Тэр яг л дүрэлзэх гал шиг... Тайзан дээр байхдаа дэндүү эрх дураараа ч хөгжмийн торгон мэдрэмжээр бусдыг хөглөчихдөг. Уран яруу хийлийн аялгууг хүний сэтгэл зүрхэнд хүртэл тоглож чаддаг ийм нэгэн зочин бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хийлч Ч.Дэлгэрцэцэг. Эрхэм хөгжимчний дотоод ертөнцөөр аялж, энэ цагийн бодлоос нь хуваалцлаа.
-Мэргэжлийн хөгжимчин болохоор суралцах хугацааны түлхүүр үг нь хөдөлмөр, шантрал, хичээл зүтгэл, амжилт байдаг. Ингэж олж авсан мэдлэг чадвар тоглоочийг өөртөө итгэлтэй болгож, хөгжимд дурлуулдаг хэмээн би боддог юм. Тиймээс ярилцлагаа таны хийл хөгжимд шимтэн дурласан үеэс эхэлье?
-Одоо бодоход 16 настай, наймдугаар ангид байхдаа хийл хөгжимд дурлажээ. Яг л миний шилжилтийн нас...Аливаа зүйлийн талаар ухамсартайгаар боддог болсон үе минь. Энэ л насандаа дуртай хөгжмөө давтдаг болсон. Хөгжмөө давтаад суухаар хэдэн цаг өнгөрснийг ч мэддэггүй байлаа. Намайг хийл хөгжимд дурлуулсан хүн бол төгөлдөр хуурч Ц.Уртнасан. Багш маань хөгжмийн өнгийг мэдэрч сурахад надтай асар их ажилласан, уран бүтээлч, тоглооч талаасаа миний нүдийг нээж өгсөн. Харин хийл хөгжмийг заасан хүн, миний урлагийн ээж Л.Алтанцэцэг багш маань юм даа.
-Сонгодог бүтээлийн тогтсон хэв маягийг өөрчлөн шинэчилж тоглох хүсэл хэдийд төрөв?
-1998 онд юм уу даа. Хонконгод очиход гудамжуудад нь байрлуулсан том дэлгэцээр “Bond” хамтлагийнхныг анх харсан юм. Мини юбка өмсчихөөд гүйх шахуу хийл тоглож байгааг хараад сонин содон санагдаж билээ. Эрх чөлөөний салхи үнэртэх шиг болсон. Яагаад гэвэл бид тайзан дээр гарахдаа цагаан цамц хар юбкатай, хийл тоглож байхдаа илүү дутуу хөдөлгөөн хийж болдоггүй байлаа. Тэгсэн чинь барууны дөрвөн хүүхэн үзүүлээд өгч байна аа. Тэднийг харахад биднээс тэс өөр хийлээр тоглож байх юм. Дэргэд яваа хүнээсээ тэднийг ямар хийлээр тоглож байгааг асууж хөгжмийн дэлгүүрийг сурагласаар байгаад очсон. Тэгээд тэдний тоглож байсан хийлийг худалдаж авчихаад хязгааргүй ихээр баярласнаа санаж байна. Тэр үйл явдал миний уран бүтээлч болох замыг анх тавьсан. Тухайн үед дуучид хуучны дууг орчин үеийн хэлбэрт оруулаад тоглодог байсан болохоос хөгжимчдийн хувьд тийм ойлголт огт байдаггүй. “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлгээр хуучны дуунуудыг дуучид хөрвүүлээд дуулж байхад яагаад “Хэнтийн өндөр ууланд” бүтээлийг орчин үеийн хэв маягт оруулж тоглож болдоггүй юм бэ гэсэн бодол орж ирсэн. Түүнийгээ хэрэгжүүлэхээр Н.Халиун ах дээр очиж санаагаа хэлснээр хүн бүрийн сэтгэлийг гижигдэж, хийморь лундааг өргөж байдаг тэр сайхан аялгуу бүтсэн түүхтэй.
-Тогтсон зүйлийг өөрчилж байсан болохоор хүмүүс хэрхэн хүлээж авах бол хэмээн эмээж байсан уу?
-Өмнө нь айдастай байсан. Гэхдээ хүн өөрөө цоо шинэ зам гаргаад явна гэдэг гайхамшигтай эрх чөлөөг мэдрүүлдэг. Үүнийг “Хэнтийн өндөр ууланд” бүтээлээ тоглосны дараа ойлгосон. Тэр бүтээлийг бичүүлээд тоглоход надад ямар ч айдас байгаагүй. Харин ч ганцаарчилсан уран бүтээл хийх итгэл хайрласан. Ер нь хүн зөв ч байсан, буруу ч байсан өөрийнхөө хувилбараар тоглох хамгийн сайхан.
-Хайрцаглагдсан байдлаас гарч байж уран бүтээлийн эрх чөлөөг мэдэрнэ шүү дээ. Тэгэхээр хэдий үед өөртөө тийм эрх чөлөөг бий болгосон бэ?
-Айдсаа даван туулж эрх чөлөөг өөрөө өөртөө бий болгосон. Ер нь яг тийм байх ёстой гэсэн зүйл хаана ч байхгүй шүү дээ. Тэгэхээр хүн нэгэн хэвийн баригдмал байдлаасаа гарах хэрэгтэй. Хүн тэртээ тэргүй мэдлэг боловсролтой болох ёстой. Заавал ч үгүй суурь хүмүүжил, боловсролтой байх шаардлагатай. Эдгээр зүйл хоол хийхэд ордог орц. Харин тэдгээрийг хэрхэн найруулж ямар амтыг бий болгох вэ гэдэг нь хамгийн чухал зүйл. Надад бол давтагдашгүй Дээгий байх нь хамгийн чухал. Тэглээ гээд өөр хэнийг ч үгүйсгэдэггүй.
-Та Хөгжим бүжгийн коллежоо төгсөөд орчуулагч инженер мэргэжилтэй болохоор сурсан. Өөр мэргэжлээр суралцах шийдвэрийг яагаад гаргасан юм бэ?
-1998 онд Хөгжим бүжгийн коллежоо төгссөн. Тэр үед англи хэлтэй хүн маш ховор байсан учраас орчуулагч инженерийн ангид элссэн нь миний амьдралд маш том алхам болсон. Яагаад гэвэл, 20 настайдаа хорвоогоос өөр юу ч сонирхдоггүй, Америк явж сурах ёстой гэсэн бодолтой байсан юм. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө Техникийн их сургуульд элсэж сургуулиа алтан медальтай, магистрт үнэ төлбөргүй сурах эрхээр шагнуулаад төгсөж байсан. Эргээд харахад хүний амьдрал эвлүүлдэг тоглоом шиг. Хэрвээ англи хэл судлаагүй бол Америкт сурч чадахгүй байсан.
Америкт хийл сурсан гэхээсээ илүү амьдралд суралцсан
-Америкт орчинд нь ороод мэргэжлийн хөгжимчдийг харахад танд ямар бодол төрж байв. Мэдээж шинэ орчинд сурах зүйл багагүй байсан байх?
-Манай орос дэг сургууль үнэхээр төгс. Мэргэжлийн хувьд надад маш сайн суурь тавьж өгснийг Америкт очоод мэдсэн. Мөн өөртөө илүү итгэлтэй байх ёстой. Олон өнгийг өөртөө шингээж амьдрах ёстой гэдгийг ойлгосон. Америкт хийл сурсан гэхээсээ илүү амьдралд суралцсан. Хувь хүн талаасаа их нээгдсэн гэж боддог юм. Том гүрний иргэд их бардам, сэхүүн байдаг. Америкаас өөр улсад аялах шаардлага байхгүй. Би Америкийн иргэн, энд бүх зүйл байгаа. Хорвоо дэлхий бол Америк юм гэдэг үзлийн дунд би сурсан. Энэ үед хүний үндэстний омогшил төрдөг юм билээ. Тиймээс би залууст “Гадаад явж галуу шувууны мах ид” гэж хэлэх дуртай. Залуу байхдаа, ижий аавынхаа буйд орчлон хорвоо гэж юу байдгийг мэдэрчихээд буцаад заавал эх орондоо ир гэдэг. Тийм үйл явц миний амьдралд өрнөсөн юм. Дараа нь эх орондоо ирээд монгол хонины махандаа бүр дуртай болсон. Ээждээ хайртай, гэхдээ урд урдынхаас илүү хайртай болсон.
-Та тайзан дээр гарахдаа яг л гал шиг байдаг. Энэ мэдрэмжийг та тайзан дээр гарахаас өмнө өөртөө бий болгодог уу эсвэл тайз таныг ингэж хөглөдөг юм уу?
-Бүхий л зүйл уран бүтээлтэй холбоотой. Уран бүтээлийг би тэгж л мэдэрч тоглодог байхгүй юу. Тэр мэдрэмжийг авахгүй бол тоглоод ч яах юм, тийм биз дээ. Би хайрыг уянгалуулж байгаа бол өөрөө урсаж байж тийм энергийг гаргана. Өөрөө чин сэтгэлээсээ хайрлаж байж миний тоглож байгаа аялгуунаас хайр мэдрэгдэнэ. Би бол аялгууны ангууч. Бас сайн сайхан зүйлийн ангууч. Дандаа сайхан юмыг хайж явдаг амьдралын эрмэлзэл дүүрэн хүн.
-Цар тахлын дараа сонсогч, үзэгчидтэйгээ уулзахад хэдхэн хоног үлдлээ. Ер нь таны ихэнх тоглолт намар өвлийн заагт болдог. Энэ тохиолдол уу?
-Энэ үед л таарлаа. 2020 онд тоглолтоо хийх гэтэл ковидын улмаас бүх ажлаа хойшлуулсан. Тиймээс энэ жил тоглолтоо хийх гэж байна. Ер нь ганцаарчилсан тоглолтоо хийгээгүй 10 жил болжээ. Энэ хугацаанд хөгжмийн сургуулиа байгуулж, хэд хэдэн шоунд шүүгчээр ажиллалаа. Гэхдээ энэ жил эрч хүч амтагдсан, одоо л хийхгүй бол болохгүй юм шиг санагдаад олон тоглолтын дундуур дүүлээд л ороод ирлээ. Миний тоглолт арваннэгдүгээр сарын 29, 30-нд Соёлын төв өргөөнд болно.
22 жилийн турш хийж бүтээсэн зохиол, тэр дундаа шинэ уран бүтээлүүдээс тоглолт бүрдэнэ. Энэ тоглолтоороо дараа дараагийн үеэ гаргаж ирэх чин хүсэлтэй байна. Үүний эхлэл болгож Америкт сургууль төгсөөд ирсэн хийлч Билгүүнийг поп ертөнц рүү түлхэн оруулж байгаа. Билгүүн бид хоёр нэг багшийн шавь. Би хүмүүсийн хол гэж боддог сонгодог урлаг хол биш, харин ч ойрхон юм аа гэдгийг мэдрүүлэхийг энэ ухамсарт амьдралдаа зорьж хийж яваа уран бүтээлч. Тиймээс залуу үеэ тоглолтдоо бэлдэж оруулж ирж байгаа юм. Тоглолтод дан хөгжмийн төрөлд өөрсдийн нэрийг гаргасан уран бүтээлчид оролцоно. Мөн миний бахархал, энэ насны минь шүтээн болсон “Никитон” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч Б.Батчулуун ах тоглолтод ирж хамтын бүтээлүүдээ толилуулна. Энэ ярилцлагад яагаад ингэж дурдаж байна гэхээр эмгэн болсон хойноо эргүүлж хараад уншиж байхад залуу насандаа ямар сайхан эрч хүчтэйгээр уран бүтээлээ хийж байсан юм бэ гэдгээ дурсах гэсэн юм шүү.
-Таны хувьд мэдээлэл уншиж байгаад зорьсон ажлынхаа ард гардгийг ойлгосон. Нэлээд хэдэн жилийн өмнө хөгжмийн сургуультай болно гэж байсан бол өнөөдөр тэр нь биеллээ олжээ.
-Үүнийг би хөгжимтэй холбон тайлбарлана. Хүмүүс “Яагаад хүүхдүүдээ хөгжим сургах ёстой юм бэ” гэж асуудаг. Түүнд нь хамгийн түрүүнд “Тууштай болдог” гэж хариулдаг. Аливаа зүйлд тууштай хүн л амжилт гаргадаг. Хэрвээ та хүүхдээ тууштай, сууж сурсан, зорьсон зүйлийнхээ ард нь гарч сурахыг хүсэж байгаа бол хөгжмийн боловсрол тусална. Гэхдээ хөгжим тоглож сурах амаргүй. Ялангуяа амархан юм шиг харагдуултал нь тоглож сурах олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Хүмүүс миний хийл тоглохыг хараад хөгжим тоглож сурах амархан гэж боддог. Энэ нь нэг талаараа миний хувьд хамгийн том магтаал. Урлаг соронз шиг байх ёстой шүү дээ.
-Урлагийн хүмүүсийг харахад байнга шахуу инээд хөөр, дуу хууртай орчинд байдаг. Энэ байдлыг харахад үргэлж гэрэл гэгээтэй мэт харагддаг ч тэр инээдийн цаана гуниг, харуусал ч байдаг байх. Тэгэхээр тэр болгоныг хэрхэн давж, дардаг вэ?
-Ижий минь дэргэд байгаа юм чинь би юундаа гутрах вэ. Шаардлагатай бол ижийнхээ арц утлагаар утчихдаг. Бас хүүхэд өвдөөгүй л бол бусад нь асуудал биш гэж боддог хүн дээ би. Одоо бол бүхий л зүйлд бодитой ханддаг болсон. Жаахан хэтрүүлэгтэй юм алсраад байдаг болчихдог юм байна. Улам л энгийн, бодитой байх ёстой гэдгийг ойлгож, мэдэрч явна. Аливаа юмны мөн чанар руу ойртохыг хичээж байгаа. Асуудалтай тулгарвал юмыг томоор харахыг хичээдэг.
-Хувийн амьдралын талаар асууж болох уу. Хүү тань тантай амьдарч байгаа юу. Эсвэл гадаадад сурч байгаа юу?
-Миний хүү аавтайгаа Америкт амьдардаг. Тэндхийн боловсрол хамгийн сайн гээд аав нь аваад явсан. Ковидоос өмнө хүү дээрээ жил болгон очдог байсан. Хамгийн сүүлд 2019 онд хүү дээрээ очиж уулзчихаад ирсэн чинь Америкийн виз цуцлагдчихсан. Яасан бэ гээд судалсан чинь тэнд тоглолт хийсэн байх магадлалтай гэж үзээд тэр үед явж байсан урлагийнхны визийг бүгдийг нь цуцалсан юм билээ. Түүнээс хойш ерөөсөө виз өгөөгүй, хүүтэйгээ уулзалгүй гурван жил болж байна.
-Таны урлагийн өгөгдөл хүүд тань өвлөгдсөн үү?
-2008 онд тоглолтоо хийхэд би зургаан сартай бие давхар байсан. Намайг хийлээ давтах болгонд хүү минь надтай хамт байсан болохоор урлагаас хэзээ ч холдоогүй. Тэгэхээр маш өндөр мэдрэмжтэй, сонсголтой сайхан хүү байдаг. Миний хүү одоо 15 настай.
-Харин та авьяасаа хэнээс өвлөсөн гэж боддог вэ. Танаас өөр урлагийн хүн ах дүү нар дотор тань байдаггүй гэж ярьсныг санаж байна.
-Би аавын талаа дагавал Дундговь аймаг, ижийгээ дагавал Архангай аймгийн уугуул. Ер нь бол дуу хуурын өлгий Дундговь аймаг гэж ярьдаг. Тэгэхээр тэр нутаг усны өгөгдөл надад байдаг байх. Заримдаа өөрийгөө дуучин байсан болоосой гэж боддог. Яагаад гэвэл дуучид азтай. Үгийн сайхнаар хүний сэтгэлийг уярааж, догдлуулдаг. Харин хөгжим бол үггүй урлаг. Энэ нь надад заримдаа хэцүү санагддаг. Заримдаа бүр илүү ч юм шиг санагддаг юм.
Од одоо төрүүлдэггүй. Хэн нэгэн төрүүлдэг
-Амьдралын утга учрыг юу гэж тодорхойлоод явж байна вэ?
-Би яг одоо цаг дээр амьдарч байна. Амьдралын сайхныг илүү мэдэрч явахыг боддог болсон, нээрэн шүү. Энэ бол миний дөчин насандаа олж авсан амьдралын туршлага. Маргааш юу болохыг, өчигдөр юу болсныг бодоод ч яах юм бэ. Тийм биз дээ.
-Олон улсад цойлон гарсан хийлч олон. Тэдэн шиг гадаад зах зээлд гарах бодол бий юү?
-Анх уран бүтээл хийж эхлэхдээ “Дэлхийд гарна” гэсэн бодолтой их пээдгэр байлаа. Гэхдээ санаснаар болоогүй. Чин үнэнийг хэлэхэд насаараа менежертэй болох юмсан гэж хүсэж мөрөөдөж явсан. Миний амьдралын ганц биелээгүй юм нь энэ юм уу даа. Менежер продюсертой, багийн нэг хэсэг болж явах юмсан гэж насаараа мөрөөдсөн. Харамсалтай нь, одоогоор надад тийм боломж олдоогүй байна. Би Монголыгоо миний дэлхий гэж боддог. Ард түмэндээ хайрлагдаж 22 жил хийл хөгжмөө тогложээ.
Од одыгоо төрүүлдэггүй. Хэн нэгэн төрүүлдэг. Би 22 жилийн турш уран бүтээл хийхдээ продюсер, менежер гээд бүгдийг нуруундаа үүрч явлаа. Тэгэхээр гадаад зах зээлд гарах бол бодлогын чанартай хийх ажил гэж боддог. Хувь уран бүтээлчийн ганцаараа шийдээд хийчихдэг асуудал ч бас биш.
-Хөгжимчдийн давуу тал нь бие эрүүл саруул л бол цаг хугацаа өнгөрөх тусам туршлагаждагаараа онцлогтой. Тэгэхээр таны карьер магадгүй энэ тоглолтоос эхэлж байгаа ч юм бил үү. Яагаад бүх зүйл дуусаж байгаа мэт яриад байгаа юм бэ. Яагаад арван жилийн дараа Америкт хийлээ тоглоод явж болохгүй гэж?
-Хурай, хурай... Мэдээж хэн хүсэхгүй байх билээ. Энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүс “хурай” гэж хэлээсэй гэж дотроо хүсэж байна.
Б.СЭЛЭНГЭ