Г.Ундармаа: Стилисттэй ажилласнаар өөртөө итгэлтэй, санхүүгийн хувьд эмх цэгцтэй болсон


Дүрийн урнаар хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч, бусдыг итгэл, инээд хөөрөөр цэнэглэдэг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, продюсер, жүжигчин Г.Ундармааг оны отгон дугаартаа ярилцлагын зочноор урилаа.

Сэтгэлээр унасан үедээ үсээ янзалж, тод өнгийн туфлиэ өмсөөд гарах дуртай 

-Хамгийн сүүлд таныг загварын тайзан дээр байхыг харсан. Загвар зохион бүтээгчийн урласан хувцсыг шүүгчдэд танилцуулахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Юуны өмнө сониныхоо отгон дугаарт ярилцлагын зочноор урьсанд баярлалаа. “Project Runway Mongolia” төслийн хүрээнд загвар зохион бүтээгчийн ур ухаанаа шингээн урласан хувцсыг өмсөж тайзан дээр гарахад амаргүй байлаа. Учир нь, загвар өмсөгчдийн хүсэл сонирхлоос гадна туршлага гэж юм бий шүү дээ. Миний хувьд шоунд оролцохыг зөвшөөрснөөс хойш нэлээд эмээсэн. Яагаад гэвэл, тухайн шоунд  хувь хүний хувьд бус загвар зохион бүтээгчийн бүтээсэн хувцсыг хэрхэн танилцуулахаас үр дүн шалтгаалах байсан. Бас загвар зохион бүтээгч бид хоёрын нэг нэгэндээ дэм болох, ойлголцох их чухал санагдсан юм. Тиймээс хий дэмий айж байснаас надад зориулан урласан хувцасны онцлогийг шүүгчдэд хэрхэн танилцуулах, аль хэсгийг тодруулан харуулах зэргээр бодох зүйл багагүй байлаа. Хүмүүсийг харахад тайзан дээр гоё хувцастай эмэгтэйчүүд сайхан алхдаг боловч түүнээс өмнө бэлтгэл сургуулилалтдаа хэрхэн анхаарах, яаж танил­цуулбал илүү ойлгомжтой болох зэргээр бодолцох зүйл багагүй тулгардаг юм билээ.

-Тайзан дээр гараад сандарсан уу?

-Яг шүүгчдийн өмнө гараад нэлээд сандарсан. Загвар зохион бүтээгчээ надаас болоод хасагдчихвий гэж айж байлаа. Гэхдээ аль болох айж байгаагаа нууж чамбай алхахыг хичээсэн. Шүүгчдийн үгнээс урам авч “Юу ч болсон даваагаа гайгүй давчихлаа даа” гэж бодсон. Үүнд загвар зохион бүтээгчийн авьяас, ур чадвар нөлөөлсөн гэж бодож байна.

-Хэдэн жилийн өмнө бүр­дүүлсэн таны стиль имижийн өөрчлөлт гайхалтай байсан. Юу таныг ингэж өөрийгөө өөрчлөхөд нө­лөөлсөн бэ?

-Залуудаа бараг арван жил мяраалаг явжээ. Хөдөлгөөн ч бага хийдэг байж. Ажил ихтэй гэдэгтээ итгээд “Зөвхөн ажлаа хийнэ” гэсэн бодлоор өөртөө цаг зав гаргаж чаддаггүй байсан. Ийм бодолтой ява­хад “Эрүүлмаа”-гаас надад санал тавьснаар эрүүл аргаар жин хасах төлөвлөгөө гаргасан. Өөртөө тууштай, хариуцлагатай байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Үр дүнд нь хоёр сарын дотор багагүй жин хассан. Үүнд нь урамшаад үргэлжлүүлэн дасгал хөдөлгөөнөө тасралт­гүй хийж явсаар өдийг хүр­лээ. Мөн энэ хугацаанд хув­цаслалтад анхаарал та­вих стилисттэй болсон. Түүн­тэйгээ өнөөдрийг хүртэл дөр­вөн жил хамтран ажиллаж байна. Стилисттэй болсноор өөртөө итгэх итгэлтэй байх, санхүүгийн хувьд цэгцтэй, илүү мөнгө зарцуулахгүйгээр цэвэрхэн хувцаслах боломж бүрдсэн. Өмнө нь мяраалаг гэдгээ далдлахын тулд зохицсон хувцсаа өмсөж чаддаггүй байсан. Стилисттэй болсноос хойш  мэргэжлийн хүний мэдрэмж, зөвлөгөөгөөр өмсөх хувцсаа сонгож эхэлсэн.

-Өмнө нь таныг өмсөж байгаагүй гэж хэлээгүй шүү. Гэхдээ өндөр өсгийт, тод өнгө эмэгтэй хүнийг хэрхэн чимдгийг та харуулж чадлаа?

-Баярлалаа. Өмнө нь туфль өмсдөг байсан. Одоо бол мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр ямар хувцсан дээр аль туфль илүү зохицохыг бодолцож өмсдөг. Эмэгтэй хүн өсгийтэй гутал өмсөхөөрөө нуруу тэнийгээд өөртөө итгэлтэй ч болдог. Урлагийн хүн гэхээр үргэлж инээж, сэтгэл өөдрөг байдаг мэтээр төсөөлөх нь элбэг. Энэ нь буруу биш. Яагаад гэвэл, бид бусдад энерги, урам  өгч, үлгэр дуурайл болох гээд маш том хариуцлагуудтай. Тиймээс хэцүү үед ч инээж зургаа авахуулах үе олон гардаг. Заримдаа сэтгэлээр унасан үедээ усанд орж, үсээ янзлаад тод өнгийн туфлиэ өмсөөд гарах дуртай.

 

Охиноос маань яг л миний бага, залуу нас харагддаг 

-Би тантай фэйсбүүкийн найз л даа. Дасгал хөдөл­гөөнд цаг гаргадаг болсноос хойш  та хайж байсан зүйлээ олсон юм шиг санагдсан. Би зөв таамагласан байна уу?

-Тийм ээ. Өмнө нь шаард­лагатай үед л дасгал хө­дөлгөөн хийдэг байсан. Одоо бол боломж алдахгүй хэвшүүлж эхлээд байна. Дасгал хөдөлгөөн хийснээр жин хасах нь гол биш сэтгэл санаа тогтвортой болж, өглөөг өөдрөг, эрч хүчтэйгээр өглөөг эхлүүлж чаддаг.

-Ээжийн тань авьяас танд өвлөгдөж чамгүй бү­жиглэдгээ амьдрал, уран бүтээл дээр харуулсан. Чө­лөөт цаг гарвал бүжиг­лэчихдэг биз?

-Ээж маань 15 настайдаа ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын анхны бүжигчин нь болж байсан. Урлагийн салбартаа тууштай ажилласан. Би ээжтэйгээ бригадаар хамт явж бүжиглэхдээ хэрхэн инээмсэглэж, хүсэж дурласан мэргэжлээрээ ажиллаад хэчнээн баяр баясгалантай байгааг харж мэдэрдэг байлаа. Тийм болоод ч тэр үү надад чөлөөт цаг гарвал бүжиглэхийг хичээдэг. Ээж маань ардын бүжиг бүжиглэдэг байсан учраас би тэр талдаа илүү эвсэлтэй юм шиг санагддаг. Түүнийгээ өөрчлөхийн тулд орчин үеийн бүжгийг сонирхон дуурайж хийснээ бичиж, харах дуртай байсан. Одоо ч гэсэн сэтгэл хөдлөлөө бүжгээр илэрхийлэх дуртай. Мэдрэмжээрээ бүжиглэснээ бичлэг болгон фэйсбүүкт тавьдаг.

-Охиноосоо өөрийнхөө өсвөр насыг хардаг байх. Ер нь чөлөөт цаг гарвал та хоёр цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ. Ээж охин хоёр булагнадаг уу?

-Бид хоёр нэг их булагнаад байдаггүй. Харин өглөөдөө бүжгийн дасгал хамтдаа хийдэг. Бас хааяа кино үз­чихнэ. Охиноо харахаар яг л миний бага, залуу нас ха­рагддаг. Би охинтойгоо хамт өнгөрүүлэх чөлөөт цаг аль болох гаргахыг зорьдог. Гэр бүлийнхэнтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн дуртай.  Мэдээж би ажлынхаа талаар, охин маань сургууль, ирээдүйд юу хийж бүтээхийг хүсэж байгаа гээд бид хоёрт ярих сэдэв мунддаггүй. Тэр болгоны талаар ихэвчлэн хоолны ширээний ард ярьдаг.

 

Он гаргаад 50 нас хүрч байгаа Ариунсанааг үзэгчидтэйгээ уулзуулна

 -“Ариунсанаа” гэдэг нэрийг та брэнд болгож чадсан. Энэ дүрээр дахин үзэгчидтэйгээ уулзах уу?

-Ариунсанаа гэдэг нэр их утга учиртай. Найруулагч А.Миеэгомбо энэ дүрийн нэрийг өгөхдөө“ Ариухан санаатай, цайлган эмэгтэй” гэж дүрийн онцлогийг то­дор­хойлсон. Ариунсанаа миний төсөөлснөөр юунд ч түүртдэггүй, зоригтой, шударга мөртлөө соёлтой, ажилч хичээнгүй эмэгтэй. Бас биеэ гоё авч явахыг хүсэж мөрөөддөг. Гэхдээ хүний амьдрал олон өнгөтэй. Ажил мэргэжилдээ чадварлаг ч хувийн амьдрал дээрээ өөрийнхөө байж таалагдсан хүнээ хайж байгаа. Тухайн цаг үед өөрийнхөө байж шийдвэрлэж чаддаг эмэгтэй бол Ариунсанаа. Он гаргаад 50 нас хүрч байгаа Ариунсанааг үзэгчидтэйгээ уулзуулна. Тэр үед ямар эмэгтэй болсныг нь хараарай.

-Аль ч насны эмэгтэй­чүүдэд тулгардаг асуудлын талаар уран бүтээлдээ түл­хүү тусгадаг нь  амьдралд ойр санагддаг. Цаашдаа ч гэ­сэн энэ сэдвээ авч явах уу?

-Тийм. Хүн чаддаг, мэддэг зүйлийнхээ талаар тод дуугарах хэрэгтэй гэж боддог. Миний хувьд чаддаг юм бага. Бас мэдэх зүйлээ л мэдэхийг хүсдэг. Ер нь илүү гаргах цаг зав муу байдаг. Би 10 настай Ундармаа, 20 настай эмэгтэй, 30 настай эмэгтэйн амьдралыг туулаад ирсэн. Энэ хугацаанд надад олон зүйл тохиолдож байсан. Бусдын адил өвдөж, баярлаж гуньж бас амжилт гаргасан. Заримдаа бууж өгмөөр санагддаг үе ч тохиолддог. Тэр бүхнийг эмхтгэж цэгцлээд юу харуулах вэ гэдэг чухал санагддаг.

Залуухан ганц бие бүсгүй,  ганц бие ээж, 40 гарсан ганц бие бүсгүйд юу тохиолддог, хүмүүс тэдэнтэй яаж харилцаж байна зэрэг олон асуудал байдаг. Жижигхэн юм шиг мөртлөө хүний сэтгэл зүйг томоор өөрчилж чаддаг тэдгээр асуудлыг би уран бүтээлдээ оруулахыг хичээдэг. Тиймээс эмэгтэйчүүдийн асуудлыг янз бүрээр нарийн гаргасан уран бүтээлүүдийг цаашид хийхээр төлөвлөж байна.

 

Бусдын амнаас сонссон ямар ч баримт нотолгоогүй зүйл дээр  биднийг элдвээр харааж, зүхэж хэлдэгт би эмзэглэдэг 

-Уран бүтээлчид магтаал шүүмжийг хамтад нь сонсох шаардлагатай болдог. Харин та хүмүүсийн шүүмжид хэрхэн ханддаг вэ?

-Хүмүүстэй үргэлж амьд харилцаа үүсгэдэг нь бидний мэргэжлийн онцлог. Бүтээлийг маань хүн бүр үзнэ, шүүмжилнэ, өөр өөрийн өнцгөөс харна. Энэ бү­хэнд уран бүтээлчид бэлэн бай­даг. Мэдээж хүн юм чинь магтаж, урам өгөхөд сайхан мэдрэмж авдаг. Шүүмжлэлийг ч бас бэлэг мэтээр хүлээн авдаг. Энэ нь дараагийн бүтээлийг сайжруулахад өөрийгөө бусдын нүдээр харахад дэм болдог. Харин бусдын амнаас сонссон ямар ч баримт нотолгоогүй зүйл дээр биднийг элдвээр харааж, зүхэж хэлдэгт би эмзэглэдэг. Хүмүүс сошиалын цензургүй мэдээлэлд үнэн мэт хандаж өөрсдийгөө зовоогоод байгаа нь бас их хэцүү харагддаг. Тэгэхээр бусдыг гомдоохгүй, өөрөө буруу мэдээлэл тараахгүйн тулд хүн бүрийг өөрийнхөө сонирхож байгаа мэдээлэлдээ судалгаа хийж цензуртэй хандаасай гэж хүсдэг. Учир нь, миний талаар худал мэдээлэл гарахад ээж, хань, охин болон ажлын хамт олон маань надаас илүү шаналдаг. Хичээж ажиллаж байхад худал мэдээлэл гарахаар бидний уран бүтээлүүдэд ч гэсэн нөлөөлөх гээд байдаг тал бий.

-Продюсер, жүжигчний хувьд гадаадын зах зээлд хэрхэн гарах талаар судалж, төлөвлөж байгаа юу?

-Продюсеруудын гаднын зах зээлийг судалж байгаа нь харагддаг. Бид ч хоорондоо энэ талаар ярилцдаг. Ма­най фильмийн хувьд гадаад  зах зээлд чиглэсэн уран бүтээлийнхээ суурийг тавь­чихаад байж байна. Үйл ажил­лагаа нь  жигдэрсэн олон улсын компанид хандлаа гэхэд бидэнд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Бид чинь одоо ашиг гэхээс илүү урлагийн замаар явж байгаа болохоор тэр хөрөнгө мөнгийг гаргаад өгчих боломж тэр бүр байхгүй. Гэхдээ сайн уран бүтээлийн санаа гаргаж түүнийгээ  цаасан дээр сайн буулгаад танилцуулж чадах юм бол бас боломж байгаа гэж итгэж байгаа.

-Энэ сарын отгон дугаарт, шинэ жилийн баярын өмнө бид ярилцаж байна. Тиймээс энэ баяртай холбоотой дур­самжаас бидэнтэй ху­ваалцахгүй юу?

-Би Цагаан сар, шинэ жил, Улсын баяр наадамдаа дуртай. Шинэ жил миний хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийж бүтээсэн, миний гэр бүлд ямар өөрчлөлт гарсан гэдгийг бодож дүгнэх цаг байдаг.  Энэ цагаахан баяраа найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо тэмдэглэдэг.

-Шинэ жилийн баяраар хэнээс хамгийн сайхан бэлэг авч байв?

-Олон хүнээс гоё бэлэг авдаг. Бэлэг болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Өөр өөрийн гэсэн хайр, өнгө үзэмжийг агуулсан байдаг. Энэ жил охиндоо тусгайлан бэлэг бэлдсэн. Гэхдээ баярын өдрөө хүлээж чадахгүй бэлгээ аль хэдийнэ өгчихсөн.

-Эцэст нь, 2023 онд авахыг эсвэл хийж бүтээхийг хү­сэж байгаа зүйлээ товч­хон  дурдаж ярилцлагаа өн­дөрлүүлье.

-Ирэх онд бидний шинэ уран бүтээл кино театруудын дэлгэцээр гарна. Хайр, итгэл, сайхан харилцааны талаар уран бүтээлдээ тусгахыг хичээсэн. “Ю фильм” 2023 онд шинэ төслөө эхлүүлнэ. Эдгээр ажилд голлон анхаарал хандуулна гэж бодож байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22