Э.Бумхүү: Дуурийн дуучин яг жонглёрчин шиг тайзан дээр гарсан л бол бүх зүйлээ хянаж сурах хэрэгтэй


 УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Вердийн “Турбадур” дуурийг үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ. Энэхүү дуурийн Ди Лунагийн дүрийг бүтээх Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, гоцлол дуучин Э.Бумхүүг урьж, ярилцлаа. Тэрбээр СУИС-ийг Монгол Улсын Гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийн удирдлага дор дуурийн дуучин мэргэжлээр төгсжээ. 

 

-Ж.Вердийн “Турбадур” дуурьтай хэрхэн танилцсанаас тань эхлэн ярилцъя. Таныг Дуурийн театрт ороход уг дуурийн дүрүүдэд ямар уран бүтээлчид тоглож байсан бэ?

-Ж.Вердийн их гурвалын нэг болох “Турбадур” дуурийг Дуурийн театрын тайзнаа анх 1994 оны тавдугаар сарын 28-нд тавьж, үзэгчдэдээ хүргэж байсан түүхтэй. Тэр цагаас хойш 30 орчим жилийн хугацаанд манай театрын уран бүтээлчид энэ дуурийг үзэгчдэдээ толилуулж байна. “Турбадур” дуурийг манай театрын тайзнаа анх тавьснаас хойш Ди Лунагийн дүрд таван дуучин дуулсан байдаг. Намайг 2008 онд Дуурийн театрт ороход энэ дуурийн Ди Лунагийн дүрийг Монгол Улсын Ардын жүжигчин А.Дашпэлжээ бүтээж байв. Ди Лунагийн дүр баритон хоолойтой дуучдын хүсэж, мөрөөддөг дүрүүдийн нэг. Сургуулиа төгсөж ажилд ороод удаагүй байхдаа Ди Лунагийн дүрийг бүтээж байгаа дуучдыг хараад “Энэ сайхан дуурийг тэдэн шиг тайзан дээр гараад дуулах юмсан” гэх бодол төрдөг байв. Тэр цагаас хойш найман жилийн дараа, 2016 онд дэлхийн нэрт дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинээс Ди Лунагийн дүрийг өвлөн авснаар хүсэн мөрөөдөж байсан дүрээ бүтээх боломж надад олдсон юм. Энэ дуурийн хүнд хэсгийг дуучин хоолойны хувьд бяр чадал сууж байж, тамирчнаар бол нэлээд бэлтгэл хийж чадалтай болсныхоо дараа дуулдаг. 

-Тухайн цаг үе, хамтран тайзнаа гарч байгаа уран бүтээлчдээс шалтгаалан дуурь болгон харилцан адилгүй, өөрийн гэсэн онцлогтой болдог. Таны бодлоор энэ удаагийн “Турбадур” ямар онцлогтой байх бол?   

-Энэ удаагийн дуурийн Манрикогийн дүрийг манай театрын гоцлол дуучин М.Даваадорж тайзнаа шинээр амилуулах гэж байна. Сөүлийн их сургуулийг төгссөн залуу удирдаач  Ц.Тэлмүүн-Очир энэ дуурийг анх удаа дохино. Найруулагчийн хувьд ч гэсэн ОХУ-д мэргэжил эзэмшсэн С.Баттулга анх удаа “Турбадур”-т ажиллах юм. Үүнээс “Залуу уран бүтээлчдээр хүч сэлбэсэн сайхан тоглолт болох нь ээ” гэсэн бодол төрж байна.

-Та хоёр өдөр дараалан Ди Лунагийн дүрийг бүтээх нь. Найман жилийн өмнө анх энэ дүрээр тайзнаа гарснаас хойш уран чадвар, жүжиглэлт, мэдрэмжийн хувь өөрчлөгдсөн зүйл цөөнгүй байгаа болов уу? 

-Анхны юм бүхэн алдаа оноотой байдаг. Анх дуулж байсан үеийнхээ бичлэгийг харахад алдаатай зүйл харагддаг. Уран бүтээлчид тоглолтоос тоглолтод илүү сайжруулъя гэсэн эрмэлзлээр хөглөгддөг. Миний хувьд ч гэсэн арван жилийн өмнөхтэй харьцуулахад илүү туршлагажсан байна. Үүндээ сэтгэл ханахгүй өнөөдөр ч гэсэн ноот, үг төдийгүй жүжиглэлтээ сайжруулах эрмэлзэл дүүрэн явна даа.

-“Турбадур” дуурийн нэг шигтгээ болох Леонорагийн дүрийг энэ удаа хэн бүтээх гэж байна. Өмнө нь Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг тайзнаа гарч байсан санагдана?

-“Турбадур” дуурийг хоёр өдөр тоглоно гэж би өмнө нь хэлсэн. Эхний өдөр нь Леонорад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Манрикод М.Даваадорж, Азученад М.Дариймаа гэсэн дүрүүдтэй дуулна. Хоёр дахь өдөр нь Леонорад Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, Манрикод Д.Эрдэнэ-Очир, Азученад Ж.Энхмаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн сонгодог бүтээлийг үзэгчдэдээ хүргэх гэж байна.

-Та дүрээ илүү шаглаж хийхийн тулд юунд анхаарал хандуулдаг вэ?

-Дүр бүтээхэд аялгуунаас гадна үг их чухал үүрэгтэй. Тухайн үгийн өргөлт нь хаана байна вэ гэдгийг анхаарах ёстой. Хөгжмийн зохиолын утга санааг илтгэсэн тэмдэг тэмдэглэгээнүүд байдаг. Тэдгээрийг бүрэн эзэмшиж ялгамжийг гаргах нь дуучин хүний гол зорилго. Түүнчлэн дуурийн утга санааг гаргаж жүжиглэнэ гэдэг дуучны уран чадварыг сорьдог. Ийм олон зүйлийг тайзан дээр зэрэг хийж тэнцүүлж явна гэдэг нь дуучин хүний авьяас байдаг. Ингээд бодохоор дуурийн дуучин яг жонглёрчин шиг тайзан дээр гарах л юм бол бүх зүйлээ хянаж сурах ёстой. Нэг л алдах юм бол бүх зүйл нь нурах аюултай. Тиймээс хариуцлагатай, өндөр ачаалалтай ажилладаг.

-Таныг “Турбадур” дуурийг эрдмийн ажлаараа сонгон авч судалсан тухай сонссон. Яг юунд нь онцгой анхаарч судалгаагаа хийсэн бэ?

-СУИС-д ахисан түвшний магистрын зэрэг хамгаалахдаа “Турбадур” дуурийн Ди Лунагийн дүрийн судалгаа” сэдвийг сонгосон. Дүрийн судалгааг өргөн хүрээнд хийдэг. Жүжиглэх, дуулах, хөгжмөө сонсохоос эхлээд бусад дуучдынхаа талаар ч судлах шаардлагатай болдог. Тайзан дээр хамтран дуулж байгаа дуучиндаа ямар үр нөлөө үзүүлж байгааг судална. Энэ дүрийг бүтээхийн тулд дуучин хүн юунд анхаарал хандуулж, хаана нь ажиллах шаард­лагатайг эрдмийн аж­лаараа судалсан гэ­сэн үг юм.

“Турбадур” дуурь бол дэлхий нийтэд түгэн тархсан Ж.Вердийн алдар­тай гурван дуурийн нэг нь. Аль ч цаг үед дэлхий ний­тээр сонгон тог­ло­дог дуурь юм. Тий­мээс энэ бүтээлийг сонгодог гэсэн нэр томьёотой театр бүрд тог­лодог. “Турбадур” эмгэнэлт дуурь хэдий ч хөгжмийн хувьд агуу зохиолтой. Энэ дуурийг үзэж сонссон хүн ямар нэгэн байдлаар эрч хүч аваад гардаг гэж би хувьдаа боддог.


-Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд та үндэсний болон сонгодог бүтээлийн олон дүрээр үзэгчидтэйгээ уулзжээ. Тэдгээрээс аль нь таныг илэрхийлж, танд илүү наалдсан дүр болж чадсан гэж боддог вэ?

-Үндэснийх эсвэл сонгодог байна уу гэдгээс үл хамаарч бүхий л уран бүтээл дуучдаас их хүч хөдөлмөр шаарддаг. Нөгөөтэйгүүр аль дуурийн хэний дүрийг би сайн гаргасныг үзэгчдээс асуувал хариулах байх. Тоглолтын дараа үзэгчид сэтгэгдлээсээ хуваалцдаг. Түүгээр бодох юм бол Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурийн Жи-жи Шаньюг нэрлэх байна. Яагаад гэвэл, Жи-жи Шаньюгийн дүрийг бүтээсний дараа хүмүүс “Чи дүрээ сайн гаргаж чадлаа” гэж хэлж байсан юм.  Үүнээс “Гүнгэрийн гүнж” дуурийн Жи-жи Шанью хааны дүр надад их ойрхон туссан юм болов уу гэж боддог. Сонгодог жүжгүүдээс гэвэл, Ж.Вердийн “Макбет” байна. Манай театрын тайзнаа энэ дуурийг анх удаа тавихад нь би Макбетын дүрийг бүтээсэн. Харин олон дуулснаар нь яривал Ж.Вердийн “Турбадур” дуурийг хэлнэ. Энэ дуурь дуулж, жүжиглэх талаасаа надад илүү дөхөм байдаг юм болов уу даа.

-“Макбет” дуурийн хувьд та анх удаа ажилласан. Цаашдаа ч энэ мэт олон дүр дээр ажиллах байх. Ер нь шинэ дуурьт ажиллахад танд ямар санагддаг вэ?

-“Таны чадахгүй байгаа зүйл таны хэр хэмжээг илтгэдэг” гэдэг дээ. Ямарваа нэгэн шинэ зүйлийг эхлүүлэх амаргүй. Гэхдээ шинэ зүйл туршиж, хийж үзэх сайхан шүү дээ. Ялангуяа дуурийн дуучин бидний хувьд шинэ дүр дээр ажиллахад таатай байдаг. Яагаад гэвэл, тэндээс шинэ жил сурна, өөрийгөө хаахна яваагаа дүгнэх боломжтой. Манай театрын урын санд миний дуулж байгаагүй олон сайхан дуурь байдаг. Тухайлбал, Ж.Вердийн “Риголетто”, “Отелло” дуурь байна. Би “Отелло”-гийн Ягогийн дүрийг бүтээмээр л байна шүү дээ. Хэрвээ энэ дуурийг театрын тайзнаа тавих юм бол дуулах чин хүсэлтэй явдаг.

-Таныг би зорьсоор байгаад дуучин болсон юм байна гэж ойлгосон. Анх өөр мэргэжил эзэмшсэн ч дуучин болох мөрөөдлөө ерөөсөө орхиж байгаагүй хүн юм билээ, та?

-Миний нагац талынхан урлагийн хүмүүс. Ах нарыгаа дуурайж зургаан утастай банзан гитар дээр дуулж үзээд “дуучин болно” гэж бодох болсон. Уг нь би Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийг дуу хөгжмийн багш, дуучин мэргэжлээр 2005 онд төгссөн хүн л дээ. Тэр үед бид программаа төгөлдөр хуур дээр тоглодог. Энэ шалтгаанаар СУИС-аас концертмейстер багш Б.Энхтуул бидэн дээр ирж улсын шалгалтыг маань өгүүлж байсан. Тухайн үед багш надаас цаашид дуучнаараа ажиллах сонирхолтой эсэхийг асуусан. Надад ч болчихмоор юм шиг санагдаж нэг их удалгүй СУИС-ийн дуучны ангид шалгуулахаар хотод ирж байлаа.

-Тэр үед та Монгол Улсын Гавьяат жүжигчин М.Найдалмаа багштайгаа танилцаж байв уу?

-Тийм ээ. Багш миний дуулахыг сонсоод “Болмоор юм байна” гэсэн. Энэ нь надад итгэл өгч би дуучин болохоор сурсан. Гэхдээ өмнө нь урлагийн чиглэлийн хичээл судалсан учраас хоёрдугаар курсээсээ эхлэн суухаар болж байв. Сургуулиа төгсөх болоход улсын шалгалтад Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх маэстро ирж суусан. Тухайн үед манай үеийн төгсөгчдөөс дөрвөн оюутны хоолойг сонсоно гэсэн. Түүний нэгд нь би багтаж Дуурь, бүжгийн эрдмийн театрт ирж байлаа.


-Танд үлгэр дуурайл авдаг дуурийн дуучин байв уу?

-СУИС-д дуучин болно л гэж бодсон. Түүнээс биш дуурийн дуучин болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийг төгсөхдөө Б.Шаравын “Чингис хаан” дуурийн залуу Тэмүжиний арийн хэсгээс дуулж байсан. Хотод ирээд түүнийгээ М.Найдалмаа багшид шалгуулахад “Болох юм байна” гэдэг хариу өгсөн. 

-Та олон тэмцээн уралдаанд оролцож, авьяас чадвараа сорьж байсан байх. Тухайн үед зорилго тавьчихаад түүх бүтээх гэж явж байсан биз?

-Залуу байсан болохоор хортой, шартай. Бусадтай адилхан зорилго тавьж тэмцээн уралдаанд оролцож байсан үе надад бий. Тухайн үед хувийн бэлтгэл сургуулилалтаас шалтгаалан зорилгодоо хүрч чадаагүй. Гэхдээ тэглээ гээд нэг их харамсдаггүй.


Би театртаа 16 дахь жилдээ ажиллаж байна. Үлээвэр хөгжим, дуурийн дуучид дандаа амьсгаан дээр ажилладаг учраас 20 жилээр тэтгэвэртээ гардаг. Миний хувьд өнгөрсөн хугацаанд олон сайхан түүх бичлээ. Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурийн Жи-жи Шанью хааны дүрд анхлан гарлаа. “Макбет” дуурь гэхээр мөн л миний нэр үлдэх нь байна шүү дээ. Уран бүтээлийн сангаа арвижуулах, театрын тайзнаа тавьж байгаа олон сайхан дуурийн гол дүрүүдийг бүтээнэ гэдэг сайхан. Би СУИС-д ахисан түвшний магистрын зэрэг хамгааллаа. Өөрийнхөө хойч үеийг бэлдэхийн тулд багшлах ажилд шамдах зорилготой. Ирээдүйд цахиур хагалах олон сайхан шавь төрүүлэх мөрөөдлөө биелүүлэхээр хичээх болно.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22