Яагаад ч юм бүү мэд. Энэ дуучны дуулахыг сонсоод шууд л сонгодог бүтээлүүд санаанд орж билээ. Өөртэй нь адилхан басс хоолойтой монгол дуучин алдарт Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцсон болохоор сэтгэлд тэгж ойр туссан юм болов уу. Хүнгэнэсэн, баргил хоолойгоор сонсогчдын сэтгэлийг булаасан, миний ярилцахаар хүлээж буй дуучин бол Болдын Энхсайхан. Сүүлийн үед нээлтээ хийсэн, олон нийтийн анхаарлын төвд байгаа киноны хөгжмийн бүтээлүүдийг хийж, дуулснаар түүнийг уншигчид андахгүй болсон биз ээ.
-Үнэнийг хэлэхэд, таны талаар мэдээлэл авчих санаатай хайсан ч онцын зүйл олдсонгүй. Тиймээс эхлээд таныг уншигчдадаа танилцуулъя гэж бодлоо?
-Намайг Энхсайхан гэдэг. Улаанбаатар хотын уугуул. Ажиллаж байгаа гол чиглэл дуучин. Сүүлийн үед гарч байгаа кинонуудын хөгжмийн зохиолчоор ажилласан. Гэхдээ би мэргэжлийн хөгжмийн зохиолч биш. Мундаг хөгжмийн зохиолчид шиг дуу зохиогоод хэн нэгэнд “Үүнийг дуул” гээд өгөх зориг надад хараахан алга. Харин хэн нэгэн дуучин надад хандвал нээлттэй байдаг. Ажилласан кинонуудынхаа хөгжмийг бичих, тухайн кино дуутай байх шаардлагатай бол бусдаар эсвэл өөрөө дуулах гэсэн хувилбараар ажилладаг.
-Дуу хөгжмийн салбартай нэлээд эртнээс холбоотойг таны хүрээллээс харж болохоор байна. Ер нь та хэдэн оноос дуулж эхэлсэн юм бэ?
-1998 онд СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангид элсэж орсон. Энэ бол миний дуучин болно гэж явсан түүх. Гэхдээ дуулаагүй олон жил болсон. Манай хүүхдүүд мэргэжлийн хөгжмийн тоглоочид болж байгаа. Тэднийг “Аав маань хөгжмийн урлагт юу хийж байсан юм бэ” гэж хожим асуувал ямар ч түүхгүй хүн байхаас эмээсэн. Тиймээс бизнесийн олон боломж, өөр салбарт ажиллах байсныг хойш нь тавьж урлагийн салбарт чин үнэнчээр ажиллаж байна.
-СУИС-аа төгссөн үү?
-Тухайн үед төгсөх шаардлага байгаагүй. Робби Уильямс дуулаачийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаагүй. Жүжигчин Рассел Кроу АНУ-ын урлагийн сургуулийг төгсөөгүй л биз дээ. Би олон жил студийн инженер хийсэн. Одоо ч гэсэн таны харж байгаачлан инженерийн ажил хийгээд сууж байна. Магадгүй би СУИС-д хөгжмийн зохиолчоор сурах ёстой байсан байх. Дараа нь тийм боломж ирвэл хөгжмийн зохиолчоор сурна гэж бодсон ч амжилгүй явсаар 20-оод жил өнгөрчихжээ.
-Тэгээд хэдэн оноос дуулсан юм бэ?
-2016 оноос... Надад бодсон ганц хоёр хөгжмийн бүтээл байсан. Тэдгээрийг бүрэн хийж дуусгаад концерт хийнэ гэсэн бодолтой явсан юм. Бас гэр бүл, үр хүүхдүүдийнхээ бахархал нь болж түүх бүтээх гэж энэ бүгдийг эхлүүлсэн. 1998 онд СУИС-д элсэж байхад манай анги 20 хүүхэдтэй байсан. Дуучин С.Жавхлан, Т.Баясгалан, Л.Чулуунбаатар, О.Баянмөнх бид нэг анги л даа. Тэр үед нийтийн дуу гэж нэг их байгаагүй. Хамгийн анхны үндэс суурийг манай ангийнхан тавьсан. Харин миний хувьд Их театрт дуулах мөрөөдөлтэйгөөр сургуулиа сонгосон. Гэтэл тэр нь Монголын хөрсөнд өнөө цагийн монгол сонгодгууд шиг хүртэл хөгжих хэмжээнд байгаагүй юм.
-Гэхдээ одоо ч гэсэн “Дэлхийн сонгодгуудаас дуулахсан” гэдэг бодол төрдөг үү?
-Анхны ганц хоёр дуугаа бичүүлж байхад миний мөрөөдөл Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильод тоглох байсан. Тэгээд яг дуучны карьер хөөгөөд явахад мөрөөдөл маань ахдах маяг орсон. Би энэ бүтээлийг ингэж хүндэлдэг, тийм их хайртай. Гэхдээ мөрөөдөл бол мөрөөдөл. Зорилго түүнээс өөр шүү дээ. Одоо бол зүгээр л үзэгч, сонсогч байхыг хүсдэг болсон.
Надад салют шиг тэсрэх шаардлага байхгүй
-Тиймээс зорилгоо өөрчилж “Old bridge” хамтлагийг байгуулсан юм уу. Энэ хамтлаг тийм ч нээлттэй биш, голдуу бааранд тоглодог.
-Монголын рок попын ямар ч дуучин бааранд тоглодог байсан. Энэ бол дуучин болох нэг дамжлага. Мөн нөгөө талаараа дуу хөгжмийн мөнхийн бэлтгэлээ хийх бидний орон зай. “Old bridge” хоёр, гурван жил бааранд тоглосон хамтлаг. Дандаа ковер дуулсан. Гэхдээ дуулахдаа хөгжмийн зохиолчоос албан ёсоор зөвшөөрөл авдаг.
Би хоёр альбом гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ эдгээрийг зөвхөн студид бичүүлээд, бичүүлсэн дуугаа янзлуулаад дамжин өнгөрдөг дуучин байхыг хүсээгүй. Хаана, ямар ч хамтлагтай дуулсан бэлэн, мэргэжлийн байх чухал учраас бэлтгэл базаахын тулд хамтлаг байх хэрэгтэй. Тэр нь байнгын бэлтгэлтэй байдаг, хааяа үнэ хөлс нь тохирсон газар тоглох үүднээс “Old bridge” хамтлагийг байгуулсан. Түүнээс биш энэ хамтлаг “ The Lemons”, “A sound” шиг өөрийн гэсэн дуу гаргаад явах хамтлаг биш л дээ. “Old bridge”-ийг анд нөхдийн бэлтгэлээ хийдэг дээвэр гэж ойлгож болно.
-Та олон нийтэд өөрийгөө нэг их танилцуулахыг хичээдэггүй, урдах ажлаа дорвитой хийчих гэж зүтгэдэг хүн юм шиг санагдлаа. Цаашид ингээд л урсгалаараа яваад байх уу. Эсвэл уран бүтээлийн аль нэг үедээ тэсрэлт хийхээр зорьж явна уу?
-Миний дуулсан дуу, ажиллаж байгаа хөгжмийн бүтээлүүд дандаа дотогшоо. “Пөөх, энэ ямар гоё дуу вэ” гээд машиныхаа хөгжмийг чангалдаг дууг би хийдэггүй. Харин хүн ганцаараа, эсвэл тухайн дуунд өгүүлж байгаа үйл явдал хэн нэгний амьдралд гарахад нөгөө дууг сонсдог байхыг хэлээд байгаа юм. Дууны онцлог нь ийм. Тийм учраас надад тод өнгө хэрэггүй. Аль болох дотогшоо, чимээгүй, даруухан байхыг эрмэлздэг. Хүний нандин үед хамт байж чаддаг, хэзээ ч үнэ цэнээ алддаггүй дуу хийхийг хичээдэг. Миний 40 орчим настайд хийсэн дуу намайг 60-тайд тайзан дээр байлгаасай гэж хүсдэг. Тэгэхээр надад салют шиг тэсрэх шаардлага байхгүй. Зүгээр л хийдгээ хийгээд явахад тавьсан сум аяндаа байндаа тусах цаг ирнэ.
-Ийм чимээгүй, нам гүм амьдралын юунаас урам авч тэжээгддэг юм бэ?
-Надад эмзэглэл их байдаг. Өнөөдөр “Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёрыг дуулуулж таван сая төгрөг өгснөөс ажилтандаа Приус машин аваад өгчихөөч” гэсэн пост яваад байна. Энэ бол миний эмзэглэл. Хүн урлагаас эх орноо хайрлах сэтгэл, ухаарал, сэтгэлийн баяр цэнгэл гээд олон зүйлийг авдаг. Гэтэл тэр урлаг уран сайхныг нь аваад хаячих гээд байна. Энэ авч хаях гээд байгаа юм нь бидний хувьд үнэ цэнтэй хамгийн сүүлчийн зүйл шүү дээ. Тиймээс би эмзэглээд байгаа юм.
-Сүүлийн үеийн киноны хөгжмийн бүтээлүүд таны автортай. Та уран бүтээлчдэд нь хамтран ажиллах санал тавьдаг юм уу. Эсвэл тэд таныг зориод ирдэг үү?
-Уран бүтээлчид нь өөрсдөө санал тавьдаг. Миний хувьд жүжигчидтэй маш олон жил ажилласан. Жүжигчний мэргэжлийн онцлогийг хөгжмийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээсээ арай илүү мэдэрдэг байх. Одоогоор есөн дуу бичүүлснээс зургаа нь киноных. Тиймээс би ойрын таван жилдээ дахиж киноны дуу дуулахгүй гэж бодож байгаа. Надад өөрийгөө хэн нэгэнд нотлох ёстой юм шиг санагддаг. Магадгүй энэ нь уран бүтээлчийн шунал байх.
Хөгжмийн хүмүүс цаанаасаа өгөгдөлтэй байдаг
-Та мэргэжлийн хөгжмийн зохиолч биш, дуучны хувьд ч багшаас номын дуу сонсдоггүй. Тэгээд авьяасаараа өөрийгөө хөглөөд зөн билгээрээ явдаг хэрэг үү?
-Хөндлөнгийн хүн үүнийг уншаад намайг мэдрэл муутай, галзуу гэх байх. Эсвэл биеэ тоосон амьтан юм байна гэж бодож магадгүй. Гэхдээ хөгжмийнхөн өөрсдөө мэднэ. Хөгжмийн хүмүүс цаанаасаа өгөгдөлтэй байдаг. Хэн нь яаж хөгжүүлэх вэ, хэрхэн ашиглах вэ, хэн нь өөрийгөө сайн чагнаж байна вэ гэдгээс ондоошил нь гардаг болов уу. Хүмүүс “Нэг хувийн авьяас, 99 хувь нь хөдөлмөр” гэдэг дээ. Би үүнтэй санал нийлдэггүй. Лав л хөгжимчдийн хувьд энэ тодорхойлолтыг худлаа гэж боддог. Би одоо байгаа бүхнээ бүтээхийн тулд өөртэйгөө олон жил ажилласан. Олон ч жил бэлтгэл хийсэн. Амьдрал үзэж байж аливаа юмны мөн чанар, хайр дурлалыг биеэрээ үзэж, мэдэрч байж гайгүй дуулдаг болсон гэж боддог.
-Та надад хариулаач, урлагийн хүн болох өгөгдөл танд анхнаасаа заяасан уу, эсвэл өөрөө энэ бүхнийг бүтээсэн үү?
-Хүүхдийг бүрэлдсэн цагаас нь урлагтай ойрхон байлгах ёстой юм билээ. Урлагийн хүн болох эсэх нь тухайн хүний асуудал. Намайг хүүхэд байхад манайх дамран хөгжимтэй байсан. Манай аав Монголын үндэсний телевизээс тэтгэвэрт гарсан ахмад сэтгүүлч Ч.Болд гэж хүн байдаг. Аав тухайн үеийн Телевиз хороонд ажилладаг. Тэдний хажууд нь радио байдаг учраас хальсан дээр гоё дуунууд бичиж авчирдаг. Хүүхэд байхдаа түүнийг нь их сонсдог байсан. Намайг зургаан настай байхад Оросоос нэвтэрхий толь авчирч түүнийг нь үзэхэд дэлхийн томоохон театруудын тухай танилцуулгуудыг хараад “Ийм гоё газарт төгөлдөр хуур тоглож суух юм сан” гэдэг мөрөөдөлтэй болсон. Тэр л өнөөдрийн намайг бүтээсэн.
-Та яг энэ бодлоороо хүүхдүүдээ хүмүүжүүлж урлагийн хүн болгожээ?
-Миний том хүү 2003 онд төрсөн. Тухайн үед театрын цалин хэд байв. Тэгээд л “Мөнгөний ажил хийе” гэж бодсон. Яагаад гэвэл, өөрөөсөө гадна гэр бүлээ авч явах шаардлагатай болсон. Ингэж Их театрын тайзан дээр гарах миний мөрөөдөл сарнисан. Тэгээд өөрийнхөө хүрч чадаагүй зүйлд хүн чинь хүүхдээ зүтгүүлдэг юм байна. Хүү маань Монгол Улсын консерваторийг төгсөөд жазз төгөлдөр хуурч болохоор Германыг зорьсон. Монгол Улсад хэрэгтэй л боловсон хүчин. Бага хүү ч гэсэн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Ахтайгаа адилхан төгөлдөр хуураар хичээллэдэг. Гэхдээ түүнийг төгөлдөр хуурч болгохгүй. Үлээвэр эсвэл цохивор хөгжмийн аль нэгээр хичээллүүлнэ. Ер нь урлагийн хүмүүс “Урлаг хэрэггүй, амьдрал байхгүй. Их ядуу” гэдэг. Манай урлагийнхан ер нь ядуу. Яг жинхэнэ бүтээлчид нь бүр ядуу шүү дээ. Үүнийг мэддэг, ингэж ярьдаг мөртлөө үр хүүхдүүдийнхээ аль нэгийг салбартаа үгүйлэгдэж байгаа боловсон хүчин болгож бэлдэхийг хүсдэг. Театрын оркестр хөг дутуу, Филармонийн оркестрт тийм хөгжимчин дутуу байна гэж салбараараа ярьдаг, хөгжмийнхөн ийм л сэтгэлтэй.
-Таны гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй вэ?
-Англи хэлний багш. Монгол Улсын консерваторид хүүхэд сурахаар гэр бүлээс нэг хүн нь заавал сургуульд нь хүргэж өгч, авдаг ажилтай болдог. Манай эхнэр том хүүгээ консерваторид орсноос хойш багшаар ажиллахаа больсон, одоо хүүхдүүдийнхээ жолоочийг хийгээд явж байна.
-Тантай ярилцахад өөрийгөө хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг юм шиг санагдлаа?
-Дуу хөгжим агуу том, ямар ч хэл шаардлагагүй. Тийм учраас эх хэлээрээ дуулж байгаа “The Hu” хамтлаг дэлхийд тоглоод явж байна. Дуу хөгжим бүтээж байгаа хүн асар өргөн мэдлэг, мэдрэмжтэй, чадал нь хүрвэл өндөр боловсролтой байх ёстой. Түүнээс биш хаа хамаагүй хүмүүсийн дураараа хийчихдэг зүйл ч бас биш. Учир нь, тэдний бүтээлийг нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс сонсдог. Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг хэлмээр байна. Болох уу?
-Төгсгөлийг танд үлдээе.
-Монгол Улс бүтээгч нараа маш сайнаар сурталчлан дэмжих цаг нь болсон. Гэхдээ би “Намайг дэмж” гэж хэлж байгаа хэрэг биш шүү. Уран зураач, дизайнер, үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, зохион бүтээгч, инженерүүдийг хэлээд байгаа юм. Тэднийг “сэрээх” цаг нь ирсэн. Бас ажиллах боломжийг нь олгох хэрэгтэй байна.
Б.СЭЛЭНГЭ
Монголын үнэн сонин №045/24526/