Урьд хожид байгаагүй хотжилтын эрин үед нүүдэлчдийн дүрслэх урлаг хэрхэн хөгжиж буй талаар зураач Б.Баатарзоригтой ярилцлаа.
-Азийн дүрслэх урлаг дэлхийн сонирхлыг татаж байна. Цагийн боломжийг ашиглаад гэх үү монгол зургийнхан яаж энэ өрсөлдөөнд орон зайгаа эзлэх вэ?
-Дүрслэх урлаг тодорхой форматтай, дотроо маш олон задаргаа, бүтэцтэй. Тэр дунд монгол гэхээр өнөөдрийн манай улсын газар нутгаар хязгаарлагдахгүй өргөн ойлголт. Урлаг хил хязгааргүй гэдэг ч угсаа гарвал хамааралгүй Америк, Герман, Этиоф зэргээр бүс нутгийн байршил заадаг. Бид Төв Азийн нүүдэлчдийн бүсэд хамаарна. Ертөнц гайхалтай сонин. Бид яаж харснаараа кодлогддог. Сэргэн мандалтаас өмнө хүн төрөлхтөн даяараа сүүдэргүй, алслалгүй зурдаг байсан. Тэгвэл одоо монгол, ази зураачид сүүдэргүй зурдаг. Монголчууд өөрсдийгөө Зүүн Европын нэг хэсэг гэж хардаг. Тэгээд уламжлалт соёлоо Дорнын гэсэн өнцгөөр хүлээж аваад байх шиг санагддаг. Монгол зургаар дагнасан учраас энэ хандлагыг анзаарсан байх. Уран зураг, сонгодог баримлын чиглэлээр сурсан бол өдийд дэлхийн урлаг гээд классицизмтай хөл нийлүүлэн алхаж явахыг үгүйсгэхгүй. Гэтэл гаднынхан үүнийг мэдрээд байдаг. Баруунд төвтэй Азийн урлаг судлаачид уугуул монгол урлагийг нүүдэлчдийн сэтгэлгээнээс гадна Азийн хөдөлгөөнтэй оршдог соёлыг тээдэг учраас баригдахад хэцүү гэдэг. Цагаан хэрмийн хоёр талд өөр өөр соёл оршино. Тэр ч байтугай Алтайн нурууны наана цаана ондоо соёлтой. Тэгсэн атлаа Монголыг тодорхойлно. Товчхондоо, нүүдэлчдийн хөдөлгөөн дотроос гарсан том соёлын задаргаа юм даа. Хашиж, хааж байгаа улсуудын онцлогоор соёл баяждаг. Хааж, хашаалаагүй бидний нүүдэлчид соёлгүй юм шиг атлаа бүх соёлын уулзвар байдаг. Дэлхийн соёл, урлаг 1990-ээд оноос өөр хөдөлгөөнд орсон. Ингээд 2000 онд Дүрслэх урлагийн сургуульд элссэн манай үеийнхэн 2010 оноос давлагаалж эхэллээ. Биднээс өмнө түрлэг нь байсан. Зөвхөн монгол зураг биш уран зураг, баримлынхан гээд нэгэн үеийнхэн үүнд хамаарна.
-Монгол зураг гээд нэрнээсээ л бидний бахархал, омогшлыг төрүүлдэг. Таны хувьд монгол зураг гэж юу вэ?
-Уламжлалт, шашны гэлгүй монгол зураг гэж нэрлэсэн нь хүртэл амбицтай. Дагнасан зураачдаа ч эргэлзүүлдэг адармаатай мэргэжил. Арга барилаа яривал Гималайн нурууны соёлын нөлөөтэй, буддын шашны элементээр заалгадаг. Танка зураг шиг. Сэтгэлгээний задаргаа, код гэвэл нөгөө л нүүдэлчид рүүгээ орно. Би сонирхлоороо Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангид элссэн. Монгол зургийн түүхийг хөөвөл юу гэдэг нь адармаатай, өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс халиад гарчихдаг. Зурах үйл явцыг нь хөөвөл бийр цаас нийлж байгаа газар руу л очдог. Түүнээс цааш бидэнд юу байна. Хадны зургийг нэрлэвэл он цагийн хувьд 40 мянган жилийг хамаарах тул дөхүүлж яривал хэтийдсэн сэдэв. Гэхдээ манай уран бүтээлчид хүссэн хүсээгүй монгол зураг руу орж байна.
-Нийтээрээ хошуураад ирэхээр урлагийг арилжааны чигт хөтлөх үү?
-Урлаг бүх хэмжээс рүү ордог. Хаа сайгүй урлагийн хэрэгцээ байна. Манай багш нар “Хэт мөнгө хөөвөл уран бүтээл зогсдог. Судалгаа, сэтгэлгээтэй бай” гэж заасан. Янз бүрийн хандлагатай хүн төгсөнө. XIII зуун шиг хэн суу зальтай нь хожоод байж болох уу. Бидний заалгаснаас арай ондоо хэлбэр рүү орж байна. Үүнийг зөв хөгжил гэх үү. Хорин жилийн өмнө өдийд би “Жуулчид ирнэ” гээд баярлаж байсан. Мөнгө л олох гээд байгаа хэрэг. Одоо ч манай оюутнууд ийм байна. Нийгэм нээлттэй болсон цагт зөв менежменттэй боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Их сургуулиа төгсөөд оюутнууд хаачихаа мэдэхгүй жингүйддэг. Зарим нь авьяастай ч зөв байж чадахгүй, бор дарсанд ороод хорвоогоос халина. Үүнийг урлагийн амьдрал мэтээр ярина. Үгүй шүү, зүгээр хүний сонгосон зам. Жишээлбэл, Ардын зураач Д.Амгалан, Н.Цүлтэм гуай нарын мастерууд насаараа зангиа зүүгээд костюм өмссөн. Тэд мундаг, том албан тушаал хашсан ч архинаас хол, нэг эхнэртэй, гурилтай шөлөө идээд амьдарсан. Ер нь хүн сэтгэлийнхээ темпээр дүрүүдээ бий болгодог. Өнөөдөр би хэн нэгэн зураачийн дүрд ороод нийгэмд нэг талаасаа “Супер амьтан” харагдаж болно. Сайн, сайхан зураач бий. Зураач хэрнээ зурдаггүй гоё хүмүүс ч байна.
-Зураач гэдэг тодорхойлолт хүртэл баригддаггүй байх нь ээ?
-Сонгосон мэргэжлээр нь тодорхойлох болов уу. Мэргэжлийнхээ талбарт юу хийсэн нь чухал, сайн, муу хүн байх нь чухал биш гэж боддог. Сайн хүнээс сайхан бүтээл гарна. Бас их муу хүнээс зэвүүн юм гардаг. Энэ бол урлагийн нөгөө чөтгөрлөг тал. Цааш ярихаар оюуны хулгай сөхөгддөг. Монголд оюуны хулгай хэрээс хэтэрлээ. Санаагаа боловсруулаад, бүтээлээ дуусгаагүй, үйл явцын дунд хэн нэгэн нь түрүүлээд гаргачихдаг. Үгүй бол нэгнээ дуурайж, давтаад хэнийх нь ч биш болгож хувиргана. Шууд хулгайлдаг нь ч байна.
-Уран бүтээлчийн шаналал их юм аа?
-Уран бүтээлчийн зовлон бол бүтээлээ боловсруулах явц. Хийх бол шаналал биш, насных байдаг. Нүд, гарын хурд саараагүй ид 30, 40 насанд хамгийн сайн бүтээл гарна. Залуухан 20-оод насанд гарын ур төвлөрөөгүй, сэтгэлгээ тогтворгүй хөнгөн байх магадлалтай. Зураачийн туршлага, мэдрэмж, авьяас, сэтгэлгээ, гар, нүдээр шүүгдэж бүтээл гардаг. Дараа нь хүнд хүрнэ. Бүтээл болж гараагүй байхдаа тодорхой бус, юу ч байж болно.
-Дэлхийн тавцанд, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж харвал олон улсын зах зээлд гарах, танигдахыг хүсдэггүй уран бүтээлч ховор. Тэгвэл гаднынхан биднийг ямар шалгуураар хүлээж авч байна вэ?
-Гаднынхан манай уран бүтээлчдийг хувьсаж өөрчлөгдсөн он цагтай сайн судалсан байдаг. Тэгж судалсан хүнээ аливаа үзэсгэлэнд сонгоно. Өнөөдөр морь, маргааш уул, нөгөөдөр өөр зүйл зурсан хүн гэвэл бараг л боломжгүй. Яахав тэр нөхөр нийгмийнхээ тодорхой таашаалын хүрээнд хөдөлж, жинхэнэ уран бүтээлчийн замнал, эрэл хайгуул, судалгаагүй байна гэсэн үг. Гоё, сайхан зурдаг олон зураач яагаад үнэлэгдэхгүй байна вэ. Заавал гаднынхнаар үнэлүүлэх хэрэгтэй юү. Монголын тогоо гэж бий. Нутаг, усныхнаа дэмждэг монгол зан байна. Яагаад ч юм бэ миний амбиц анхнаасаа л гадагшаа чиглэж байсан. Би эх орондоо хайртай, эндээсээ явахгүй, Монгол орон миний урлан. Би эх орондоо ажиллаж, амьдраад харин бүтээлүүд минь гаднын орнуудаар яваа. Миний сэдэв улс төр, нийгмийн хийсвэр хүрээг хамардаг. Зурж чадаж байх хугацаандаа тултал нь зурахыг хичээнэ. Хараа муудаад, гар салгалаад ирэх цагт арай өөр техник рүү шилжих байх. Жанжин шугамаа баримтлаад явахад сэдэв тодотгогдоод арга техник нь үлддэг. Чадвар муутай зураг зураад гоё юм яриад байвал урлагийнхан намайг ойлголтын зөрүүтэй гэж дүгнэнэ. Шүүмжлэгч, куратор ур, чадвараа тултал гаргасан эсэхийг нэгдүгээрт хардаг. Дараа нь агуулга харна. Ер нь гаднын оронд очихоор монгол хүнээс нэг зүйл хүлээгээд байдаг. Юуг нь бид мэдэхгүй. Энэ хүлээлт манай өвөг дээдэс, түүхээс улбаатай. Монгол хүнийг тэгж нээсэн байна. Оссендовский монголчуудыг “Хүн, бурхан, араатан” номоороо польшуудад нээсэн. Оссендовский хүрээнд удсан учраас харах өнцөг, задаргаа нь монголчуудынхтай төстэй. Номны нэрийг албаар өгсөн хэрэг. Саяхан Венецийн үзэсгэлэнд оролцоход Польшийн үндэсний музейнхэн хараад шуугилдаад явчихсан. Текстгүй хэрнээ дүрслэл, нэрээрээ польшуудтай ойлголцож байна. Нэг хэлээр биш бүтээлээрээ ойлголцох хамгийн сайхан мэдрэмж.
-Та олон улсын үзэсгэлэнд тогтмол оролцдог. Тэр бүрд бүтээлийн танилцуулгаа кураторуудад илгээдэг үү?
-Би хүсэлт илгээж гаднын үзэсгэлэнд оролцож үзээгүй. Дандаа урилгаар буюу кураторуудын сонголтоор оролцдог. Кураторуудад бүсчилсэн задаргаатай уран бүтээлчдийн дата бааз байдаг. Монголд ирээд Урлагийн зөвлөл, Орчин үеийн урлагийг дэмжих холбоо зэрэг байгууллагатай холбоо барьж хэн гэдэг зураачтай уулзах хүсэлтэйгээ илэрхийлдэг.
-Зураач Б.Номин танай эхнэр. Хамтдаа уран бүтээлч байхын давуу тал нь юу вэ?
-Эхнэртэйгээ Дүрслэх урлагийн сургуулийн нэг ангид суралцаж төгссөн. Зорилго ижил учраас урлагийн тавцанд давхар хүчээр явж байна. Харах өнцөг, хүрэх хурд бага зэрэг ялгаатай. Гэхдээ Номин надаас түрүүлж олон улсын үзэсгэлэнд оролцож, танигдсан. Тухайлбал, Германы Кассел хотод таван жилд нэг удаа болдог “Документа” үзэсгэлэнд 2017 онд оролцсон юм. Дэлхийн хэмжээний том үзэсгэлэн.
Тэгээд урлангуудаар явна. Кураторуудын дата баазаас харвал зэрэглэл өндөр биенналь, үзэсгэлэнд хамгийн олон оролцсон монгол уран уран бүтээлч бол Б.Номин. Биенналь, томоохон үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчийн ранк өснө. Гэхдээ нэгэнт олж авсан ранкаа хадгалах нь чухал шүү.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна