Месси юу, Мбаппе юу


Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд ердөө хоёрхон тоглолт үлдлээ. Анх удаа өвөл болсон 22 дахь удаагийн ДАШТ томчуудад нэлээд халгаатай болсон. Англи боломжоо хийсгэж, Бразил нулимстай нутаг буцсан бол Роналдугийн мөрөөдөл талаар өнгөрч шигшээгээс зодог тайлах уу, үгүй юү гэдэгтээ тулав. Герман бүр ч эрт мултарсан. Франц зангараг заасан бол алдарт Месси Аргентиныг чирсээр финалд хүргэлээ. Тэр “Алтан цом” өргөх мөрөөдлөө биелүүлэх үү, эсвэл Франц аваргаа хамгаалсан гурав дахь баг болох уу. Финалд Аргентин-Францын тулаан биднийг хүлээж байгаа бол хүрэл медалийн төлөө Хорват-Марокко тоглохоор боллоо. Хагас шигшээ тоглолтын тоймыг хүргэе.

 Аргентин 3:0 Хорват 

Тоглолтод хожих магадлалтай баг нь Аргентин байлаа. Тоглолтын өмнө мэргэжилтнүүд яг л ийм таамаг гаргасан. Тэд дэлхийн аваргад хоёр удаа учраа таарч байв. 1998 онд Аргентин 1:0-ээр хожсон бол 2018 онд Хорват 3:0-ээр бут ниргэж байсан. Аргентин 2014 онд мөнгөн медаль хүртсэн. Харин Хорват 2018 онд мөнгөн медаль зүүсэн юм. Тоглолт эхэллээ. Санасныг бодвол харьцангуй тайван өрнөв. Аргентин арай илүү бөмбөг эзэмшсэн ч сүйдтэй довтолгоо хийсэнгүй. Унтаа тоглолт болоод 30 минут өнгөрчээ. 34 дэх минутад Хулиан Альварес ганцаараа гарч ирээд урагш гарсан Хорватын хаалгачийн хажуугаар бөмбөгийг хатгасан ч Ливаковичтой мөргөлдөн унахад талбайн шүүгч эргэлзэлгүй пеналти заалаа. Месси цохилтыг найдвартай гүйцэтгэсэн. Тооны харьцаа 1:0. Гэтэл үүнээс ердөө таван минутын дараа гоолын салхи хагалах боломжийг олгосон мөнөөх Альварес гоол оруулах нь тэр. Тооны харьцаа 2:0. Яг энэ мөчөөс Хорватын тоглолт уналтад орсон. Хоёрдугаар хагас эхлээд ч сэргэсэнгүй. Дасгалжуулагч сэлгээгээр довтлогч талбайд оруулсан ч тус болсонгүй. Харин эсрэгээрээ уг тоглолтын баатар Альварес 69 дэх минутад дахин нэг гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар эцсийн цэгийг нь тавилаа. Хагас шигшээд дубль толилуулсан Альварес шүтээнтэйгээ хамт 22 дахь удаагийн ДАШТ-ий финалд шалгарч байна. Аргентины шигшээ  баг хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд финалд зургаа дахь удаа шалгарч буй нь “Катар 2022”-ынх. Тус баг урьд нь 1978, 1986 онд дэлхийн аварга болж, 1930, 1990, 2014 онд ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн. Багийн ахлагч Месси дэлхийн аварга цол аваагүй. Бусад бүх аварга цол, алтан медалийг шигшээ болон клубийн түвшинд хүртсэн. Энэ алдрын жагсаалтад олимпын, Өмнөд Америкийн цом, аваргуудын лигийн, дэлхийн клубүүдийн ДАШТ, Испанийн Ла лиг, Францын лиг 1-ийн аваргыг нэрлэж болно. Месси нэлээд хэдэн ховор амжилтын эзэн болов. Тухайлбал,

-ДАШТ-д хийсэн тоглолтоороо Маттеустай адилхан 25 тоглолт хийлээ.

-Аргентины тоглогчдоос ДАШТ-д хамгийн олон гоол (11) оруулсан тоглогч боллоо.

-ДАШТ-ий хамгийн олон гоол  дамжуулалтын эзэн ( 11 гоол+ 9 гоол).

Багийн ялалтад нөлөөлсөн 12 дахь тоглогч нь хөгжөөн дэмжигчид байсан. Цэнгэлдэхэд Аргентины хөгжөөн дэмжигчид 80 хувийг эзэлж байжээ. Тэд Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн шинэ трэнд сүлд дуу “Muchachos”-ыг тасралтгүй дуулж байлаа. 2021 онд аргентинчууд Өмнөд Америкийн аварга цолыг алдарт “Маракана”-д Бразилыг хожсоны дараа шинэ үгтэй болсон энэ дуунд:

Би Аргентинд, Диего, Лионелийн

                    нутагт төрсөн

Бас Фолклендийн дайны

      цэргүүдийг хэзээ ч мартахгүй

Бид хэдэн удаа финалд

                                        хожигдож

Би хэчнээн удаа тэдний төлөө

                                           уйлсныг

Би тайлбарлаж чадахгүй, чи ч

                                        ойлгохгүй

Энэ бүхэн гэхдээ одоо дууссаан

"Эцэг" Мараканы финалд

                           Бразилыг хожсон

Залуус аа! Одоо бид дахин

                            мөрөөдөж байна

Гурав дахь удаагаа дэлхийн                                     аварга болохыг хүсэж байна

Лионелийг хэрхэн ээж,

                 аав шиг нь дэмждэгийг

Диего тэнгэрээс харах болно гэсэн үг гардаг ажээ.

 

Францууд “Атласын арслангууд”-ыг номхруулав

 Аваргууд аваргаа хамгаалахаар финалд шалгарлаа. Франц тоглолт эхлээд удаагүй байхад буюу тав дахь минутад Тио Эрнандезын гоолоор тэргүүлж эхэлсэн. Түүний ах Лукас Эрнандез ДАШТ-ий эхний тоглолтод өвдгөндөө бэртэл авч цааш тоглох боломжгүй болсон учир Тио ахынхаа байрыг нөхөх болсон юм. Мөн Мароккогийн хаалгач Яссин Бунугийн хаалганд анх удаа эсрэг багийнх нь тоглогч гоол оруулав. Үүнээс өмнө түүний хаалганд багийнх нь анд Найеф Агуэрд авто гоол оруулсан билээ. Мароккогийн хамгаалалт, довтолгоо тун сайн байсан ч гоол оруулах аз, эз дутлаа. Жавад Ямикигийн унаж татсан гайхалтай цохилтыг Уго Льорис хааж багаа аварсан. Хэрэв энэ гоол орсон бол дэлхийн аваргын төдийгүй бүх цаг үеийн шилдэг гоолуудын нэг болох байв. Мароккогийн довтолгоо эрчимжсэн учир Дидье Дешам сэлгээ хийж, тоглолтын хэмнэлийг өөрчлөхийг хүссэн. Тэрбээр Турам, Коло Муани нарыг оруулсан нь үр дүнгээ өгч Муани талбайд гараад эхний хүрэлтээрээ гоол оруулж, тооны харьцааг 2:0 болгов. Түүнийг гоол оруулахад Килиан Мбаппе гол үүргийг гүйцэтгэж, Мароккогийн хамгаалалтыг бусниулсан. Үүний дараа Мароккогоос Аззедине Унахи гоол байж болохуйц тун хүчтэй цохилтыг гүйцэтгэсэн ч Францын хамгаалагч Жуль Кунде яг хаалганы цагаан зураасан дээрээс хамгаалж, бөмбөгийг аюулгүй болгосон юм.

Тоглолтын дараа Мароккогийн хамгаалагч Валид Реграги “Бид Мароккогийн ард түмнийг гонсойлголоо. Бид тэдний мөрөөдлийг биелүүлэхийг хүссэн. Мэдээж одоогийн амжилтдаа талархаж байна. Гэхдээ бид үүнээс илүүг хийж чадах байсан юм шиг мэдрэмж төрлөө. Жижигхэн хэсгүүд аваргуудыг ялахад тусаллаа. Бид ч үүнийг нь харлаа. Тэдний сэлгээнд тоглолтыг өөрчлөх чадамжтай олон тоглогч байлаа. Би тоглогчдоороо бахархаж байна. Мароккогийн ард түмэн ч бахархаж байгаа байх. Бид ард түмэндээ төдийгүй Африк тивд гайхалтай бэлэг барилаа гэж бодож байна” гэв.

Харин Францын дасгалжуулагч Дидье Дешам “Ийм амжилт үзүүлэх болгондоо би үргэлж бахархдаг. Ням гарагт финалд тоглох болсондоо баярлаж байна. Амаргүй ялалт байлаа. Бид багийнхаа чанар, туршлага, хүсэл зоригийг харууллаа. Дасгалжуулагчийн хувиар тамирчдаараа бахархаж байна. Өөрийнхөө талаар бодмооргүй байна. Ийм амжилт үзүүлсэндээ л талархаж байна” гэжээ. Тэгвэл Францын довтлогч Гризманн “Марокко намайг гайхширууллаа. Тэд хамгаалалт болон тактикийн хувьд сайн байсан. Хоёрдугаар үед тэд олон боломж үүсгэж, бидэнд асуудал тарив. Тоглолтын эхэнд гоол оруулсан нь бидэнд давуу байдал үүсгэлээ. Энэ тоглолт жижиг зүйлсээр шийдэгдсэн хүнд тоглолт байлаа” гэсэн бол Аргентины эсрэг тоглох талаараа “Месситэй баг бүр давуу талтай. Бид Аргентины тоглолтыг үзсэн. Тэд топ формтой байна. Тэдэнд ганцхан Месси байхгүй. Түүнийг тойроод сайн тамирчид бий. Тоглолт хүнд байх болно. Тэдэнд цэнгэлдэхэд олон дэмжигч байх нь лавтай” гэж ярьжээ. Тус тоглолтыг  Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүрэлцэн ирж сонирхжээ. Тэрбээр тоглолтын дараа тамирчидтайгаа уулзаж, баяр хүргэсэн.

Мароккогийн шигшээг магта­хаас аргагүй. Тэд Дешам дас­галжуулагчтай дэлхийн хошой аварга багтай ана мана өрсөлдөж, дутахгүй уран тоглолт үзүүлсэн ч Абде , Унахи, Зиеш , Хамдала нарын цохилт зохих цэгтээ хүрсэнгүй нь харамсалтай. Мароккочууд 1970 онд Африкийг төлөөлөн, ДАШТ-ий  цорын ганц эрхийн анхны эзнээр тодорсон бол 1986 онд хэсгээ тэргүүлэн, шөвгийн 16-д шалгарсан хар тивийн анхны шигшээ юм. Африкийн анхны медальт багаар тодрохын  төлөө Марокко нь ДАШТ-ий  цуглуулгаа гурав дахь медалиар чимэх чин зорилготой  Хорватын шигшээтэй “Халифа Интернейшнл” цэнгэлдэхэд  энэ сарын 17-ны 23:00 цагаас тоглоно.

Харин дэлхийн хошой аварга Аргентин-Франц хоёр “Алтан цомыг богтлохын” төлөө 18-ны үдэш мөн 23:00 цагаас “Лусаиль Айконик” цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. Месси vs Mбаппе.

 

Товчхон:

Хөлбөмбөгийн ДАШТ түүх болон үлдэхэд ердөө хоёрхон тоглолт үлдлээ. Энэ сарын 18-нд алтан шаргал өнгөтэй, дизайн, экстерьерийн гайхамшигт шийдэлтэй, үзэсгэлэнтэй, 88966 хүний суудалтай “Лусаил айконик” цэнгэлдэхэд шинэ дэлхийн аваргын нэр тодорно. Финал болон  хагас шигшээ тоглолтод “Al Hilm” буюу “Мөрөөдөл” гэсэн нэртэй бөмбөгөөр тоглох аж.

 

Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ “Францын шигшээг дэлхийн аварга болно гэж бодож байна. Би дэлхийн аварга эхлэхээс өмнө л ингэж ярьж байсан. ДАШТ-ий “Шилдэг тоглогч”-оор тэдний довтлогч Мбаппе тодорно гэж би үзэж байгаа” гэжээ.

 

ДАШТ-ий “Алтан шаахай”-н төлөөх өрсөлдөөнийг Францын довтлогч Мбаппе, Аргентины Месси нар таван гоол оруулсан амжилтаар тэргүүлж байна. Түүний араас Мбаппегийн нутаг нэгт Жиру дөрвөн гоолтой яваа. Харин Бразилын Ришарлисон, Португалын Рамош, Английн Сака, Рэшфорд, Нидерландын Гакпо нар юм.

 

Англи, Францын тоглолтын тасалбар бүрэн дуусаж, хар зах дээр гурав дахин өндөр үнэд хүрчээ. Английн тасалбаргүй хөгжөөн дэмжигчдэд нэгдүгээр ангиллын суудлыг 850, хоёрдугаар ангиллыг 575 фунт стерлингээр санал болгож байсан нь гурав дахин их үнэ аж.

 

Катарт болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хоёр сэтгүүлч нас баржээ. Эхнийх нь АНУ-ын “CBS” сувгийн сурвалжлагч Грант Уол хорвоог орхисон билээ. Тэгвэл тус улсын “Аль Касс” сувгийн сурвалжлагч Халид аль-Мисслам ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №049/24530/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 14 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 14 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 14 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 14 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө