Хөгжмийн хэмнэл нэрэгч берклийн монгол


Олон улсын мэргэжлийн уран бүтээлчдийн эгнээнд орон зайгаа тунхаглаад буй этник сопрано Болдбаатарын Уянгыг “Дэлхийн монгол” буландаа онцоллоо. Европын  “Форбс”-д түүний тухай  “Эртний соёл иргэншлийг эргүүлж авчирсан хоолой” хэмээн тодорхойлжээ. Инана нэрээр  уран бүтээл туурвиж, Холливудын кино, видео тоглоомын саундтрекийг дуулдаг. Эдгээрээс хамгийн алдартай нь “Дисней” студийн “Мулан” бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл, Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны дуу юм. Румын улсын нийслэл Бухарестын симфони найрал хөгжимчидтэй хамтран “Бэтман: Харанхуйн баатар” киноны сюитийг дуулсан нь мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авчээ. Б.Уянгын уран бүтээл эрс тэс хоёр урсгалыг нэгтгэж, уртын дуунаас рок руу шилжиж чаддагаараа онцлогтой юм.

 

Хөгжмийн бүх урсгалыг амьдруулагч

 

Б.Уянга дэлхийн шилдэг хөгжмийн сургуулиудын нэг Беркли  коллежийг төгссөн анхны монгол хүн. Гэр бүл, эцэг, эхийнхээ хүсэлт, шаардлагыг үл огоорон урлагийн хүн болох шийдвэртээ хүрчээ.  Түүний зорилго бол энэ ертөнцийг илүү сайхан газар болгох. Учир нь хөгжим хүнийг үндэс язгуур, шүтлэг эс харгалзан нэгтгэж чаддаг увдистай.  Сонгодог хөгжимд дурлаж, төгөлдөр хуур тоглож өссөн тэрбээр Берклид ирээд үндэстэн угсаатнуудын этгээд, чамин хөгжмийн зэмсгүүдийг сонирхох болжээ. Чадвараа аль болох төрөлжүүлж, зогсолтгүй хөгжүүлэхийг эрмэлздэг зандаа хөтлөгдөн сурсаар 40 орчим хөгжмийн зэмсгийг эзэмшжээ. Бостон хот дахь Беркли хөгжмийн коллеж түүний харах өнцгийг тэлж, гайхалтай олон уран бүтээлчтэй танилцуулж, мэргэжлийн замналыг нь эхлүүлсэн. АНУ-д нэр хүндтэй “Орчлонгийн хэмнэл” наадамд Монгол үндэстэн, Ази тивийг төлөөлөн оролцдог идэвхтэй оюутан байв. Бухарестын симфони найрал хөгжмийн чуулгын урилгаар “The Masterpiece Experience” тоглолтод оролцсон нь олон хүнд хүрчээ. Харвардын их сургуульд Ерөнхийлөгч асан Билл Клинтонд  хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцсон нь киноны хөгжмийн зохиолчдын анхаарлыг татжээ. Холливудад хийсэн анхны найруулга нь  “Амазон”-ы шинэ шоуны сурталчилгаа,  "AwareNow" подкастын сэдэвчилсэн хөгжим байлаа. Бөмбөр, гитар, хэнгэрэг зэрэг уламжлалт хөгжмийн зэмсэг бүхий өвөрмөц, амьд тоглолтуудаараа алдартай.  Тэрбээр “Оскар”-ын шагналт хөгжмийн зохиолч Марко Белтрами, “Грэмми”-ийн эзэн Остин Винтори нартай хамтран ажилладаг. Мөн “Google Japan” төсөл, “Бостон” балетын тусгай үзүүлбэрт оролцож, карьераа ахиулж, Бээжин хотноо болсон цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Бостоны симфони оркестртой тогложээ. Б.Уянга оркестртой хамтран ажилласан тухайгаа “Хөгжмийн, хүн төрөлхтний сайн сайхан оркестрт цогцолсон байдаг. Зуун хөгжимчний насан туршийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн нэгэн цэгт нэгдэх нь үгээр илэрхийлшгүй гайхамшигтай зүйл” гэжээ. Видео тоглоомын салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг “Blizzard Entertainment”-ийн “Overwatch”, “Hero Wars 2”, “Riot Games” болон Хятадын зах зээлд алдартай “Tencent's Moonlight Blade”, “Honor of Kings”, “Grains”, “Revelation Online” зэрэг тоглоомын соло дуунуудыг дуулжээ. Виртуал хөгжмийн зэмсгийн шилдэг бүтээл үйлдвэрлэгч “East West Sounds”-ын худалдаанд гаргасан  “Эзэнт гүрний дуу хоолой”-г уртын дууны арга барилыг орчин үеийн этник урсгалтай нэгтгэснээр онцгой бүтээл болжээ. Өчигдөр монгол уртын дуу, өнөөдөр англиар поп, маргааш францаар жазз, дараа  өдөр нь орос ардын дуу, цаашлаад амазон маягийн эпик бүтээл гээд байж болох бүхий л төрлөөр дуулах чадвартай  түүнд зориулж Холливудын хөгжмийн зохиолчид  тусгай бүтээл бичдэг. Хөгжмийн ертөнцийн тухай дагнан бичдэг “Electronic Musicians” сэтгүүлд "Инана Болдын ур чадвар нь гайхалтай, техникийн чадвар нь дэлхийн жишигт нийцсэн. Сэтгэл татам дуугаралт, хөгжмийн хэм хэмнэл, хэллэг ур чадвар нь чагнах эхний агшин төдийд эзэмддэг. Хөгжмийн суурь бөмбөр,  гитар гэх мэт дуу авианы олон төрөл зэмсгүүдийг хэрэглэснээр дуугаралтыг илүү баялаг болгосон. Ийм авьяастан ховорхон байдаг. Гоёмсог, цар хүрээтэй хоолой, чадвараараа киноны дуучдын үнэлгээг шинэ түвшинд хүргэсэн” гэжээ.

 

Мартах учиргүй язгуур угсаа

 

Москвад төрж, Швейцарт өссөн, Хойд Америкт уран бүтээл туурвидаг түүний зарчим  монгол угсаагаа ямагт санаж явах. Тийм ч учраас “Эх орноо би зүүдэллээ...” “...Салхи миний нэрийг дуудаж байна...” гэсэн шүлгийн үгтэй дуу бичжээ. Барууны орчин үеийн хөгжмийн сургуульд элсэхдээ R&B, поп хөгжим сурна гэсэн догдлол дүүрэн иржээ. Берклид 19 настай, жаахан  охин шалгалт өгөхдөө монгол дээлээ өмсөөд  уртын дуу дуулна гэж бодоогүй биз. Зүгээр л энгийн хувцастай очоод л франц хэлээр зохиосон  дуугаа дуулжээ. Тэр үед францаар цомог гаргасан байв. Магадгүй, тухайн үед шалгалт авч байсан багш нар  монгол охин гарч ирээд францаар дуулахад гайхсан болов уу. Мэдээж Берклийг төгсөхийн тулд их олон шалгалт, шалгуур давсан. Олон улсын оюутнууд үндэсний хөгжмөө тоглоно.  Гоё хөгжим, мөрөөдөлд тэмүүлэх Уянгад Беркли эхлээд чи хэн бэ, үндэс язгуур чинь хаана байгааг ойлгуулав.  Сурч эхлээд өөрийнхөө гэсэн өвөрмөц шинж төрхийг гаргаж ирэх нь илүү сонирхолтой санагдав. Хэний ч сэтгээгүй, чадахгүйг хийх ёстойг ойлгожээ. Боломж, сонголтын араас хөөцөлдөхийн оронд өөрийгөө хөгжүүлэв. Салбарынхантайгаа танилцаж, холбоо тогтоох гэж байнга л элдэв нетворкинг арга хэмжээнд очно. Тэр бүрд нэг л хөндий хоосон мэдрэмж төрөхөд уламжлалаа уудалж эхлэв. Монгол хүнээс ямар хөгжим, аялгуу гардгийг бусдад харуулахыг, сонсгохыг хүсчээ. Ингэж өөрийгөө олсон тэр цагаас Инана гэдэг дуучны карьер дардан үргэлжилсэн байна.

 

Ганц дайчин ганцаардахгүй

 

Улс бүрийн авьяастнууд цугласан өрсөлдөөнтэй салбарт хөлөө олох  амаргүй. Соло уран бүтээл туурвихыг хүсвэл соргог байх хэрэгтэй. Тэр тэмцэл дунд боломж бүрийг  алдалгүй атгах сүйхээ, уран бүтээлийн эрэл хайгуул зогсолтгүй хийх нь чухал. Иймд Б.Уянга богино хугацаанд олон дуу гаргах, шахуу ажиллахыг чухалчилна. Дуу бичих, найруулах, эвлүүлэх, студийн ажил болон олон нийтэд зориулж байршуулах дэс дарааллыг биечлэн хариуцдаг. Лос-Анжелесийн кино урлагийн сургуульд дууны инженерингийн чиглэлээр суралцсан тэрбээр дуу бүтээх бүхий л үйл явцаа нарийн төлөвлөдөг. Тайзан дээр дуулахдаа ч дууны мэргэжилтэн, инженерүүдтэй чөлөөтэй ойлголцоно. Хамгийн гол нь ямар ч нөхцөлд, хүссэнээрээ бүтээж туурвих эрх чөлөөтэй уран бүтээлч. Гэр студид нь асаагаад л шууд тоглохоор тохируулаад бэлдчихсэн бүх зэмсэг,  төхөөрөмж нэг дор байдаг учраас тохируулга хийж цаг алддаггүй. Хоолойгоо бичихдээ гэрийнхээ гадна байдаг тусгай бүхээгт орж, бусад бичлэгээ доторх студидээ өөрөө хийнэ. Дуулах, хөгжим бүтээх үйл явц нь түүнд эрч хүчний ундарга болж, үргэлж л эерэг сайхнаар цэнэглэгдэж байдаг. Ой мод, уулсаар хүрээлэгдсэн сайхан газарт амьдардаг болохоор гарах болгондоо л байгалиас эрч хүч авч, сэтгэл тэнийдэг аж. Цаг минут тутамд сая сая ам.доллар дансанд нь ордог поп од биш ч сайн дурын ажилд идэвхтэй оролцоно. Цар тахлын үеэр “Cowboy Bebop” анимэ цувралын саундтрек “Billboard” чартад бичигдэж, хэдэн зуун мянган ам.доллар цугларсныг “Doctors Without Borders” олон улсын байгууллагад хандивлажээ.

Сүүлийн жилүүдэд АНУ даяар идэвхжээд буй, азиудыг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөний дэмжигч бөгөөд Бостоны ахмадын асрамжийн газруудад тоглолт зохион байгуулдаг аж. Хөгжмийн салбарынхан үргэлж л урьд сонсогдоогүй, шинэ зүйлийг эрж хайдаг. Тиймдээ ч зах хязгааргүй тэлж хөгжиж байна. Уянга хөгжмийг урлагийн бусад чиглэлүүдтэй хослуулан шинэлэг бүтээл гаргахыг эрмэлзэж, янз бүрийн уран бүтээлчидтэй сонирхолтой төслүүд хэрэгжүүлдэг. Амьтны эрхийг хамгаалахын төлөө, “Animals Facing Left” нэрээр бүтээл туурвидаг, израил уран бүтээлчтэй хамтарсан байдаг.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24603/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22