ дэлгэнэ.

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан танайх ямар жүжиг, арга хэмжээгээр бэлэг барих гэж байна вэ?

-Манай театр хүүхэд, залуу­чуудынх учраас Олон улсын хүүх­дийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан төлөвлөгөөт арга хэмжээгээ энэ сарын 31-нээс эхлүүлж байна. Хүүхдийн баярыг дуу, бүжиггүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс баярын өдөр манай театрыг зорин ирж буй хүүхэд, багачууддаа зориулан угтах хэсэг гаргахаар төлөвлөж байгаа. Мөн гадна талбайдаа арга хэмжээ зохион байгуу­лахаас гадна “Арс­лан хүлэгт баатар” жүжгээ гурван удаа толилуулна.

-Танай театр тасалбарын үнэдээ ямар бодлого, чиглэл барьж байна вэ. Хотын төвөөс алслагдсан, гэр хороолол дунд байрлалтай гэдэг утгаараа арай өөр, уян хатан нөхцөлтэй байгаа болов уу гэж бодож байна?

-Хотын төвд байрлалтай, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан мэргэжлийн урлагийн байгууллагуудын тухайд бол театрын үнэ цэн гэдэг утгаараа толилуулж буй жүжгийнх нь тасалбар үнэтэй байх нь ойл­гомжтой. Харин манай театрын хувьд хотын төвөөс алслагдсан, шинээр байгуулснаас гадна иргэд, олон нийтэд театрын соёл суулгах зорилгоор жүжгийн тасалбарын үнийг хамгийн боломжит хувилбараар тогтоож өгсөн. Мөн манай танхимын суудлууд зэрэглэлгүй. Тиймээс эгнээ, суудлаас үл хамаарч насанд хүрэгчдийн үзвэр 30 мянга,  хүүхдийнх 15 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Бид жүжгийнхээ тасалбарыг театрынхаа касс болон www.ticket.mn сайтаар дамжуулан худалдаалж байгаа.


Номын сантай театр

Хүүхэд, залууст зориулсан мэргэжлийн урлагийн байгуул­лага буюу Улсын хүүхэд, залуу­чуудын театр 27 жилийн дараа дахин үүдээ нээсэн. Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр байгуулж, 1967 онд Хүүхэд, за­луучуудын театр болгон өр­гө­жүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүү­хэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болсон юм. Тэгвэл 2021 оны зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд Улсын хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулаад буй.

Тус театр 12972 ам метр талбай бүхий гурван давхар бөгөөд 850 хүний суудалтай үзэгчдийн танхим, орчин үеийн стандартад нийцсэн дуу авиа, гэрэлтүүлэг механизм бүхий тайз, дуу бичлэгийн болон видео студитэй. Мөн үзэгчид ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, номын сан, кофе шоп, зоогийн газар, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг тохижуулжээ.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22