Төсвийн тухай багц хуулийг өөрчлөн баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Хаврын чуулганы хаалтын өдөр Төсвийн шинэчлэлийн багц хуулийг баталсан. Энэ хуулийн өөрчлөлтийг мөрдөж эхэлснээр ямар эерэг өөрчлөлт гарах вэ. Хуулийн өөрчлөлтийн гол концепц юу байх вэ?
-Товчхондоо, төсвийн суурь өөрчлөлтийг хийж, засаглалыг нь сайжрууллаа. Төсвийн тогтвортой байдлыг бий болгох, шинэчлэл хийх ёстой гэдэг үүднээс хувь хүнийхээ хувьд төсөвтэй холбоотой хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, нэр бүхий гишүүдийн хамтаар энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр өргөн барьсан. УИХ-ын нийт гишүүдийн бараг тал хувь нь Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ багц хуулийг баталснаар төсвийн тогтвортой байдал бий болохоос гадна төсвийн үр ашгийг ярих боломж, бололцоо бүрдлээ гэж ойлгож болно.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, төсвийн төслийг боловсруулахдаа иргэд, олон нийтээс заавал санал авч, хэлэлцүүлдэг байхаар болж байна. Хэрвээ ингэж санал авалгүйгээр төсвийн саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох нөхцөлийг ч давхар тусгасан. Төсвийн төлөвлөлтөд Засгийн газрын чиг үүрэг, УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх нөхцөлийг нарийвчлан тусгасан. Үүнд Монгол Улсын Засгийн газрын бүтэц, чиг үүргийн дагуу төсвийн төслийн үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцан боловсруулдаг байхаар хуульчлан баталлаа. Ингэж төсвийн төлөвлөлтийг бодитой тооцож, үнэн зөв төлөвлөхийг хуульд зааж өгсөн.
Харин тооцооллыг буруу тооцоолж, төсвийг баталж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн зарцуулсан бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг мөн хуульд тусгасан. Түүнчлэн цаашид Төсвийн тухай хуульд гар хүрэхэд өндөр босготой болсон. Төсвийн хуулийн хэрэгжилтийг заавал бүрэн хангадаг, хуулийг заавал дагаж мөрддөг байх эрх зүйн орчныг бүрдүүллээ.
-Хуулийг шинэчлэх үндсэн шаардлагын нэг нь улсын өр, зээлийн хязгаартай холбоотой байсан. Энэ тухайд ямар дэвшил гарсан бэ?
-Багц хуулийн өөрчлөлтөөр өрийн таазыг нэмж хуульд өөрчлөлт оруулдаг, төсвийн тогтвортой байдалд халддаг, алдагдалтай төсөв баталдаг явдал үгүй болно. Үндсэндээ одоог хүртэл төсвийн бодлогод хуулийн цоорхой, зохицуулалтгүй харилцаа байсан учраас бид энэ удаагийн өөрчлөлтөөр зөв голдиролд нь орууллаа. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд ердөө таван жилд нь л улсын төсөв эерэг гарсан байдаг. Бусад жилд дандаа алдагдалтай байсан. Тэгэхээр энэ олон жилийн хугацаанд Засгийн газрын өр нэмэгдэх болсон үндсэн шалтгаан нь төсвийн алдагдал өөрөө болж байгаа юм. Гэтэл төсвийн алдагдал болон өрийн хязгаарыг барьж байх ёстой хууль болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталснаас хойш Засгийн газрын хүсэлтийн дагуу 13 удаа өөрчилсөн байдаг.
Мөн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг жил бүрийн тавдугаар сард УИХ-аар баталдаг ч дараа жилийн төсөв батлах үед үүнийгээ дагаж мөрддөггүй, өөрчилдөг уламжлал тогтсон гэхэд болно. Ийм байдал 11 удаа давтагдсан байх жишээний. Энэ нь төсвийн сахилга бат, хариуцлага, хяналт сул байсныг харуулж байгаа юм. Тийм ч учраас алдагдалгүй төсөв батлах бүрэн боломжийг бүрдүүлэх нь Төсвийн шинэчлэлийн багц хуулийг өөрчлөх үндсэн шаардлага байсан. Бид төсвийн суурь өөрчлөлтийг хийж, төсвийн засаглалыг сайжруулах үндсэн зорилгоо биелүүлсэн.
Төсвийн тухай хууль ингэж эрх зүйн талаасаа хамгаалалттай, дархлаатай болсноор цаашид төсвийн алдагдал, өр зээлийн хязгаарыг заавал мөрддөг байхаар болж байгаа юм. Засгийн газраас төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ буюу анхнаасаа заавал хуулийн хязгаарт нийцүүлж төсвөө боловсруулж, өргөн барьдаг болно гэсэн үг. Ингэснээр алдагдал, өргүй төсөв батлах боломж бүрдсэн гэж ойлгож болно. Мөн төсвийн тогтвортой байдал хангагдахаас гадна байгалийн баялгаас ирээдүйн өв сан болон тогтворжуулалтын сангуудад хуримтлал үүсгэх боломж бүрдэх юм. Сүүлийн арваад жилд бодитоор хуримтлал үүсгэхэд учир дутагдалтай байсан бол энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр цаашид хуримтлал бүрдэж, үүсэх боломж нээгдэж байна.
-Ил тод байдлын тухайд ямар өөрчлөлт оруулсан бэ. Төсөв боловсруулахаас батлах хүртэлх процесс хаалттай байна гэх шүүмжлэл их гардаг шүү дээ?
-Энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд төсөвтэй холбоотой бүхий л мэдээллийг ил тод нээлттэй болгох нөхцөлийг бүрдүүллээ. Үүний тулд олон нийтийн оролцоог хангах асуудлыг бүрэн тусгасан. Ингэхдээ төсвийг анх боловсруулах цагаас буюу гуравдугаар сарын 31-нээс авахуулаад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүрээнд иргэд оролцоод явах юм.
Тухайн орон нутгийн иргэд маань хөрөнгө оруулалт, зарцуулалт зэрэгт саналаа илэрхийлж, бүх талаар оролцдог болно. Ингэснээр улсын төсвийг олон нийтийн оролцоонд тулгуурлан боловсруулахаас гадна цаашид мөн олон нийтийн хяналт дор зарцуулдаг болно. Үүний дүнд төсвийн хариуцлага, сахилга бат бэхэжнэ. Мөн төсөвт тусгаж байгаа зардал, хөрөнгө оруулалт, төсөл бүрийг үр ашгаар нь үнэлж эрэмбэлдэг болохыг Засгийн газарт үүрэг даалгавар болгон хуульчилж өглөө.
Ерөөсөө энэ хуулийн хүрээнд бүх шатанд хариуцлага чангарна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийг төлөвлөхдөө аль нэг шатанд алдаа гаргасан бол, төсвийн гүйцэтгэл хийхдээ зарлагыг зориулалтын бусаар зарцуулсан бол холбогдох албан тушаалтныг шууд чөлөөлдөг болно. Энэ бол төсвийн багц хуульд анх удаа оруулсан дэвшилтэт заалт.
-Хяналт олон талаар сайжрах юм байна. Тэгвэл улсын төсвийг боловсруулах, батлах процесст аудитын байгууллага ямар үүрэгтэй оролцох вэ?
-Аудит бол төсөв батлахаас гадна хяналтынхаа үүргийг хэрэгжүүлэх үндсэн байгууллага. Хуулийн хүрээнд бид энэ байгууллагын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Зөвхөн төсвийн гүйцэтгэл, хэрэгжилтэд хяналт тавих биш төсвийн төлөвлөлтөд хяналт тавьдаг болно гэсэн үг. Ингэхдээ төсвийг зөв төлөвлөсөн эсэх, хувийн эрх ашигт автсан эсэх, нэн шаардлагатай ажил, арга хэмжээг төсөвт тусгасан эсэх гэх мэтээр нарийвчилсан хяналтыг тавьдаг болно. Үүний дараа төсвийн төлөвлөлтийг үнэн зөв хийсэн эсэх тухай хянаж шалгаснаа эргээд УИХ-д тайлагнадаг болж байгаа юм.
Өмнө нь төсвийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах процесс бүрт ил тод, нээлттэй байх механизм бараг байдаггүй байлаа шүү дээ. Төсвийн төлөвлөлтийн явцад аудитын байгууллагын үүрэг ач холбогдол ч маш бага байсан. Тэгэхээр үүнийг өөрчлөхийн тулд төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн хяналтын байгууллагуудын ач холбогдлыг нэмэгдүүллээ. Хяналтын байгууллагуудаас гаргах зөвлөмж, шийдвэрүүдийг заавал дагаж мөрдөхөөр хуульчиллаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл аудитын байгууллагаас гаргасан зөвлөмжийн мөрөөр хэн ч төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж байгаагүй.
Тийм учраас аудитын байгууллагаас гаргасан зөвлөмжийн мөрөөр төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлээгүй, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг аваагүй бол Төсвийн хуулиар албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх хариуцлага тооцохоор хуульчилсан. Түүнчлэн аудитын байгууллага анх удаа төсвийн төлөвлөлт дээр аудит хийж төсвийг эрх ашгаар нь зөв эрэмбэлсэн эсэхийг тогтоодог болж байна.
-Улсын төсвийг аравдугаар сард өргөн барьснаар УИХ хэлэлцдэг байсан. Энэ хугацаанд өөрчлөлт оруулсан нь ямар ач холбогдолтой гэж үзсэн бэ?
-Төсвийн цаглаварт өөрчлөлт оруулсан. Үүний зорилго нь иргэд олон нийтийг төсвийн талаар мэдээлэлтэй болгох, эргээд УИХ, гишүүдийг мэдээлэлтэй болгоход оршиж байгаа юм. Улмаар эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид гээд нийгмийн бүхий л давхаргынханд улсын төсвийн талаарх мэдээллийг тэгш хүргэх хугацаагаар бүрэн хангаж өгч байгаа юм.
Өмнө нь бидний төсвөө баталдаг процесс цаг хугацааны хайчин дунд өрнөдөг байсан нь нууц биш. Өөрөөр хэлбэл, УИХ аравдугаар сарын 1 гэхэд төсвийн төслийг хүлээж аваад ердөө долоохон хоногийн дотор хэлэлцэж эхэлдэг байсан. Харин одоо хуулийн өөрчлөлтөөр есдүгээр сарын 1-нд улсын төсвийг өргөн мэдүүлдэг болно. Ингэснээр хууль өргөн барьснаас хойших 25 хоногийн хугацаанд аудитын газраас төсвийн төлөвлөлтөд аудит хийнэ. Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс мэргэжлийн дүгнэлтийг гаргана. Товчхондоо, Засгийн газраас төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтэд заавал хэлэлцүүлнэ.
Улмаар есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлэхээс гадна жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдөр төсвийн тогтвортой байдлын зөвлөл, жил бүрийн есдүгээр сарын 25-нд төрийн аудитын байгууллага нь төсвийн төсөлд санал, дүгнэлт гаргаж, УИХ-д хүргүүлэхээс гадна олон нийтэд нээлттэй мэдээллээ байршуулахаар тусгасан.
Энэ нь УИХ-ын хяналт шалгалт, хууль батлах, төсвийн төслийг хянахад мэргэжил арга зүй, цаг хугацааны хувьд томоохон дэмжлэг болж байгаа юм. Ингээд хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан олон нийтэд мэргэжлийн санал, дүгнэлтээ хүргэдэг болох юм. Ингэж байж нийгмийн бүхий л давхаргыг мэдээлэлжүүлнэ. Үүний дүнд олон нийт өөрсдийн дүгнэлтийг хийнэ, санаа бодлоо хэлнэ. Үндсэндээ нийтээр хэлэлцүүлж байж төсвөө баталдаг болох нь байна шүү дээ.
Төсвийн төслийг хэлэлцэх явцад хэрвээ алдаа оноо гарсан бол хэлж ярьж, засаж залруулах боломжийг ч бүрдүүлж байгаа юм. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ хийж, аудит хийсний дараа буюу аравдугаар сарын 1-нээс УИХ-аар хэлэлцэж эхэлдэг болно. Товчхондоо, нэг сарын хугацаанд төсвийн төлөвлөлтийн алдаа, оноог нийтээр хэлэлцэж, хянаж байж УИХ руу оруулдаг болж байна.
-Төсвийн тогтвортой байдлыг хангах тухайд ямар зохицуулалт оруулсан бэ?
-Төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор баталсан нэг чухал өөрчлөлт нь төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх, түдгэлзүүлэхтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргах бол УИХ-ын гишүүдийн хувьд өвчтэй, чөлөөтэй болон аливаа томилолттойгоос бусад тохиолдолд нийт гишүүдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэдэг байхаар хуульд тусган баталсан. Ингэснээр төсвийн хариуцлагатай, тогтвортой, төсвийг үр ашигтай төлөвлөдөг байх нөхцөлийг бүрдүүллээ.
Төсвийн тухай хуульд оруулсан бас нэг гол өөрчлөлт нь төсвийн хөрөнгийг захиран зарцуулахад хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэхийг тусгасан. Тухайлбал, төсвийн хөрөнгийг ангилал зөрүүлэн захиран зарцуулсан бол уг төсвийн захирагчийг албан тушаалаас чөлөөлөх нөхцөлийг тусгалаа. Мөн төсвийн хөрөнгөөр аливаа тэмдэглэлт ой, баяр наадмын арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар тусгасан. Төсвийн бодлогод томоохон нөлөөлөл үзүүлэх зээл, тусламжийн бодлогын асуудалд мөн өөрчлөлтийг тусгасан. Үүнд төсвийн төлөвлөлтөд шууд нөлөөлдгийн хувьд энэхүү зээлийн хэлэлцээрийг олон нийтэд мэдээлдэг байх, улмаар нийгмийн ач холбогдолтойгоос бусад тохиолдолд эдийн засгийн хувьд бодит үр өгөөж өгөх нөхцөлөөр зээл авах асуудлыг хуульд тусгасан.
Зээлийн стратегийг урт хугацаагаар тооцож үр нөлөөг тооцох нь урт хугацааны зээлийн төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцож баталдаг болох нөхцөл бүрдэх юм. Үүний зэрэгцээ шавхагдах баялаг болох эрдэс баялгийн салбарын орлогоос ирээдүй, хойчдоо хувь үлдээх зорилгоор төвлөрүүлдэг ирээдүйн өв сангийн орлогын эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах, түүний төлөвлөлт, гүйцэтгэлийн ил тод байдлыг хангах зорилгоор төсвийн төлөвлөлтөд уг сангийн үлдэгдлийн дүнг жил тутам төсвийн хуультай хамт баталдаг байхаар тусгасан. Мөн сангийн хөрөнгийн удирдлагыг Ерөнхий сайд хэрэгжүүлэхээр хуульчлан баталсан.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна