Монголын сагсан бөмбөг сонирхогчид төдийгүй энэ спортоор хичээллэдэг залууст үлгэр жишээ болж яваа тоглогчдын нэг нь Эрдэнэтийн “Уурхайчид” багийн довтлогч, олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Санчир билээ. 16 жилийн өмнө сагсан бөмбөгийн спортоор хичээллэх гараагаа эхлүүлсэн тэрбээр өдгөө Монголын шигшээ багийн топ тоглогчдын нэг болсон. Сагсан бөмбөгийн спортын мастер М.Мэндсайханы шавь болохын тулд 40 дүгээр сургууль руу шилжиж байсан тэрбээр энэ тухай дурсаж ярихдаа “Би сагс тоглодог болмоор байна. Та намайг сургуулийнхаа дугуйланд багтааж, заагаад өгөөч” гэхэд багш “Чи тоглож чаддаг юм уу. Надтай халз тоглоод хожиж чадах уу” гэхээр нь “Чадна” гээд хэллээ. Тэгсэн чинь багш “За за, маргааш ирээрэй” гээд тоглолгүйгээр явчихсан. Ингээд би 18 дугаар сургуулиас шилжин ирж, олон ч тэмцээнд оролцож байлаа” хэмээсэн байдаг.
Монгол Улсын хүчит гарьд Д.Баяраа агсны хүү гэдгээр нь хүмүүс түүнийг бөх болно хэмээн бодож байсан ч Т.Санчир сагсан бөмбөгийг сонгосон. Гавьяат тамирчин, алдарт бөх Д.Оюунболдын удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэж байсан түүний хувьд сагсан бөмбөгийн спортыг сонгосноо оносон гэж үздэг. Сагсан бөмбөгийн дээд лигт тоглож эхэлсэн цагаасаа л сонирхогчид, үзэгчид, мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн тэрбээр хувийн үзүүлэлтээр үргэлж лидер байсаар ирсэн. Очсон баг бүрдээ лидерийн үүрэг гүйцэтгэдэг Т.Санчир өнөөдөр Эрдэнэтийн “Уурхайчид” багт энэ улиралд сэлгээнээс тоглож байгаа ч оноо авалт болон бусад үзүүлэлтээрээ лидер байсаар байна.
Магадгүй 2022-2023 оны улиралд түүнээс илүү статистик үзүүлэлттэй тоглогч байж болох ч Т.Санчирын багт үзүүлж буй нөлөө, багийн амжилт зэрэг нь түүнийг улирлын үнэ цэнтэй тоглогч болгосон биз. Ер нь түүнийг энэхүү шагналыг хүртэхэд маргах хүн бараг үгүй байх. Т.Санчир шагналаа гардаж авсныхаа дараа багийнхандаа болон сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй зүтгэлтнүүдэд, нийт тамирчдад талархал илэрхийлсэн юм.
“Уурхайчид” улирлыг 16-2 гэсэн онцгой амжилттайгаар дуусаж, плей-оффт шалгарсан. Плей-оффийн эхний шатанд Налайхын “Бизон”-ыг 4:0-ээр буулган авсан. Харин Т.Санчир 27 минутыг талбайд өнгөрүүлэхдээ дунджаар 13.9 оноо, 3.8 самбар, 1.6 оновчтой дамжуулалт, 1.0 бөмбөг таслалт гүйцэтгэсэн. Харин плей-оффт 10.5 оноо, 6.7 самбар, 3.7 оновчтой дамжуулалт дунджилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бага минутад үр дүнтэй тоглосон гэдгээрээ улирлын үнэ цэнтэй тоглогчоор тодорч байгаа юм. Зургаа дахь удаагаа үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртсэн Т.Санчирыг цомоо гардан авсных нь дараа хэсэгхэн хором ярилцлаа.
-Юуны түрүүнд улирлын “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал хүртлээ, баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Багийн хамтрагчид, дасгалжуулагч, удирдлагууд болон хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлье.
-Та шагналаа авахдаа “Өмнөх лигүүдээс онцлогтой шагнал байлаа” гэсэн. Тэгвэл яг юугаараа онцлог байв?
-16 жил энэ спортоор хичээллэсэн. Өмнө нь залуу тоглогч байсан бол өнөөдөр лигийн архгуудын нэг болсон байна. Тэр утгаараа энэ шагналын үнэ цэн өсөж байгаа юм.
-Ингэхэд та хэд дэх удаагаа энэ шагналыг хүртэж байна вэ?
-2011, 2014, 2017, 2018, 2023 он, мөн үндэсний супер лигийг оруулбал зургаа дахиа “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодорлоо. Сайхан санагдаж байна шүү.
-Эрдэнэтийн “Уурхайчид” багтай нэгдээд хоёр жил боллоо. Улирал эхэлсэн цагаас л багийн зорилго тодорхой байгаа нь харагдсан. Зорилгодоо хүрэхэд нэг алхам урагшиллаа. Өнөөдөр та юу хэлэх вэ?
-Өнгөрсөн жил дэд аварга болсон. Тиймээс алдаагаа давтахгүй, аварга болох зорилготой. Багийн бэлтгэл өнгөрсөн зунаас эхэлсний хүчинд энэ улиралд онцгой байна. Хасагдах шатны эхний цувралдаа сайн байлаа. Үлдсэн бүх тоглолтдоо энэ эрчээ алдахгүй байхыг хичээх болно.
-Энэ жилийн лигийн гол онцлог юу байна вэ, таны бодлоор?
-Зөвхөн би гэлтгүй бусад тоглогч, багийн удирдлага, менежерүүд, үзэгчид санал нэгтэй байгаа болов уу. Зохион байгуулалт өндөр түвшинд, яг стандартын дагуу, тоглогчдын ур чадвар ч өссөн. Легионероор ирсэн тоглогчид ч арай өөр түвшинд байгааг анзаарсан болов уу. Мэдээж хамгийн гол онцлог нь багууд төдийгүй Монголын сагсан бөмбөгийн холбоо тамирчдынхаа хөлс, хөдөлмөрийг бодитоор үнэлж чадаж байна. Энэ л чухал шүү дээ.
-Та хамгийн олон жил тоглож байгаа цөөхөн тоглогчдын нэг. Энэ улиралд залуу тоглогчид ихээр нэмэгдэж. Тэдний ур чадварыг хэрхэн харж байна вэ?
-Жил ирэх тусам залуу тоглогчид нэмэгдэнэ. Тэр хэрээр өрсөлдөөн сайжирна, ур чадвар ч өснө. Сагсан бөмбөгийн бүхэл бүтэн нэг үе солигдож байгаа юм. Залуучуудын чадвар сайжирсныг лигийн бүх л тоглолтоос харж болно. Залуу тоглогчдодоо хандаж бэлтгэл сургуулилалтаа улам чамбайруулж, сахилга баттай хатуу чанга байгаарай. Та бүхэн Монголын сагсан бөмбөгийн ирээдүй шүү. Бүгдэд нь амжилт хүсье.
-Азийн аваргын урьдчилсан хоёр шатны тоглолтыг эх орондоо хүлээж авлаа. Лигт тоглож буй шигшээгийнхний хувьд нэлээд ачаалалтай улирал таарч байна уу даа?
-Ачаалалтай байх тусмаа тамирчдын ур чадварт сайнаар нөлөөлнө. Лигийн улирал ид дундаа үргэлжилж байсан болохоор шигшээ багийнхан форм сайтай байлаа. Хоёрдугаар шатанд тоглохоор ирсэн багуудын чадвар ч илт сайн байна. 2025 онд зохион байгуулах Азийн аваргад эрхээ авахын төлөө бүгдээрээ зүтгэнэ, хичээж ажиллана.
-Шигшээ багт шинэ залуу гэхээсээ архаг тоглогч олон бий. Багийн давуу талыг юу гэж харж байна вэ?
-Хамгийн гол нь ойлголцол. Олон жил хамтдаа тоглосон учраас хоорондоо ойлголцоход амар байдаг. Энэ нь ч тоглолтын үр дүнд эергээр нөлөөлж байгаа юм. Мэдээж эрхээ авчихвал 2025 оны Азийн аваргад оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн илүү залуужих байх. Өнөөдөр лигт болон шигшээ багт тоглож буй бидний залгамж халаа болсон залуу тоглогчдын ур чадвар 2025 он гэхэд илүү сайжирна гэдэгт итгэдэг. Цаашлаад гадаадын лигт ч манай ур чадвартай хэд хэдэн залуу тоглогч бий. Тиймээс бид эрхээ авч чадвал 2025 онд Азийн аваргад оролцох бүрэлдэхүүн эрс залуужиж таарна. Яг одоогийн бүрэлдэхүүн бол эрхээ авахад л гол анхаарлаа хандуулж, бэлтгэлээ улам чамбайруулах ёстой. Дараагийн шатны тоглолт илүү хүнд болно. Азийнхаа шилдгүүдтэй тоглох учраас эртнээс сэтгэл зүй, ур чадвараас эхлээд бүхнээ бэлдэх хэрэгтэй болов уу.
-Цөөн хором ярилцсанд баярлалаа. Багт амжилт хүсье?
-Баярлалаа. Бид аварга болохын төлөө зүтгэнэ. “Уурхайчид”-ын хөгжөөн дэмжигчид маань тоглолт бүрд хамт байж, бидэнтэй хамт ялалтын баяраа тэмдэглэхийг хүсье.
Б. МӨНХЗУЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна