Хаан найргийн “Хатан” Дулмаа гэж...


Дэлхийн яруу найргийн оргил болсон эмэгтэйчүүд цөөнгүй бий. Тэдний дундаас Сапфо, Ли Чин-Жао, Ингеборг Бахман гээд олон нэр дурдаж болох юм. Нэрд гараагүй ч олон уншигч, шүтэн бишрэгчтэй зуу зуун шүлэгч бүсгүй бий. Харин тэднээс хэдэн бүсгүй яруу найрагч хэмээн цоллуулаад,  хэд нь “Хаан” найргийн “Хатан” гэж өргөмжлөгдөж чадсан бол. Тэгвэл Монголд “Хаан” найргийн “Хатан” Дулмаа гэж найрагч байлаа.

Эрчүүд зонхилсон уран зохиолын ертөнцөд иргэний утга, уянгын шүлэг хүчээ авч байсан XX зууны хоёрдугаар хагаст...

“Опель”дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч

Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи!

Одоо түүнээс хойш сар жил өнгөрөн

Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ

Энэ олон жилд хүүгээ чи эргээгүй ээ!.. хэмээн “Хүүгийн эцэгт бичсэн захидал” –аа задлан орж ирээд, яруу найргийг “Хаан” болгон өргөмжилж өөрөө хатнаар нь суусан бүсгүй бол Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа.

Зуны тэргүүн сарын 24 буюу 2024 оны тавдугаар сарын 31-нд Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Шагдарын Дулмаагийн хайрын дуулал, шүлэг, найраглал, тууж, захидлын чуулган бичил гурван боть номын нээлт Үндэсний нийтийн номын сангийн шинэ байранд боллоо. Номын нээлтэд яруу найрагчийн охин Б.Уранчимэг, хүү Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ганхуяг, МЗЭ-ийн шагналт, доктор профессор, хүүхдийн зохиолч, судлаач Д.Хүү, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дан.Нямаа, Соёлын Гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй тэргүүтэй шүлэг, яруу найраг, утга зохиол, ажил, амьдралын садан нөхөд, үр хүүхэд, ахан дүүс, хамтран зүтгэгчдийн салбар салбарын төлөөлөл морилон саатаж, өргөн дэлгэр, хөл ихтэй номын хурим боллоо. Эл гурван боть бичил номыг сэрүүн тунгалаг цагт нь хэвлүүлээд байсан бол эдүгээ Үндэсний номын сангийн шинэ барилгад анхны номын хуримыг хийж, олон нийтийн хүртээл болгосон юм.

 

Хот болбол дөрвөн их хайстай, Хурим болбол төрийн их ёстой

Номын хуримыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга хөтөллөө. Номын хуримын үеэр морилон саатсан зочдод шүлгийг нь зохиосон дуунуудаас Монголын алдартай дуучид болох дуурийн дуучин С.Мөнгөнцэцэг, дуучин  Л.Нарангэрэл нар ая өргөж, шавь нар нь шүлэг найраглалаас нь үзэгчдэд уншиж сонордуулан найз нөхөд, зохиолчдын зүгээс дуудан уншиж, их яруу найрагчид баяр бахдалтайгаар хүндэтгэл үзүүлж байлаа. “Хурим” гэдэг үгийг монгол хэлний их тайлбар толь бичигт “Олноороо цуглан хийх найр наадам” хэмээн тайлжээ. Үнэхээр номын хурим ямар дэг жаягаар болж өнгөрдгийг эндээс харж болно. Зохиолч, яруу найрагч, шүүмж, судлаачид гээд бүгд бичиг эрдмийн мэргэд цугласныг хэлэх үү танхим дүүрэн ном хэлэлцсэн яриа хөөрөлдөөн. Бичиг эрдмийн ажил хийдэг улс болохоор ширээний ардаас ховхрох нь ч ховор биз. Удаан уулзаагүй нөхөд дуу алдан гар барилцан удаанаар ярилцан зогсох нь харагдана. Номын хуримд ирсэн олон зочны нэг МЗЭ-ийн шагналт зохиолч Шуурайн Солонгоо их хүмүүнтэй анх учирсан түүхээ дурсан “Оюутан байхдаа хаана л найргийн тэмцээн, зохиолчдын уулзалт болоход гүйж очин үздэг байлаа. Нэг өдөр телевизийн нэвтрүүлгээр шүлгээ унших боломж олдов. Зохиолчдын хороонд очтол Дулмаа найрагч хэдэн охин, хөвгүүнтэй зогсож байна. Тэр алдартай найрагчийг анх харж буй тул сандарсан гэж жигтэйхэн. Би тэмдэглэлийн дэвтрээ гаргаж түүнд хоёр хуудсыг нь үзүүлбэл нүд нь гялсхийн "За эхлээд Солонгоо уншина шүү" гээд духан дээрх үсийг минь өөрийн гараар засаад хана руу зогсохыг хүслээ. Зураглаач ах камераа асааж "За унш" гэлээ. Хараад биш, цээжээр унших байжээ. Сандран ээрч муурсаар нэг үзээд, дэвтрээ харж уншъя гэж байж дахин уншиж билээ. Сандарсан би "Баярлалаа" ч гэж хэлэлгүй шууд гараад явсандаа одоо ч харамсдаг юм. Маргааш нь ангидаа очоод "Дулмаа гуай бүр ингэж миний үсийг засаж өгсөн шүү" хэмээн гайхуулан ярьж байлаа. Тэр нэвтрүүлгийг олон танил маань үзсэнсэн. Хүний шүлгийг ганцхан хараад л авьяастай эсэхийг нь мэддэг чанар Дулмаа найрагчид байсан юм” хэмээн өгүүлж байв.

Их найрагч Ш.Дулмаа билгийн тооллын XV жарны цагаагчин хонин жил, аргын тооллын 1934 онд тухайн үеийн Төв аймгийн Авдарбаян сум, эдүгээгийн Сэргэлэн сумын нутаг Урт худаг гэдэг газар мэндэлжээ. Энэ л Авдарбаян уулсыг тойрсон газар нутаг ямархан шүншигтэй болоод Монгол Улсын 14 Ардын уран зохиолчийн дөрвийг нь төрүүлэв ээ.


“Амьдрал хайр дээр тогтдог”

Эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө зарц, боол мэт үнэлэгддэг байсан үе хүн төрөлхтний түүхэнд бий. Үеийн үед эмэгтэйчүүдийн эрх ашиг хөндөгдөх, эрх чөлөөг үнэгүйдүүлэх асуудал хурцаар яригдсаар ирсэн. Дэлхийн утга зохиол, яруу найргийн ертөнцийн бүсгүйчүүд ч мөн энэ талаар л бичиж байлаа. Харин монгол бүсгүйчүүд өөр шүү. Тэд үнэнч хайрын сэтгэл, үерхэл нөхөрлөл, эцэг эх, эх орныхоо хөгжил цэцэглэлтийг магтан дуулах азтай төрсөн улс. Яруу найрагч Ш.Дулмаа  “Үүрийн цолмон”, “Өглөө” “Халхын сайхан эрчүүд”, “Мөнгөн хонх”, “Мөнгөн чавхдас”, “Нарны алтан тоос” , “Хайрлахын заяатай орчлон”,  “Галын тэнгэр”, “Хайрын мянган бодол”, “Цэнхэр гараг”, “Хайрын эгшиглэн”, “Хунгийн нулимс, “Алтан урсгал”, “Дурсан хайлах уянга” зэрэг яруу найраг, тууж, өгүүллэгийн  20 гаруй номоо уншигч олондоо хүргэсэн байдаг. Энд цөхрөл харууслын нэг ч мөр байхгүй. Энхэр сэтгэл, элэг дотно өгүүлэмжтэй шүлгийн шадууд зохиолчоо шууд эмэгтэй гэдгийг илчлэх мэт. Номын нээлтэд яруу найрагчийн нэрийн хуудас болсон уран бүтээлүүдийн нэг “Хүүгийн эцэгт бичсэн захидал”-ыг СУИС-ийн оюутан охид жүжигчилсэн хэлбэрээр уншиж толилуулав.


"...Эдэлж өмсөх хоёроор хүүгийг чинь би дутаагаагүй ээ

Эцгээ гэсэн сэтгэлийг нь харин юугаар ч нөхөж чадаагүй ээ

Энэ л орлонд хүүд чинь дутсан юм тэр

Эргэцүүлэн бодож хэлэх миний үг ч энэ ээ"  гэх үгтэй уг шүлэг тухайн үеийн нийгмийн захиалгаар бүтсэн гэдэг. Уншигчид энэ шүлгийг Ш.Дулмаагийн амьдрал гэж ойлгодог байсан тухай яриа номын хуримын үеэр гарч байв. Тухайн үед С.Удвал гуайд эх орны өнцөг булан бүрээс хүүхэдтэй болоод хаягдсан тухайгаа бүсгүйчүүд гомдоллон бичдэг байж. Зохиолчдын хорооны дарга байхдаа Ш.Дулмаад энэ тухай хэлж шүлэг бичих даалгавар өгчээ. Анх хүүг гурван настай байгаагаар бичсэн ч Б.Явуухулангийн зөвлөснөөр хүү нь 18 нас хүрсэн болгож зассан юм билээ. Аливаа уран бүтээл бүтсэн түүх хэзээнээсээ л уншигчдын сонирхлыг татдаг даа.


Найрагч маань 1954 онд МУИС, 1958 онд ЗХУ-ын комсомолын төв сургууль, 1967 онд ЗХУКН-ын дээд сургууль төгсжээ. Тэрбээр 1970 онд “Үүрийн цолмон”, “Өглөө” номоороо МЗЭ-ийн шагнал, 1984 онд “Эх орон танаа өргөх дуулал”, “Бүсгүй”, “Цэргийн эх” шүлгээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2007 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2014 онд Ардын уран зохиолч цолыг тус тус хүртэж байв. Түүний зохиосон “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй”  шүлэг нь дуу болж  ард түмний дунд хагас зуун жил дуулагдаж, “Алтан зул” дуунд нь гэрэлт хөшөө босгосон билээ.


Энд нэг содон зочин байсан нь бичил гурван ботийг хэвлүүлэхэд ивээн тэтгэсэн Ж.Хишигжаргал. Тэрбээр “Би Ш.Дулмаа агсны охин Б.Уранчимэгтэй найз нөхдийн харилцаатай. Энэ яруу найрагчийг мэддэг таньдаг, авьяас билгийг нь биширдэг байсны хувьд номыг нь ивээн тэтгэж хэвлүүллээ. Үүнээс өмнө найрагчийн бас нэг номыг ивээн тэтгэж хэвлүүлж байлаа. Энэ хоёр дахь нь юм. Хийдэг ажил маань боловсрол, сургалт, эрдмийн ажилтай холбоотой болохоор зохиолчид сэтгэлд их ойрхон байдаг. Ялангуяа Ш.Дулмаа гуайн иргэний утга уянгын эмэгтэйлэг яруу найраг, шүлгүүд нь сэтгэлийг минь их татдаг. Түүнээс гадна энэ хүний Монголын утга зохиолын ертөнцөд татсан шан маш олон эмэгтэйд урам зориг, итгэл найдвар төрүүлж яруу найраг, эрдэм номд уруу татсан гэж хэлэхэд буруудахгүй болов уу” хэмээн хүүрнэж байв. Ийнхүү Ш.Дулмаагийн бичил гурван боть номын хурим дуутай, дугараатай, шүлэг найрагтай, хууч дурсамжтай хөлтэй сайхан болж өнгөрлөө. Номын мөр мөнхөд цагаан байг ээ.

Тэрбээр 2024 оны гуравдугаар сарын 27-нд 90 насандаа таалал төгссөн юм.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22