Үйл явдал олонтой ч үймээн шуугиан багатай долоо хоног өнгөрлөө. Иргэн Р.Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг нэг хувь болгон бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлсэн. Түүний энэ саналыг дэмжиж 100187 иргэн саналаа өгсөн байна. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийтийн өргөдөлд дурдсан уг асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлж байгаагаа мэдэгдлээ. Хэрвээ энэ хууль батлагдвал иргэд, бизнес эрхлэгч, ажил олгогчдын төлж буй татварын хувь хэмжээ есөн хувиар буурах юм.
Сүүлийн үед цахим донтолт түгшүүрийн харанга дэлдэж, цахимаар мөрийтэй тоглодог иргэдийн хохирлын хэмжээ хэрээс хэтэрсэн. Тиймээс Засгийн газар УИХ-д Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр Монгол Улс мөрийтэй тоглоомоос болж мөхөлд ч хүрч болзошгүй нөхцөл байдалд хүрээд байгааг гишүүд анхааруулав. Сүүлийн жилүүдэд 500-гаад сая ам.доллар гадагшаа урссан. Үүний 430 орчим сая ам.доллар нь цахим казино руу орсон мэдээлэл байна. Өнөөдөр Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй дотоодын гурван аж ахуйн нэгж байдаг. Тэд гурван тэрбум төгрөг татварт төлөх байсан ч нэг ч төгрөг төлөөгүй байгаа аж.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжээд яг нэг жил өнгөрч байна. Тус хуулиар стратегийн болон үүсмэл ордын 34-100 хувийг төр эзэмшиж, ордуудын ашгаас иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлал үүсгэх боломж бүрдсэн юм. Иргэд хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах боломжтой гэж Засгийн газар тайлбарлаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой ордууд төрийн мэдэлд орж ирсэнгүй. Засгийн газар стратегийн 16 орд дээр хувийн хэвшлүүдтэй хэлэлцээр хийе гэсэн саналаа илгээсэн ч бүгд таг чиг байна. УИХ-ын гишүүн Н.Учрал чуулганы хуралдааны үеэр “Хариуцлагатайгаар хэлэхэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан Х.Баттулга та Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржинийн арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем үүсгэн, 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан чинь ч үнэн. "Байгалийн баялгийг иргэддээ өгье" гэж ярьж яваа чинь ч үнэн. Тийм учраас би Баялгийн сангийн тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчийн хувьд та өөрийн хутгасан энэ асуудлыг нэг талд нь гаргаж, энэ олон компанитайгаа учраа олж асуудлыг шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна” гэж мэдэгдсэн. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга хэвлэлд ярилцлага өгсөн бөгөөд “Төгрөг нуурын ордыг минийх гэдгийг баталчихвал 100 хувь төрд өгье” хэмээн даапаалж, ёжилсон өнгө аяс бүхий тайлбарыг хийсэн. Тэгвэл түүний энэ үгийн хариуд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 507 хуудас бүхий материал дэлгэж, “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудал байгаа тул АТГ, прокурорт албан ёсоор хандаж буйгаа зарлалаа. Ингэхдээ тэрбээр “Төгрөг нуурын ордыг Х.Баттулга 250 сая ам.доллароор зарсан болохыг би баримтаар нотолж байна. Нийт 1000 нүүр, гурван улс, гурван оффшор бүсийн баримт, бүртгэл, албан ёсны эх сурвалж, санхүүгийн дүн шинжилгээгээр нотолж байна. 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулгын 90 хувь, Я.Батсүхийн 10 хувийн эзэмшил бүхий хамтран үүсгэн байгуулсан “CAMEX” компани нь “Төгрөг нуурын энержи” компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт байна. Улмаар хэрхэн, ямар замаар хувьцаагаа шилжүүлэн компаниас компани, үндэстэн дамнуулан худалдсан болохыг нотлох хөдөлшгүй нотлох баримтууд, албан ёсны баталгаатай эх сурвалжууд, санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ бий. “Төгрөг нуур” нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “САМЕХ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн болон бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас шаардлагатай тохиолдолд санхүү, эдийн засгийн шинжилгээний зөвлөх үйлчилгээ авахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, тус асуудлаар мэдээлэл солилцох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр Британийн Виржинийн арлууд болон Кайманы арлууд, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Бүгд найрамдах Сингапур улс зэрэг улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэлд, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын тогтоолд заасан ашигт малтмалын ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх асуудлыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг яаралтай боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд тус тус даалгалаа.
Харин ард нийт алдагдсан ордынхоо эрэлд гарлаа. Олны анхаарлын төвд гэнэт орж ирсэн Төгрөг нуурын орд нь Төв аймгийн Баян сумын нутагт оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 130 км зайтай. Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд нь Чойр-Нялгын сав газарт хамаардаг. Доод цэрдийн настай хүрэн нүүрс бүхий давхарга эзэлдэг. Одоогоор ордын талбай хэмжээ 20-30 км хэмээн тооцоолсон. Төгрөг нуурын хүрэн нүүрсний нөөц нь урьдчилсан таамгаар гурван тэрбум тонн бөгөөд эрчим хүчний нүүрсний нөөцийг илүү нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн эрдэмтэд үздэг. Төгрөг нуурын бүлэг ордод 10 гаруй компани лиценз эзэмшдэг юм байна. Уг нь Төгрөг нуурын ордын хайгуулыг 1983 оноос улсын төсвийн хөрөнгөөр хийжээ. Гэхдээ өнөөдөр хэний өмчлөлд очсон нь тодорхойгүй байгаа юм. Ямартаа ч “Төгрөг нуурын энержи” компани ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг, Норовсамбуу гэх нэг эзэмшигчтэй, “CAMEX” компанид харьяалагддаг гэсэн бүртгэл бий. Тэгвэл “CAMEX” компанийг 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга үүсгэн байгуулж, УБЕГ-т бүртгүүлэн, гүйцэтгэх захирлаар нь Я.Батсүх гэдэг хүнийг томилж байжээ. Улмаар уг компаниараа дамжуулан “Төгрөг нуур”-ын орд газрыг эзэмшигч “Төгрөг нуурын энержи” компанийг 1.300.000 ам.доллар (10.1 сая хонконг доллар)-оор худалдан авсан. Дараа нь Сингапурын хятад Билли Лим, Сингапурын улстөрч Еээ Чү Лонг нар "САМЕХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Мөн Сингапурт бүртгэлтэй “Женко холдинг” компанийн хамтран эзэмшигч, бизнесийн төдийгүй гэр бүлийн найз болох Сингапур улсын иргэн Тан Ка Хок, Еээ Чү Лонг, БНХАУ-ын иргэн Билли Лимийн төрсөн хүү болох Деннис Лим нарыг “Төгрөг нуур”-ын ордыг эзэмшиж буй “САМЕХ” компанийнхаа 54.5 хувийг эзэмшигч мөн хэмээн 2007 оны зургадугаар сарын 26-ны өдөр УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэл мэдээлэлд бүртгүүлсэн албан ёсны баримт ч сөхөгдөв.
Үүний зэрэгцээ Төгрөг нуурын ордын хүрэн нүүрсийг ашиглан утаагүй түлшний үйлдвэр байгуулахаар ажиллаж байсан эрдэмтэн Л.Дүгэржавын охин АТГ-т хандан гомдол гаргалаа. Тэрбээр “Миний аавын лицензийг булааж авсан. Аав маань эрүүл саруул явж байгаад гэнэт нас барсан. Миний ааваас гадна Төгрөг нуурын ордын лицензтэй холбоотой хоёр ч хүн нас барсан. Сүүлийн үед маш их дарамт шахалт ирж байгаа учраас намайг хамгаалалтад авахыг хүсэж байна” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Үүнээс харахад Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд газрын лциензийн цаана томоохон маапаан нуугдаж байгаа нь тодорхой болов.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулга хийлээ. Олон жилийн турш яригдаж байгаа хий дамжуулах хоолойн төсөл ямартаа ч гараанаасаа гарч, ТЭЗҮ-ийг 2022 оны нэгдүгээр сард батлуулж, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг хийж дуусгажээ. Энэ оны гуравдугаар улиралд багтан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм байна. Байгалийн хий дамжуулах хоолой нь хойд хилээс урд хил хүртэл 958.6 км үргэлжилж, зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур тавигдахаар зураг төсөл нь гараад байгаа гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт АН-ын 35 жилийн ой тохиов. Энэ өдөр тус намын дарга Л.Гантөмөр “Ардчилсан намын нэг онцлог бол монголчуудын хүсэл мөрөөдөл дээр монгол хүмүүс нэгдэж нийлж байгуулсан нам” хэмээн бахархалтайгаар ярьсан ч намын гишүүд нь хоорондоо зодолдож, зарим нь хөөгдөж гарснаар баярын хурал нь үргэлжлэв. Хурлын үеэр зарим гишүүн “Лу.Гантөмөрөөс салцгаая бид 2027, 2028 оны сонгуульд ялмаар байна” хэмээн хашхирч, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "Хулгайд сэрдэгдээд, сонгуулийн өмнө хүүхэн шиг гийнаж байгаад жагсаалтаар ороод, сайд болсон Ж.Батсуурийг ҮБХ-ны даргаас огцруулах ёстой. Хоёрдугаарт, УИХ дахь хулгайчдаасаа салах ёстой. Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн баруун гарын найз Г.Хосбаяр гэгч этгээд 197 сая төгрөгийн хахууль өгч ажил үйлчилгээ аваад, тэр хэмжээгээрээ УИХ-д орж ирсэн. Энэ хүний хөрөнгийг хураах талаар ярих ёстой” гэж ярилцлага өгөв. Мөн энэ хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэхдээ "Ардын намынхан биднийг хатавчинд байгаа юм шиг дээрэлхэж байна. АН-аас Засгийн газарт найман сайд томилогдсон. Гэтэл өнөөдрийг хүртэл 23-хан бүтээмжийн менежер томилж байна” хэмээн гомдлын үг чулуудсан нь цахим орчинд олны дургүйцлийг төрүүллээ. “Бүтээмжийн менежер” гэдэг албан тушаал шинээр гаргаж, өндөр цалин хөлс олгож байгааг иргэд эсэргүүцэж байгаа юм. Гэвч АН-ынхан албан тушаал горилж, бүтээмжийн менежер нэмэхээр улайрч байгаа нь утгагүй асуудал хэмээн дургүйцэх хүн олон байна.
Олны анхаарлыг татсан "Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт шийдвэрээ гаргав. Хотын дарга Д.Сумъяабазарыг суудлаас нь буулгаж, Түгжрэлийн сайдыг хөлдөө чирсэн энэ хэргийг шүүх хянаад Ж.Сүхбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайд том асар майхан засаж Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан. Уг нь энэ үеэр "Узбек хоолыг хэн хурдан идэх вэ" тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байсан ч хэт олон хүн цугларч, сүүлдээ хоол нь дуусаж, цахим орчинд багагүй маргаан дэгдээж амжив.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-өөс иргэдэд 2024 оны ногдол ашиг болгон нэг их наяд 38 тэрбум төгрөг хувaaрилах шийдвэр гаргасан. Эхний ногдол ашиг болох 121500 төгрөгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд, хоёр дахь ногдол ашиг болох 100 мянган төгрөгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд шилжүүлсэн бол одоо үлдэгдэл 93499 төгрөгийн шилжүүлгийг энэ сарын сүүлээр олгохоор болсноо зарлаж, мөнгөө хуримтлалд хийх үү, эсвэл дансандаа авах уу гэсэн санал асуулга ebarimt.mn сайт дээр эхлээд байна. Иргэдийн санал асуулгын үр дүнд үндэслэн 1072 хувьцааны үлдэгдэл ногдол ашгийг хуваарилна. Цаашид Баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулаад заавал бэлэн мөнгөөр тараахгүй, сонголттой болгох нь зүйтэй гэж Засгийн газар үзэв.
Ямартаа ч өнгөрсөн долоо хоног дарга нарт ээлтэй байлаа. Тодруулбал, АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарыг улираан томилсон нь долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байсан юм. АТГ-ын даргаар зургаан жил ажилласан З.Дашдавааг дөрөвдүгээр сарын 2-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилсон бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг мөн улираан томилох саналыг УИХ-д танилцуулав. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг улираан томиллоо.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна