“Бүтээлч урлан”-д уран бичээч саатлаа. Дэлхийд ганцхан босоо бичгээрээ омогшиж, хүүхэд ахуйгаасаа монгол уран бичлэгээр хөглөгдөн ирсэн уран бичээч Г.Ганзоригийг уншигчид маань андахгүй биз ээ. Оршин буй цагийн өгөгдлөөр бийрийн уран хөдөлгөөнийг бишрүүлж яваа түүний бүтээлүүд шүншигтэй мэт санагдана. Монгол биет бус өвөө тээн, түгээн дэлгэрүүлж яваа түүний хэсэгхэн хормын бодролыг буулгаснаа хүргэе.
-Бийрийн уран ярууг бахдуулж байгаа таны бичлэгийг олонтаа харсан. Тухайн агшны өгөгдлөөр бүтээл төрдөг юм уу?
-Босоо монгол бичиг миний амьдралтай салшгүй холбоотой. Хүүхэд ахуй цагаас надад өгөгдөл байгаа нь мэдрэгддэг байсан. Монгол бичиг бол хязгааргүй эрх чөлөөний сэтгэлгээ. Сэтгэлгээний хувьд маш чөлөөтэй задарч өгдөг гайхамшигтай.
-Монголын бичиг соёлын давтагдашгүй өв уран бичлэгийг сонирхон судлах болсон тань хэдий үеэс юм бол?
-Хүн болоод анх үзсэн бичиг үсэг маань дэлхийд ганцхан байдаг, хоёр хааны зарлигтай босоо монгол бичиг байсан. Тийм болохоор босоо монгол бичгээ хайрлаж үр хүүхдэдээ өвлүүлнэ гэж багаасаа бодсон. Монгол бичиг шиг аугаа соёл дэлхийд байдаггүй. Бас нэгэн омогшил нь миний эх орон. Хүний сайнтай хэсэгхэн газар бол миний эх орон юм.
-Монгол бичгийг амьтай, давхиад өнгөрөх адуу мэт бодолд буудаг. Энэ зураглалыг таны зарим бүтээлээс харж болохоор санагдана?
-Монгол бичиг минь тийм л амьтай. Энэ нь надад олон зүйл дээр мэдрэгддэг. Шороон түмэн хятад хүмүүсийн дунд монгол дээл хувцсаа өмсөж, босоо монгол бичгээ буулгаад явах шиг бахдал үгүй. Тэнд ганцаархнаа ч монгол бичгээ бичээд явах шиг тэнгэрлэг юм байдаггүй. Би монгол хувцастай ч өөр ажил мэргэжилтэй бол тэд намайг хүндлэхгүй. Бид ийм бичиг соёлын өвтэй уул шиг сэтгэлтэй, тал шиг хүмүүсийн тасархай.
-Танд магтаал, шүүмжийг хамтад нь өгдөг багш олон байв уу?
-Дээхнэ үеийн багш нар гэр хороололд монгол гэрт амьдардаг, дэргэдээ нэг амбаартай. Тэрэндээ хэдэн хүүхдээ суулгаад хичээлээ заачихдаг байсан. Ёстой ясны багш нар байсан байгаа биз. Миний монгол бичгийн багшийг Тогмид гэдэг. Багш минь гурван жилийн өмнө орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн. Уран бичлэгийн багш бол Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат хүн бий. Алдрыг нь Мөнхбаатар гэдэг юм. Багшаараа уран бичлэгийн суурийг тавиулж үргэлжлүүлэн бие даан сурсан хүн дээ, би.
-Монгол бичгээр алдаатай бичвэл том алдаанд тооцогддог байх. Өвөрмонголд таны очоогүй газар ховор байх. Бичгийн соёл нэгтэй тэдний хувьд уран бичлэг ямар үнэ цэнтэй байдаг бол?
-Мэдээж гарамгай уран бичээч болохын тулд монгол бичгээ сайн мэддэг байх учиртай. Миний амьдрал бол тэр чигээрээ туршлага. Яагаад гэвэл, би дөрвөн жилийн хугацаанд Өвөрмонголд байсан юм шүү дээ. Тэнд миний хүрээгүй газар байхгүй. Өвөрмонголд очоод монгол бичгээрээ алдаад биччихнэ. Тэгээд тэднээс зэмлэлийн үг сонсдог. Зарим нь намайг монгол бичгийг Хөх хотод ирж сурсан уу гэж асуудаг. Хариуд нь би “Хүн болоод анх сурсан нь монгол бичиг учраас буруу ташаа ойлгож болохгүй” гэж хэлдэг юм. Би чинь ШУТИС-ийн Дизайны сургуулийг төгссөн хүн. Ангийнхнаа уриалж байгаад монгол бичгийг сонгон суралцаж байлаа. Тэгэхээр багаасаа л монгол бичиг сурах ёстой гэсэн бодол, өгөгдөл байсан. Дээрээс өөрийгөө тийм тушаалтай гэж боддог. Монгол бичгээр дутуу буруу бичихгүй байх нь миний туйлын хүсэл.
-Анхны бүтээл тань ямар сэдэвтэй байв. Одоо танд бий юү?
-Анх тулгын гурван чулуу гэж бичиж байсан санагдана. Ямар учиртайг мэдэхгүй. Тэр цаг үед тэгж бичих ёстой байсан байх. Яг одоо хаана байгааг мэдэхгүй. Хайвал олдоно оо.
-Хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл бол уран бичлэг гэж боддог. Та бүтээлээрээ ямар санааг хэлэхийг зорьдог вэ?
-Ази тив бол дэлхийн зүрх. Энэ зүрхэн хэсэгт орших аугаа үндэстнүүдийн нэг нь Монгол. Дэлхийн тал нь монгол бичиг мэддэг байсан гээд бод доо. Их эзэн Чингис хааны алтан гэрэгэг аль улсад ч хүндэтгэдэг байсан. Тийм аугаа бичгийг хайрлахгүй байхын аргагүй. Тийм болохоор уран бүтээлчийн сэтгэл хөдлөл үгээр хэлэхийн аргагүй. Ерөөсөө л мөнх тэнгэрээс бууж орж ирээд гарыг маань хөдөлгөдөг. Зүгээр нэг биччихдэггүй. Зурлага бүхэн нь утга агуулгатай. Мөнх тэнгэр, газар ээжтэйгээ холбоотой. Сэтгэлийн мэдрэмж бол үнэхээр аугаа.
-Хэдэн жилийн өмнө буулгасныг мэдэхгүй ч 12 жилийг уран бичлэгээр амилуулсан нь үнэхээр хараа булаам юм. Бүтээлийн санаа сэдэл танд хэрхэн буудаг бол?
-Р.Чойномын шүлгийг бодож байгаад, ази хүн учраас дорно дахины соёлыг 12 жилд оруулъя хэмээн бодож уран бичсэн. Учир юу гэвээс монгол бичиг хүн, амьтныг босоогоор нь бичиж болдог учраас зөнгөөрөө бичсэн. Ямар нэгэн онгод төрөөгүй. Би хүн бүрийн нэрийг монгол бичгээр бичиж чадна. Энэ бол надад мөнх тэнгэрээс өгсөн өгөгдөл юм.
Ярилцлага энд хүрээд өндөрлөлөө. “Монгол уран бичлэгээ дэлхийд таниулахын тулд сэтгэлгээгээрээ ялгарах хэрэгтэй. Хятад, Япон зэрэг улсад уран бичлэгийг маш өндөр түвшинд үнэлдэг. Эх хэлнийхээ уран сайхныг таниулж буй уран бичлэгийг хүндэлж, хүүхэд залуус маань суралцаасай гэж их хүсдэг” хэмээн тэрбээр хэлэв. Уран бичээч Г.Ганзоригтой шинэ бүтээлтэй дахин уулзах нь. Ерөөлөөр оршиж түүний уран бүтээлийн зам нь дардан байг.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/