Раскольниковыг тархинд минь амьдруулсан Ц.Гомбосүрэн


Оросын сонгодог уран зохиолоор хүмүүжсэн үеийнхэн Ф.М.Достоевский гэдэг нэрийг андахгүй. Яагаад гэхээр 1980-аад оны дунд үед аавын маань бор өнгийн томоо гэгчийн номын сангийн өрөөстэй олон номын дунд Достоевскийн “Дорд үзэгдэгсэд” роман байсан болохоор би тэгж ойлгоод байгаа юм. Тэр романыг Г.Амар агсан орчуулсныг би хожим л мэдсэн дээ. Том болсон хойноо тэр романыг Достоевскийн анхных нь орчуулгын хэвлэлт байсан байх гэтэл үгүй юм билээ. Бүр 1950 оны үед  Н.Наваан-Юндэн гуай “Ядуу хүмүүс”-ийг орчуулж байжээ. Харин би түүний бүтээлүүдтэй 2012 оноос хойш танилцаж билээ. Хоёр талынхаа цонхоор харахад уулнаас өөр ханьгүй хөдөөгийн аглаг буйдханд, том жижиг дөрвөн дугуйт тэргэнцэр дээр орчуулагч, дипломатч Ц.Гомбосүрэн гуайн хөрвүүлснээр Санкт-Петербургийн шавар шавхайт гудамжаар өлсөглөн оюутан Родион Раскольниковын хамт мөнгө хүүлэгч эмгэнийг хөнөөх хорон санааг нь хэрэгжүүлэхээр өндөлзөж явлаа. Миний Раскольниковын дотоод ертөнцийг уудлан, түүний буруутгалаа зөвтгөх ээдэрсэн  бодол дунд нь суусан тэдгээр өдрүүд. Түүнээс хойш миний тэргэнцэрт хадаастай он жилүүд Ф.М.Достоевскийтэй хамт Санкт-Петербургийн гудамжийг нэгжиж, хөдөө тосгонд очиж, хөлчүү орос эрчүүдтэй наргиж, эцэг хөвгүүдтэй хамт айлынх нь бүсгүйг эргүүлж явсан. Түүний амьдрал Санкт-Петербургийн гудамжтай салшгүй холбоотой байсан шиг миний амьдралын зурвасхан тэр үе ч бас хамт байсан юм. Яагаад ч юм Достоевскийн амьдралыг би өөрийнхтэйгөө адилхан гэж бодох нь бий. А.С.Пушкинийг нас барсан жил ээж нь өөд болоход л тэр Санкт-Петербургт ирж, олон жилийн турш хөлсний байр хэсэж амьдарсан байдаг. Энэ явдал миний амьдралын тэр уйт өдрүүдтэй тун ижил. Тэрбээр хамгийн сүүлд “Карамазовын хөвгүүд” романаа бичиж дуусгасан юм билээ. Энэ романдаа тэр өөрийн бүх философи, үзэл санаа, ирээдүйд хэлэх үгээ шивнэж төгсгөсөн гэж надад санагддаг.

Мөнөөхөн романд намайг татан оруулж, түүн шигээ Достоевскийгээр амьдруулж амьсгалуулсан хүн нь орчуулагч, дипломатч Ц.Гомбосүрэн гуай. Түүний чадвар Орос хэлнээс буулгаж Достоевскийн тархин дотор намайг амьдрахыг хүстэл хөрвүүлж чадсан нь гайхамшиг.  Ц.Гомбосүрэн гэдэг эрхмийг БНМАУ-ын сүүлчийн ГЯЯ-ны сайд, Ардчилсан Монгол Улсын анхны ГХЯ-ны сайд байхыг нь мэдэх ч нэрт орчуулагч-дуун хөрвүүлэгчдийн нэг гэдгийг мэдээгүй явсан минь үнэн. Гэтэл 1960-аад оны төгсгөлөөс эхлэн орчуулгын бүтээл туурвих замд олом жирмээ чангалаад мордсон нэгэн аж.

Энэ эрхэм ШУА-ийн ОУСХ-ийн хүндэт доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн бөгөөд Оросын нэрт зохиолч В.Астафьевын "Хаан загас", А.Рыбаковын "Арбатын хүүхдүүд", "Айдас", "Үнс чандруу", И.Ильф, Е.Петровын "12 сандал", "Алтан тугал", Ф.М.Достоевскийн "Гэм зэм", "Карамазовын хүүхдүүд", "Солиот" зэрэг 20 гаруй сонгодог бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн ажээ. Оросын нэрт зохиолч Юрий Трифоновын гурван туужийг 2015 онд анх удаа монгол хэл рүү орчуулсан. Түүнээс өмнө Ю.Трифоновын бүтээл Монгол Улсад огт хэвлэгдэж байсангүй.

Исламын шашны хөлгөн судар болох "Коран"-ыг анх монгол хэл рүү хөрвүүлсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаярын санаачилсан "Дэлхийн уран зохиолын 100 шилдэг бүтээл"-ийг эх хэлээрээ хэвлэн түгээх ажилд багтсан. Ц.Гомбосүрэн сонгодог утга зохиолын монгол орчуулгыг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлэгддэг. Орчуулагч, тэр дундаа уран зохиолын бүтээлүүдийг эх хэлнээ буулгаж уншигчдын тархи, зүрхэнд амтлуулан үлдээнэ гэдэг хэн бүхний чаддаг ажил ч биш дээ. Ц.Дамдинсүрэн А.С.Пушкиний “Алтан загасны үлгэр”-ийг зохиолчийн бичсэнээс ч илүү хөрвүүлж монгол уншигчдын сэтгэлд хадаж чадсан гэдэг. Хиймэл оюун ухаанаар хөрвүүлсэн мэт амьгүй уран зохиолыг хэн ч уншихгүй. Орос үндэстний сэтгэл хөдлөл, үзэн ядалт, өс хонзон, увайгүй араншинг Монгол болтол нь хөрвүүлнэ гэдэг зохиолчийн онгод, орчуулагчийн ур чадвар шаардах ажил. Тэрбээр энэ тухай асуусан нэгэн сэтгүүлчийн асуултад “Би зохиолчоо л дагаад явчихдаг юм. Матарлаж байгаа бол ядаж бага матарлаж эх зохиолд маш хүндэтгэлтэй хандах ёстой. Ф.М.Достоевский их яарч бичсэн учраас найруулга энэ тэрийн дутагдал бол бас бишгүй таарна. Гэхдээ бид засварчид биш орчуулагчид. Жишээ нь нэг өгүүлбэрт “гэнэт” гэсэн үг хоёроор тогтохгүй таарна. Нэг хоёрыг нь хасчихвал зүгээр ч юм шиг. Гэтэл мань хүн сэтгэл нь хөдлөөд биччихсэн байгаа. Уншигчид аягүй бол энэ Ц.Гомбосүрэн дурак чинь “гэнэт” гэдгээс өөр үг мэддэггүй юм уу гэх болно. Тулгаж унших хүн цөөн. Орчуулагч хүн ийм юмны эрхшээлд байдаг. Ф.М.Достоевскийг Оросууд ч өөрсдөө “найруулгын хувьд гавьдаггүй” гэж хэлдэг. Гэтэл нөхөр Л.Н.Толстой аль романаа ч билээ арван гурав зассан гэж ярьдаг. Тэгж найруулгаа төгс болгодог хүн байж. Манай хүн бол өрөнд баригдчихсан болохоор цаг хугацаанд шахагдаж бичсэн. Тийм ч шалтгаанаар Анна Григорьевна гэж бүсгүйтэй ажиллаж, сүүлдээ ханилж суусан шүү дээ. Энэ тухай гэргий нь хожим сайхан дуртгал бичсэн нь бий” хэмээн хариулсан нь бий. Ц.Гомбосүрэн гэдэг эрхмийг би танихгүй. Гэхдээ орчуулагчийнх нь хувиар уран бүтээлүүдээр нь танилцаад уджээ. Тийм ч учраас номын дэлгүүрт ороод орчуулгын номын тасгийн номнуудыг эргүүлэхдээ хамгийн түрүүнд орчуулагчийг нь хардаг. Орос хэлнээс орчуулсан Ц.Гомбосүрэн гэдэг нэрийг харвал огтхон ч эргэлзэхгүйгээр худалдан авна. Хэл найруулга сайтайгаас гадна энэ эрхэм хэзээ ч муу бүтээл барьж авахгүй гэдгийг мэдээд байгаа шүү санаатай. Номын сантай айлын номын санд түүний орчуулгын бүтээл заавал байх ёстой номуудын нэг гэж бодогдоно.

Ц.Гомбосүрэн гуай Сүхбаатарын болон "Алтан гадас" одонгоор шагнуулж байсан юм билээ. Монгол төрийн зүтгэлтнийхээ хувиар "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" дипломат цолыг 1991 онд хүртэж, уран бүтээлчийнхээ хувиар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг 2005 онд хүртсэн байдаг. Түүний орчуулсан Ф.М.Достоевскийн агуу таван романаараа “Төрийн” дээд шагнал хүртэх эрхтэй.  

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22