Төгөлдөр хуурч Ами: Бид монгол хөгжмийн бүтээлүүдээрээ дэлхийд ондоошно


Бага үдийн нартай уралдан төгөлдөр хуурын аялгуу эгшиглэсэн танхимын хаалгаар яаран сандран орлоо. Товлосон цагаас хоцрохгүйг хичээсэн миний зүтгэл талаар болсонгүй. Ярилцлагын зочноо хичээлээ эхлүүлэхээс нь өмнө амжиж хүрэв. Хоймортоо төгөлдөр хууртай танхимын хананд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөргийг залсан гэхээр хэнтэй ярилцсаныг минь гадарлах байх. Энэ удаагийн ярилцлагын зочин бол төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами. Ээжтэйгээ хамтран төгөлдөр хуурын сургалтын төвөө нээн ажиллуулж буй түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцаж хэсэгхэн хугацааг хамт өнгөрүүллээ.

 

-Арван жилийн өмнө тантай шинэ уран бүтээлтэй уулзаж байсан бол өнөөдөр ч гэсэн хувь тохиолоор сайхан мэдээгээр эхлүүлж байна.

-Тийм байна. Таныг арван жил гэж хэлэхэд надад саяхан болсон үйл явдал мэт дотно санагдлаа.

-Бүтээл төрөх агшин болгон өөрийн түүхтэй. Энэ удаа сонсогчдодоо хүргэх гэж байгаа сонгодог бүтээл ч гэсэн таны талаар нэгэн түүхийг өгүүлэх байх? 

-П.Чайковскийн “Щелкунчик” балетын хөгжмийн “Dance of the Sugar Plum Fairy”-г дүрсжүүлээд удаагүй байна. Би энэ хөгжмийн хэсгийг тоглох маш дуртай. Дээр нь сүүлийн үед гарч ирж байгаа дэлхийн төгөлдөр хуурчид балетын хөгжмөөс энэхүү бүтээлийг тоглох дуртай байдаг. Миний хувьд шинэ жилийн өнгө аястай уран бүтээлтэй болох юмсан, өөрийнхөө дуртай сонгодог бүтээлийн хэсгээс тоглоно гэсэн бодолтой явсаар гурван жилийн өмнө хөгжмийн бичлэгээ хийлгэсэн ч дүрсжүүлж амжаагүй. Харин энэ цаг үед тохироо нь бүрдэж, шинэ оноо шинэ уран бүтээлтэй угтах гэж байна.

-Арванхоёрдугаар сарыг “Цөмөөхэй” балетгүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг шиг энэ үед сонсох нэгэн бүтээлийг та дүрсжүүлжээ. Яг хэдийд сонсогчдодоо хүргэх вэ?

-Тун удахгүй... Энэ бүтээлийг сонгон тоглох болсон нэг шалтгаан нь эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ хөгжмийн боловсролд ихээхэн анхаарал хандуулдаг болсон. Тиймээс сонгодог хөгжмөөр туурвисан төгөлдөр хуурын бүтээл олноор гарч байх ёстой. Тэдгээр бүтээлийг төгөлдөр хуураар хичээллэж байгаа хүүхдүүд үзэж урам зориг авна шүү дээ. Мөн төдийлөн танилцаагүй зохиолуудаас хүүхдүүдэд сонирхуулахын тулд “Dance of the Sugar Plum Fairy”-г сонгосон.

Хүүхдүүд маань төгөлдөр хуураа сайн сурч, ажил урагштай яваа болохоор урамтай, сайхан байна

-Энэ бүтээл хийхээс өмнө багагүй хугацаанд та нам жим байлаа. Хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулав уу. Эсвэл өөр ажлын ард гарав уу?          

-Өнгөрсөн арван жилийн хугацаанд хувь уран бүтээлдээ тийм ч их анхаарал хандуулаагүй. Үзэгч, сонсогчдодоо хүргэсэн бүтээл гэвэл, ээжтэйгээ хамтарсан Б.Шарав гуайн “Бөртэ” юм уу даа.  Хөл хорионы үе таарсан болохоор зарим үед гар утсаараа шууд бичлэг хийж сонсогчдодоо уран бүтээлээ хүргэсэн. Ер нь бол өнгөрсөн хугацаанд  төгөлдөр хуурын сургалтдаа хамаг анхаарлаа хандуулсан байна.

-Таны багшилсан хугацаа арван жилээр тоологдоно. Олон ч хүүхдийг төгөлдөр хуурт дурлуулсан гэж бодож байна?

-Би багшлаад 18 жил болсон байна. Энэ хугацаанд төгөлдөр хуурын багшаас гадна балетын концертмейстерээр ажилласны эцэст өөрийн гэсэн сургалтын төвөө өнгөрсөн жил нээлээ. Өнгөрсөн хавар сургалтын тайлан тоглолтоо хийсэн. Улсын филармонид симфони найрал хөгжимтэй хийсэн тайлан тоглолт гурван хэсгээс бүрдсэн бөгөөд бүтээлч ажил болсон гэдэгт эргэлзэхгүй байна. 

-Монгол Улсын консерваторид багшилж байгаа юу. Эсвэл сургалтын төвийнхөө үйл ажиллагаанд голлон анхаарч байна уу?

-Төгөлдөр хуурын сургалтын төвдөө анхаарал хандуулж байна. Энд надаас гадна ээж маань хүүхдүүдэд хичээл заадаг. Цагийн хуваарь давчуу, өдрийн ихэнх цагийг сургалтын төвдөө өнгөрөөж байгаа ч энэ ажлаасаа их эрч хүч авч байна. Хүүхдүүд маань төгөлдөр хуураа сайн сурч, ажил урагштай яваа болохоор урамтай, сайхан байна.

-Та оюутан байхаасаа багшлахад анхаарлаа хандуулсан. Бараг 30 орчим жил төгөлдөр хуураар хөглөгдөж байна. Гадаад ертөнцөд өөрийгөө мэдрүүлж уран бүтээлийн “тэсрэлт” хийх цаг нь ирсэн гэж санагдах юм?

-2023 онд олон зүйл хийхээр төлөвлөсний нэг нь тоглолт. Он гаргаад тоглолтын ажилдаа идэвхийлэн орно. Өнгөрсөн хугацаанд нэлээд уран бүтээл хийснээ танилцуулсан тоглолт зохион байгуулах бодолтой байна. Өмнө нь  сонгодог тоглолтууд хийсэн. Энэ удаа сонгодог, орчин үе, монгол хөгжмөө оролцуулсан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа юм.

-Төгөлдөр хуурчид концертмейс­терээр ажиллаж гадаад харилцаа­гаа өргөжүүлэхийн зэрэгцээ карьертаа анхаарал хандуулдаг. Танд тийм бодол бий юү?

-Миний жанраар тоглодог орчин үеийн төгөлдөр хуурч олон байдаг. Энэ орон зайд орж өрсөлдөнө гэдэг амаргүй. Миний тэднээс ялгарах гол онцлог нь монгол хөгжим. Монгол хөгжим ямар гайхамшигтай вэ гэдгийг уран бүтээл хийж эхэлснээсээ хойш мэдэрч байна. Бид дэлхийд монгол хөгжмийн бүтээлүүдээ гайхуулах ёстой. Тиймээс цаашид ч монгол хөгжмийн бүтээлээ илүү тоглохоор зорьж байгаа.

Өвөөгийнхөө хэлсэн захиасыг шавь нартаа хэлдэг

-Өмнө нь ярилцахад та өвөө­гийнхөө “Монгол хөгжмөө илүүтэй тоглоорой” хэмээн захисныг хэлж байсныг саналаа. Өвөөгийнхөө захиасыг ажил хэрэг болгож байгаа юм байна.

-Тэр үед монгол зохиолуудыг төдийлөн тоглодоггүй байсан бол одоо бидний бусдаас ондооших зүйл нь монгол хөгжмийн бүтээлүүд болоод байна. Үүнийг өвөө маань хэдэн жилийн өмнөөс мэдэрч, үр хүүхэд болсон бидэндээ захиж байсан байгаа юм. Одоо би төгөлдөр хуур зааж байгаа хүүхэд бүрд өвөөгийнхөө хэлснийг захидаг. Тэдний ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрт монгол уран бүтээлүүдийг оруулдаг. Багаасаа монгол хөгжмийн бүтээлээ сонсож, тоглож ямар гайхамшигтайг нь мэдэрч өсвөл гоё гэж боддог. Одоо хийж байгаа, найруулга дээр нь ажиллаж байгаа монгол хөгжмийн бүтээл олон бий. Ирэх жилүүдэд хувь уран бүтээлдээ давхар анхаарал хандуулж явна.

-Одоо оршин байгаа цаг үеэс юуг мэдэрч,  ямар уран бүтээл хийхээр зорьж байна вэ?

-Уран бүтээлээ хийе гэхээс өөр зүйл одоогоор бодолд орж ирэхгүй байна. Гоё гоё бүтээлүүд гаргах юмсан гэж шунаж байна даа.

-Цаг үе нь сонгодог урлаг сонирхогчдыг олноор төрүүлж, нэгэн үеийн үзэгч сонсогчийг бий болгожээ. Тэр замыг эхлүүлсэн хүмүүсийн нэг нь та?

-Хэдэн жилийн өмнө хөгжмийн бүтээл гаргаад сонсох хүн нь хязгаарлагдмал байсан. Маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж гаргасан бүтээлийг олон нийтэд цацахад хүлээн авч байгаа хүрээлэл цөөн байдагт нь урам хугардаг байсан үе бий. Тиймээс тухайн үед би сонсогчоо бэлдье гэж бодсон. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд олон хүүхдэд төгөлдөр хуур заасан. Одоо тэдний зарим нь аав, ээж болж хүүхдэдээ төгөлдөр хуур заалгуулахаар над дээр дагуулаад ирж байна.  Энэ цагийн сайхан нь төгөлдөр хуураар хичээллэгсэд олон болсон. Товчхоноор дүгнэхэд, бид өнгөрсөн хугацаанд сонсогчдоо бэлдчихжээ.

-Асуултынхаа сэдвийг өөрчилье. Одоо таны продюсероор ээж тань ажиллаж байна уу?

-Одоогоор продюсергүй явна. Уг нь манай ангийн Оки ажиллаж байсан юм. Оки одоо киноны хөгжмийн бүтээл хийгээд завгүй байна. Одоо өөрөө өөрийгөө продюсерлоод л явж байна даа. Цаашид хамтран ажиллах продюсер хэрэгтэй л байна шүү дээ.

-Уг нь мэргэжлийн продюсер, менежертэй бол та бүхэн зөвхөн уран бүтээлдээ анхаарал хандуулах юм даа?

-Санал нэг байна. Болдог бол бид хөгжмөө бэлдээд л сууж баймаар байна шүү дээ. Зөвхөн тоглохдоо анхаарч бэлтгэлээ хиймээр байна. Тэгэхгүй нэг зүйл хийхээр болоход өөрөө л явж таардаг. Зургийг яаж авах, бичлэгийг хаана хийх зэргээр бүх зүйлд цаг гаргах шаардлагатай болдог. Сүүлдээ үүнээсээ залхаж, ядарч эхэлдэг. Хойш суух шалтгаан болдог байхыг ч үгүйсгэхгүй. Бас их дэмжлэг хэрэгтэй байдаг. Тэгэхээр таны хэлдгээр өөрийн гэсэн  менежер, продюсертой бол сайхан л байна.

 

Сонгодог хөгжимчдийн жаргал зовлон олон улсад ч адилхан байдаг

-Арван жил бага хугацаа биш. Таны хувийн амьдралд өөрчлөлт гарсан уу. Шинэ хоббитой болов уу. Жишээлбэл, зураг зурж байна уу?

-Зураг зурах хүсэлтэй ч цаг гаргаж чадаагүй л байна. Харин сургалтын төвийнхөө дэргэд уран зургийн  ангитай болгохоор төлөвлөж байгаа.

-Хувийн амьдралд тань ямар өөрчлөлт гарав. Өмнө нь та зөвхөн карьер, уран бүтээлдээ анхаарал хандуулахыг хүсдэг байсан?

-Хүнээ таних гээд найзалж,  нөхөрлөөд л явж байна. Өмнө нь уран бүтээлдээ илүү анхаарал хандуулдаг байсан бол одоо хувийн амьдралаа ч төлөвлөөд явж байгаа. Тэгээд ч одоо хэдэн настай билээ. Ирэх жилүүдэд анхаарах гол зүйлсийн нэг нь хувийн амьдрал байх болно.

-Одоо танаас шантрах талаар асуувал илүүц биз. Харин юунаас амьдралын сайн сайхныг мэдэрч байна вэ гэвэл илүү оновчтой болох байх?

-Аялахад багагүй хугацаа зарцуул­лаа. Олон орноор аяллаа. Заримдаа жилд нэгээс хоёр удаа аялчихдаг болсон. Нэг хэсэг бүр аялах хоббитой болчихсон байсан шүү.

-Тэдгээр аяллаас танд юу үлдэж хоцров?

-Аялж байгаа газрынхаа урлаг, соёлтой танилцана. Жишээлбэл, Италид очоод заавал дуурь үзнэ. Америкт очиход “Бродвей” театраар ороод гарна. Тэнд тоглолтуудыг хэрхэн зохион байгуулж байна, хөгжимчид нь яаж тоглож байна зэргээр туршлага судлах, үзэж харах зүйл багагүй байлаа. Ёстой л газар үзэнгээ “юм үзэж нүд тайллаа”. Хувь хүний хувьд өөрийнхөө хэрхэн амьдарч байгааг, төгөлдөр хуурчийн хувьд бусадтай харьцуулахад хаахна яваагаа олж мэдсэн он жилүүд өнгөрлөө. Миний хувьд аяллууд үр дүнгээ өгсөн гэж боддог.

-Олон орны төгөлдөр хуурчидтай харилцаа холбоо тогтоосон уу?

-Мэргэжлийн олон найзтай болсон. Сонгодог хөгжимчдийн жаргал зовлон олон улсад ч адилхан байдаг юм билээ.

-Ярилцлагын төгсгөлд та манай уншигчдад өөрийн сонсох дуртай бүтээлийг санал болгоно уу?

-Би өвөөгийнхөө “Би чамд хайртай” дууг зориулъя. Энэ нийгэмд бие биенээ хайрлаж, хүндэлж яваарай гэдэг үүднээс энэ бүтээлийг зориулмаар санагдлаа.  

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24530/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 7 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр