Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажиллаж байна



УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Учралтай ярилцлаа.

-Нийслэлийн МАН-ын хорооны 100 жилийн ойтой холбогдуулан тантай ярилцаж байна. Таны хувьд 2024 онд анх удаа тойрог  тэргүүлэн сонгуульд оролцож, гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.  Ер нь МАН-тай анх хэрхэн ажил, амьдрал холбогдсон түүхээс бидэнтэй хуваалцана уу?
-Би 2009 онд Англид магистрын зэргээ хамгаалж ирээд тухайн үед МАХН үзэл баримтлалдаа тодотгол хийж, МАН болон шинэчлэгдэж байх үед нь гишүүнээр элсэж байлаа. МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага буюу хуучнаар МАСЗХ маань НАМЗХ болж нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг үндсэн зорилгоо болгож ажиллахаа тодотгон зарласан тэр цаг үеийн  гишүүн нь болж байсан юм.  Миний адил гадаадад боловсрол эзэмшээд дөнгөж эх орондоо ирсэн, хувийн хэвшил болон бизнесийн салбарт ажиллаж байсан залуучууд улс төрийн сонголтоо хийж байсан үе л дээ.

 Энэ ч утгаараа МАН-ын шинэчлэлийн үед элсэж, гишүүн нь болж байсандаа баяртай байдаг. Миний хувьд МАН-д элссэнээс хойш НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүрэгт Үүрийн даргаар ч ажиллаж байлаа. Дараа нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн дарга, МАН-ын Бага хуралд Хэнтий аймгаас хоёр удаа, Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргээс ч мөн сонгогдон ажиллаж байлаа.  МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, тухайн үеийн холбооны Ерөнхийлөгч, өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удирдлага дор ажиллаж байсан юм. Харин энэ цаг үед мөн л Монгол Улсын Засгийн газарт хамтран зүтгэж байна. Мөн үүний зэрэгцээ  намын бодлого, шийдвэрийн дагуу энэ цаг үед Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог тэргүүлэн ажиллаж байна. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нэгтгэснээр миний бие анх удаа УИХ-ын сонгуульд тойрог удирдаж оролцлоо. Манай Сүхбаатар бол Улаанбаатар хотын өнгө үзэмжийг илтгэдэг дүүрэг. Засаг  захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй хувь нь төвлөрсөн, хуучин цаг үед нам, төрийг удирдаж явсан олон сэхээтэн энд ажиллаж, амьдардаг дүүрэг. Тийм учраас дүүргийн намын хорооны даргын хувиар,  дүүргийнхээ намын гишүүдтэй уулзаж,  санаа бодлыг нь сонсоход  улс орны эдийн засгийг урагшлуулахад, өнөөдрийн эрхэлж буй ажлаа явуулахад ч тус дэм болохуйц  олон санаа, шинэ шийдлийг хэлж зөвлөдөг онцлогтой.  Энэ бол Хотын намыг төдийгүй МАН-ыг болон  яам, тамгын газар  удирдаж явсан олон шилдэг сэхээтнүүд энэ дүүрэгт ажиллаж, амьдардгийн тод илэрхийлэл. Хотын намын хороо 100 жилээ тэмдэглэж буй энэ үед нэгэн эд эс нь болсон Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаадаа баяртай байна.  


-Таны хувьд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдоод удаагүй ч бодлогын шинэчлэл, хөгжлийн тодорхой санаачилгыг дэвшүүлэн ажиллаж  эхэлсэн. Энэ тухайд ямар ажлууд өрнөж байна вэ?
 -Миний хувьд 2023 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар  сонгогдсон. Түүнээс хойш бид  “Ухаалаг намаас-Ухаалаг дүүрэг 5G” хөгжлийн санаачилгыг Сүхбаатар дүүрэгтээ хэрэгжүүлж эхлээд байна. Тухайн хөгжлийн санаачилгын хүрээнд бид таван үндсэн зорилгыг дэвшүүлээд байгаа юм.  Үүнд хүнд сурталгүй, хүртээмжтэй, стандарттай, манлайлалтай, үр ашигтай аж төрж, амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг олон нийт, иргэд, дэмжигчидтэйгээ хамтран цогцлоох үйл хэргийг хэрэгжүүлж эхэлснээ энэ ташрамд дуулгахад таатай байна. Тус хөгжлийн санаачилгын дагуу цөөнгүй уулзалтыг бид дүүрэгтээ зохион  байгуулаад байна. Энэхүү хөгжлийн  концепцод тулгуурлан бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж намын анхан шатны байгууллагын ажлыг шинэ  шатанд гаргахаар 20 хорооны намын хороодыг 1-5 бүсэд бүсчлэн хувааж, Ахмадын холбоо, СДМЭХ, СДМЗХ, СДМОХ-дын даргаар сонгогдох хүмүүсийг дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн, тогтоолоор баталгаажууллаа. Түүнчлэн дүүргийн намын хороо нь дэргэдэх төрийн бус байгууллагуудаа өрөө, техник тоног төхөөрөмжөөр ханган хаягжуулж, өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулан ажиллах, гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн, намын бодлого шийдвэрийг танилцуулах. Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг сурталчлах, намын идэвхтэй дэмжигч залуусыг нэмэгдүүлэх, ахмадуудад болон зорилтот бүлэгт тусламж дэмжлэг үзүүлэхэд гадаад, дотоодын эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах, залууст чиглэсэн сургалт, урлаг спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах замаар иргэд сонгогчидтой ойр дотно харилцах нам ард түмний эргэх холбоог сайжруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байна.  Эдгээр  арга хэмжээг хэрэгжүүлэхэд “Ухаалаг хот”-ын гол зорилго болох ухаалаг технологи, өгөгдөлд дүн шинжилгээ хийж хот болон дүүргийн үйл ажиллагааг оновчтой болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилтыг Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд бид өнгөрсөн 2024 онд болж өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуульд чамлахааргүй амжилт үзүүллээ. Цаашид энэ ялалт, амжилтаа ахиулахын төлөө ажиллаж байна. 
Ер нь намын ажил бол хүнтэй ажилладаг л ажил. Хүний сэтгэл санаа, зовлон жаргал, мөрөөдөл, зорилт, алсын харааг сонсож, олны дунд бие биеэсээ суралцаж, зөв хүмүүжил, зөв хандлагыг бие биедээ өгч төлөвшүүлдэг ажил. Тийм ч учраас миний өнөөдрийн амжилттай яваа нь МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчид, намынхаа төдийгүй улс орныхоо эрх ашгийн төлөө үргэлж  тууштай зогсдог энэ олон гишүүдийн дэмжлэг, тэдний урам зориг дор бүрэлдсэн гэж  бодож, намынхаа гишүүд дэмжигчдээр бахархаж явдаг. Би түүхч хүн. Миний итгэл үнэмшил, үзэл баримтлал ч тэр 100 гаруй жилийн түүхтэй МАН бол бүх цаг үед ачааны хүндийг, маш олон сорилт, бэрхшээлийг тухайн цаг үеийнхээ шалгарлаар үүрч, давж ирсэн нам. Цаг хугацаа болгондоо өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн. Товчхондоо, МАН 100 гаруй жилийн хугацаанд хамгийн сайн залуужсан нам.  Энэ намын 15-16 жилийн хугацаан дахь цаг үеийн нэгээхэн хэсэг болж ажиллаж яваадаа бахархаж явдаг.
-Таны  намтар Нийслэлийн МАН-ын хороотой салшгүй холбоотой юм билээ. Намын ажлын төдийгүй улс төрийн гараагаа хэрхэн эхлүүлж байв? 
-2012 онд НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний хувиар шат шатны сонгуулийн штабт  анх орж ажиллаж байлаа. С.Батболд  Нийслэлийн намын даргаар ажиллаж байсан цаг үед түүний удирдлага дор залуучуудаа хариуцаад сонгуулийн бэлтгэл хангах чиглэлээр бүх талаар ажилладаг байлаа. Оюутнууд, залуучуудад хандсан олон талын арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан хэдий ч 2012 онд МАН УИХ-ын сонгуульд ялагдсан юм. Үүний дараачаар Орон нутгийн сонгуульд оролцох түүхэн үе ч тохиосон. Тухайн үед Хотын намын хорооны даргаар Ц.Сандуй  томилогдсоноор Орон нутгийн сонгуулийн бэлтгэл  ажлыг бид багаараа хангасан юм. Ц.Сандуй дарга тухайн үед олон залуучуудад Орон нутгийн сонгуульд нэр дэвших санал тавьсны нэг нь би.  “Хотын нам дээр шинэ салхи, дуу хоолой хэрэгтэй” гэж үзээд  одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн бид хоёрыг дуудаж, Хотын намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьсан юм.  Миний хувьд энэ саналыг маш талархалтай хүлээн авч, Хотын намын хорооны Улс төрийн хэлтсийн даргаар томилогдсон. Ингэснээр Улс төрийн хэлтсийн даргын хувьд би намын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, улс төрийн бодлого, байр суурийг нийгмийн сигмент бүрд хүргэхэд голлон анхаарч ажилласан юм.  Орон нутгийн сонгуулийн штабт олон нийттэй харилцах чиглэлийн ажлыг ахлан ажиллаж байлаа. Ингээд 2012 онд Орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөнөөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан юм.  2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хороонд Хэлтсийн даргаар, 2012-2016 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Ингээд 2015 онд МАН хамтарсан засагт орж ажиллах үед  одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх даргыг Шадар сайд байхад Зөвлөхөөр нь ажиллаж байлаа. Тухайн үед намын төдийгүй Засгийн газрын үйл ажиллагааг уялдуулах, олон нийтэд намынхаа бодлого, үйл ажиллагааг сурталчлах, зөв таниулах чиглэлээр залуучуудтайгаа хамтран олон ч ажлыг хийсэн. Хотын намын хорооны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа нийслэлийн есөн дүүргийн 152 үүрийг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх чиглэлээр  хотын хэмжээнд бид бүх талаар маш их ажилласан.  Үүний үр дүнд 2016 онд МАН шат шатанд  ялалт байгуулсан. Миний хувьд ч мөн УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа.
-Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэгтэй ажил, амьдралаараа холбоотой явж иржээ. 
-Миний ажил, амьдрал нийслэлийн олонх дүүрэгтэй холбоотой явж иржээ. Баянзүрх дүүрэгт төрж, өссөн, хүүхэд насаа өнгөрүүлсэн. Энэ дүүргийн төлөөлөгчөөр  улс төрийн гараагаа ч эхлүүлсэн. СХД-ээс хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Их улс төрд Сонгинохайрхан дүүргийнхэн маань намайг тосож авсан бол өнөөдөр Сүхбаатар дүүрэгтээ намын хорооны даргаар ажиллаж байна. Чингэлтэй дүүрэгтэйгээ нийлээд нэг тойрог болсон. Чингэлтэй, Сүхбаатар бол миний хувьд УИХ-д гурав дахиа сонгогдсон тойрог. Ингэж би нийслэл хотын олон дүүрэгтэй ажил амьдрал, хувь заяагаараа холбоотой явж иржээ. Таны хэлсэнчлэн Нийслэлийн МАН-ын хорооны 100 жил бол миний ажил амьдралтай, МАН-ыг сонгосон 16 жилийн хугацаан дахь бүх үйл хэрэгтэй шууд холбоотой.  Хотын нам гэдэг бол МАН-ын гол зүрх болсон намын байгууллага. 100 жилийн хугацаанд Хотын нам сайн ажилласан цагт МАН үеийн үед ялалт байгуулж ирсэн. Нийслэлийн МАН-ыг удирдаж байсан хүмүүс бол тухайн цаг үе болгондоо  өөр өөрийн өнгийг илтгэж, өөрийн онцлогийг харуулж, өөр өөрийн удирдлага, арга барил, менежментээр цаг үеийнхээ түүхийг бичсэн гавьяатай хүмүүс. Тиймээс Нийслэлийн МАН-ын хорооны  дарга Х.Нямбаатар тэргүүтэй удирдлага, хамт олонд болон хотын намын гишүүд төдийгүй нийслэлийн есөн дүүргийг удирдаж буй намын дарга нартаа, гишүүд дэмжигчдэдээ, тэр дундаа  МАН ялагдсан цаг үед Хотын намыг удирдаж, хүнд хүчир цаг үеийг давж гарч чадсан, залуучуудад боломж олгож чаддаг  Ц.Сандуй  даргатай Нийслэлийн МАН-ын тухайн үеийн баг хамт олон, надтай хамтран зүтгэж байсан журмын нөхдөдөө, МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчдэдээ Нийслэлийн МАН-ын хороо үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын  мэндийг “Монголын үнэн” сониноороо дамжуулан өргөн дэвшүүлье. 

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 6 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 7 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 8 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 8 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 8 цагийн өмнө
Товчхон 9 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 9 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 10 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 10 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 12 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 12 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 12 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 12 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 12 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 12 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 12 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 13 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 13 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 14 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 14 цагийн өмнө