Олон улсын мисс, модель, дизайнер, артист шалгаруулах тэмцээн, шагнал гардуулах ёслол Улаанбаатар хотноо ирэх сард болох гэж байна. Тодруулбал, “UG PALACE”-д ирэх сарын 6-нд зохион байгуулна. Энэхүү олон улсын наадмын зохион байгуулагч “Эвент мастерс” ХХК-ийн захирал М.Дорждэрэмтэй ярилцлаа.
-“International Awards 2024”-ийн зорилгоос ярилцлагаа эхлүүлье. Манай улсад болдог бусад загварын наадам, шагнал гардуулах ёслолоос ялгарах онцлог нь юу вэ?
-Дотоодын болон гадаадын загварын салбарынхан нэгэн тайзнаа чуулсан онцгой авардсыг зохион байгуулж байна. Энэ бол мисс, модель, дизайнер, инфлюенсер, артист шалгаруулах олон улсын тэмцээн. “International Awards 2024” бол Улаанбаатарт болж буй энэ зуны анхны олон улсын наадам. “International Awards 2024”-ийн ерөнхий зохион байгуулагч гурван байгууллагын тэгш ой энэ жил тохиож байна. Урлаг, соёлын ертөнцөд “Мисс Монголиа” холбоо 20, “Принцесс Монголиан Фэйшн” 10, “Эвент Мастерс” энтертайнмент 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулжээ. Тус тусдаа үндэсний зах зээл дээр танигдсан шоу, эвент зохион байгуулдаг. Энэ удаад хамтраад олон улсын томоохон тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна. “International Awards 2024”-ийн олон шалгаруулалт дунд миссийн тэмцээн болно. “Мисс Монголиа” холбоо өргөжиж “Монгол туургатан мисс” тэмцээнийг зохион байгуулсан туршлагатай. Энэ удаад олон улсын тэмцээнийг зохион байгуулж, хүрээгээ тэлж байна.
-Жуулчны улиралтай давхацсан учраас байгалийн үзэсгэлэнт газруудад зураг авалт хийх зэргээр эх орноо сурталчилсан эвент давхар зохион байгуулах уу?
-Хөтөлбөр, цаг хугацаанаасаа хамаараад мисс, моделиуд тэмцээнээс дөрөв, тав хоногийн өмнө Улаанбаатарт ирнэ. Ихэнх хугацааг нэгдсэн бэлтгэл хийх зэргээр тэмцээнд зориулах юм. Зураг авалтын хуваарь шахуу ч нийслэлд ойрхон байгалийн үзэсгэлэнт газруудад топ жуулчдын маршрутаар аялуулж, контент бэлтгүүлэх санаа байна. Монгол Улсын нэр гарч байгаа учраас хамтдаа хичээж, бүтэгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан хамтран ажиллах байгууллагуудын саналыг нээлттэй хүлээж авна.
-Монголын загвар зохион бүтээгчдийг гаднын зах зээлд таниулах чухал үйл ажиллагаа болох нь. Хэдийбээр анх удаа зохион байгуулж байгаа ч тэмцээн, шагнал гардуулах ёслолын имижийг та ямар өнцгөөс харж байна вэ?
-Манайхан дэлхийн аль ч брэндээс дутахааргүй урлаж байгаа ч дотоодын зах зээлээсээ хальж чадахгүй байна. Гадагшаа гарах, хүрээллээ тэлэхэд нь гүүр болох, монгол брэндүүдээ гаднын зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах давхар зорилготой байгаа. Мөн олон улсын стандарт, шаардлагыг хангасан гэрээт моделиудаа бэлтгэхийг чухалчиллаа. Энэ тэмцээнээс улбаалаад дараагийн шатны тэмцээнүүдэд оролцох байх. Имижийн тухайд Засгийн газрын хэрэгжүүлж буй “Welcome to Mongolia”, “Go Mongolia” төсөл, хөтөлбөрийг хувийн компаниуд хэрэгжүүлж чадаж байгаагийн илэрхийлэл. Бодит ажил хийж байгаа байгууллагуудаа төр, засаг маань дэмжээсэй. Төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулмаар байна. Загварын шоунаас илүү Монгол Улсыг сурталчилсан үйл ажиллагаа. Мисс, модель, дизайнеруудыг дагаад улс улсын хэвлэл мэдээллийн байгуулагын ажилтнууд ирнэ. Тэдний бичсэн, дамжуулсан мэдээ нийтлэл бол манай улсыг таниулах, жуулчдын хараанд өртөх том сурталчилгаа болно. Мөн инфлюенсерүүдийг урьсан нь цахим ертөнцөд Монголын тухай гэгээлэг, эерэг мэдээ түгээх зорилготой. Гаднын хэвлэл мэдээллийн байгууллагад захиалгаар нийтлэл, нэвтрүүлэг хийлгэвэл асар үнэтэй тусдаг шүү дээ.
-UG PALACE, Богд хааны ордон музейтэй хамтран ажиллаж байгаа гэдэг утгаараа тайз заслаасаа л эхлээд шоуны хөтөлбөр онцгой шинэлэг болох нь ээ?
-UG PALACE бол өнөөдрийн байдлаар Монголдоо хамгийн орчин үеийн заал танхимтай. Мөн бид нэмэлтээр зарим газартай хамтарч ажиллаж байгаа. Богд хааны ордон музейд хэвлэлийн бага хурлаа хийсэн нь учиртай. Энэ бол Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газар. Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон дааман хаалга байна. Олон улсад цацагдах контент учраас Монгол гэж ийм улс байдаг шүү, сүүлчийн хааны ордон нь одоо ч байдаг юм байна гэсэн сэдлийг аялагчдад төрүүлнэ. Мисс, моделийн тэмцээний хэвлэлийн хурлыг Богдын ордонд хийлээ гэж хүмүүс бодож болох юм. Тэгвэл Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар хэлэхдээ “Богд хаан бүх аймаг, хошууны гоо бүсгүйчүүдийг хүрээнд цуглуулж, шалгаруулдаг байсны жишээ нь Гэнэнпил хатан” гэж тодруулж байсан. Ийм сэжмээр авч үзвэл үндэслэлтэй. Аялал жуулчлалтай холбовол, аль нэг улсад очоод хамгийн түрүүнд музей, сүм хийд, хаадын ордноор зочилдог уламжлалтай. Тэр утгаараа бид Богд хааны ордон музейтэй уялдаатай ажиллаж байна.
-Цаашид уламжлал болгон зохион байгуулах уу?
-Тэгнэ. Цаашид цар хүрээгээ өргөжүүлэх бодолтой байна. Бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ярилцаж байгаа. Ойлголцож чадвал наадмаа “Ulaanbaatar International Awards” гэж нэрлэнэ.
-Тэмцээнд амжилттай оролцсон миссүүдэд ямар давуу тал бүрдэх вэ?
-Дэлхийн топ гурван тэмцээний нэг "Мисс Интернэйшнл 2024"-д оролцох эрхийг тэргүүн миссэд олгоно. 80 гаруй улсын гоо бүсгүй оролцдог нэр хүндтэй тэмцээн. Ер нь эхний таван байр эзэлсэн бүсгүйчүүд болон моделиуд олон тэмцээнд оролцох эрхтэй болно. Мөн олон улсын хөлөг онгоцны аялалд оролцож, контент бүтээнэ. Шагналын сан 300 сая төгрөг, ялагчдад хувааж авна.
-Тэмцээний тухай энэ хүргээд дуусгах уу. “Эвент мастерс” энтертайнментын ойрын төлөвлөгөөнөөс хуваалцана уу?
-Манайх салбартаа танигдаж ажиллаад 10 жил болжээ. Олон төрлийн эвент зохион байгуулахаас гадна продакшны үйл ажиллагаанд оролцож байна. Ойрын төлөвлөгөө гэвэл “Дивас оф Монголиа” төсөл. Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг гээд рок попын эмэгтэй дуучдыг бид мэднэ. Тэгвэл энэ цаг үеийн дива нарыг “Эвент мастерс” төрүүлж, хамтарсан уран бүтээл хийж олон нийтэд цацах гэж байна. “Амьдрах сайхан” төслөө ирэх намар эхлүүлнэ. Энэ бол монгол хүний амьд явах эрх хэрхэн хөндөгдөж буйг сөхсөн нийгэмд хандсан төсөл. “Мисс Монголиа” холбоотой хамтран Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтарсан миссийн тэмцээнийг зохион байгуулна. Ингээд дурдвал төлөвлөсөн ажил олон байна.
Х.Заяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна