“Монголын үнэн” сонин 2022 оны отгон дугаартаа ХБНГУ-д уран бүтээлээ туурвиж буй залуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Эрдэнэбаатарын Шүтээнийг урьж ярилцлаа.
2023 онд квартет хамтлагийнхаа анхны цомгийг гаргана
-Та өнгөрсөн долдугаар сард BMW группээс залуу уран бүтээлчдэд олгодог “Young Artist Jazz Award”-ын эзэн болсон. Энэ шагналын эздийн тоглолт шинэ он гарангуут болох юм байна. Мюнхенд болох тоглолтынхоо тухай мэдээлэл өгөөч. Ямар онцлогтой тоглолт болох бол?
-Энэ жил би энэхүү шагналыг хүртсэн гурван залуу хөгжимчдийн нэгээр тодорсон. Надаас өмнө Германаас өөр улсын иргэн энэ шагналыг авч байгаагүй юм байна лээ. Шагналын эзэд бүр эн тэнцүү мөнгөн шагналаас гадна Германы гурван том хотын жазз клубт өөрсдийн хамтлагтайгаа тоглолтоо хийх эрхээр шагнуулсан юм. 2023 оны нэгдүгээр сарын 5-нд миний Мюнхен хот дахь шагнал гардуулах ёслолын тоглолт болно. Энэ удаад би тоглолтын эхний хэсэгт энэ жил үүсгэн байгуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй жазз оркестрынхоо хамтаар тоглохоор бэлдэж байгаа. Өмнөд Германы шилдэг 20 залуу хөгжимчин энэхүү оркестрт маань тоглодог. Би өөрөө хөгжмийн зохиолч болон удирдаачаар нь ажилладаг юм. Тоглолтын хоёрдугаар хэсэгт харин жазз квартетынхаа хамтаар би өөрөө төгөлдөр хуур тоглохоор бэлтгэж байна.
-Та бас 2021 оны нэгдүгээр сарын 20-21-нд болсон Курт Маасын нэрэмжит Жазз хөгжмийн олон улсын уралдаанд тэргүүн байр, 2022 оны тавдугаар сард болсон Биберахын олон улсын жазз хөгжмийн наадмаас шилдэг хөгжмийн зохиолчийн шагналыг хүртэж байсан. 2022 он уран бүтээлийн олз омог дүүрэн өнгөрөх шиг боллоо. 2023 оны уран бүтээл, тоглолтын төлөвлөгөөгөө гаргасан уу?
-Одоохондоо би өөрийнхөө үндсэн гурван төсөл дээр идэвхтэй ажиллаж байгаа. 2023 онд жазз квартеттайгаа бичүүлсэн анхны цомог маань гарна. Үүнийг тохиолдуулаад 2023 оны намар Герман болон цаашлаад Европын орнуудаар цомгийн нээлтийн аялан тоглолт хийхээр бэлдэж байна. Мөн өмнө дурдсан 20 хүний бүрэлдэхүүнтэй оркестртойгоо бид тавдугаар сард мэргэжлийн студид анхны цомгоо бичүүлнэ. Үүнд, миний зохиолууд тоглогдоно. Мөн үндсэн хөгжимчдөөс маань гадна олон улсын хэд хэдэн зочин уран бүтээлч хамтран ажиллах болно. Энэ жил бид Бавари мужаас олгодог хамгийн том шагнал болох Мюнхен хотын нэрэмжит хөгжмийн шагналыг энэхүү төслийнхөө хамтаар хүртсэн. Энэхүү шагналын хүрээнд студийн бичлэг болон хөгжимчдийн маань цалингийн ихэнх хувийг санхүүжүүлж байгаа.
Үүнээс гадна гурав дахь төсөл маань болох “Lightville” буюу төгөлдөр хуур болон контра-альт кларнет хөгжмийн дуо хамтлагтайгаа Германы нэг баримтат киноны хөгжим дээр ажиллаж байна. Нээлт нь ирэх оны дөрөвдүгээр сард болно. Энэ ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа бас цомог бичүүлэхээр төлөвлөсөн.
-Та “The Jazz Train” хамтлагийн төгөлдөр хуурчаар ажиллаж байсан. Энэ хамтлагт хэрхэн элсэж байв. Жазз хөгжимд дурлах, энэ төрөл зүйлээр бүтээл туурвих сонирхол тань уг хамтлагт байх үеэс эхэлсэн үү?
-Би “Гёте” жазз хөгжмийн танхимын анхны элсэлтээр 2014-2016 оны хооронд сургалтад нь хамрагдаж байсан. Тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежид нэг үед сурч байсан найзууд маань нийлж тоглодог болоод удаагүй байх үед манай саксофон хөгжимчин Мөнхтэмүүлэн маань албан ёсоор хамтлаг болъё гэдэг санал тавьж, “The Jazz Train”-ийг үүсгэн байгуулж байсан. Миний хувьд яалт ч үгүй жазз хөгжимчин болох эхлэл байсан. Мэдээж хэрэг миний өнөөдрийн хийж бүтээж байгаа зүйлүүдтэй тухайн цаг үе салшгүй холбоотой.
-Та одоо бас дөрвөл хамтлагтай. Хамтлагаа манай уншигчдад танилцуулаач?
-Мюнхен хотод сурч эхэлсэн цагаас хойш нөхөрлөсөн дотнын найзууд маань байгаа юм. Бид орчин үеийн жазз урсгалаар тоглодог, би хамтлагийнхаа бүх хөгжмийг зохиодог. Хэдийд ч, ямар ч хөгжим тоглож чадах маш сайн хөгжимчин олон байдаг ч миний хувьд тайзан дээр ч, хувийн амьдрал дээр ч хоорондоо сайн ойлголцдог, тусалж дэмждэг хүмүүстэйгээ хамт тоглохыг чухалчилдаг. Тиймдээ ч би яг энэ хүмүүсийг хамтлагтаа олж авсан маань лотонд хамгийн том сугалаа хожсон мэт л санагддаг.
Манай хамтлагийнхан бүгд Бавари мужаас гаралтай, энд төрж өссөн хүмүүс байдаг. Контрбасс хөгжимчин Нилс Кугелман өмнөд Германы хамгийн амжилттай яваа залуу контрбассчин. Энэ жил мөн надтай хамт BMW Young Artist Jazz Award хүртсэн. Нилс контрбассаас гадна кларнет хөгжмөөр мэргэшсэн. Түрүүн дурдсан “Lightville” дуо хамтлагт маань контра-алт кларнет гэх маш ховор хөгжмийн зэмсгийг тоглодог. Харин манай саксафон болон флейт хөгжимчнийг Антон Манголд гэдэг. Тэрбээр мөн олон тэмцээн, шагналыг хүртэж байснаас гадна бас сонгодог босоо ятгаар сурч мэргэшсэн, олон талын авьяастай хөгжимчин. Манай бөмбөрчин Валентин Рэннэр бол хөгжмийн гэр бүлд төрж өссөн хүн. Одоогоор Швейцар улсын Басел хотын нэр хүндтэй жазз сургуульд магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа.
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард танай хамтлаг Герман дахь хамгийн том, нэр хүндтэй залуу жазз хөгжимчдийн уралдаанд тэргүүн байр болон үзэгчдийн шагналыг хүртсэн байсан. Бас Лайпцигт анхны аялал тоглолтоо хийсэн гэж дуулсан. Энэ талаараа сонирхуулж болох уу?
-“Young Munich Jazz Award” тэмцээн 10 дахь жилээ амжилттай зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд 28-аас доош насны залуу хөгжимчид Германы аль ч хотоос бүртгүүлж оролцох боломжтой. Жил болгон ойролцоогоор 50-аад хамтлаг Германы өнцөг булан бүрээс материалаа явуулдаг. Түүнээс мэргэжлийн таван хүний бүрэлдэхүүнтэй шүүгч нар Blindfold буюу хэн тоглож байгаа вэ гэдэгтэй нь танилцахгүйгээр, зөвхөн явуулсан хөгжмийг нь сонсож байгаад шилдэг гурван финалистыг шилж эцсийн шатанд урьж оролцуулдаг. Финалын шатанд уригдсан хамтлаг тус бүр 40 минутын турш Германы хамгийн алдартай жазз клубт тоглоод, эцэст нь шүүгчид болон үзэгчид тухайн тоглолтоос эцсийн дүнгээ гаргана.
Бид уг нь бэлтгэл маш сайн байсан боловч манай хамтлагийн гоцлол хөгжимчин маань харамсалтай нь финалын шатны өмнөхөн өвдөөд, тоглолтоос нэг өдрийн өмнө би маш яаралтай өөр хөгжимчин олж хамт тоглосон. Үнэндээ нэг удаа ч хамт бэлдэж чадаагүй. Тэгсэн хэдий ч амжилттай оролцож, үзэгчдийн болон шүүгчдийн ийм том хүндэтгэлийг хүлээсэндээ маш их талархаж байгаа.
Лайпциг хотын жазз хөгжмийн фестиваль болон Левэркусэн хотын жазз хөгжмийн алдартай фестивальд энэ жил хамтлагаараа тоглосон. Лайпциг хотын фестивальд энэ жил зөвхөн олон улсын нэртэй жазз хөгжимчид уригдсан байсан. Миний хувьд “BMW Young Artist Jazz Award” шагналын эзэн гэдгээрээ уригдаж тоглосон.
Продюсергүй байх нь илүү эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байх боломжийг олгодог
-"Lightville" гэх хөгжмийн төсөл хэрэгжүүлж, тоглолтууд хийдэг юм байна. Энэ бүхнийг хэрхэн амжуулж байна вэ. Албан ёсны продюсертай юу?
-Тийм ээ, бид Мюнхений филармонийн танхимд болон бусад том, жижиг фестивалиудаар тоглож байсан. Өмнө хэлсэнчлэн бид одоогоор нэг баримтат киноны хөгжим бичиж байгаа. Одоохондоо өөрийнхөө төслүүд дээрээ менежер хийж, маркетинг дээрээ давхар ажилладаг. Энэ тал дээр өөрийгөө цаашид хөгжүүлэх зорилготойгоор уран бүтээлийнхээ хажуугаар гурав дахь магистрын зэргээ хамгаалахаар, соёл урлагийн менежер мэргэжлээр сурч, удахгүй төгсөх гэж байна.
Энд маш олон хүн амтай, тэр дундаа мэргэжлийн хөгжимчид, уран бүтээлчид олон байдаг учраас ховор аз л таарахгүй бол тэр болгон албан ёсны продюсертай байна гэдэг боломжгүй. Тэглээ гээд юу ч хийхгүй суугаад байвал бас төслүүд маань урагшлах боломжгүй. Тиймээс өөрийнхөө чадах хэмжээгээр бүгдийг нь амжуулах гэж хичээж л байна. Ер нь хоёр талтай зүйл шиг санагддаг. Менежмент баг, зөвлөж туслах продюсертай байсан бол уг нь хөгжим дээрээ 100 хувь төвлөрч, эрч хүчээ олон тийш нь хуваарилах шаардлагагүйгээр зөвхөн уран бүтээлээ хийх боломжтой. Даанч өнөөгийн цаг үед шинэ зүйл хийж бүтээхийг хүсвэл нэгээс илүүг хийх чадвартай байхыг шаардаж байна. Эерэг талаас нь харвал продюсер, эсвэл гэрээт лабелгүй байх нь цаг хугацааны болон бүтээлч орон зайн хувьд илүү эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө ажиллах боломжийг олгодог байх.
-Хөгжмийн зохиолууд хэр бичиж байгаа вэ. Жазз хөгжим голлож байна уу. Эсвэл олон төрөлд өөрийгөө сорих уу?
-Өглөө болгон хоёр цаг хөгжим бичихийг оролддог. Голдуу жазз урсгал талдаа бичиж байгаа. Гэхдээ хааяа киноны хөгжим эсвэл орчин үеийн сонгодог цөөхүүл хөгжмийн захиалга ирдэг. Драмын жүжиг мөн хөгжимт театруудад би урьд нь ажиллаж байсан. Цаашдаа ч сонирхолтой хүсэлт ирвэл өөр бусад төрөлд өөрийгөө сорьж үзмээр санагддаг. Олон төрлийн урлагийн салбарын хүмүүстэй ажиллах нь сонирхолтой байдгаас гадна юмыг олон талаас харах боломжийг олгодог.
-Жазз хөгжмөөр магистрын зэргээ хамгаалсан гэсэн. Магистрын ажлын тань гол онцлог юу байсан бэ. Жазз хөгжмийн судалгаагаа цааш үргэлжлүүлэх үү?
-Жазз төгөлдөр хуураар анхны магистраа, жазз хөгжмийн зохиолчоор хоёр дахь магистрын зэргээ тус тус хамгаалсан. Хөгжмийн урлагийн магистрын ажил манай сургуульд 100 хувь уран бүтээлээр хамгаалагддаг. Би төгсөлтийн ажилдаа нийт 60 минутын оркестрын бүтээл бичсэн. Энэ бүтээл маань хүмүүсийн нийтлэг сонгодог хөгжмийн зэмсэг гэж нэрлэдэг хийл, виоленчил, валторн, гобой, фаготт хөгжмийн зэмсгүүдийг, нийтлэг жазз гэж нэрлэгддэг саксафон, труба, гитар, бөмбөр зэргийг нийлүүлсэн цөөхүүл жазз оркестрт зориулж бичигдсэн байгаа.
Монгол хэлээр жазз хөгжмийн онолын ном бичихийг мөрөөддөг
-Жазз хөгжмийн хөгжил шинэ зуунд хэр эрчээ авч байгаа бол. Герман болон Европын орнуудад энэ урсгалыг хэр сонсож байна вэ?
-Жазз гэдэг үгний дор маш олон төрөл урсгалын хөгжмүүд тодорхойлогдох болсон. Жаззын гол амин сүнс буюу импровизац нь орчин үеийн олон хөгжмийн төрлүүд дээр түлхүү ашиглагддаг. Сонгодог жаззаас эхлээд техно, хип хоп, электроник хөгжмүүд дээр ч мөн жазз хөгжмийн нөлөө их ажиглагддаг. Тэрийг нь Европын үзэгчид ч нээлттэйгээр хүлээж авдаг. Европууд ер нь их сониуч, нээлттэй хүмүүс. Гэхдээ миний бодлоор Германд сонгодог болон жазз хөгжмийн сонсогчид ихэвчлэн дунджаар 60-аас дээш насныхан байдаг. Харин цаг үе, технологио дагаад жаззаас улбаалсан шинэ сонирхолтой хөгжмийн төрлүүд маш олноор гарч ирж байгаа нь залуу насны үзэгчдийг татах гол шалтгаануудыг нэг болж байгаа.
-Жазз хөгжим бол ямар ч урсгалын хөгжимтэй хосолж, ноотонд баригдахгүй чөлөөтэй найруулан тоглогдох боломжтойгоороо онцлог гэж болох байх. Монгол жазз найрал “Баян Монгол” чуулгын бүтээлүүдээр бид энэ урсгалыг төсөөлдөг. Таны хувьд үндэсний хөгжмийг жазз хөгжимтэй хослуулах, найрсуулах талаар туршилт хийх үү. XXI зууны монгол жазз хөгжим ямар байх бол оо?
-Манай Монголд жазз хөгжим маш хурдацтай хөгжиж байгаа. “Fat Cat” жазз клуб нээгдсэний ачаар олон залуу хөгжимчид болон жазз хөгжмийг сонирхдог залуу сонсогчидтой болсон нь үнэхээр сайхан. Хэдхэн жилийн дараа тэд илүү өргөн хүрээнд жаззыг ойлгодог, хүлээж авдаг болох байх гэж бодож байна.
Үндэсний хөгжмийг найруулах тал дээр бол би хувьдаа ардын болон уламжлалт хөгжмүүдийг аль болох байгаа чигээр нь үлдээхийг хүсдэг. Тэр чигт нь хүчээр хэт орчин үеийн маягийн болгож найруулах нь хааяа маш авцалдаагүй сонсогддог. Ялангуяа тухайн дууг нь сайн мэддэг хүмүүст. Энэ нь зөвхөн манай үндэсний хөгжим дээр биш ямар ч улсын үндэсний хөгжим дээр ажиглагддаг. Тухайн хөгжмийн бүтээлээс юм уу, дуун дээр үндэслэж цоо шинэ бүтээл бичвэл харин өөр хэрэг.
-Яг таван жилийн өмнөх нэг ярилцлагадаа та гадаадын улс оронд суралцах, дэлхийн улс орнуудаар эх орныхоо нэрийг гарган аялан тоглох зорилготой гэдгээ дурдаж байж. 18 насныхаа тэр зорилго, мөрөөдлийн үзүүрээс баттай атгаж чаджээ. Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч гэсэн хос мэргэжлийг эзэмшсэн байна. Дараагийн таван жилийн төлөвлөгөөг тань сонирхож болох уу?
-Ямартай ч хөгжмөө бичээд, төгөлдөр хуураа тоглоод, цаашид мэргэжлийн чөлөөт уран бүтээлчээрээ ажиллана. Өөрийнхөө уран бүтээлүүд, төслүүдээ мөн илүү хөгжүүлэхээс гадна бас бусад уран бүтээлчидтэй шинэ төслүүд дээр хамтран ажиллах боломжууд ч бага багаар нээгдэж байгаа. Гурав дахь мэргэжлээрээ буюу соёл урлагийн менежерээр магистраа ирэх жил хамгаална. Одоогор магистрын төгсөлтийн ажлын сэдвээ сонгох шатандаа явж байна.
Би өнгөрсөн дөрвөн жилийн турш, Германд ирснээсээ хойш санхүү, виз, даатгалаас эхлээд яг л тэгээс эхлэн, эдгээр төслийн зохион байгуулалт, хэлэлцээр, зохиогчийн оюуны өмч зэрэг гээд бүх зүйл дээр арын бичиг цаасны асуудлуудыг бие даан хийж ирсэн. Ялангуяа анх энд ирээд герман хэл сайн мэдэхгүй, сурахын хажуугаар, хөгжим бичих, хичээлээ давтахын зэрэгцээ эдгээр янз бүрийн нарийн төвөгтэй бичиг цаасны ажилтай зууралдахад маш их цаг хугацаа, хөдөлмөр, эрч хүч, нойр хоол шаардагддаг байсан.
Тиймдээ ч ойрын хэдэн жилийн хугацаанд би хуримтлуулсан туршлагаараа, сурч мэргэжсэн гурав дахь мэргэжлээрээ бусад уран бүтээлчдэд эдгээр энгийн юм шиг боловч маш төвөгтэй бөгөөд чухал сэдвүүд дээр туслах, ядахдаа л Германд амьдарч байгаа эсвэл ирж чөлөөт уран бүтээлчээр ажиллахыг хүсэж байгаа Европын бус орны уран бүтээлчдийн оюуны өмч, виз, бичиг баримт гээд төрөл бүрийн асуудлуудыг нь нугалж өгөх, уран бүтээлээ санаа зоволтгүйгээр хийх нөхцөл байдлыг аль болох бүрдүүлж өгөх тал дээр туслаж ажиллахыг хүсэж байна.
-Монголдоо хэзээ ирэх вэ. Монголын хөгжмийн урлагт өөрийн хувь нэмрээ хэрхэн оруулах бол. Энэ талаар бодож төлөвлөсөн зүйл бий юү?
-Одоогоор яг баттай бодож, төлөвлөсөн зүйл байхгүй. Залуу хүний хувьд мэргэжлээрээ бүрэн ажиллах болон түүгээрээ амьдрах, хөгжмийн зохиолчийн хувьд оюуны өмчөө зохистой хэмжээнд хамгаалуулах, сурч эзэмшсэн мэдлэг, чадвараа шударгаар үнэлүүлэх, бүрэн дүүрэн туршлага хуримтлуулах боломж одоохондоо энд илүү байна гэж харж байгаа.
Магадгүй бичсэн уран бүтээлүүд маань хэвлэгдэж гарсны дараа хэзээ нэгэн цагт, хэн нэгэнд, нэн ялангуяа залуу хөгжимчдөд эергээр нөлөөлж, хөгжим тоглох хүслийг нь бадрааж чадах л юм бол тэр нь миний хувьд том амжилт. Технологи хөгжсөн энэ цаг үед хувь нэмрээ оруулахын тулд заавал биеэрээ байх шаардлагагүйгээр өөр аргаар бусдад туслах олон зам байгаа. Чадал маань хүрвэл монгол хэл дээрээ жазз хөгжмийн зохиолын, онолын ном бичиж гаргах мөрөөдөл байдаг. Гэхдээ энэ мөрөөдөл маань ойрын хэдэн жилдээ биелэхгүй байх.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хүсэл, мөрөөдөл, цаашдын зорьж тэмүүлж буй бүхэнд тань амжилт, уран бүтээлийн олз омог хүсэн ерөөе.
-Баярлалаа. “Монголын үнэн” сонины уншигчдадаа, нийт монголчууддаа айсуй шинэ оны мэнд дэвшүүлье.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/