Л.Өнөрчимэг: Надад төрийн шагнал авах хэмжээний бүтээл олон бий

unen
1 цагийн өмнө

Монголын уран зургийн нэгэн тод, хурц өнгө бол зураач Л.Өнөрчимэг. Цахим ертөнцөд нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тэрбээр дүрслэх урлагт  олон төрөл нэвтрүүлсэн. Арт-спорт, элсээр зурах, арьс ширэн дээр 3D буюу товойлгон, бодит мэт бүтээл туурвигчдын анхдагч нь. Түүнийг “Монгол гайхамшиг”, “Сод авьяастан” гэж тодотгодог. “Залуу насанд төрийн шагналын тухай бодож явсангүй. 50 гаруй жил зурлаа. Төрдөө үнсүүлэхсэн, бүтээлээ, зураачийн хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэхсэн гэж эрхгүй бодогддог юм байна. Үхсэний дараах алдар гавьяа сонин биш. Хүртэх ёстойгоо амьддаа л авмаар байгаагаа цахим хуудастаа тэмдэглэсэн. “Уйлж байгаа хүн бус уйлуулсан нь муухай харагддаг” хэмээн хуучлах зураач Л.Өнөрчимэгтэй уран бүтээлийн яриа өрнүүлсэн юм.

-Таныг зураачийн болон иргэн хүний хувиар монголчууд сайн мэднэ. Дүрслэх урлагт олон төрөл нэвтрүүлсэн.  Л.Өнөрчимэгийн гэх тодотголтой шинэ санаануудаас дурдвал хэр урт жагсаалт гарах бол?

-Таван настайдаа анхны үзэсгэлэнгээ гаргаснаас хойш уран зургийн бүх төрлөөр зурлаа. Одоо реалист чиглэлээр тууштай зурж байна. Би угаас бодит байх дуртай. 1200 гаруй зураг зурсан. Гадаад, дотоодод 22 үзэсгэлэн гаргажээ.  Энэ хугацаанд зүгээр л зургаа зураад урсгалаар яваагүй. Цаг ямагт ондоог эрэлхийлж, шинэ санаа дэвшүүлснээс 20 гаруй ашигтай патент хамгаалсан. Арт-спорт, элсээр зурах арга барилыг дэлхийн дүрслэх урлагт нэвтрүүлсэн. Арьс ширэн дээр 3D буюу товойлгон, бодит мэт бүтээл туурвигчдын анхдагч.  Арт-спорт бол дүрслэх урлагт оруулсан миний бас нэгэн хүчин зүтгэл. Спортлог зураачийг шинэ төрлийн мэргэжил гэж хэлж болно. Энэ тухай долоон цуврал ном бичсэн. Зургийн спортын төрөлд уран бичлэгийг үгээр зурах үзүүлбэр болгон оруулж ирснээрээ оюуны спортоо маш том хамгаалалтад орууллаа. Миний санаачилж нэвтрүүлсэн туршлага зургийн багш, оюутнуудад эш болдог. Дүрслэх урлагийг дуу, хөгжим, бүжиг зэрэг урлагийн бусад төрөлтэй холбох, хүүхдийн сэтгэн бодох чадварт суурилан хөгжүүлэх гээд миний боловсруулсан аргууд олон ном, сурах бичигт нэр дурдалгүй орсон нь ч бий. Ганцаараа судалж хөгжимдөж бүжиглэж хэмжиж өргөж найруулж бодож тэвчиж зурдаг учир миний тодотголтой дүрслэх урлаг чимээгүй хэцүү урлаг юм. Ер нь би спортоор хичээллэхийг эрхэмлэдэг. Бие хамгаалах урлаг, галт буудлага, байлдааны самбогоор хичээллэж байлаа. Спортын гимнастик, хөнгөн атлетикийн зэрэгтэй.

-Уран зургийг хэдэн оноос тайзны үзүүлбэртэй хослуулсан юм бэ?

-1990 оноос тайзан дээр гарч үзүүлбэрээ үзүүлж эхэлсэн. Бэлтгэл ангиасаа л хоёр гараараа бичиж эхэлсэн дээ. Тэр үед нэг гараараа бич гэж шаардлага тавьдаг байсан. 17 жилийн дараа хоёр гараараа дахин бичиж эхлэхэд аав ээж хоёр өхөөрдөөд миний багадаа зурж байсан зургуудыг үзүүлж байж билээ. Дараа нь гадаад дотоодын олон уралдаан тэмцээнд оролцож тэргүүн шагнал хүртэж байсан. Миний усан доор 1996 онд туурвисан “Хуягт баатар”, усны мандал дээр хөлөөрөө зурсан “Хонгор хүлэг” хос таталбар зургийг Улсын сан худалдаж авч байлаа.


-Зураачид өөр хоорондоо давтагдашгүй ертөнцтэй байх. Гэхдээ таныг таталбар зургийн хатан хаан гэдэг Оросын зураач Надя Рушёватай адилтгадаг юм билээ?

-Би ОХУ-ын Тувагийн Бүгд найрамдах улсын гавьяат цолтой. Миний авьяасыг Надя Рушёватай эн тэнцүү гэж гавьяат цолоор 2004 онд шагнасан. Гэхдээ би амьддаа л баярлаж, Монголын “төрдөө үнсүүлэх”-ийг хүсдэг.

-Төрийн шагнал олгоход үндэслэл бий. Таныг ард түмний гаьяат гэдэг. Монгол Улсын гавьяатын цол тэмдгийг зүүх эрхтэй хүн ч гэж үздэг. Харин та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?

-Би шагнал, одон медальд ач холбогдол өгдөггүй байлаа. Харин сүүлийн үед шавь, багш нараа хараад “Төрийн одон, шагнал авах ёстой юм байна” гэж бодох болсон. 50 гаруй жил бийр, цаас нийлүүлж, уран зурагт энэ насаа зориулж явна. Ингэхдээ би олон арван сод бүтээл туурвисан гэж биеэ тоодоггүй. Төрийн шагналуудаас урьтан “Монгол гайхамшиг”, “Сод авьяастан”, “Тэнгэрлэг авьяастан”  гэж намайг хайрлаж хүндэтгэдэг ард түмэндээ талархдаг. Гэхдээ Төрийн ордондоо Ерөнхийлөгчөөсөө гавьяатын тэмдгээ авмаар байна. Шагнал гуйсандаа би муухай харагдаагүй л байх. Харин нэгэн сод авьяастнаараа гуйлгуулж, нулимсыг нь үзэж байгаа нь л муухай юм даа. Уйлж байгаа нь биш уйлуулсан хүн нь муухай харагддаг шүү дээ. Надад төрийн шагнал авах хэмжээний бүтээл олон бий. Зураачийн хувьд гавьяат авах цаг хэдийнэ болсон. Монгол цэргийн музейд уран зураг, эд өлгийн зүйлсийг сэргээн засварлахад хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажиллаж байгаа тул төрдөө үнэлүүлье. Намайг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулахаар тодорхойлсон Монгол цэргийн музейн хамт олондоо талархаж байна.

-Монгол цэргийн музейтэй ямар жимээр  холбогдов. Цэргийн хүн болсноор таны амьдрал, уран бүтээл ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах, монгол цэргийн дайчин замнал, бахархалт түүхийг өвлүүлэх, соёлын үнэт өв бүтээх, сэргээн засварлах үйлсэд хүчин зүтгэж явсан аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байна. Хатуу, хүтүүг туулсан ч хамгийн гол нь би иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн. Ер нь би Монгол Улсын Батлан хамгаалах яаманд олон зураг бэлэглэсэн. “Цэцэгс”, “Тоорой модод” гээд нэрлэвэл олон бий.  Сүүлийн жилүүдэд төрийн тахилгат хайрхнуудын зургийг хувиараа болон захиалгаар зурж байна. Отгонтэнгэр, Алтай Таван Богд, Цэнгэл хайрхан, Мөнххайрхан, Сутай, Хөх сэрхийн нуруу гээд олон сүрлэг хайрхнуудыг зурлаа. Бэлд нь очиход л сүрдэм шүү. Хамгийн сүүлд цаст Цамбагарав хайрхныг зурлаа. Захиалсан эзэн нь хараад нулимс мэлмэрүүлсэн. Тод өнгийг зоригтой тавьж өгсөн. Энэ жил зурж дуусгасан “Бурхан халдун” зургаа Офицеруудын ордонд буюу Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад соёлын өв болгон дурсгалаа. Монгол Улс бол ариун дагшин, лагшин орон. 21 аймаг, сумдын бахархалт уулсыг зурж, төрийн хамгаалалтад  оруулахсан гэж бодож явдаг.


-Чингис хааны эш хөргийг хуулбарлан зуржээ. Энэ үед юу мэдэрч байв?

-Тусгай захиалгаар зурсан юм. Чингис хааныхаа эш хөргийг хуулбарлан зурж байхдаа асар хүчтэй эрчмийг мэдэрсэн. Авшигтай зураг юм. Их хааныхаа эш хөргийг залах Ерөнхийлөгчийн шийдвэр энэ хүнд цаг үед утга бэлгэдэлтэй үйл явдал боллоо. Эш хөрөг учраас масштаблаад нарийн дэг жаягтай зурна. Орчин үеийн тосон будаг ч XIII зууных мэт, байгалийн шороон будгаар зурсан юм шиг харагдахуйц байхаар бодож зурсан. Би их удаан бодож, бясалгаж зурдаг. Тэгж байж амьд, ертөнцөд цор ганц бүтээлийг туурвина. Хүн уран зургийг хараад уулга алддаг. Ямар ч хүний сэрэл мэдрэхүй тэр бүтээлийг ертөнцөд цор ганц гэдгийг таньж, ялгаж чаддаг учраас тэр. Хүний оюун санаа л шингэж байж бүтээл амь ордог. Хэчнээн мундаг хуулбар байгаад ч амьгүй, дутуу харагддагтай адил.

-Та өнгөрсөн зун төрсөн өдрөөрөө бүтээлүүдээ олон нийтэд толилуулсан. Ойрын хугацаанд үзэсгэлэн гаргах уу?

-Хүүгийнхээ төрсөн өдрөөр буюу арванхоёрдугаар сарын 7-нд Монгол цэргийн музейд үзэсгэлэнгээ гаргана. Энэ ташрамд орцныхондоо баярлаж явдгаа хэлье. Би зурсан зургуудаа орцондоо өлгөдөг. Зураг сэвтүүлсэн, хулгайлсан явдал гараагүй. Хүүхдүүд үзэх дуртай байдаг. Хүүхдүүд их ажигч шүү. Шинэ зургийг андахгүй, “Тийм зураг байсан сольсон байна” гээд яг хэлдэг.  Монгол Улсад уран зургийн галерей, соён гэгээрүүлэх үзвэр үйлчилгээний газрууд хангалтгүй байгааг л илтгэж байгаа юм.

-Та цахим орчныг үе үе шуугиулдаг. Бичлэг, байр суурь шигээ эмоцтой зантай юу. Залуу насны гэрэл зургуудыг тань харвал даруухан дөлгөөн бүсгүй шиг санагддаг.

-Уг нь би тайван зантай. Нийгмийн болох бүтэхгүйг шүүмжлэхээрээ хачин бухимдалттай, эмоцтой ярьсан байдаг. Заримдаа өөрийн мэдэлгүй уйлсан байдаг.

“Тэс, Итгэ, Хүлээ” гэж чухал утгатай юм шиг атлаа  худлаа үгс юм. Хүний зовлонг хэн ч тэсэж мэдрэхийг хүсэхгүй. Хүн өөртөө л итгэх хэрэгтэй. Өнгөрсөнтэйгөө зууралдах дургүй. Амьдрал биш амьдрах нь гоё. Маргааш ч гэсэн зөвхөн мөрөөдөл л болохоор  өнөөдөр хэн байгаа нь чухал.  Өнөөдөр гэдэг боломж байдаг.

Х.ЗАЯА



0
angry
1
care
0
haha
3
liked
6
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22