М.Амархүү: Одоо надад муу бичих эрх байхгүй


Дэврүүн, заримдаа давилуун гэмээр яруу найрагч­дын ертөнцийг ойлгож ядан байсан зургаа, долоон жилийн өмнө танилцаад өнгөрсөн эрхмүүдийн нэг нь зураач, яруу найрагч М.Амархүү байсан юм. Гэзэгтэй ах их энгийн, костюм зангиатай явахыг нь би лав хараагүй. Харин шүлгээ уншиж, зургаа зурахдаа өөртөө дэндүү итгэлтэй. Харандаа, цаас ойрхон байвал хэний ч хөргийг төвөггүйхэн буулгачихдаг тэрбээр 40 дэх удаагийн “Болор цом” наадмын тэргүүн найрагч болсон. Баярын сэтгэл хөрөөгүй, урмын үгээр бялхаж явахад нь түүнтэй уулзаж ярилцлаа.  

-Уран бүтээлийн олз хийморь дүүрэн явна уу, та?

-Сүүлийн зургаа, долоон жил тасралтгүй уралдаан наадмуудад оролцлоо. Тэгэхдээ голдуу улсын чанартай, зохиолчдын нэрэмжит наадмууд, дээр нь “Бага болор цом” гэж нэрлэгддэг Батлан хамгаалах яамны “Эх орны цэрэг” наадам зэрэг нийтдээ найман удаагийн түрүүг би авчээ. “Болор цом” бол миний ес дэх түрүү. Ингээд бодохоор би байнгын бэлтгэлтэй улсын шигшээ багийн тамирчин шиг л явж байна. Надад нэг давуу тал байдаг нь би өөртөө 100 хувь итгэлтэй. Энэ эрчээрээ хамгийн сүүлд “Ярууслын чуулган” наадамд оролцлоо.

-Ний нуугүй асуухад таныг “Ярууслын чуулган”-д хуучин шүлгээ уншчихсан гэх юм. Та хариулаач?

-“Ярууслын чуулган”-д би шинэ шүлгээрээ оролцсон. Наадам бол уншигч, зохиолч, яруу найрагчдыг уулзуулж, амьд харилцааг бий болгодог арга хэмжээ. Харин зохиолчийн хөдөлмөрийн эцсийн үр дүн бол ном, уран бүтээл нь. Монголын уран зохиолд үлдэх бүтээлийг хийсэн байна уу гэдгийг цаг хугацаа л шүүнэ шүү дээ.

 

“Болор цом”-ын эзэн болно гэдэгтээ би итгэл дүүрэн байсан

 

-Баярын мэдрэмж хөрөөгүй байхад танаас “Болор цом” наадмын талаар асууя.  Зорьсон зүйлдээ хүрсэн мэдрэмжээ хэрхэн илэрхийлэв дээ?  

-Би гүндүүгүй, гүдэсхэн хүн. “Болор цом”-ын эзэн боллоо гээд  биеэ тоохгүй. Одоо би өргөмж сайхан нэртэй боллоо. Баяртай  байна. Гэхдээ бахь байдгаараа л байна. Нэг л зүйлийг анхаарч байгаа нь одоо надад муу бичих эрх байхгүй. Тэрүүгээрээ залуу яруу найрагчдадаа үлгэр болох ёстой.

Уг нь би сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн. Гэхдээ “Болор цом” их том наадам юм байна гэдгийг  өнгөрч буй өдөр хоногуудад мэдэрлээ. Өмнө нь би “Болор цом”-ын тусгай байрыг эзэлж байсан, түрүүлчих юмсан гэсэн хүсэл сонирхолтой байснаа нуухгүй. Өөрийнхөө олон жил үзүүлж байгаа амжилтаас хэзээ нэгэн цагт “Болор цом”-ын эзэн болно гэдэгтээ би дүүрэн итгэлтэй байсан. Яагаад гэвэл би бичсэн шүлэг, зурсан зургандаа л найддаг хүн. Харин энэ жил миний хувьд сайхан тохироо бүрдлээ. Утга зохиолын мэргэжлийн өндөр түвшний судлаачид, яруу найрагчид “Болор цом” наадмыг шүүж, шударгаар зохион байгуулсанд баяртай байна.

-Зорьсон зүйлийнхээ ард гараад сэтгэл ханасан мэдрэмж төрөх юм уу?

-Ийм сайхан наадамд түрүүлэх зохиолч болгонд олдох хувь тавилан биш. Хэдийгээр зорилго маань биелсэн ч уран бүтээлч хүн сэтгэл ханана гэж байхгүй. Энэ жил би яруу найргийн хоёр ч шинэ номоо гаргана. Эдгээр номоо гаргаснаар Монголын уран зохиолд 16 дахь яруу найргийн номоо өлгийдөж авах юм. Миний анхны ном Монголын зохиолчдын эвлэлийн шилдэг ном шалгаруулах уралдаанд шалгарч хэвлэгдэж байсан. Түүний дараа “Тунгалаг галбир”, “Янаг гашуун” гэдэг хоёр бүтээлээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн. “Ес дэх зүүдний аниргүй эрвээхий” гэдэг шүлгийн номоор “Алтан өд” шагнал авсан. Мөн “Хөх зөн” номоо англи хэлээр хэвлүүлэн дэлхийн яруу найргийн их хурлын үеэр Тайваний яруу найраг, соёлын академийн “Тогоруут уул” олон улсын форумын яруу найргийн алтан медаль хүртсэн гэх мэтчилэн яривал амжилт байна. Тийм учраас учиргүй дэвхцэж ханасан зүйл үгүй. Бурхан багш надад хангалттай авьяас хайрласан. Нөгөө талаар би өөрийнхөө мэргэжлийн талаар ярихад олон улсын хэмжээний хоёр том шагналыг эх орондоо авчирсан байна.

-Зургаараа юу?

-Би зураасан зургийн хүн шүү дээ. Ийм мэргэжилтэй учраас надад номын зураг хамгийн ойр байдаг. Өөрийгөө илэрхийлж бүтээл хийхдээ голдуу зураасан зургаар илэрхийлдэг. 2000 онд ЮНЕСКО-гоос зарласан хүүхдийн номын зураачдын томоохон наадамд оролцож, эх орондоо анх удаа хүрэл медаль, мөнгөн шагнал авчирсан. Дараа нь Турк улсад зохион байгуулсан олон улсын сэтгэлгээний шог зургийн уралдаанаас цом хүртсэн. Энэ хоёр бол одоогоор миний гадаад улсаас авчирсан хоёр том шагнал. Үүний дараагаар намайг БСШУЯ-наас оны шилдэг уран бүтээлчээр өргөмжилсөн. Мөн тухайн онд Соёлын тэргүүний ажилтан цолыг хүртэж байлаа.   

Миний бүтээлүүд гадаадын үзэсгэлэнгүүдэд тавигддаг. Энэ хавар гэхэд Кипр улсад болсон олон улсын сэтгэлгээний шог зургийн уралдаанд миний бүтээл олон улсын шилмэл каталогид орсон. Мөн шинэ оны өмнөхөн миний бүтээл ОХУ-д болсон олон улсын үзэсгэлэнд шалгарсан сертификат нь ирээд удаагүй байна.

-Та хос морьтой уран бүтээлч юм. Юунаас урам авч, хөглөгддөг юм бэ?

-Би мэргэжлийн хүн. Хар залуугаасаа яруу найргийн бүтээлүүдээ хэвлүүлж, үзэсгэлэнд оролцсон. Миний уран бүтээлийн суурь тавигдсан үе бол 1985 он. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд гурван жил цэргийн алба хаасан. Тэндээс уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. Цэргийн ангид  зурдаг, бичдэг хүн мундагт ордог л байлаа шүү дээ.  Тэр нь тухайн үедээ үнэлэгдээд 1984 онд Халхын голын ялалтын 45 жилийн ойгоор “Цэргийн алдар” медалиар шагнуулж байлаа.

Ер нь их эрт урам авсан хүн шүү дээ, би. Олон жил зургаа зурж, шүлгээ бичиж байна. Яах вэ, дотроо нэг хуваарьтай байдаг. Өдөр бүр зураг зурна, шүлгийн санаа орж ирвэл тэмдэглэж авна. Бавуугийн Лхагвасүрэн ахын “Бодол ханасан тэр цагт тэр бараг онгод” гэж хэлсэн байдаг. Энэ бараг үнэн. Хүн бодож тархиндаа боловсруулж, бичих цагтаа бичнэ. 

-Хулбиралгүй зүтгэсэн олон жилийн туршид шантарч, зугтмаар бодол сэтгэлд хургаж байв уу?

-Тийм бодол миний толгойд нэг ч удаа орж ирж байгаагүй. Би архи дарс хүртэж байсан хүн шүү дээ. Одоо ч архийг магтдаг. Саяхан өгсөн ярилцлагадаа архийг жаахан магтаад хэлчихсэн чинь манай нэртэй судлаач, яруу найрагч, зохиолч Л.Нямаа ах минь утасдаад “Чи арай халтирчихсан юм биш биз дээ” гэсэн. Гэхдээ би архинд өртэй. Магтах ёстой. Тэрнээс хөг авч байсан үе бий. Надад нэг гоё чанар байдаг. Би бүтээл хийхээс халшираад тойрч гүйдэггүй. Суусан бол хийдэг. Зургийг ч тэр, шүлгийг ч тэр. Засвар багатай ч байдаг. Тийм учраас өөртөө 100 хувь итгэлтэй шүү. Би улсад ажил хийж байгаагүй. Миний хийж байгаа хөдөлмөр бол миний уран бүтээл. Монголын ард түмэн, Монгол Улсад хэрэгтэй бол хэрэгтэй л биз. Гэхдээ Монголын нэрийг энд тэнд гаргаад байхыг бодоход хэрэгтэй юм шиг байгаа юм.

 

Ийм хүмүүсээр багшлуулчихаад зүгээр нэг зургийн багш болбол уйтгартай биз дээ

 

-Та энэ жил хэдэн нас хүрч байна вэ?

-57 хүрч байна.

-Энэ хугацаанд мэргэжлээрээ багшилсан удаа бий юү?

-18 настай цэрэгт яваад 21-тэй халагдаж ирээд сургуулиа төгссөн. Дараа нь гурван жил ажиллаад ганц, хоёр жил зургийн багш хийж үзсэн. Бас хоёр жил зураачаар ажилласан. Тэгээд Багшийн дээд сургуульд элсэж, боловсролоо дээшлүүлсэн. Тэнд Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсом, Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт нэрт зураач Д.Гунгаа, зураасан зургийн нэрт зураач С.Жамц гээд  алдартай багш нараас номын дуу сонссон. Ийм хүмүүсээр багшлуулчихаад зүгээр нэг зургийн багш болбол уйтгартай биз дээ. Гэхдээ багшийн мэргэжлийг дорд үзэж байгаа юм биш. Зүгээр л би чадахгүй юм билээ. Нэлээд зовхи нь өөдөө, оюунлаг хүн багшилдаг гэж би боддог. Ер нь багш, эмч мэргэжлийг эзэмшсэн хүмүүс агуу шүү. Хүнийг хүн болгодог.

-Танд багш болох өгөгдөл байхгүй гэж өөртөө дүгнэлт хийсэн юм уу?

-Тийм учраас надад олон шавь байхгүй. Өнөөдрийг хүртэл олон зохиолчийн номын зургийг зурсан. Түүнээс би ганц ч удаа өмнөх үг бичээгүй. Ганц ч хүний шүлэг засаагүй. Яах вэ, зургийн шавь нар байгаа. Тэдэндээ хайртай.

-Тэгвэл адайр ааштай хүн биш байх нь?

-Үгүй шүү. Харин ч эсрэгээрээ би их нөхөрсөг. Идээ будаа таалахаар жаахан нийтэч болчихдог юм билээ. Би хүнтэй, хэзээ ч ам зөрж мурийдаггүй. Харин хүнд урам өгдөг хоббитой.

-Ярилцлагын сэдвээ багахан өөрчилж ээжийн тань талаар асуумаар байна. Дэргэдээ залсан амьд бурхнаасаа адис аваад гарахад тэр өдрийн ажил үйлс бүтнэ гэдэг дээ?

-Тийм шүү. Миний ээж 80 давсан настай, надтай хамт амьдардаг. “Болор цом”-д орохын өдөр нь яагаад ч юм би ээжийнхээ зүүн мөрнөөс адис авсан. Өмнө нь  тэгдэггүй байсан болохоор ээж маань “Яаж байгаа юм бэ” гээд их гайхсан. Арга ч үгүй, ээждээ үнсүүлж байснаас адис авч байсан биш дээ. Магадгүй тийм болоод ч тэр үү “Болор цом” тасархай байсан. Ташрамд хэлэхэд, Монголын утга зохиолын 90-ээд оны мөнгөн үеийн томоохон төлөөлөл, миний сайхан найз, залуучуудтайгаа сайхан өрсөлдсөн. Тэд чинь “Болор цом”-ыг дүүрэн, бүтэн харагдуулдаг хүмүүс байхгүй юу даа.

-Аав, ээжээс хайрласан өгөгдлийн талаар хүмүүс ярьдаг. Удам сударт тань урлагийн хүн байж уу?    

-Миний аав 2000 онд бурхан болсон. Жолооч хүн байсан юм. Аавын удмын талд зургадугаар Зая гэгээн Жамбацэрэнгийн бурхан урлаач, зураач Равдан нэртэй лам байсан. Нутаг орондоо алдартай, мундаг ерөөлч ээжийн талд байсан гэдэг. Бичиж тэмдэглэдэггүй ч ерөөл магтаалыг зохиогоод хэлчихдэг цээжтэй хүн байж л дээ. Ингэж аав, ээжийн талаас дамжин ирсэн өгөгдөл надад бий. Би багаасаа зураг зурдаг хүүхэд байсан. Ер нь яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч зэрэг суурь урлаг бүтээдэг хүмүүсийг урлагийн дорлигийн тэнгэртэй гэдэг.  

-Танд биедээ авч явдаг сахиус бий юү?

-Бөөгийн том сахиус бий. Намайг дорлигийн тэнгэртэй гэж өгсөн. Энэ сахиус намайг дааж яваа. Би бөөгийн шүтлэгтэй, буддист хүн.

-Эцэст нь тодруулахад дөч, тавин жилийн дараа танаас юу үлдээсэй гэж хүсдэг вэ?

-Би ямар суутан биш, уран бүтээл л үлдэх байх. Гэхдээ цагийн шуургаар үлдэх ч юм уу мэдэхгүй юм даа. Гэхдээ ямар ч гэсэн номын санд Амархүүгийн нэртэй хэдэн ном хоцрох байлгүй дээ. Бас Уран зургийн галерейд ганц нэг зураг үлдэх байх л гэж бодож байна. Энэ ташрамд нэг юм хэлье. “Болор цом” нэр хүндтэй, нэлээд жинтэй наадам юм байна. Арханг

ай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намайг хүлээж авна гэсэн. Энэ хүн 2015 онд миний “Салхины сүүдэр” нэртэй номыг ивээн тэтгэж гаргаж өгсөн. Намайг шүлэг зохиолоо харандаагаар бичээд байх юм гээд компьютер өгч байсан хүн дээ. Би нутгаасаа сонгогдсон гишүүдтэй харилцаа холбоотой байдаг. Энэ гурван гишүүн манай “Хан Тамир” утга зохиолын нэгдлийн арга хэмжээг дэмждэг юм. Энэ ташрамд, гурван гишүүндээ баярлаж талархаж явдгаа илэрхийлье.  

  Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22