Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого дахь Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэлд “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлж эхлээд байна. Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төв Сүхбаатарын талбайгаас ердөө 8.1 км-т оршдог. Энд 10068 өрхийн 113 орон сууц, 17.7 км авто зам, 43 км явган хүний зам, 28.9 км дугуйн зам, 3.6 га тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж сүндэрлэнэ. Мөн нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.
Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр болж, холбогдох арга хэмжээг 2020 онд эхлүүлсэн байдаг. Сэлбэ дэд төвийн эхний хоёр багцын орон сууцжуулалтыг 2027 онд багтаан дуусгах юм.
Цаашид Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, байгуулна. Дэд төвүүдийг түшиглэн хот байгуулснаар нийслэлийн хэт төвлөрөл, түгжрэл, агаар орчны бохирдлыг бүрэн шийдвэрлэхээр зорьж байгаа юм. Иргэд тухайн оршин суугаа газраасаа төрийн ямар ч үйлчилгээг түгжрэлгүй, хүнд сурталгүй, шуурхай авах боломжийг “20 минутын хот” олгоно. Үүний эхний үр дүн ч гараад байна. Тодруулбал, Сэлбэ дэд төвийн хүрээнд 1500 орчим айлын газрыг чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, ийм тооны янданг буулгасан гэсэн үг. Ингэснээр тухайн бүсийн агаарын бохирдол 22 хувиар буурсан үзүүлэлт гараад байгаа юм.
МАН-ын дэргэдэх СДМАХ-оос зохион байгуулдаг нийслэлийн гишүүн, дэмжигч ахмадуудыг хамруулсан ес дэх удаагийн уулзалт “Хотын дахин төлөвлөлт” сэдвээр ийн үргэлжиллээ.
Энэ сарын 8-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулсан тус уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нар оролцож, “Хотын дахин төлөвлөлт”, “20 минутын хот” үзэл баримтлалын талаар ахмадуудад танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулав. Уулзалтад МАН-ын нарийн бичгийн дарга Х.Алтай, СДМАХ-ны тэргүүн Б.Гомбо, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцсон юм.
Д.Цогтбаатар: Хотыг дахин төлөвлөхдөө газрыг тэлж хөгжүүлэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Хотын дахин төлөвлөлт” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр БХБ-ын сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын төвийг өнөөдрийн төрхийг хадгалж, харин газрыг тэлж, хөгжүүлэх бодлого баримталдаг байжээ. Ингэхдээ хотын төв дэх иргэдийн төвлөрлийг саармагжуулах зорилгоор санхүүжилтгүйгээс ажил нь бүрэн зогсоод байсан “ТОСК-II” хорооллын төслийг хөдөлгөсөн байна. Ингэхдээ БНХАУ-ын Эксим банкнаас санхүүжилт татжээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар БХБ-ын сайдаар ажиллаж байхдаа Түрээсийн орон сууц хөтөлбөрийг батлуулж, Хот төлөвлөлтийн стандартыг евро стандарттай болгон, эрх зүйн орчныг бүрдүүлж байсан юм. Хот төлөвлөлтийн евро стандарт нь орон сууцны хороололд сургууль, цэцэрлэг, зам, дэд бүтэц, паркийг иж бүрнээр барихыг шаарддаг.
Д.Цогтбаатар гишүүн нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс сонгогдсон эрхэм. Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх “100 айл”-ын дахин төлөвлөлтийг хийсэн туршлагаасаа хуваалцаж, “Газар нь байгаад мөнгөтэй л бол монголчууд барилгыг хурдан барьчихдаг болсон. Гэхдээ хүмүүс хоорондын ойлголцол, тохироо нь мөнгөнөөс илүү үнэ цэнтэй юм билээ. Иргэдтэй тохиролцоонд хүрэхгүйгээр ямар ч том төсөл унадаг гэдгийг би ойлгосон. Иргэдээсээ асуухгүйгээр дарга нар хэлэлцээд шийдчихвэл асуудал гардаг. Бусад нь энэ туршлагаас үлгэр жишээ аваасай гэж бодож “100 айл”-ын дахин төлөвлөлтийг хийж байлаа. Цаашдаа ч Сүхбаатар дүүрэгт дахин төлөвлөлт маш их хэрэгтэй байгаа. Тэнд газар үнэтэй, барилгууд нь хуучирсан” гэдгийг онцолсон юм.
Х.Алтай: “Анхны долоо” сан ахмадууддаа чиглэсэн ажил зохион байгуулна
МАН-ын нарийн бичгийн дарга Х.Алтай “Хот төлөвлөлтийн асуудал бол нийслэлийн иргэн бүрд хамааралтай. Хот төлөвлөлтийн эрх зүйн орчныг сайжруулах, иргэддээ ээлтэй хоттой байхад төр, засгийн зүгээс бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна” гэв. “Анхны долоо” сангийн гүйцэтгэх захирал нь “МАН дэргэд “Анхны долоо” санг байгуулан ажиллаж байна. Энэ сан нь намын зүгээс тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгэмд тулгамдсан асуудлын хүрээнд ажиллах гол зорилготой. Энэ сан нэн тэргүүнд боловсролыг дэмжин ажиллана. Сангийн үйл ажиллагааны хүрээнд жилдээ 100 хүртэлх хүүхдийг тэтгэлгээр сургах юм. Мөн өсвөр насны хүүхдүүдэд Монгол Улсын тусгаар тогтнол, түүхийг таниулна. Энэ ажлын хүрээнд 2028 он хүртэл 100 мянган хүүхдэд хүрч ажиллахаар төлөвлөжээ. 21 аймаг, есөн дүүрэгт өсвөр насныхны хүрээнд Монголын түүхээ танин мэдүүлэх зохион бичлэгийн уралдаан зохион байгуулж, шалгаруулна.
Хөгжлийн ялгаатай иргэдэд ажлын байр бий болгох төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана. Мөн манай сан ахмадуудаа дэмжсэн ажлууд зохион байгуулна” гэв.
Г.Лувсанжамц: Дахин төлөвлөлтөд орсон газарт дэд бүтэц барина
Г.Лувсанжамц бол архитектор, хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй, энэ парламентын залуу улстөрч. УИХ-ын 2024 оны сонгуульд 104 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин МАН-аас жагсаалтаар сонгогдох нэр дэвшигчдийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэнээрээ олны анхаарлын төвд орсон. Инженерийн ухаанаар ирээдүйн хотыг төлөвлөх МАН-ын бодлого Токиогийн Политехникийн их сургуулийг архитектор, Токиогийн их сургуульд хот төлөвлөлтийн инженер мэргэжлийг эзэмшиж, мастер, докторын зэрэг хамгаалсан залуу боловсон хүчнийг хууль боловсруулах, шийдвэр гаргах дээд байгууллагад төрийн түшээгээр сонгосон юм. Тиймээс ч өнөөдөр тэрбээр “20 минутын хот”-ын үзэл баримтлалыг нь боловсруулах ажлын хэсгийг ахалж байна.
Энэхүү үзэл баримтлал нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө юм. Тэгвэл иргэнд ээлтэй, амьдрахад таатай “20 минутын хот”-ын талаар гишүүн Г.Лувсанжамц
"Иргэд гол дүр, оршин суугчид нь нэгдүгээрт байх төсөл юм. Нийт найман зорилт тавьсан. Шинэ зүйл шиг сонсогдож байгаа ч хуучны хороолол шиг байх болно. Тодруулбал, хажуудаа сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайтай, автобусны буудал, ахуйн үйлчилгээний төв нь ойрхон байдаг таатай хороолол, хот өмнө нь байсан. Үүнийгээ сэргээх үзэл баримтлал гэж ойлгож болно. Алхахад, унадаг дугуйгаар явахад, нийтийн тээврээр зорчиход, дараа нь хувийн машинаа унахад таатай хот байгуулалтыг хийхээр зорьж байгаа юм" хэмээн тайлбарлав.
“20 минутын хот”-д цэцэрлэг, сургуулийг хамгийн түрүүнд төлөвлөнө. Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмийн сантай байна. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, спортын байгууламж барина. Сургуулийн гадаа биеийн тамир, спортын байгууламжийг бий болгоно. Нийтийн тээврийн сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлнэ. Бүх хороог автобусны буудалтай, худалдаа үйлчилгээ ойрхон оршин суугч төвтэй хот бий болгохоор төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Олон айлын газрыг дахин төлөвлөлтөд аваад 20 орчим жил болж байгаа алдаа бий. Дахин төлөвлөлтөд орсон, газарт орсон бол бодитоор тэнд дэд бүтэц барьж, цаашид ямар болох вэ гэдгийг тодорхой болгож, алдааг засах чиглэлээр ажиллана” гэсэн юм.
УИХ-ын гишүүд илтгэл тавьсны дараагаар ахмадууд саналаа хэлж, асуулт тавьж, хариулт авав. Дахин төлөвлөлт, газар чөлөөлөх асуудал удаашралтай байгаа, үр дүнд хүрээгүй олон жишээг ахмадууд шүүмжилж байлаа.
Ийнхүү СДМАХ-ноос зохион байгуулсан энэ удаагийн уулзалт үр дүнтэй, ажил хэрэгч болж өндөрлөв.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна