2023 оны нэгдүгээр сарын 1-нээс дараах хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ
Ипотекийн зээлийн төлөлт энэ сараас хэвийн үргэлжлүүлэхээр боллоо. 2020 онд цар тахлын улмаас ипотекийн зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Нийтдээ таван удаа зээл төлөлтийг хойшлуулсан байдаг. Иргэдийн зүгээс ипотекийн зээлийг дахин хойшлууах хүсэлт Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд тавьж байсан. Гэвч ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж байгаа учир дахин хойшлуулах боломжгүй гэдгийг УИХ, Засгийн газраас тайлбарлаж байлаа.
Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр дараах онцлох заалтууд мөрдөгдөнө. Тухайлбал:
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянга төгрөг болж, шаталсан татварын хэрэгжинэ
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны нэгдүгээр сараас шинэчлэн тогтоолоо. Нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоов. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсныг 31 хувь буюу 130,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэллээ. Ингэснээр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авна. Сарын 10 сая 01 төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд хамаарах юм. Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгах аж.
0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар.
Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин, түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулан, цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа юм.
Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ
2023 оны улсын төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчилсөн. Өмнө нь төрийн албан хаагчид 5-10, 10-15 гэсэн жилээр нэмэгдлээ авдаг байв. Харин 2023 оноос эхлэн нэг жил ажиллавал нэг хувь, хоёр жил ажиллавал хоёр хувь, гурван жил ажиллавал гурван хувь гэх мэтээр цалин нь нэмэгдэнэ. Мөн орон нутагт ажилладаг, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг 100 хувь нэмэх боломжийг нээв. Орон нутгийн нэмэгдлийн 20 хувийг улсын төсвөөс, үлдсэн 80 хүртэлх хувийг орон нутгийн төсвөөсөө санхүүжүүлэх эрхтэй болсон.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг мөн тодорхой хувиар нэмж, төрийн тусгай болон захиргааны албан хаагчид 165 ялгаатай цалинтай байсныг 20 болгов. Ингэснээр суурь цалингийн ялгааг бууруулж, үүний нөлөөллөөр ялгавартай бага цалинтай байсан хүмүүсийн цалин нэмэгдэнэ. Эдгээр тооцооллын дагуу 168 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин нь тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Цалингийн тогтолцооны эдгээр шинэчлэлд 266 тэрбум төгрөг зарцуулах юм.
Ажилласан жилээрээ, жил бүр нэмэгдлээ авдаг байх нь шударга зарчим хэмээн дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь 6 болон 9 жил ажилласан хоёр хүн ижил хэмжээний нэмэгдэл авдаг байжээ.
Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжснээр бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулна
Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулиар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгож байна.
Одоогийн байдлаар ойролцоогоор 914 тусгай болон бусад зөвшөөрөл байгаа нь Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор 363 болж багасах ба бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулна гэж хууль тогтоогчид үзэж байгаа юм.
Н.Нягт