Экспортын хэмжээ нэмэгдэж, валютын нөөц таван тэрбум долларт хүрлээ


Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт  авчрахуйц сайн мэдээг албаныхан дуулгаж эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн сарын экспорт өмнөх саруудаасаа нэмэгдсэн талаарх тоон  мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан олон нийтэд танилцуулав. 

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр цогц арга хэмжээ хэрэгжүүлж Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга мэдээлэл өгч  байхаар болсон билээ. Үүний дагуу Сангийн сайдын өгсөн мэдээллээр  гадаад валютын албан нөөц энэ сарын 7-ны байдлаар таван тэрбум ам.доллар болжээ. Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлт голлон нөлөөлсөн байна. 

Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний хоёр сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгджээ. Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулсан талаар Монголбанкнаас мэдээллээ. Гадаад валютын нөөц нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлж, хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог байна.

Харин Монгол Улсын экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад есөн хувиар өсөж, 237 сая ам.долларт хүрчээ. Үүнд зэсийн баяжмалын экспорт, ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт өмнөх долоо хоногоос 19 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.  Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тус хуралдаанд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний өртгийг бууруулан, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын экспортод тулгарч буй тээвэрлэлт, агуулах, биржийн арилжаанд үүсээд буй хүндрэл зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг Сангийн сайд мэдээллээ. 

Тэрбээр  “Өнгөрсөн сарын экспорт өмнөх саруудаасаа нэмэгдсэн. Нэгдүгээр сард 200, хоёрдугаар сард 248, гуравдугаар сард 253 сая ам.долларын экспорт хийлээ. Валютын нөөц таван тэрбум доллар байна. Ирэх долоо хоногуудад экспортыг нэмэгдүүлэхдээ боомт руу чиглэсэн арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн. Мөн төмөр замын тарифыг шат дараатайгаар бууруулж байна” хэмээн онцоллоо. Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн явцыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.  Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод Оюутолгой болон Тавантолгойн орд газрууд, стратегийн бусад ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тавантолгойн 450 мВт-ын дулааны цахилгаан станц барихаар тусгасан. Станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны зургадугаар сард зарласан боловч тендерт оролцогчдын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, санхүүжүүлэгчийг сонгон шалгаруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч ажиллахыг  холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 4 цагийн өмнө
Хэн юу хэлэв 6 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 6 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 6 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 6 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 7 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02