Галууны улаан хоолой



Орчуулагч: Д.Оюунгэрэл

/ЧҮНДЖ паблишинг/


 

Өдрийн хоолоо идэхээр сууцгаахад би хэллээ:

-Өнөөдөр би айлд зочилно. Мишкагийнд. Төрсөн өдөр нь.

-Тийм үү? Хэд хүрч байгаа билээ?  гэж аав асуув.

-Ес хүрч байгаа юм аа, аав аа.

-Цаг хугацаа ч харвах юм даа. Саяхан л цонхны тавцан дээр шүүгээний жижиг шургуулгад хэвтэж байсан Мишка есөн нас хүрчих гэж... гээд ээж санаа алдаж байна.

-За, тэг дээ, төрсөн өдрийн эзэнд баяр хүргээд ир. Харин найздаа ямар бэлэгтэй очих гэж байгаа билээ дээ? гэж аав лавлалаа.

-Бэлэг байгаа. Мишка ямар их баярлах бол оо.

-Юу юм бэ?  гэж ээж асуув.

-Галууны улаан хоолой! Өнөөдөр Вера Сергеевна галуугаа гаргасан. Тэгэхээр нь би Мишкад бэлэглэх гээд улаан хоолойг нь гуйж авсан юм.

-Алив үзье, гэлээ, аав.

Би халааснаасаа галууны улаан хоолой гаргаж ирэв. Угааж цэвэрлэчихсэн болохоор хачин сайхан харагдаж байна. Даанч түүхий, бас дээр нь хатаж гүйцээгүй байгаа юм. Гэтэл ээж ухасхийн босоод хашхичиж гарлаа шүү:

-Наад заваан юмаа далд хий! Ямар аймаар юм бэ!

Харин аав:

-Энэ хоолой тэгээд юунд хэрэгтэй юм бэ? Яагаад нойтон байдаг билээ? гэв.

-Түүхий байгаа юм аа. Би сайхан хатаагаад, ингэж амыг нь битүүлнэ. Харав уу? Яг ингээд.

Аав анхааралтай ажиглаж сууна.

-За, харав уу? Нарийн үзүүрийг нь арай өргөн амсар луу нь шургуулаад, дотор нь тав зургаан вандуй хийчихнэ. Тэгээд хатаасны дараа яаж дуугарна гэж бодож байна? Янзын эд болно доо!

Аав инээмсэглээд:

-Сүрхий бэлэг юм аа... гэв.

Харин би:

-Санаа зоволтгүй ээ. Мишкад таалагдана. Би найзыгаа мэднэ, гэж хэллээ.

Гэтэл аав өндийгөөд, өлгүүр лүү очсоноо халаасаа ухаж байгаад:

-За, май. Энэ хэдэн мөнгөөр Мишкад чихэр авч өгөөрэй. Харин энэ бол миний бэлэг шүү, - гээд хүрэмнийхээ энгэрээс “Хиймэл дагуул” гэсэн бичигтэй хөөрхөн цэнхэр тэмдэг салгаж өглөө.

Би: -Ура! Мишка ч баярласандаа магнай нь хагарах байх даа. Би бүр гурван бэлэгтэй очих нь байна. Тэмдэг, чихэр, галууны хоолой. Ямар ч хүн бай, гарцаагүй баярлах байсан даа! – гэж хэлээд нөгөө улаан хоолойгоо хатаахаар пааран дээр тавилаа.

Ээж тэндээс: -Гараа угаагаад хоолоо ид! гэв.

Ингээд хоолоо идэцгээлээ. Ногоотой сайхан шөл хийжээ. Би ямар их дуртай гээч. Дэндүү гоё амттай болохоор өөрийн эрхгүй дуу алдан зажлаад байв. Гэнэт ээж халбагаа тавиад, юу болсныг бүү мэд:

-Энэ хүүхдийг айл руу явуулах уу, болих уу, бүр мэдэхээ байлаа, - гэдэг байгаа.

За, тэр дээ! Үүлгүй тэнгэрт цахилгаан цахихаас өөрцгүй юм. Тэгээд би асуулаа:

-Яагаад?

Аав ч бас: -Юу болоо вэ?  гэв.

-Наад нөхөр чинь тэнд очоод чи бид хоёрыг шившигт хутгана даа. Хоолоо аятайхан идчихэж чадахгүй. Ганганаж гунганаад, чанга чанга сороод л... Аймшиг!

-Зүгээр ээ, Мишка надаас ч илүү дуу гаргаж иддэг юм, - гэж намайг хэлэхэд аав:

-Биеэ өмөөрөх хэрэггүй. Соёлтой идэж сур. Чамд зааж сургасан нь багадаад байна уу?  гэв.

- Багадаж л дээ, - гэж ээж нэмлээ. Би:

-Надад юу ч заагаагүй. Хүссэнээрээ л иддэг, тэглээ гээд яах вэ дээ, зүгээр л байна даг. Харин ч бүр сайн иддэг шүү дээ. Заалгаад байх юу байна аа? гэж зөрүүдэлсэнд:

-Ёс дүрэм гэж нэг юм бий. Мэдэх үү? Үгүй байх нь. За, сонс: хоол идэхдээ битгий шал палхийтэл зажил, бас битгий тамшаал, хоолоо үлээж болохгүй, хэчнээн сайхан хоол байлаа ч дуу алдан гингэнээд байж болохгүй, ер нь ямар ч чимээ битгий гарга, гэж аав ширүүлхэв.

-Би дуугардаггүй шүү дээ! Айн, дуугардаг гэж үү?

-Мөн хоолны өмнө хэзээ ч бүү гичтэй талх идэж бай! гэж ээж дуугарлаа.

Аавын нүүр аймаар улайгаад ирэв. Тэгэлгүй яах вэ дээ! Саяхан даа, өдрийн хоол болохын өмнө бараг бүтэн талхан дээр гич түрхэж байгаад явуулчихсан хүн чинь. Ээж шөлөө таваглаад тавьтал талх нь дуусчихсан, тэгээд би дэлгүүр лүү гүйж шинийг авчирсан юм даг. Одоо харин царай нь айхавтар улайсан ч аав маань дуугарсангүй. Ээж надад зааж сургаж буй мэт боловч ааваас харцаа салгалгүй, өршөөл энэрэлгүй дуугаар ярьсаар байв. Аавд минь их л аягүй байгаа шинжтэй. Надад ч бас. Ээжийн ярьж хэлсэн бүхнийг сонсоод үнэхээр их айлаа. Одоо яаж амьдрах билээ? Тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй!

-Сэрээгээ унагаж болохгүй. Хэрэв унагасан бол тайван суу, дөрвөн хөллөж ширээн доогуур хагас цаг мөлхөх хэрэг байхгүй. Ширээгээ хуруугаар бөмбөрдөх, исгэрч шүгэлдэх, дуу аялах, инээж марсайх хориотой! Загасыг хутгаар хэрчиж идэхгүй шүү, ялангуяа айлд зочилж суугаа бол.

Гэтэл аав гэмшингүй царайлан хэлж байна:

-Тэр чинь загас байгаагүй. Энгийн л байцайнд ороосон таташ байсан даг.

-Тэр тусмаа. Байцайнд цуглаж боосон шанз байна уу, шарж тавьсан өндөг ч байна уу, хутгаар хуваадаггүй юм! Энэ бол хууль!

Миний гайхаш тасарч: -Тэгээд байцайтай шанзыг хутгагүй яаж идэх билээ? гэж асуулаа.

Ээж: -Давтсан мах мэднэ ээ? Яг түүнтэй адил, сэрээгээр иднэ.

-Тавгандаа үлдэнэ шүү дээ! Яах болж байна?

-Үлдэж л байг!

-Хайран биз дээ! Цадаагүй суухад цаана нь бас үлдчихээр... Идэж барах хэрэгтэй! хэмээн бууж өгөхгүй санаатай би үргэлжлүүлэн маргав.

Аав тэгтэл: -Яав л гэж, идээд дуусгах хэрэг! гээдэхлээ.

Би: -Баярлалаа, - гэж хэлснээ гэнэт нэгэн чухал зүйлийг санаад: - Сүмсийг нь яах билээ?  гэв.

Ээж эргэн харж: -Сүмс яана гэж? хэмээлээ.

-Долоох... гэв ээ, би.

Хөмсөг нь өргөгдөөд, бараг духаа давж үснийхээ уганд хүрсэн байх аа, тэгээд ээж ширээ тогшиж:

-Долооно гэж санасны ч хэрэггүй! гэж байна.

Амиа хамгаалах ёстой болсныг ойлголоо.

-Ээж ээ, хэлээрээ долоож болохгүй гэж би мэднэ шүү дээ! Нохой биш дээ! Хэзээ ч долоохгүй, хүний дэргэд бол бүр ч үгүй. Арчиж болох уу гэж л асуусан юм. Талхаар.

-Болохгүй!

-Хуруугаараа биш ээ! Талхаар! Зөөлөн голоор нь!

-Үгүй гэж чамд хэлээд байна шүү! – гэж ээж хашхирлаа.

Нүдэнд нь яг л тошлойг санагдуулам ногоон туяа гялсхийв. Би бодлоо: ээжийг ингэж уурлуулдаг юм бол тэр муу сүмсийг орхиё цаашаа, долоох ч үгүй, арчих ч үгүй. Тэгээд ингэж хэлэв:

-Ойлголоо, ээж ээ. Би шавхаж арчихгүй. Больё төвөг.

Гэтэл:

-Мартсанаас, би чамаас нэг юм асууя гэж бодоод явлаа,  гэж аав дуугарав.

-Асуу асуу, чи ч бүр жаахан хүүхдээс дор шүү дээ.

-Манайхан заримдаа үдэшлэг, за бас элдэв баяр ёслол зохиодог... Тэндээс би жаахан юм хум аваад гарч болох уу? Алим, жүрж төдийхөн...

-Битгий галзуур!

-Яагаад болохгүй гэж?

-Яагаад вэ гэвэл, өнөөдөр алим авч гарсан хүн маргааш гэхэд хүрэн манжинтай зууш хормойлоод ирэх байлгүй!

Аав тааз руу ширтэн: -Зарим улс ч биеэ аятайхан авч явах талаар сайн мэдэх юм аа! Эрдэмтнээс дутахгүй шүү! Алив Дениска, чи харин юу гэж бодож байна? гээд мөрнөөс минь татаж өөр лүүгээ харуулаад дуугаа өндөрсгөн, - Юу гэж бодож байна? Гэрт чинь зочид ирээд байж байтал гэнэтхэн нэг нь явахаар болжээ гэе. Гэрийн эзэгтэй тэр нөхрийг хаалга хүртэл үдэж өгөөд, тэндээ бараг хорин минут хамт зогсох ёстой юу, аан? Чамд юу бодогдож байна даа? гэлээ.

Би юу гэж хариулахаа мэдсэнгүй. Аав үнэхээр л мэдмээр байгаа бололтой, яагаад гэвэл мөрийг минь өвдтөл дориун чанга атгаад байв. Гэлээ ч би хариулж чаддаггүй ээ. Харин ээж хариултыг нь мэдээд байгаа шинжтэй, ингэж хэллээ:

-Хэрэв би үдэж гаргасан л бол тэгэх шаардлагатай байсан гэсэн үг. Зочдодоо анхаарал тавьж байх нь сайн хэрэг шүү.

Аав тас тас хөхөрч эхлэв. Бясааны тухай дуунд гардаг шиг.

-Ха-ха-ха-ха-ха! Ха-ха-ха-ха-ха! Эзэгтэй үдэж өгсөнгүй гээд цаадах нь үхчихгүй байлгүй дээ! Ха-ха-ха-ха-ха!

Тэгснээ аав гэнэт үсээ арзайтал үнгэн босож ирээд, торонд орсон арслан шиг өрөөн дотуур нааш цааш холхиж гарлаа. Нүд нь эргэлдээд л их хачин. Одоо бүр “Ха-ха! Ррр! Ха-ха! Рр!” хэмээн архирангуй инээж байна. Түүнийг хараад би ч даган баяслаа:

-Яалаа гэж үхэх вэ дээ! Ха-ха-ха-ха-ха-ха!

Гэтэл их сонин юм болов. Ээж босоод, ширээн дээрээс аяга авснаа өрөөний голд очин зогсож, нөгөө аягаа шалан дээр алдаж орхилоо. Хөөрхий аяга мянга хуваагдаад бутрав. Би:

-Ээж ээ, яаж байна аа? Яалаа гэж энэ вэ? гэлээ.

Харин аав:

-Зүгээр, зүгээр. Аяга хагарвал аз жаргал бэлгэддэг юм. Алив Дениска, хувцсаа өмс. Мишка руу явахгүй бол хоцорлоо! Гарч үз, загасыг нь хутгаар битгий идээрэй, овог нэрээ бүү гутаагаарай!  гэж хэлэв.

Би бэлэг сэлтээ хамж аваад Мишкагийнх руу харайлаа. Тэнд ч янзтай сайхан хөгжилдсөн дөө. Буйдан дээр нь үсрэлдэж, бараг таазанд тулсан байх аа. Зогсоо зайгүй үсэрч буусаар Мишкагийн нүүр бүр хөхөлбий өнгөтэй болсон гээд бод. Харин би эцэг, эхийнхээ нэрийг хөөтэй хутгасангүй, учир юунд вэ гэвэл тэднийх хоол өгөөгүй, ундаа чихэр л тавьсан байв. Бүх чихрийг нь хамж идээд, миний бэлэглэсэн хайрцагтай чихрийг ч хоосоллоо. Мишкад янз бүрийн бэлэг ирсэн л дээ: галт тэрэг, ном, усан будаг гээд л. Ээж нь:

-Үгүй ер өө, ямар олон бэлэг вэ, Мишук! Аль нь хамгийн их таалагдав даа? – гэж асуулаа.

-Ярихын хэрэг байна уу? Мэдээж, галууны улаан хоолой!

Ингэж хэлээд баярласандаа нүүр нь улайв.

Би эс хэллүү?

Виктор Драгунский

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22