Хэнтий аймгийн Норовлин сумын Норовлин уулын зүүн бэлд 1929 оны шороон могой жилийн могой сарын шинэдээр нэгэн хүү мэндэлсэн нь хожмын театр урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Батмөнхийн Мушгиа байлаа. Эдүгээ 90 насны босго хол давсан буурал найруулагчтай уулзаж, хөөрөлдлөө.
-Таны намтрыг харж байхад 1945 онд урлагийн сургуульд оржээ. Э.Оюун гуайн шавь уу?
-Э.Оюун багш бол яах аргагүй миний багш. 1945 онд урлагийн сургуульд ороход Уран сайхны сургууль хуучин Төв циркийн ар талд буюу одоогийнхоор бол 100 айл орчимд байлаа. Хөдөөнөөс ирээд удаагүй байхад хүрэн даалимбан дээлтэй шавилхан биетэй онигордуу нүдтэй шар хүүхэн ирж, багштай танилцуулахаар намайг дагуулаад явлаа. Урлагийн сургуулийн байранд ирж нэг өрөөнд орвол булангийн ширээнд гялалзсан мяраалаг хүүхэн, бас нэг үсээ хойш нь самнасан гангандуу эр угтсан нь хэл сайжруулах хичээлийн Д.Цэрэндулам, Д.Чимид-Осор багш нар байсан. Харин нөгөө тэдэн дээр дагуулж ирсэн хүүхэн намайг урлагийн замд хөтөлсөн Э.Оюун багш маань юм. Гэхдээ миний анхны багш Монгол Улсын Ардын жүжигчин Дэндэвийн Чимид-Осор юм шүү дээ.
Анхны багш гэдэг учир нь би тэр хүнээр театр уран сайхны сургуульд жүжигчний уран чадварын хичээл заалгаж байсан юм. Би багшийгаа орой дээрээ ингэж зална (залбирав.) Багшийгаа тайзан дээр анх харж байснаа одоо ч санадаг. Хоёр багш маань театрт жүжигт тоглоно. Багш нарын жүжиглэлтийг харах нэг ёсны хичээл учраас байсхийгээд л үзнэ. Уран сайхны сургуульд сурч байсан бидний үеийнхний нэг дуртай, бас давуу эрхтэй зүйл нь орой болгон даавуугаар цавуудаад наачихсан салбайсан улаан үнэмлэхээ өвөртлөөд Бөмбөгөр ногоон театрт жүжиг, цирк, хөлөөвүүдийг (клубууд) үзэх. Багшийг харсан тэр өдөр, миний хамгийн анхны үзсэн “Цогийн идэр нас” буюу Чойбалсангийн залуу насны тухай жүжиг хуучин Циркт гарч байна. Жүжигт үсээ хойш нь самначихсан, саарал хүрэмтэй хүн багш болж тоглож байна. Хараад байсан, ямар сайхан хүн хайрладаг, хүүхдэд элэгтэй хүн байв аа. Нээрээ л тэр хүүхдийн төлөө тэр багш зүтгэж байгаа юм шиг харагдаад. Нэг орой үзээд ханасангүй, хэдэн орой үзлээ. “Үгүй ээ, энэ хүн шиг багш болох юмсан гэж бодогдох ч шиг. (Инээв) Багшийнхаа нэрийг нэг удаа маршал Чойбалсан гуайгаар дуудуулсан даа. 1947 онд сургууль төгсөх жил Засгийн газар одоогийн МУБИС-ийн байранд нүүж орчихоод байхдаа “Ёолк” гэдэг юм тэмдэглэх боллоо. Бид тэр ёолконд оролцож, маршал тайзан дээрээс “Уран сайхны сургуулиас Батмөнхийн Мушгиа, Д.Чимид-Осор багшийн ангийн сурагч” гэж дуудахад багш минь баярлаж байгаа гэж жигтэйхэн. Онцсайн сурлаа гэж баярын бичиг, хэдэн төгрөг өгсөн санагдана. Энэ бол миний амьдралын хамгийн сор болсон хэсэг. Э.Оюун, Д.Чимид-Осор багш хоёр өөр хүмүүс. Д.Чимид-Осор багш бол зөөлхөн урсгалтай гол шиг намдуухан хүүрнэж, амьдралд буулгаж ярина.
Э.Оюун багш бол тэс өөр. “Тийм тийм учиртай, ийм ийм үндэстэй, ийм шинжлэх ухааны нотолгоотой” гэж дандаа номоор ярина. Арга ч үгүй эрдэмтэй, айхавтар сийрэг ухаантай, их холын юм хардаг, өргөн хүрээтэй ойлгож, сэтгэдэг хүн. Орос хэлтэй хүн цөөхөн байхад Э.Оюун гуайн амыг хардаг хүн олон. Урлагийн сургуульд гурван жил сурахдаа Э.Оюун багшийн найруулсан “Улаан бүч” хүүхдийн жүжигт дүр бүтээгээд давхар туслах найруулагчийн үүрэг авсан нь сургуулиа төгсөөд театрт туслах найруулагчийн томилолт өвөртөлж, үеийнхнээсээ цойлоход нөлөөлсөн ч байх. Анх “Бөмбөгөр ногоон” театр хайлаад би багштайгаа “Элдэв-Очир” кино театрын подвальд хамт нэг өрөөнд сууснаас хойш олон ч жил хамт байлаа. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг дээ. Би Э.Оюун багшийн дэргэд байсан байж шарлаагүй ээ. Сургуулиа дөнгөж төгсөөд театрын босго алхахдаа туслах найруулагчаар очлоо. Тухайн үед дуурь, драм хамт “Бөмбөгөр ногоон”-д байсан үе. Ардын жүжигчин Т.Хандсүрэн, Д.Дамдинсүрэн, Ц.Цэгмид гээд жинхэнэ мундагчуултай тоглоно. Эхэндээ нүүр ам бадайраад, хөл гар хөшөөд, дуу гарч өгөхгүй жигтэйхэн айна. Тэд ч залуучуудыг сайхан залж чиглүүлж өгнө. Нэг ёсондоо жүжиглэх үед ч хичээл заана. Юу ч мэдэхгүй намайг Н.Дугарсанжаа буюу олонд танигдсанаар өгөр толгой Гүрсэд хөтөлж, зааварчилна. Э.Оюун багш туслах найруулагчийн ажлыг танилцуулж заана. Найруулагч жүжгийг яаж тавина жүжигчид анхны тавилтаар тоглож байх ёстой. Найруулагчийн анхны тавилтыг эвдэхгүй, улам бататгаж явах үүрэгтэй. 1957 он хүртэл 10-аад жил театрт туслах найруулагч хийсэн. Хүний өмнө үг хэлнэ, хүнтэй ажиллана гэдэг том сургууль.
-”Бөмбөгөр ногоон” театр хайлаад гэж та түрүүн ярилаа, юу болсон юм бэ?
-1949 оны хоёрдугаар сард “Бөмбөгөр ногоон” театрыг хайлахад “Талын баатар” гэдэг жүжиг тоглосон юм. Би жүжиг хөтөлж тоглуулдаг туслах найруулагчаа л хийж байлаа. Манай жүжиг ангийн дарга Лигдэн хаанд тоглодог Бат-Очир гуай байлаа. Бат-Очир гуайн малгай өлгүүрт шатаагүй үлдчихсэн байсныг Галсанжав бид хоёр харчихаад “Хөөе Очир гуайн малгай” гээд хашхирч байлаа. Хүүхэд байж дээ. Тэр шөнийг мартах учиргүй. Өглөө нар гараад гал ч зогслоо. Ойр хавийн хүмүүсийг хөөж явуулаад зөвхөн театрынхан л үлдсэн. Шатсан нурман дээр Э.Оюун гуай, Б.Ширэндэв гуай хоёр ирчихсэн зүүн талд нь ч нэг гараад, баруун талд нь ч нэг гараад яваад байж билээ. Б.Ширэндэв гуай сайд нарын зөвлөлд урлаг соёл хариуцаж байсан юм.
-Театр юунаас болоод шатчихаа вэ. Цахилгааны гэмтлээс болсон гэж түүх, албан ёсны баримт бичигт байдаг. Түүнээс хойш юу болов. Жүжиг, концерт тоглож байсан биз дээ?
-Юун жүжиг тоглох. Хүнээ алдчихсан хүн гэлээ гэгчээр бөөн гашуудал харуусал л байгаа юм. Үлдсэн жаал зугаа юмаа хотын захиргааны байранд зөөж оруулчихаад таг чиг болцгоочихсон. Элдэв-Очирын нэрэмжит кино театрыг яаралтайгаар ашиглалтад оруулчихсан байсан, удалгүй бид тийш нүүж орсон доо. Театр шатсан явдал Монголын соёл урлагийн салбарт том гарз хохирол болсон. “Бөмбөгөр ногоон” театрт Л.Цэрэндорж, Дашдэлэг, Д.Намдаг, Ж.Дорждагва, З.Цэндээхүү, Б.Жадамбаа, Д.Бат-Очир нарын үндэслэгч ахмад, тэдний залгамж үе Э.Оюун, Н.Цэгмид, Ц.Цэгмид, Д.Цэрэндулам, Ч.Долгорсүрэн, Ө.Рэнцэнноров нарын 20-оод ахмадтай туслах найруулагч, жүжигчний алба хашиж, 10 гаруй жил хамт ажилласан минь олдошгүй хувь заяа.
-Аргагүй л мундагчууд даа?
-Ай хэлээд юу гэх вэ. Хоёр Цэгмид гээд л тэр чигээрээ амьд бурхад. Нямын Цэгмид багш бол Д.Чимид-Осор багш, Э.Оюун багшийг төрүүлсэн найруулгын арга зүйн уг үндсийг дотооддоо зааж сургаж үндсийг нь тавьсан гэж би ч ойлгож явдаг, түүх ч тийм юм билээ. Эднийхээ тухай ярьж эхэлснийх нэрийг нь дурдахгүй өнгөрч боломгүй нэг хүн бол зохиолч Доноровын Намдаг. Нэг орой Э.Оюун багш урлагийн сургуулийн нэг ангийн төгсөгч Галсанжав бид хоёрыг дуудаад “Театрын байрны цаана хамгийн зүүн талд жижиг цагаан гэр барьсан байгаа. Тэнд нэг хүн бий. Чи очиж уулз” гэлээ. Би хэн бэ гэж асуусан ч үгүй Галсанжавыгаа дагуулаад л гүйлээ. Жижиг цагаан гэр олж орвол жигтэйхэн цонхийсон цагаан царайтай, хурдан явдалтай, цагаан цамц, хар костюмтай хүн угтаж авсан нь Д.Намдаг гуай байлаа. Дөнгөж шоронгоос гарч ирээд байсан нь тэр. Хоёр жаахан хүү яваад орохоор чихэр, боов тавьж өгөөд, нэр ус, аль аймаг, сумынх болохыг минь асууж ярилцаад бид нэг оройжин хамт байв. Хачин ажигч, хүн голдоггүй хүн. Алдарт зохиолч маань Монголын анхны хүүхдийн бүрэн хэмжээний жүжиг болох “Залуу үе” жүжгийнхээ баатруудыг бид хоёроос харж байсан юм билээ. Тэр орой Д.Намдаг гуай жүжгийнхээ дүрд бид хоёрыг тоглуулахаар болж, би Дэндэв гэдэг ашигч, амиа хоохойлсон хүүгийн дүр авсан. Энэ дүрээсээ болж энд тэнд гудамжинд явж байхдаа чулуугаар нүүлгүүлэх гэх мэт шан хүртэж л явлаа. Тэгж байтал 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор ЗХУ-д бэлтгэгдсэн анхны дээд мэргэжлийн найруулагчдын нэг С.Гэндэн “Лениний гэр бүл” жүжиг найруулснаар Лениний бага насыг бүтээх боллоо. Энэ бол миний Монголын анхны Ленин гэж хэлэгддэг болсны учир. Лениний бага насанд тоглохоор сургуулилалт хийж байхад нь Ардын жүжигчин Ц.Цэгмид хөшигний цаанаас хараад зогсчихно. Тэр мундаг хүнээс айж, сандарсандаа яагаад хараад байгаа юм бэ гэхээр “Би Лениний идэр насанд тоглох учраас чиний үргэлжлэл. Чи амьдралыг хэрхэн харж, хэрхэн сэтгэж байгаагаас чинь миний дүр шалтгаалах учраас хооронд нь уяж өгөх учиртай” гэдэг байсан.
-Та хөдөө их олон жил ажилласан юм байна. Таныг аймгуудын театрын анхны жүжигчдийг бэлтгэж суурийг нь тавьсан гэх юм билээ?
-Тийм томоор дүгнэж болох эсэхийг мэдэхгүй юм. Э.Оюун гуай орчуулсан Станиславскийн “Жүжигчний үйл ажиллагаа, уран чадвар” гэсэн гар бичмэлээ надад өгч “Чи энэ хүмүүст хичээл заа” гэсэн. Э.Оюун гуай дэвтрээ өгчихөөд хаалганы завсраар харна. Хааяа орж ирээд зогсчихсон байгаа харагддаг сан. Тэр үед Чойбалсан аймгийн 11 хүн, Ховд аймгийн нэг хүн, Булган аймгийн нэг хүн ирсэн. Би тэднийг сайн дурын уран сайханчаар бэлтгэж байлаа. Ингээд бодохоор аймгуудын театрын үндэс суурийг тавьсан гэхэд болох байх аа. Хөдөө ажилласан тухайд бол 1957-1961 онд МУИС-ийн анхны үндэсний найруулагчийн дээд мэргэжлийн ангийг дүүргээд өөрийн төрсөн нутаг Хэнтий аймаг руу томилогдсон. Гэтэл гурван сарын томилолт нь гурван жил болоод суначихсан. Ю.Цэдэнбал дарга намын хорооны бүгд хуралд суугаад буцах гэтэл цаг агаар муудаж онгоц нисэхгүй хоёр хоног саатахдаа манай аймгийн театрын тоглолтыг үзжээ. Дараахан нь миний ажил үнэлэгдсэнээр “Үнэн” сонины тэргүүн нүүрт бичигдэж, намайг төв театр руу татдаг юм байна. Ингэхдээ төв театрын ерөнхий найруулагчаар томилжээ. Театрын ерөнхий найруулагч гэдэг хүн болгоны хийчихдэг ажил биш ээ. Найруулагч хүн театр, уран сайхны байгууллагуудын урын сангийн бодлогыг тодорхойлж, зохиолчийн бичсэнийг жүжигчнээр дамжуулан илэрхийлнэ гэдэг амаргүй алба. Ерөнхий найруулагчаар гурван жил ажиллахдаа “Яндангийн дуу”, “Алтан загасны үлгэр”, “Интоорын цэцэрлэг” зэргийг найруулсан. Энэ дундаас 1964 онд найруулан тавьсан “Интоорын цэцэрлэг” дэлхийн сонгодог бүтээл тэр дундаа А.П.Чеховын нарийн ёгтлолтой зохиолын цаад санааг олж найруулан тавина гэдэг чансаа шалгасан ажил болсон. “Интоорын цэцэрлэг”-ийг тавихад хэцүү байсан. Миний амьдралын салшгүй хэсэг бол Хүүхэд, залуучуудын театр. Хүүхэд, залуучуудын театр, төв театрын дэргэд “Хүүхдийн төв театр” нэртэйгээр 1951 онд ашиглалтад орж, би тэр театрын анхны даргаар томилогдлоо. 1951 оны тавдугаар сарын 14-нд В.Любимовын “Цасан хүү” жүжгийг хөтөлж тоглуулахдаа анхных нь хөшгийг татаж явсан юм. Хоёр дахиа томилогдохдоо 1966 онд Соёлын яамнаас С.Гэндэн найруулагчтай хамтран “Ромео Жульетта хоёр” жүжгийг тавих үүрэг өгдөг юм. “Ромео Жульетта” жүжгийг Монголын үзэгчидтэй анх ингэж уулзуулж, дэлхийн сонгодог жүжгүүдийг тоглох чадвартайгаа харуулсан түүхтэй.
Ингээд Хүүхэд, залуучуудын театраас ахиад л өөрийн хүсэлтээр хөдөө шилжлээ. Тухайн үед Ховд, Дорнодоос өөр театртай аймаг байгаагүй. Мэргэжлийн жүжигчид ч ховор байсан учраас орон нутгийн Соёлын төвүүдийг театр болгох бодлого хэрэгжүүлж байсан. Хөдөөгийн соёлын ордныг театр болгоход 30 гаруй жил зүтгэжээ. Аймгуудын хөгжмийн багш, клубийн эрхлэгч гээд 180-аад хүнийг удирдана шүү дээ. Чухал цаг үед хөдөө орон нутгийн театрт ажиллаж явсан даа. Урлагийг ганцаараа бүтээдэг ёс байх биш. 1970 онд Сүхбаатар аймагт ажиллаж байх үед Лениний 100 жилийн ойгоор 156 хүний бүрэлдэхүүнтэй концерт тавьсан. Энэ бол миний бахархаж, өөрөөрөө онгирмоор санагддаг уран бүтээлүүдийн маань нэг. Дундговь ардын хийгээд уртын дуугаараа ялгарна. Хэд хэдэн жүжигч ч тавьчихсан, жүжгийн суурь хангалттай сайн байсан учраас ажиллахад амар. Энэ аймагт 16 жил ажиллахдаа бүх ард түмний, ажилчны, нэгдэлчдийн урлагийн үзлэгт ямагт манлайлна. Уртын дууны өлгий учраас үндэс хөрс нь аргагүй ондоо. Хүүхдийн сэтгэлгээнд ойртуулахыг хичээсэн “Миний ганц” гэдэг жүжиг 100 гаруй удаа тоглогдсон нь ховор тохиолдол. 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй концерт хоёрыг хийсэн.
-Таны идэр залуу нас, ажил, амьдралд “Монголын үнэн” сонинтой холбоотой дурсамж дуртгал бий дээ?
-Байлгүй яах эв. “Үнэн” сонин бидний залуу цагт ганц уншдаг ярьдаг зүйл байлаа. Миний багш Э.Оюун “Бид нар шиг бичиг цаасны ажилтай улсуудад өглөө заавал хийх нэг ажил байдаг юм. “Үнэн” сонины шинэ дугаарыг уншихгүй бол болохгүй. Сонины шинэ дугаар бүрийг алгасалгүй уншвал өнөөдөр юу болох нь вэ, юу шаардлагтай болох нь вэ гэдгийг хэлж өгдөг. Шинэ дугаар болгоныг уншиж байхгүй бол болохгүй шүү” гэдэг сэн. Тэрбээр шинэ дугаар ороод ирэхээр гүйлгээд уншчихна. Уншиж байгаад л “Энэ болохгүй юм байна” гээд л тогтоод уншина. Тийм хүний дэргэд байсан шүү ухаантай болохоор сонинтойгоо их л багаасаа холбоотой явж өдий хүрлээ дээ. Идэр залуу насандаа энэ сонинд бичигдэж явсан түүх ч нэлээд бий.
-Олон шавьтай биз. Тэднийхээ тухай яриач?
-Би өөрийн гараар урлагт хөтөлж оруулсан шавь нарынхаа тухай ярих дуртай. Одоо ч бүгд дээд цолонд хүрч дээ. Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Гавьяат жүжигчин Ц.Ичинхорлоо, Л.Буянхишигт, Ж.Дүнжмаа, Д.Жагдаг, Л.Лхасүрэн, Соёлын тэргүүний ажилтан Ш. Цолмон, Ё.Пагмасүрэн, Д.Даариймаа нар байна даа. Аймгуудын театрт бэлтгэсэн уран сайханчид бүгд намайг багшаа гэдэг юм билээ.
-Таныг бас намын эсэргүү, үзэл бодлын хувьд тэрслүү гэж цоллож ийш тийш нь хөөж байсан тал байна уу, үгүй юү?
-1967 онд өөрийн хүсэлтээр Хэнтий аймгийн театрт очиж ажиллах болов. Очтол театрын дарга, соёлын хэлтсийн дарга, Хэнтий аймгийн намын хорооны дарга нар өөрчлөгдөөд намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар Лхагвасүрэн гэдэг хүн ирчихсэн байна. Эхнэр нь “Бөмбөгөр ногоон” театрын бүжигчин байсан бүсгүй театрын дарга болчихсон байв. Гэтэл нөгөө нэгдүгээр дарга маань өглөө болгон ирж авгайдаа театрын ажил зааж өгөөд болдоггүй. Тэгэхээр нь би “Та Хэнтий аймгийг улс төрийн талаар удирдана. Өглөө болгон авгайдаа ирж ажлыг нь заах хэрэггүй. Театрын ажил их өвөрмөц. Та бидний ажлыг заах ёсгүй” гээд хэлчихлээ. Гэтэл Лхагвасүрэн дарга харж байснаа шүдээ зуугаад “Энийг зайлуул” гэж байна. Тэр явдлаас хойш удаа ч үгүй орчуулагч Ш.Цэндгомботой танилцлаа. Тэр хүн бол надад Сергей Есенинийг ойлгуулж өгсөн.
Намайг Ш.Цэндгомботой үерхэж байгааг сонссон Э.Оюун багш “Чи тун зөв хүнтэй нөхөрлөж. Тийм эрдэм, боловсролтой хүн чамд хэрэгтэй” гэж билээ. Р.Чойномтой ч уулзаж ярилцаж байлаа. Гэхдээ их олон уулзаагүй ээ. Энэ бүгдийг мэдчихээд Лхагвасүрэн дарга намайг намын эсэргүү гэж цоллосон байсан. Би Лхагвасүрэн дарга дээр очиж “Би намын эсэргүү биш ээ. Харин та л намын эсэргүү байх. Театрын ажлыг өөрийнхөө үзэмжээр явуулах гэж оролдож, бужигнуулна гэдэг эсэргүү ажил” гэж хэлчихээд Дундговь руу хөөгдсөн дөө. Дундговьд очиход“ Намын эсэргүү тун үл бүтэх этгээд очиж яваа шүү. Сайн харж байгаарай” гэсэн байж билээ. Хэнтий аймгаас хөдлөхөд Хэрлэнгийн гүүрэн дээр хүн томилж зогсоогоод, “Мушгиаг гаргаж өгсөн хүмүүсийг бүртгэж ав. Гаргаж өгсөн хүн бүрийг ажлаас нь хал” гэж тушаасныг хожим надад хүмүүс ярьж байсан. Дундговь аймгийнхаа театрт 20-оод жил болсон. Дундговь аймагт 16 жил ажиллаж, аймгийн соёл урлагийн 10 хоног Улаанбаатарт болоход Урлагийн гавьяат зүтгэлтэн болгох шийдвэр гарсан учраас Засгийн газрын ордонд дууддаг юм байна. Гэтэл дарга нар хоёр цаг гаруй хуралдаж, бүх хүн шагнуулсны дараа “Алтангадас” одон зүүж өглөө.
Сүүлд сонсоход намын гишүүн, эвлэлийн дарга байсан хүн гэр бүлээсээ салсан гэдэг шалтгаанаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг буцаасан байж. “Алтангадас” одонгоо зүүгээд театртаа очиход Э.Оюун багш “Ээ хоншооргүй золиг. Хэзээ нэгэн цагт чи энэ цолыг авах л болно доо” гээд уйлж байж билээ. Би Монголын театрын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэртэй явсан л гэж боддог. Өөрийнхөө тухай яриад яах вэ. Олон хүнтэй ажилласан. Халтирч уруудаж ч үзсэн. Л.Цогзолмаа намайг “Өгсөж уруудаж, өндөр дээрээс бөмбөрч үзсэн хүн” гэж хэлдэг юм.
Ийнхүү бид хоёрын урт удаан яриа өндөрлөлөө. Намын даалгавар биелүүлж, урлагийн төлөө насаараа зүтгэхдээ амьдралаа зольсон буурал найруулагч өдгөө цай хувааж уух хань Ж.Оюунтайгаа “Өлзийт” хороо буюу Хан-Уул дүүргийн XIV хороонд сайхан амьдарч байна.
Театрын урлагт хагас зуун жилийг зориулахдаа чамлахааргүй ихийг хийж бүтээж явсан ч өөрийгөө үргэлж л сэтгэлдээ чамласаар ирсэн, театрын амьд түүх болсон энэ хүний амьдрал, уран бүтээлийг төр засаг 2014 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор мялаасан гэхээр нэлээд хожигдсон юм шиг санагдсан даа. Театр урлагийн ертөнцөд 60 гаруй жил зүтгэж, туслах найруулагчаас ерөнхий найруулагч, Хүүхдийн театрын анхны дарга, найруулагчаар ажиллаж ирсэн Б.Мушгиа гуай “Бөмбөгөр ногоон” театрынхнаас үлдсэн дөрөвхөн хүний нэг, Ардын жүжигчин Д.Чимид-Осорын жүжиг ангийн сүүлчийн сурагч нь юм.
Трамп Төмрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24529/