...Амилуулах дүрийнхээ мөн чанарыг гаргахын тулд дотогшоо чимээлж өөрийн тусгал хэн нэгнийг гаргахаар “шатаж” яваа жүжигчин бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Т.Хулан. Театртаа эргэж ирээд удаагүй байгаа түүнд найруулагч Э.Ёндоншарав хэцүү бөгөөд хариуцлагатай даалгавар өгсөн. Харин даалгавраа эрхэм жүжигчин маань хэрхэн биелүүлснийг харахад хэдхэн цаг үлдлээ...
-Драмын театрын ийм хөл хөдөлгөөнтэй орчинд би дуртай. Ялангуяа та бүхний шинэ жүжгийнхээ бэлтгэлийг хэрхэн хийж байгааг харах сонирхолтой, сайхан санагддаг юм.
-Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгийг манай үзэгчид анх удаа үзэх гэж байна. Магадгүй зарим хүн гадаад найруулагчийн ажилласнаар интернэтээс үзсэн байх. Гэхдээ орчин цагийн үзэгчид бол Брехтийн бүтээлийг одоохондоо үзээгүй. Энэ жүжгийг Монголд тавьж байгаа нь дэвшил, оролцон тоглож байгаа жүжигчдийн хувьд сургалт болж байна.
-Хятадад болж буй үйл явдлыг герман зохиолч бичсэнийг монгол хүн найруулж байгаа учраас та хэдэд ялгаатай байна уу. Та жүжгийн яг юуг нь онцлон сургалт гэж хэлэх болов?
-Учир нь, бид оюутан ахуйгаасаа Станиславский системээр хүмүүжчихсэн, Оросын зохиолууд дээр ажилладаг байсан. Харин Брехт түүнээс тэс өөр суурьтай, жүжигчнээс уран чадвар шаарддаг. Үүнээс жүжигчид маань суралцаж байна. Брехтийн “Сычуаны сайн хүн” бол сонгодог жүжиг. Хэдэн жилийн дараа ч үзэгчдэд хүргэсэн ач холбогдлоо алдахгүй, нийгмийн асуудлыг хөндсөөр байдаг онцлогтой.
-Танилцуулгаас таныг хоёр дүр бүтээж байгааг харлаа. Тэгээд бүр гол дүр нь...?
-Энэ жүжгийг бүрэн утгаар нь авч явж байгаа дүрүүд л дээ. Би Шэн Ти, Шуй Та гэсэн эрэгтэй, эмэгтэй дүрд тоглоно. Анх зохиол уншаад л энэ дүр дээр ажиллах юм сан гэсэн сэдэл төрсөн. Миний бодлыг уншсан юм шиг Э.Ёндоншарав найруулагч надад гол дүрийг өгөхөд нь ямар их баярласан гэж санана. Мөн төдий хэмжээний хариуцлага ирж байгааг ч ойлгосон. Одоо бол жүжгээ үзэгчдэдээ толилуулж, яаж хүрч байгааг мэдрэхээс нааш би тайвширч чадахгүй юм шиг байна.
-Хэдэн минут ажиглалаа. Хувь хүн дүрийн зөрчилдөөн их байна уу даа?
-Дүрээрээ амьдрах их онцлогтой. Тухайлбал, надтай хамтран тоглож буй Н.Ялалт ахыг үзэн ядах жишээний. Дүрээ амилуулахын тулд дотоод мөн чанар нь хамт яваад байдаг талтай. Хүмүүст жүжигчний мэргэжил амархан харагддаг байх. Гэтэл бид байнга уншиж, тасралтгүй судалгаа хийдэг. Тэр дундаа амьдралын судалгааг бүр их хийдэг юм шүү дээ. Станиславскийнхаар жүжигчин дүрдээ орох ёстой, бүр бүтэн амьдрахыг шаарддаг. Гэхдээ дүрдээ хэт шумбаад орчихоор дүрээсээ гарч чадахгүй байх эрсдэлтэй. Миний дүр маш их стресстэй, дотоод бачуурал ихтэй. Гэхдээ үүнийг даван туулахгүй бол болохгүй. Тэгэхгүй байнга стрессдээд бачуураад явбал би өөрийгөө сүйрүүлнэ. Харин үүнийг Брехт “Жүжигчин дүрээсээ гарч чаддаг байх хэрэгтэй. Өөрт ирж байгаа мэдрэмж, ачааллыг ухаанаараа тэнцүүлж сурах нь чухал” гэдэг. Үүнийг ойлгож найруулагчтайгаа ярилцаад ажиллаж байна. Хааяа миний сэтгэл хөдлөл цалгиад ирдэг. Ийм тохиолдолд ухаанаараа дарж тэнцвэржүүлэхийг хичээдэг юм.
-Жүжигчин монологоос гадна биеийн хэл, заримдаа бүр нүдээрээ үгээ илэрхийлдэг. Харин та энэ удаагийн дүрээ хэрхэн гаргахаар ажиллаж байна вэ?
-Би хоёр дүрээ амилуулахдаа дотоод ертөнцийг барьж авахыг чухалчилсан. Дээр нь миний дүр хүний дотоод сэтгэл рүү илүү хандсанаараа онцлог.
-Та найман жилийн дараа драмын театрынхаа тайзан дээрээс гол дүрээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна?
-Театртаа ирээд 12 жилийн өмнө тоглож байсан “Би ч гэсэн жаргамаар байна” жүжигтээ тоглолоо. Хүмүүс “Өмнө нь тоглож байсан дүрдээ тоглож байгаа юм чинь ялгаагүй шүү дээ” гэж бодож байгаа байх. Гэхдээ надад ялгаатай байсан. 12 жилийн өмнө тоглож байсан дүр мартагдчихжээ. Бараг мартагдсан дүрд шинээр тоглож, шинээр амьдрууллаа. Бас л гоё мэдрэмж. Бас найман жилийн дараа драмын театрт ороод маш том гол дүр авлаа. Найруулагч надад маш том итгэл хүлээлгэсэн. Итгэлийг нь зүтгэлээр хариулахын төлөө хичээж байгаа. Бас үзэгчид намайг яаж хүлээж авах бол гэсэн айдастай байна.
-Хүссэн дүрээ авчихаад өөртөө юу гэж хэлсэн бэ?
-Театртаа эргэж ирэх үед “Надад ачаалалтай дүр өгөөсэй. Тэгвэл бүхий л чадлаараа ажиллаж үзэх юм сан” гэж бодож байсан. Тэр бодол биелж одоо тайзан дээрээ үзэгчидтэйгээ уулзах гээд зогсож байна.
-Тайзнаасаа багагүй хугацаанд хөндийрсөн болохоор сандрах, бухимдах үе гарсан байх. Үүнийгээ хэрхэн даван туулсан бэ?
-Цаг наргүй ажиллахаар янз бүрийн асуудал үүснэ. Бухимдахдаа бухимдаж хэцүү байдаг. Бид тийм амархан ажил хийдэггүй. Байнга бодож тархиа ажиллуулах шаардлагатай болдог. Заримдаа маш их баярлачихсан явна. Бас хааяа сэтгэлээр навс унана. Одоогоос таван жилийн өмнө л гэхэд ямар нэгэн асуудал үүсэхэд уйлчих гээд, өөрийгөө илүү ачаалладаг байсан бол сүүлийн жилүүдэд ямар ч асуудал үүссэн түүнийг даван туулах сэтгэлийн тэнхээ, хүчтэй болчихсоноо ойлголоо. Хүмүүс надаас асуудлыг яаж даван туулдаг талаар асуудаг. Би бусдын л адил гэж хариулдаг. Би хүүхдээ хүнээр харуулдаггүй. Яагаад гэвэл, би хүүхдүүдийнхээ хөгжилд анхаарал хандуулах дуртай. Өрөөл бусдаар хүүхдээ хүмүүжүүлэх дургүй. Тийм учраас би хүүхдүүдээ өөрөө өсгөж хүмүүжүүлсэн. Эмээ нараар нь бараг харуулаагүй.
-Ийм өөдрөгөөр бүхний ард гарахад танд юу туслав?
-Бясалгал хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хүн тайван байхдаа илүү бодож, ухаантай байж чаддаг. Уур бухимдал илүүдээд эхэлбэл ухаан гаргах ямар ч чадваргүй болчихдог юм байна гэдгийг ойлгосон. Энэ мэтээр өөртэйгөө тэмцэж чаддаг болсон.
-Театрын бүхэл бүтэн үе солигдож “залуужсан”. Энэ байдал танд мэдрэгдэж байна уу?
-Намайг 22 настай театрт ирэхэд алтан үеийн уран бүтээлчид хамт олныхоо нэг болгон хүлээн авч байсан. Найман жилийн дараа театртаа эргэн ирэхэд тэднийгээ өөрийн эрхгүй үгүйллээ. Ахмад уран бүтээлчдээсээ мэдэхгүйгээ асууж суралцдаг байсан. Харин одоо тэднээс цөөн хэд нь театртаа байна. Гэхдээ би урлаг тэтгэвэрт гардаггүй гэж ойлгодог. Манай театрын тайзан дээр нас насны төлөөлөл байх хэрэгтэй. Миний хувьд ахмад уран бүтээлчдээ тайзан дээрээ байгаасай гэж хүсдэг.
-Өнгөрсөн найман жилийн хугацаанд жүжигчний ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байв?
-Киноны продюсер, зургийн дарга хийж үзлээ. Ерөнхийдөө кино бүтээх сонирхолтой байсан болохоор драмын театраасаа гараад бага хүүгээ төрүүлээд киноны уран бүтээлд хүч соримоор санагдсан. Хоёр киноны продюсер, гурван ч киноны зургийн даргаар ажиллачихсан байна. Бас найруулагчаар ажилламаар санагдаж байлаа.
-Таны ярианаас цаашид найруулагч болох хүсэлтэй юм шиг санагдлаа. Би зөв таамагласан уу?
-Найруулагчийн ажил руу орж үзэх юм сан гэсэн бодол байдаг. Хүн бүр аливаа зүйлийг өөрийн өнцгөөс хардаг. Миний хувьд өөрийнхөө харсан өнцгөөрөө кино хийх юм сан гэж бодож явдаг. Кино хийх сэдвээ ч олчихсон. Юу ч гэсэн шинэ жүжгийнхээ ард нь гараадахъя.
-Найруулагч Н.Наранбаатар таныг театртаа эргэж ажиллуулах хүсэлт тавьсан. Тухайн үед гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авав. Одоо цаг наргүй ажиллаад ирэхээр яаж байна?
-Гэр бүлийнхэн маань намайг дэмждэг. Тиймээс ч би өнөөдөр хүссэн ажлаа хийж байна. Манай нөхөр урлагийн хүн учраас намайг их ойлгодог. Наад зах нь л гэхэд намайг харддаггүй. Хэрвээ миний мэргэжлийн онцлогийг ойлгодоггүй хүн байсан бол байдал өөр байна шүү дээ. Харин миний хань урлагийн хүн учир намайг олон талаар ойлгодог. Уран бүтээлд тоглож байгаад үнсэлцэх тохиолдол олон гарна. Үүнийг манай хүн ажил гэдгийг ойлгодог. Харин бидний хувьд нэг хэцүү зүйл байдаг. Юу гэхээр, манай нөхрийг найруулагчаар ажиллах тохиолдолд Хулан гэдэг хүний нэрийг шууд хасчихдаг. Бараг Монголын жүжигчдээс хасчихдаг талтай. Би жүжигчин биш юм шиг болчихдог нь надад хэцүү санагддаг. Гэтэл би ганцхан Галбаярын уран бүтээлд тоглодог жүжигчин биш шүү дээ. Мэргэжлээрээ 19 жил ажиллахдаа олон найруулагчтай хамтран ажиллаж, уран бүтээлд тоглосон. Галбаяр найруулж байгаа бол Хулан хасагдана гэсэн манай уран бүтээлчдийн нөлөөлөл яваад байдаг. Энэ нь надад таалагддаггүй.
-Та ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр жүжигчний мэргэжлийг сонгосон талаараа ярьж байсан. Зорилгодоо хүрсэн үү?
-Би үхэн үхтлээ суралцсаар байх болно. Тийм болохоор би таны асуултад “Зорилгодоо хүрээгүй” гэж хариулна. Ээжийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж жүжигчин болно гэсэн хүсэл маань хүүхдийн хүсэл байсан. Одоо бодохоор би агуу хүсэл мөрөөдлийн тухай бодож байсан юм билээ.
-Таныг жүжигчин болоход хэлж байсан ээжийн хатуу үгс өөрчлөгдсөн үү?
-Ээжээс ирдэг байсан үгс зөөлөрсөн. Өмнө нь “Жүжигчний мэргэжил хүнд, хэцүү” гэдэг байсан. Миний ээж, ар гэр тухайн үеийн нийгмийн байдлаас болоод жүжигчний мэргэжлээрээ ажиллаагүй. Тийм хүнд зүйлийг өөрөө мэдэрчихсэн болохоор намайг жүжигчин болно гэхэд дургүйцдэг байсан юм. Намайг оюутан, хоёрдугаар курсэд байхад сургуулиасаа гарчих гээд байдаг байсан хүн шүү дээ. Гэхдээ тэр үед би Сугар багшаасаа нэг насны урмын үгээ сонссон учраас жүжигчний мэргэжил эзэмшсэндээ одоо ч урамшсаар явна.
Б.СЭЛЭНГЭ