Хүмүүсийн танилцах зам мөр янз бүр. Огт уулзаж учралгүй танил болох бас байна. Ламжавын Ванган гэдэг эрхэм хүнийг амьд сэрүүнд нь би уулзаж учирч байгаагүй ч эргээд бодоход тэр хүн миний амьдралд гурван удаа мартагдашгүй ул мөрөө үлдээсэн байх юм. 1949 онд Багшийн сургуульд суралцах гэж Хэнтий нутгаас ирсэн арван хэдхэн настай хорчгор банди миний бие сургуулийнхаа танхимд тухалж амжаагүй шахам байхдаа театрын босго алхсан нь ирээдүйн их зохиолч Ламжавын Ванганы орчуулга “Тэр талд” драмын жүжгийг үзэж билээ. Сургуулиа төгсөөд хөдөө багшилж бас болоогүй ээ аймгийн Гэгээрлийн хэлтэст дэвшин ажиллаж, найман жилийг ардаа орхиод МУИС-ийн оюутан болохдоо Монголын уран сайхны “Сэрэлт” гэж киноны бараг анхны үзэгч болсон маань Л.Ванган гэдэг эрхэм зохиолчийн оюуны дээжээс хүртсэн хоёр дахь тохиол байж. Гурав дахь нь хожуу л даа.
Нэг өглөө харсан чинь “Галшар цахилгаантай боллоо” гээд “Зууны мэдээ”-д гараад ирж. Бөөн баяр. Манай нутгийнхан яаж хөл хөөр болж байгаа бол гэж бодохоос сэтгэл дэвэлзээд “Унасан газраа үгүйлэхийн учир” гээд цахим бичүүрийнхээ ард сууж авлаа. Л.Ванганы “Жож Сэрээнэн” санаанд орж ирж байна. Хотод ирж цахилгаан дэн үзээд баахан гэрлийн шил аваачаад хөдөө гэртээ жоорлочихдог. Манайд ч уул нь өөрийн Жож Сэрээнэн бий дээ, Ёндон гуай маань жаахан тэнхээтэйсэн бол гэрлийн шил дарж байгаад өдийд айлуудад тарааж байгаа. Даавуу даалимба, лаа, шүдэнз авдраар нь толгойгоор нь жоорлож хавь ойрынхонд тэр нь их л тус болдог байсан даа гээд л бичиж байснаа санаж байна. Нэрт зохиолч Ламжавын Ванган гэдэг эрхэмтэй нүүр тулж уулзаагүй ч амьдралын төөргөөр ингэж эчнээ гурван удаа учирч, сүүлчийнхэд бүр нутаг орноосоо тэртээ хол дэлхийн бөмбөрцгийн нөгөө бөөрөнд зорчсон үедээ сэтгэлийн гүнд угтан золгосон маань юутай гайхалтай. Алс хол хүний газар, гүний нутагт тэр эрхэм над хань болж, дэлхийн нөгөө бөөрнөөс надтай хамт нутгийг минь зорьсон байгаа юм даа. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг энэ буюу.
“Сэрэлт” киноныхоо баатруудтай уулзахаар барахгүй бүр хожмын өдөр хэн нэгэнтэй нь хамт ажиллаж найзалж нөхөрлөнө гэж бодсонгүй явж. Одоо бол тэр маань уг киноны дүрүүдээс амьд сэрүүн үлдсэн цорын ганц хүн нь шүү. Пүрэвжав эмчийн багын дүр, нөгөө маарамба гуайн алганы амт үздэг шовгор бор банди эдүгээ нас сүүдэр наяын босго хэдийнэ давсан ч наснаас хамаагүй залуу харагдах ануухан хөнгөн шингэн өвгөн бидний дунд алхаж яваа. Лувсанжамцын Банзрагч гэдэг энэ эрхэмтэй би Монголын радио гэдэг их айлын хажуу хавирганд наалдаж явж танилцсан хэрэг. Тэтгэвэрт гарсан хойноо бид хоёр бас байгууллагынхаа дэргэд шинээр үүдээ нээсэн Радио, телевизийн сургуульд хамт багшилж үзлээ. Миний хувьд тэнд бас л урьд нь уулзаж учирч байгаагүй киноны мундгуудтай нүүр тулж, танилцаж, Халтарын Дамдин, Бадамсүрэнгийн Нагнайдорж гэсэн хоёр гавьяаттай ойр дотно нөхөрлөх хувь тохиосондоо олзуурхдаг. Тэтгэврийн өвгөн намайг одоо ч зүгээр суулгадаггүй Нагнай гэдэг эрхэмтэй би одоо ч ойр дотно. Намайг чирч явж, хамтран бүтээсэн “Эрэлхэг хүүгээ эх орон мартахгүй” баримтат уран сайхны кино одоо ч дэлгэцээр гарсаар л байгааг хүмүүс үзэж байгаа байх. Саяхан мань нөхөр утасдаж байна аа. “Баянгол” зочид буудлын үүдэнд хүлээж байна, хүрээд ир гэдэг юм байна. Одоо яах вэ, боссын үгэнд ороод очлоо.
Мань домогт Банзрагч, Нагнай хоёр маань бас нэг бүсгүйтэй гурвуул өдрийн халуунд өндөр модны сүүдэр бараадаад сууцгааж байв. Танилцлаа. Бүсгүй нь алдарт Ванганы том охин Оюунбилэг гэнэ. Хажууханд 220 мянгатад байрлах Ванган зохиолчийн өргөө гэрт очих юм боллоо. Гэрийн эзэгтэй, их зохиолчийн бэлэвсэн гэргий Түмэнбаярын Пялзай гээд нас 90 гарсан гэхэд ануухан авгай биднийг хэзээний танил мэт элэгсэг мэндчилэн, халуун дотноор угтан, зочны ширээнд урив. Халуун яриа өрнөлөө. Нэрт зохиолчийн уран бүтээлийг дэлгэцэнд амьдруулсан, эдүгээ амьд сэрүүн байгаа цорын ганц хүнд анхаарал төвлөрснөөр яриа ундарсан юм. Ярианд маань саяын гаднаас орж ирсэн бид хэдээс (миний бие Лувсандоогийн Гүнсэн Л.Г, Лувсанжамцын Банзрагч Л.Б, Бадамсүрэнгийн Нагнайдорж Б.Н) гадна зохиолчийн бэлэвсэн гэргий (Түмэнбаярын Пялзай-Т.П), том охин (Ванганы Оюунбилэг-В.О) нар оролцсон юм.
Л.Г: -Ямар тавилангаар Ванган зохиолчийн хараанд өртдөг билээ?
Л.Б: -Би чинь урлагийн сургуулийн жүжигчин найруулагчийн анги төгссөн хүн. Монголын урлагийн толгой цохих эрхмүүдээс эрдмийн түлхүүр атгасан ховорхон хувь тавилангаараа бахархдаг. Тэр мундгуудын дотор Ванган багш байлаа. За тэгээд Гэндэн гуай, Оюун гуай, театрын зураач Доржпалам гуай гэсэн дандаа аваргууд багшилж байсан.
Л.Г: - Киногоо ярина аа?...
Л.Б: - За би тэгэхэд 17-18 -тай байсан...
Л.Г: -Юу гэнэ ээ. Тийм том юм байж тэгээд хүүхдэд тоглосон хэрэг үү? (Бүгд инээлдэв)
Л.Б: -Тийм ээ, харин. Анх манайхаас хоёр хүүхдийг шалгасан байдаг. Сүүлд нь бас 5-6 ч хүүхдийг үзлээ л гэсэн.Тэгсэн нь нэг өдөр Ванган багш намайг дуудаж байна гэнэ. Очлоо. Багш маань, “За чи Кино үйлдвэр дээр... тэр Жийгээ дээр... нэг очоотох” гэлээ. Жирийн үед багш маань үгээ зөөж ярьдаг хүн шүү дээ. Жигжид гэдэг операторыг дуулсан болохоос танихгүй гэдгээ учирлахад багш, “За чи зүгээр л... сураглаад оч... олон юм ярих ... хэрэггүй” гэдэг байгаа.
Л.Б: -Гадаад яамны баруун талд сүүлд филармони байрласан хоёр давхар байшинд Кино үйлдвэр байсан, тэнд яваад очлоо. Доод давхарт хойгуур нэг өрөөнд Жигжид гуай сууж байсан. Ванган багш явууллаа гээд хэлсэн чинь, “Өө чи Банзрагч уу? Ашгүй дээ, ламын шавь Пүрэвжавт тоглох хүүхэд маань ороод ирлээ... -За хөөе” гээд хажуудаа ойрхон байсан Цэндээхүү гуайд, “За шавь чинь ороод ирлээ. Та хоёр танилц” гэв. Ингээд зураг хөрөг болдог юм байна. Намайг зүгээр жирийн хувцастай, мөн лам дээл өмсгөөд, бас маарамба багштай маань хамт гээд зөндөө зураг дарж байна. Маарамба багш маань ч намайг сонирхож шохоорхож, юухан хээхэн асууж, шалгааж, нэлээд хэсэг ярилцаж суусан, бодоход сорьсон биз.
Б.Н: - Жижиг дүр адармаатай л даа. Манай Банзрагч гуай дүрээ чадамгай гаргасан шүү. Том хүн байж тэр жаахан бандийн дүрд хувилна гэдэг амаргүй шүү дээ. Тэр уйлж цурхирч байгаа энэ тэр нь их үнэмшилтэй. За тэгээд тэр л үеийн хүүхэд бөмбөг анх үзээд нээрэн тэгж эв хавгүй өнхрүүлж байсан болов уу гэхээр пүд пад хийлгээд хөөж яваа харагддаг.
Л.Г: -Ямар сайндаа би энэ нөхрийг чинь хүүхэд байхдаа л тэр дүр босгосон гээд бат итгэчихсэн явах вэ дээ.
В.О: -Сүүлд хэрсүүжиж ирсэн дүр нь бас үзэгчийн сэтгэлд хоногшиж үлдсэн байлгүй. Жамцыг түлээ ачаад явж байхад давхиж очоод эгчийнхээ биеийг асуулгаж, ааруул өрөм өгүүлэхэд нь Жамц, “Чи гэрээсээ туучихсан уу, цаадуул чинь юу гэх бол доо” гэхэд Пүрэвжав, “Яах вэ, бас л Цогтхайрханы савдаг аваад явчихаж гэж бодно биз” гээд тэр хоёр эзгүй хээр элгээ хөштөл инээлддэг биз дээ.
Л.Б: -Намайг магтаж байна, баярлалаа. Ванган багш анхнаасаа Гэндэн найруулагчид хэлж анхааруулж байсан. “За наад Пүрэвжав чинь зүгээр нэг зодуулаад уйлж байгаа хүүхэд биш шүү. Тэр хүний сэтгэлд юу байх юм бэ, тэр ямар хүн байх юм бэ, чи түүнийг олж тавиарай, Гэндээн” гэж захиж, хэлж байсан. Ванган багш ер нь анх зохиолоо бичихдээ ихэнхдээ дүрээ өөрөө сонгоод, боловсруулаад гаргаад ирдэг шиг байгаа юм.
Т.П: -Тэр үнэн шүү. Зохиолоо бичиж байхдаа Бумааг Цэвээнжав, маарамбыг Цэндээхүү л тоглож чадна гээд оноогоод суудаг байсан.
Б.Н: -Тэгсэн учраас цаадуул нь дүрээ бүр нэг донжийг нь олж гаргадаг нь аатай. Хэл ярианы хувьд яаж олсон юм бэ гэхээр сонин содон авцалдаа, шигтгээнүүд “Сэрэлт” кинонд их бий. Жишээ нь Сүрэн хаана байна? гэж асуухад Бумаагийн хариулдаг хэсэг байна...
В.О: -Где Сүрээн? гээд орос эмчийг асуухад Бумаа, “Ээж мам нь ирээд аваад явчихсан” гэдэг биз дээ. Тэгэхэд нь орос эмч түүнийг нь “Мама” гээд тусган авдаг.
Б.Н: - Юмор ер нь хүн бүхэнд заяадаг эд биш л дээ. Эмчдээ хэл залгуулж байгаа жолооч, “Вот, три даргаа! За миний орос хэл дууссан шүү. Одоо та нар өөрсдөө учраа олоорой” гэдэг хэсэг байна.
Л.Г: -Бас Бумаагийн нэг хөглөдөг хэсэг бий шүү дээ. Дарга ирээд, “За Бумаа гуай та чинь яахаараа доктороо уйлуулчихаад сууж байгаа билээ” гэхэд Бумаа, “Үгүй ээ, би маарамбынд очиж биеэ үзүүлэх гэсэн юм. Биш ээ, морь тэргийг нь гуйх гэсэн юм” гэж будилж “хулгай” баригддаг. Хүмүүс тэгээд хожим амьдрал дээр хэн нэгний бүтэлгүйтэх тохиолдолд “Бумаа шиг юм болох нь ээ” гэдэг болсон доо.
Л.Б: -Багш ер нь жүжигчинтэй ажиллахдаа маш хянуур, болгоомжтой ханддаг, жүжигчдийг үнэлэхдээ ч тэр, тэдэнд хандахдаа хүн бүрд тунг нь тааруулдаг байсан юм билээ.
В.О: -Тийм л байх. Аавын тухай жүжигчин З.Жарантав гуай нэг ярьж байсныг санаж байна. Жүжигчин болгонтой хувь хувийнх нь онцлогт тааруулж харилцдаг байсан гэж. Жишээ нь, Г.Гомбосүрэн гуай их академик тоглолттой, дуу хоолой мундаг. Гэвч хэтрээд ирэхээрээ хиймэлдүү болчих гэмтэй. Тиймээс дарж өгөхгүй бол болохгүй гэнэ. З.Жарантав гуайтай өөртэй нь болохоор амархан шантрамтгайг мэдрээд голдуу магтах аястай харьцдаг Л.Жамсранжав гуай харин нэлээн эмзэгдүү хүн байсан юм уу даа, тиймээс тэр хүнийг тэр болгон зэмлэдэггүй, дөхөж байна, цааш нь бодоорой гэхээр цаашаа улам чамбайруулаад хамаагүй шинэ дүр босгоод ирдэг байсан гэж ярьж байхыг би сонссон.
Биднийг угтан авч энд бас хамт сууж ярилцсан В.Оюунбилэг бүсгүй эцгээс өнчрөхдөө 16-17-хон настай байсан гээд бодохуйд сартуул эр Ламжавын Ванган, хотгойд бүсгүй Түмэнбаярын Пялзай хоёрын ханилж сууж, хамтран амьдарсан хугацаа дэндүү ахархан аж. Ердөө 20 хүрэхгүй жил гэсэн үг. Хэдүй тийм ч хань минь хажууд байсан тэр ахархан хугацаа миний сэтгэлд мөнхөрсөн хамгийн алтан үе гэж өгүүлэх эзэгтэйн үгийг сонсохуйд хэний ч сэтгэл эмтрэхээр.
“Бид хоёр ер нь бие биеэ эвгүй харж ч үзээгүй улс. Би л харин нэг удаа бухимдсан юм даг. Тэгэхдээ тэр бол ханийн минь энэрэнгүй хүнлэг сэтгэлийн гэрч болж үлдсэн” гэж хэлэхдээ хатагтайн хоолой зангирсхийв. Ванган сайд нэг удаа судалгаа хийсэн үү, хорих ангиудаар явснаа суллагдах гэж байгаа хоригдлуудаас хоёрыг нь би дааж авъя гээд Сэдэд гэдэг нэг хүнийг бүр гэртээ дагуулаад ирж л дээ. Манай гэрт элдвийн л хүн ордог гардаг, цуглардаг. Би юм хэлдэггүй. Одоо харин бүр ялтан бүүрлүүлэх чинь дутаа юу гээд ундууцсанаа би санаж байна. Ванган “За яах вэ, болно биз дээ хө, харж байж болъё. Би энэ хүнийг ажил төрөлтэй болтол нь тусалж дэмжье гэж бодсон юм” гээд хөдлөөгүй. Үнэхээр ч тэр хүн нь итгэл алдаагүйгээр барахгүй уран удган бас ажлаас хойш суудаггүй нэгэн байж удахгүй ажилд ороод сүүлд дуулахнээ авгай хүүхэдтэй сайхан айл болж, бүр алдар цол шан харамж хүртсэн ч дуулдсан. Ванган минь ингэж хүн таньж итгэдэг, бусдад туслахыг боддог хүнлэг сэтгэлтэй нэгэн байсан даа гэж бодохоос үнэхээр бахархал төрдөг гэж хэлэхдээ хатагтайн нүдээр нулимс цийлэгнэж үзэгдэв.
Ярилцаж суугаа энэ байр Ванган тэр хоёрын гал голомт биш, дээрээсээ хоёр дахь охин Оюунгэрэлийнх гэдэг нь ойлгогдсон. Сайдад улсаас олгосон гурван өрөө байрны хөлс мөнгийг хэдэн нялх нойтон хүүхэдтэй үлдсэн бэлэвсэн гэргий хэчнээхэн ч хугацаанд төлж дийлэхсэн билээ. Тэгээд байраа багасгаж сольсон нь мэдээж. Сүүлдээ бүр гэр барьж гарсан гээд хойш хойших амьдрал хөврөв. Ганц дайчин ганцаардахгүй. Пялзай хатагтай хэрхэвч бууж өгсөнгүй. Урлагийн сургуульд хичээл заалаа. Кино үйлдвэрийнхэн их харж үзсэн гэнэ. Хоёр ч том киноны туслах найруулагчаар чармайлттай ажилласан гэж баримтат киноны тасгийн дарга болгож 10-аад жил тэр албыг амжилттай залгуулж, хэд хэдэн удаа үйлдвэрийн аварга хамт олон болж, зураг хөрөг нь хүндэтгэлийн самбарт залагдав. Нас ч явалгүй дээ, удсан ч үгүй гавьяаныхаа амралттай золгож таарав. Гэрт амьдарсан боломжоо ашиглаад үнээ худалдаж авч, бага сагаар сүү борлуулж үзэж.
Алтанбулаг руу хөдөөний айл болж завдтал нэг жилийн их зуд Пялзай малчныхыг тойрсонгүй. Эргэж хотоо бараадсанд хүүхдүүд нь бөөн баяр. Хүүхэд, хүүхдийн хүүхдүүд салбарлаад арваад өрх 40 шахам ам бүл Ванганы удам залгаж яваа гэнэ. Пялзай хатагтай эдүгээ дөрөв дэх үеэ үзээд буй буурай эмээ гэхэд гайхах зүйлгүй. Таяг тулах насандаа танц бүжиг эргэж, тачигнатал товшоод босоод ирэх нь холгүй суугаа энэ хөгшнийг бахархахаас өөр яахсан билээ.
Радиогийн өглөөний нэвтрүүлэг сонсож байхад “Сэтгэл дутвал бүх юм дутна” гэсэн нэг хөөрхөн нэвтрүүлэг яваад байдаг юм. Хүүхдэд тавих анхаарлыг сулруулж болохгүй гэсэн санаа л даа. Тэр зөв өө. Үүнийг бас настан буурлууддаа хамаатуулж ойлговол бүр ч зөв юм шиг. Их зохиолчийн бэлэвсэн гэргий Түмэнбаярын Пялзайн гар хумхих завгүй нөр их хөдөлмөр, гаргуун сайхан авьяасыг нь хөхиүлж гавьяат цол хүртээж өгнө үү гэсэн түмний хүсэлт дээшээ өргөгдсөн бололтой.
Төр, түмний төлөөлөл мутраа хайрласан тамгатай лацтай бичиг сэлт Төрийн ордны босго давж алхсаар зургаан ч жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Замгүй олон захидал бичигт дарагдаад, далдын далд хэвтэж байгаа байж мэднэ. Учрыг олж хужрыг тунгаагсад уудалж гаргаад, урь салхи үзүүлж, уламжилж дээш нь өргөвөөс бас ч оройтоогүйсэн гэж бодогдоно.
Л.Гүнсэн /Ахмад сэтгүүлч, МУСГЗ/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №47/24528/