Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Л.Амарсанаатай ярилцлаа. Тэрбээр “Мөнх тэнгэрийн дардас” ТББ-ыг үүсгэн байгуулж, монгол бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэн, хөгжүүлж буй уран бүтээлч билээ.
-Орчин цагийн монгол уран бичлэгийн хөгжилд таны оруулсан хувь нэмэр их. Зураачаас уран бичлэг рүү хөрвөсөн шалтгаан тань юу байв?
-Орчин цагийн хөгжлийн явцад бид зарим өв, соёлоо тодорхой хэмжээнд мартсан нь үнэн. Гадаад, барууныхан гэхээр агуу мэтээр хүлээж авдаг байлаа. Гэхдээ барууны соёлын нөлөөтэй зэрэгцээд үндэсний бахархал, өв соёлоо уламжлах тухай асуудлыг хөндсөн. 1998, 2000-аад оноос өв, соёл хүчтэй сэргэсэн. Өвөөгийнхөө аялдаг уртын дуу, үлгэр туульс, хуурын татлага, угийн бичгээр бахархаж эхэлсэн. Бага ахуйгаасаа үндэснийхээ хэв маягийг сонирхож, судалсан, тандсан хүүхэд байлаа. Өвөө, аавынхаа найранд дуулдаг дууг дагаж аялна. Аавын авдарт хадгалдаг өвөөгийн тэмдэглэлийн дэвтрийг 1986 онд анх хараад тун сониучирхаж билээ. Худам монгол бичгээр бичсэн өвөөгийн тэмдэглэл надад сэдэл өгсөн. 14 настайдаа арав гаруй уртын дуутай, монгол бичгээр хичээлээ тэмдэглэдэг байлаа. Тэгж л өөрийгөө хөгжүүлсэн. Орчин цагийн хэллэгээр бол өв тээгч болсон. Монгол бичгийг бүтээлүүддээ тусгаж, үсэн бийр, төмөр үзгээр бичих техникээ 2003 оноос хөгжүүлж, уран бичлэгийг судалж байна даа.
-“Тэнгэрийн дардас” бүтээлийнхээ санааг хэрхэн олсон хийгээд нийтэд юу хэлэхийг зорьсон бэ?
-Археологи, түүхийн судалгааны баримтуудтай уялдуулан бүтээлээ туурвихыг хичээдэг. Бичгийн ерөнхий дүрслэлээ их хаадынхаа тамганы судалгаанд тулгуурласан. Төрт хаадын тамганы улбааг “Тэнгэрийн дардас”-даа илэрхийлсэн юм. Бидэнд мэдэгдэж буй Гүюг хааны тамганы бичээсээс XIII зууны сонгодог бичгийн тигийг судалж болно. Тиг гэдэг нь тухайн бичиг, хэвийг илэрхийлэх зарчим шүү дээ. Европын хаадын захидал харилцаанд монгол бичгийн хулсан болон төмөр үзгийн зарчим ул мөрөө үлдээсэн. Монголын түүхийн мандал, буурал хаант засаглалын дор оршиж байсан. Хааныг тамгаар баталгаажуулдаг. Манай хамгийн сүүлчийн тамгатай хаан бол VIII Богд. Богд хааны тамганы дардсыг монгол бичгийн дармал үсэг, соёмбо, дөрвөлжин үсгийн тэгээр бичсэн. Энэ бол шашин, төр хийгээд эрт, эдүүгээ, ирээдүй гурван цагийг илэрхийлсэн агуу бэлгэдэл юм. Түүнчлэн Алтан ургийн хаадын тамгатай төрийн үргэлжлэл оршиж буйг Богд хааны тамганы дардас баталгаажуулдаг. “Тэнгэрийн дардас” бүтээлийнхээ голын тойрогт Монгол гэсэн нэрийг дугуй эвхмэлээр бичсэн. Орчин цагт дугуй эвхмэлийг тамганд түгээмэл ашиглаж байна. Ингэж монгол хэл, бичгийн таван өв соёлыг “Тэнгэрийн дардас”-таа шингээсэн. Тамганы соёл төрийн албан харилцаанаас гадна дэлхийн дүрслэх урлагт ч дэлгэрсэн. Зураач нар гарын үсгээ зурдаг, зарим нь хувийн тамгаа дардаг. Уран бичлэгийг ерөнхий тигээр нь авторыг нь таньж болно. Ялгахгүй адилхан бичигтэй байх тохиолдол бий. Багш шавийн бичгийн хэв адил. Тэд тамгаараа л танигддаг.
-Тигээрээ ялгарах тухайд ярилаа. Сонирхож асуухад Монгол Улсын болон Өвөрмонголын уран бичээчдийн дэг, тэг ялгаатай байдаг уу?
-Сэтгэлгээний л ялгаа байна. Сайхан, муухай гэж ялгах шаардлагагүй. Өнөөдөр бид тусгаар улс байгаа нь азтай. Улсын хилийн гадна монгол овог, аймгууд үлдсэн. Өвөрмонголчууд уламжлалаа бүрэн устгаж, цавчиж хаяагүй. Гэхдээ Хятад гүрний бодлого хатуу бөгөөд хориотой учир хэмжээнд нь хязгаарладаг. Мөн бийрийн арга барил гэдэг асар том ялгаа байна. Үндэстэн болоод хил хоорондын хязгаар бий. Хэдий бидний мах цусны тасархай ч Хятад улсын иргэд учир ханз үсгийн зурлага, үсэн бийрийн техникийг багаасаа эзэмшдэг. Ханз үсгийн дарлага, хаялга өвөрмонголчуудын каллиграфт нөлөөлсөн.
-Үндэсний гэсэн агуулгаар уран бичлэгийн бүтээлийн худалдаа өргөжсөн. Олон бүтээлч уран бичлэгийн төрлөөр туурвиж эхэллээ. Бизнесийн болоод урлагийн өрсөлдөөн өрнөж байх шиг. Харин та мэргэжлийн уран бүтээлчийн нүдээр ямар өнцгөөс харж байна вэ?
-Дундад зуунаас 1941 он хүртэл монгол бичгийн соёл орчин цагийн хэлбэрт ортлоо хөгжиж иржээ. Нийгмийн зарчмаар тусгаар тогтносон Монгол Улсын иргэд кирил үсгийн соёлд шилжсэн. Тодорхой хугацаанд мартагдсан ч устгаагүй үндэсний бичгээ 1990 оноос сэргээж, хөгжүүлж байна. Хуруу дарам байсан уран бичээчид олширч, монгол бичгээ хөгшин хөвөөгүй сурч байгаа нь сайхан. Ард түмэн уран бичлэг бүрийг гоёор харж, хүлээж авдаг. Бийр бэхээр муутуу цааснаа бичиж байгаа л бол зохиомж, ур чадвар, өгүүлэмж чухал. Ур чадвар дулимаг, үг үсгийн алдаатай, хангалтгүй зохиомж дүрслэлтэй бичлэгийг бүтээл гэхээр санаа зовмоор, ичмээр ч болдог. Магадгүй би мэргэжлийн зураачийн нүдээр харж дүгнэдэг байх. Гэхдээ хөгжлийн сүүдэр гэж бий. Системтэй, зөв, урлагийн замаар хөгжих эсэх нь цаг хугацааны шатандаа хүрчээ. Учир утгагүй нэгнийгээ хуулж байгаад зогсолтод орохыг үгүйсгэхгүй.
-Хожмын хүмүүс шүүнэ биз дээ гээд цаг хугацаанд даатгаж болохгүй байх аа. Ер нь та үсгийн урлагийг хөгжүүлэхдээ юуг нэн тэргүүнд тавьж ирэв?
-Уран бүтээл дотоод хүний бодол, гадаад илэрхийллээс төрдөг. Онгод хүч, сэтгэл, сэтгэлгээгээ цаасан дээр хэрхэн буулгасныг, чанар чансааг үзэгч, урлаг судлаачид л дүгнэнэ. Олон мянган бичээс дунд ур, авьяас билэг, онгод хүч, мэргэжлийн уран бүтээл үү, хичээнгүй бичиг гэх үү гээд ялгаа гарч байна. Тиймээс уран бичлэгийг мэргэжлийн хэмжээнд шүүмжилдэг, хүлээн зөвшөөрүүлдэг болох хэрэгтэй. Албан байгууллага, хувь хүмүүсийн захиалга тасардаггүй. Би үйлдвэр биш, уран бүтээлч. Ашиг олохыг бус дахин давтагдашгүй бүтээл туурвихыг хүсдэг. Зарим бүтээлээрээ бахархах, чамлах нь ч бий. Ацаг шүдний алдаанаас болж буруу ойлголт төрүүлэхгүйг хичээж бүтээлдээ хариуцлагатай ханддаг. Урнаар бичнэ гэдэг сэтгэл, санаа бодол, оюуны төвлөрлийг шаарддаг нандин зүй тогтол юм. Уран бичлэгт шинэлэг зүйл нэвтрүүлэхсэн гэж хичээдэг. Хулсан үзгийн тигийг сонирхож, судалж байна. Каллиграф бол үсгийн урлагийн доторх нэгэн хэлбэр. Үсэн бийр, хулсан, төмөр үзэг, харандаа, шохой, шороон будаг гээд олон зүйлийг ашиглан бичиж тэмдэглэдэг. Дорно дахинд үсэн бийр түгээмэл хөгжсөн. Европ дахин төмөр, өдөн үзгийн техниктэй. Хуучин цагт монголчууд хулсаар үзэг хийж, хусны нүүрсээр бэх зуурдаг байсан. Эзэнт гүрний үед сонгодог бичгийн тэг хулсан үзгэнд тулгуурлаж байв. Тэр үеийн бүтээлийг судалж, бүтээлдээ тусгахын тулд хулсан үзгийн техник эзэмших шаардлагатай. Хүмүүс XIII зууны үеийн бичгийн дурсгалаас санаа авдаг ч тигээ алдаж, хулсан үзгийн зарчмаа ойлгохгүй байна.
-Эх түүхээ эргэн харахад ямар мэдрэмж, бодол төрж байна вэ?
-Монголын түүхийг харанхуй бүдүүлгээр өрөөсгөл дүгнэх нь бий. Бид соёл, мэдлэгийг одоо цагт мэдээлэл, техникээр дамжуулан хүлээн авч байна. Гэтэл түүхэн судалгаануудыг уншаад, археологийн дурсгалуудыг хараад “Эзэнт гүрний үеийн монголчууд ямар өндөр хэмжээнд соён гэгээрсэн юм бэ. Урлаг, гоо зүй, оюуны таашаал, мэдрэмжтэй сэхээтнүүд байжээ” гэж биширдэг. Тийм ч учраас талын морьтон дайчид Европт сэргэн мандалтын үрийг тарьсан. Дундад зууны Европ харанхуй, бурангуй байсан шүү дээ. Монголын байлдан дагуулагчид засаглал, хил хязгаар, цэрэг хүчин, дипломат алба, шуудан харилцааны хөгжлийг түргэтгэжээ. Бид тэр бахархалт түүхээрээ омогшдог. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, улсын наадмын агуулга “Монгол бахархал” байсан. Бичиг соёл, дуу хуур зэрэг язгуурын өв соёлд үндэсний дархлаа оршдог.
-Ярилцлагынхаа сэдвийг бичгийн соёлоос уран зураг руу шилжүүлье. Дүрслэх урлаг, уран зураг таныг хэрхэн нээсэн бэ?
-Зураач хүн судлаач байдаг. Магтаал, шүүмжлэлтэй өгөө авааны дэнсэнд оршдог. Дүрслэх урлаг миний авьяас, онгодыг нээсэн. Уран бичээчээс илүү зураач гэж хэлүүлэх дуртай. Дүрслэх урлагийн дунд сургууль СУИС-тай нэгдэж дээд сургууль болоход анхны элсэгч болж 1994 онд орсон юм. Зураасан зургийн мэргэжлийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг багшийнхаа удирдлагад таван жил суралцан эзэмшсэн. Миний багш усан будгийн мастер. Үсгийн, шрифтийн, графикийн урлаг, усан будгийн техник, зохиомж дизайны ойлголттой болоод уран бүтээлчийн гараагаа 1999 оноос эхлүүлсэн. Уран зургийн тухайд акрилаар зурах дуртай. Бодол, сэтгэмж, өгүүлэмж тогтмол хөгждөг учраас судалбар, таталбар хийх, усан будаг, модон бараар зурж байна. Өнгө тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл, бодлоос гардаг.
-Уран зургийн ертөнцийн оршихуйг үгээр тодорхойлно уу?
-Уран зургийн ертөнц хөгширдөггүй, үе нь дуусдаггүйгээрээ сайхан. Тамирчин бол нас ахиад аргагүйн эрхэнд зодог тайлна. Харин дүрслэх урлагт та оршиж л байвал бүтээх ёстой. Бүтээж байж оршдог зарчимтай. Тэр утгаараа өөрийгөө олон чиглэлээр хөгжүүлэх гэж үзлээ. Мэргэжлийн уран бүтээлчийн хувьд өөрийн хэв маяг, дэг жаягийг гаргах гэж тэмүүлэхийн зэрэгцээ үсгийн урлагийн тигийг судалж байна. Солгой учир даралт, бичилтээрээ баруун гарын техникээс ялгарна. Тиймээс солгой гарын техникийг хөгжүүлэхсэн гэж боддог. Захиалгаар зурсан бүхнийгээ уран бүтээлд тооцдоггүй.
-Уран бүтээлчийн шаналан хэзээ тэсэрдэг юм бол?
-Бодож, шаналж явдаг ч зурж гаргаагүй санаа олон бий. Дотор боловсроод, хэр хэмжээ, цаг нь ирэхээр дийлдэхээ болиод бүтээл болж гардаг. Тэр болтол эхлүүлэхгүй байна гэдэг боловсроогүй байгаатай холбоотой. Би өдөр бүр зурдаг хүн биш. Гэхдээ хийж, бүтээхгүй удахаар бачимдаж, дутуу санагдана. Уран бүтээлээ эхлүүлэхээрээ сэргэдэг зантай. Урландаа сууж төвлөрөөд, бодол санаагаа цэгцэлдэг. Амьдралын хэв маягаас шалтгаалаад өдөр бүр тогтмол сууж чаддаггүй. Ямартаа ч бийр хатаагүй, бэх дуусаагүй л явна даа.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин №049/24530/