Дэлхий дахинаа тархан суурьшсан монголчуудаас эх орноо зорин ирж мэдсэн сурснаа бусадтай харамгүй хуваалцаж байгаа залуучуудын төлөөллөөс сониныхоо энэ дугаарт ярилцлагын зочноор урьсан нь СҮХБААТАРЫН ӨЛЗИЙЖАРГАЛ. Харвардын их сургуулийн Боловсролын сургуулийг боловсролын бодлого шинжээчээр сурч магистрын зэрэг хамгаалсан тэрбээр одоо МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байна.
-Өнөөдрийн бидний ярилцах сэдэв яг одоо эрхэлж байгаа ажлаас тань өөр ч хэн бүхэнд хамаатай. Боловсрол хамгийн чухал салбаруудын нэг бөгөөд тууштай бодлого шаарддаг тогтолцооны хэлбэр яахын аргагүй мөн. Тиймээс хувь хүний хувьд эзэмшсэн чадвараас эхэлж ярилцъя гэж бодлоо?
-Ярилцлагын эхэнд “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд арван жилийн бага болон дунд ангиа Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуульд дүүргэсэн. Ахлах сургуулиараа “Шинэ Монгол”ахлах сургуулийг сонгон суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж байв. Тухайн үед миний эргэн тойронд байсан бүхэн Япон улстай холбогдож тэнд сурч, боловсрол эзэмших хүсэлтэй хүмүүсийн хүрээлэлд байсан болоод ч тэр үү ахлах сургуулиа төгсөөд тэнд сурна гэсэн бодолтой явсаар арлын орныг зорьж байлаа. Гэр бүлийнхнээс маань гаднын улс орнуудад сурдаг байсан нь туршлага судлах боломж болсон. Японд сураад нэг жил өнгөрсний дараа надад АНУ-д сурах боломж олдсон юм.
Нийгмийн тогтолцоог ойлгохын тулд зайлшгүй судлах шаардлагатай судлагдахуун бол хүн
-Япон бол дэг журам. Харин Америк эрх чөлөө гэсэн ойлголт олон нийтийн дунд зонхилж байх үед танд тэтгэлэгт хамрагдах боломж гарчээ. Тухайн үед олон зүйлийн талаар эргэцүүлэлгүй шийдвэрээ шууд гаргасан байх?
-Намайг Японд сурч байхад эгч маань АНУ-д суралцаж таарсан. Мөн миний толгойд үе үехэн “Яагаад АНУ руу явж сурч болохгүй гэж” гэсэн бодол төрдөг байв. Ингэж тээнэгэлзэж байх үед олдсон сонголтыг би алдахыг хүсээгүй. АНУ-ын Хавай мужид их сургуульд хүн судлал болон улс төрийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалахаар болсон юм. Тэнд очоод эхэндээ улс төрийн чиглэлээр сурна гэж бодон нийгмийн оролцоо, онол практикийн талаас ойлгохгүйгээр, бусад улс орны туршлагаас суралцахгүйгээр эхлүүлэх боломжгүй гэж бодсон байх. Тухайн үед улс төрөөр сурч байсан монгол оюутан ховор байлаа. Мөн мэргэжлийн дагуу профессорын туслахаар сургуулиа төгстөлөө ажилласан. Манай сургууль дотоод журам хариуцдаг хэлтэстэй. Тэр хэлтэст би сургуулиас сахилгын сануулга авсан болон хөөгдсөн ч эргэж ирэх хүсэлтэй оюутнуудад чиглүүлэг өгөх үүрэгтэй мэргэжилтнээр ажилласан нь их туршлага болсон гэж боддог. Бас хүн судлалыг зайлшгүй судлах ёстой хичээлүүдийн нэг гэдгийг ойлгосон. Нийгмийн тогтолцоог ойлгохын тулд зайлшгүй судлах шаардлагатай судлагдахуун бол хүн. Түүх соёл, тухайн хүний гарал үүсэл зэрэг зүйлсийг улс улсаар нь ойлгохгүй бол улс төрийн онолын талаар судлахад хөндий санагдсан. Энэ хоёр мэргэжлийг хослуулан сурсан нь боловсролын бодлого шинжээч болох замд намайг хөтөлсөн.
-Онолыг туршлагаар баяжуулж байсан нь таныг дараагийн замд хөтөлжээ?
-Бакалаврын зэрэг хамгаалсны дараа Хавайд бүтэн цагаар нэг жил ажиллахдаа захирлаасаа их зүйл сурсан. Тэр үед “Би болоогүй байна. Илүү чадварт суралцах ёстой. Гадаад хэлний мэдлэгээ илүү сайжруулах шаардлагатай юм байна. Мөн илүү их туршлага хуримтлуулах хэрэгтэй” гэсэн бодол төрсөн. Ингэж ажиллах хугацаанд гэр бүлтэй болсон. Улмаар Вашингтон ДС-тэй ойрхон Мэрилэнд муж руу нүүхээр шийдсэн. Магистрын зэргээ менежментийн чиглэлээр хамгаалсан. Суралцах энэ хугацаандаа мэргэжлээрээ хоёр байгууллагад ажилласны нэг нь хууль эрх зүйн асуудал хариуцсан байгууллага байв. Энэ газарт би маргаан зөрчил шийдвэрлэх зохицуулагчаар ажилласан. Асуудлыг олон талаас нь харж шүүмжлэхгүйгээр хариу судалгаатай, шүүмжтэй хандах арга барилд суралцсан. Өнгөрсөн хугацаанд шаргуу хөдөлмөрлөсний үр дүн одоо гарч байна гэж боддог. Анхнаасаа зорилго тавьж, хол зам туулахаа ойлгосон учраас чадварлаг хүмүүсээс илүү их суралцах ёстой юм байна гэж бодсон. Тиймээс амьдралынхаа аль ч үед тасралтгүй сурах хүсэлтэй. Өнгөрсөн хугацаанд ч энэ бодлоосоо ухарч цуцаагүй. Гэр бүлтэй болж, ээж болсон ч шамдан суралцсаар иржээ. Энэ зорилгодоо үнэнч байсан нь намайг Харвардын их сургууль руу хөтөлсөн. Тэндхийн Боловсролын их сургуульд боловсролын бодлого шинжээчээр магистрын зэрэг хамгаалах эхлэлийг тавьсан гэж боддог.
-Харвардын их сургуульд ч таныг мэргэжлээрээ ажиллаж байсан тухай сонссон. Тогтолцоог нь илүү гүн гүнзгий судлахын тулд бусдаас түрүүлж алхдаг байв уу?
-Харвардад сурч байхдаа Боловсролын их сургуулийнх нь хөгжил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байв. Оюутнууд сургуулиа төгсөөд ажлын байранд гарахад ямар ур чадваруудыг эзэмшсэн байх ёстой вэ. Үүнд манай хэлтэс ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг өгөгдөл дээр нь ажилладаг байсан. Ингэж ажиллаж байхдаа Монголтойгоо харьцуулалт хийж бодсон. Бусад улс орны боловсролын системийг хуулах бус Монголын онцлогт тохирсон боловсролын системийг хэрхэн боловсруулах боломжтой вэ гэдгийг илүү судалж, сурахаар зорьсон. Тухайн үед өөрийнхөө шинэ санааг цаасан дээр хэрхэн буулгах аргачлалаа судалж эхэлсэн. Тиймээс аргачлалыг нь сурахын тулд менежментийн чиглэлээр сурч байх үедээ би өөрийнхөө давуу талыг олж харсан юм.
-Хүн бүр дахин давтагдахгүй онцлогтой. Ганцхан тэр онцлогоо тодорхойлж чадвал урагшлахад илүү дөхөм болдог?
-Тэр үед нэг их өргөн агуулгаар бодоогүй. Асуудлыг шийдвэрлэх гаргалгааг суурь судалгаатайгаар авч үзэж, яавал шийдвэрлэх боломжтой вэ гэдгийг сурч байхдаа байнга боддог байв. Ямар ч хүн бүх салбарын мэдлэг чадвараар мэргэших боломжгүй. Тодорхой хоёроос гурван чадварыг амьдралдаа маш сайн эзэмших боломжтой. Үүнийгээ олж хөгжүүлэхийн тулд би тасралтгүй суралцсан. Сургуулиа төгсөөд Монголд ирсэн ч тэр дадал хэвшил хэвээр байна. Одоо ч гэсэн сурч мэдсэн зүйлээ яавал бодит ажил хэрэг болгох боломжтой вэ гэж ганцхан зүйлийн талаар маш их боддог.
Өөртөө үнэнч байхын тулд Монголоо зориод ирсэн юм
-Гаднын улс оронд мэргэжлээрээ ажиллаж цаашид хөгжиж дэвших боломж байсан мөртлөө тэр бүхнийг орхиод Монголд ирэх шалтгаан юу байв. Таны хувьд мэргэжлээрээ ч ажиллах боломжгүй байх эрсдэлийг үүрсэн?
-Гадаадад тасралтгүй 11 жил сурч, мэргэжлээрээ ажилласныхаа дараа Монголд ирсэн. Мэдээж миний хувьд эрсдэлтэй шийдвэр байсан хэдий ч би зориг гарган ирсэн. Гэхдээ нуулгүй хэлэхэд хүн эх орондоо ямар нэгэн зориг эсвэл болзол тавихгүйгээр ирдэг л байх ёстой гэж боддог. Миний хувьд Монголд ирж суурьшихад голлон хоёр зүйл нөлөөлсний нэг нь Харвардын их сургуульд орохдоо бичсэн эсээ. Эсээндээ би хүсэл мөрөөдлөө бичсэнээр надад сургуулийнхаа тэтгэлэгт хамрагдах боломж бүрдсэн гэж боддог. Сургуулиа төгсөөд тэндээ үргэлжлүүлэн ажиллаж, амьдарч болох ч анхны зорилгоосоо ухрах гээд байгаа юм шиг сэтгэгдэл надад төрсөн. Тиймээс өөртөө үнэнч байхын тулд Монголоо зориод ирсэн юм. Хүн боловсролыг зөвхөн цалин авах, сайхан амьдрахын тулд эзэмшдэггүй. Бие хүний онцлог, үнэ цэнээ тодорхойлсны дүнд эзэмшдэг. Миний хувьд хийхээр зорьж байгаа ажлууд маш их утга учиртай. Монголд ирэхэд нөлөөлсөн хоёр дахь зүйл нь миний эзэмшсэн мэргэжилтэй холбогдоно. Монголын боловсролын салбарт хүний нөөцийн чадавх маш дутмаг. Үүнийг олж харсан учраас боловсролын бодлого шинэчлэлээр сурсны үр дүнгээ өөрийн хэмжээнд гаргахыг хүссэн. Гэхдээ хэзээ бүтэх нь мэдэхгүй том ажил төлөвлөхгүй. Миний хийхээр зорьж байгаа ажлуудыг хэрэгжүүлэх хүрээлэлд багтах алхмыг хамгийн түрүүнд хийнэ гэж бодсон. Бас тэдэнд “Ийм зүйл хийж болохоор байна” гэсэн санааг өгөхийг хүссэн юм.
-Монгол ирээд хоёр жил болж байна. Карьерынхаа өсөх үед эрсдэлтэй алхам хийсэндээ харамсаж байна уу?
-Би тэнд олдсон боломж, тав тух, илүү нөөц бололцоо гээд юунд нь ч хоргодоогүй. Бас Монголд түгжрэл толгойны өвчин, утаа бүх нийтийн тулгамдсан сэдэв болохыг мэдээд ирсэн. Америктай харьцуулахад би энд хэд дахин бага цалин авна. Гэхдээ энэ нь ирээдүйн сонголтод нөлөөлөх зүйл гэж надад бодогдоогүй. Бас би хоёр хүүхдийн ээж. Тэдэнтэй минь адилхан хүүхдүүд сургуулийн аюулгүй орчинд бүрэн дунд боловсрол эзэмшихийн төлөө хичээж байгааг мэддэг. Тиймээс мэдсэн сурснаа ажил хэрэг болгож Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг тав тухтай, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан орчинд чанартай боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулмаар байна.
-Нэг зүйл сонирхон асууя. Та Америкаас ирээд хүүхдээ хувийн сургуульд өгсөн үү?
-Хүүхдүүд маань төрийн өмчийн цэцэрлэгт сурч байгаа. Тэндээс би олон зүйлийн талаар мэдэж авсан. Том охин ирэх есдүгээр сараас төрийн өмчийн сургуульд сурна.
-Таныг “Асуудал байгаа газар боломж байдаг” гэж хэлснийг санаж байна. Монголд ирснээсээ хойш хот хөдөөгийн сургуулиудын нөхцөл байдалтай танилцаад юу бодогдсон бэ?
-Нийслэл, орон нутгийн боловсролын байгууллагын бэрхшээл өөр юм байна гэдгийг ойлгосон. Тэдгээрийг тоочвол урт дараалал хөвөрнө. Хүн тухайн мөчид асуудлыг харж ойлгосон ч бичиж тэмдэглэхгүй бол хэсэг хугацааны дараа мартагддаг. Хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиар явахад олон асуудал байсан. Хүний нөөц, цалин хангамж тааруу. Ажлын байран дахь сэтгэл ханамж муу гээд яривал дуусахгүй. Багшийн заах ур чадвар ихээхэн дутагдалтай. Нарийн мэргэжлээр суралцаж байгаа ч авах шаардлагатай ур чадварыг бүрэн эзэмшиж байгаа юу гэдэг нь нэлээд учир дутагдалтай. Сургуулийн дотоод зохион байгуулалт тааруу, ажлыг жил, сараар төлөвлөдөггүй. Бас чанартай сурах бичиг ховор, орчуулж оруулсан хэсэг олон. Монгол үлгэрүүд байдаг ч түүнийг сургалтдаа ашигладаггүй гээд олон асуудал байгааг ажигласан юм. Нэг багшид ногдох хүүхдийн тоо дэндүү олон. 20 хүүхэд сурах орон зайд 40-үүлээ хичээл хийж байна. Гуравдугаар ангийн хүүхэд суух стандарттай ширээ сандлыг долдугаар ангийнхан ашиглаж байна. Тавдугаар ангийн хүүхдийг 11 дүгээр ангийнхантай параллель болгочихсон. Энэ мэт энгийн юм шиг мөртлөө өөрчлөх шаардлагатай зүйл олон байна.
Би боловсролын бодлого шинжээчийг сургуулийн шууд болон шууд биш хүчирхийлэл гэсэн чиглэлээр мэргэшсэн. Хүчирхийлэл гэхээр л биеийнх байдаг гэж ойлгож болохгүй. Сургуулийн орчинд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд асуудал үүсэж байвал энэ нь хүчирхийллийн нэг хэлбэр болно. Сургууль хэчнээн гоё тансаг орчин бүрдүүллээ гээд бүх зүйл болчихдоггүй. Хүүхдийг бие хүн болж төлөвшихөд шаардлагатай зүйл ч энд яригдана. Тэгэхээр аль аль талыг нь бид гээж болохгүй. Мэдээж ухаан зараад шийдвэрлэж болох асуудал байна. Эсрэгээрээ хөрөнгө зарцуулсны үр дүнд зөв голдиролд орох зүйл ч бий. Зарим тохиолдолд мэдлэг мэдээлэлгүйгээс шалтгаалан алдаа гардаг талтай. Тиймээс тогтолцооны хувьд эргэн харах шаардлага үүсээд байгаа юм.
-Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд, боловсролын шинжээчийн хувьд ямар алхмыг түрүүлж хийсэн бэ?
-Би МАН-д ажиллахын зэрэгцээ “Монголд та хэрэгтэй” ТББ-ын гүйцэтгэх захирлын алба хашдаг. Энэ байгууллага боловсрол эзэмших хүсэлтэй хэн бүхнийг дэмждэг. Өнгөрсөн оны зургадугаар сараас байгууллагынхаа гүйцэтгэх захирлаар ажилласнаас хойш байгууллагын хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлж эхлээд байна. Одоо бид их, дээд сургуульд сурч байгаа орлого багатай, зөвхөн нэгдүгээр дамжааны оюутнуудад тухайн хичээлийн жилд 18 удаагийн танхимын чиглүүлгийн хөтөлбөр явуулж байна. Хот, хөдөөгийн сургуулиудаар явахдаа олж харсан сургалтаар олгохгүй байгаа хэсгийг хөтөлбөртөө шингээж өмнөхийг нь сайжруулсан. Хөтөлбөрт хамрагдсан эхний оюутнууд ирэх сарын 31-нд төгсөнө. Өнөөдөр дөрөвдүгээр дамжаанд сурч байгаа мөртлөө сургуулиа төгсөөд хаана ажиллах эсвэл үргэлжлүүлэн сурах нь тодорхойгүй байдаг. Энэ байдлыг бид өөрчилж, оюутнуудыг нэгдүгээр дамжаанд байхад нь зөвлөмж өгч ажиллаж байна. Ингэснээр дөрвөн жил бэлтгэгдээд чадварлаг боловсон хүчин болон төгсөнө. Дээр нь манай хөтөлбөрт хамрагдсанаар хүрээллээ нэмдэг.
Юу бодож байгаагаа гаргахаас нааш түүнийг ямар бодолтой явдгийг хэн ч мэдэхгүй. Миний хувьд Монголын боловсролын салбарт хэрэгжүүлэх боломжтой шинэ санаагаа нууж, “хав дарахгүйгээр” бусадтай хуваалцаж нээлттэй ярьдаг. Хийж байгаа зүйлүүдээ сошиалд нээлттэй хуваалцах дуртай.
Ногдсон ажлуудаа оновчтой зохион байгуулалтаар авч явахыг зорьдог. Шаардлагатай зүйлсийг системийн хэлбэрт оруулж, тогтвортой байлгахаар зорьж байна. Албан тушаал мөнх биш. Гэхдээ цаг хугацаанаас үл хамааран хийсэн ажил үлдэх ёстой, тасралтгүй үргэлжлэх нь чухал. Шинэ ажил санаачиллаа гээд өмчлөх бус, намайг явахаар ажил нь нурахгүйгээр стандартын дагуу үргэлжлэх нь чухал юм. Би ч гэсэн үүний төлөө ажиллаж байгаа. Байгууллагын тогтолцоо, хүний нөөцөө чадавхжуулан МАН-ын Гадаад харилцааны хэлтэст байгаа хэдий ч хүний нөөцөө гадаадын хөтөлбөрөө хэрхэн уялдуулах, хүнээ хэрхэн чадавхжуулах вэ гэдэгт эрх мэдлийнхээ хүрээнд анхаарч ажиллаж байна.
Монголын онцлогтой боловсролын тогтолцоог бий болгох боломжтой
-Боловсролын шинжээчийн хувьд улс орнуудын соёлын ялгаа, онцлогтой боловсролын тогтолцоог сонирхон судалж байсан болов уу?
-Бид аль нэг орны боловсролын тогтолцоог хуулах шаардлагагүй. Хэдийгээр би барууны оронд сурч ажилласан боловч хэзээ ч тахин шүтэж байгаагүй. Энд л гоё, мөрөөдлийн орон гэж боддоггүй. Монголын онцлогтой боловсролын тогтолцоог бий болгох боломжтой гэж хардаг. Үүний тулд бүх зүйлийг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Өнөөдөр Монголын хүн амын 39 орчим хувь нь 19-өөс доош насныхан байна. Тийм учраас сайн хөтөлбөр, сургалт, хүүхэд рүү чиглэсэн контент, мэдээлэл энэ бүхнийг нэг цонхны бодлого гэдэг шиг цогцоор нь хэрэгжүүлбэл монгол хүнийг гаргаж ирнэ.
Ерөнхий боловсролын сургуульд бид мэргэжилтэн бэлдээгүй, хүн бэлдэж байгааг ойлгох хэрэгтэй. Бид ирээдүйн монгол иргэнийг бэлдэж байгаа. Үүнээс өмнө бид сургуулийн өмнөх боловсролыг дурдахгүй өнгөрч болохгүй. Цэцэрлэг хүүхдийг хоёр наснаас авч байна. Гэтэл нэгээс хоёр нас арай хүрээгүй байгаа хүүхдийг хэрхэх вэ. Суурь боловсрол гэж хүүхдийг ээжийнхээ хэвлийд байхаас нь насанд хүртэл явж байгаа нэг хэлбэр байгаад байна. Бид үүнийг анхаарах шаардлагатай. Монгол ээжүүд хүүхдээ тээж байхдаа сургалтад хамрагддаггүй.
С.Өлзийжаргал: Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэн бэлдээгүй, ирээдүйн монгол иргэнийг төлөвшүүлэх ёстой
Нүдэн баримжаагаар олсон дадал хүнд байдаг. Гэхдээ бие дааж хүн өсгөхөд юу шаардагддагийг мэдэж байна уу гэвэл өрөөсгөл болно. Манай улсад жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан сургалт ховор, тэдэнд зориулсан сонин сэтгүүл ч байдаггүй. Мэдлэгжүүлэх гэхээсээ илүүтэй мэдээлэл өгөх орон зай хоосон хэвээр байна. Гэтэл хүүхэд төрүүлсэн эмэгтэй сэтгэл гутралд орох эрсдэлтэй учраас сургалт, хөтөлбөр хэрэгтэй. Бид хүнээ чадавхжуулах нь маш чухал. Их, дээд сургууль төгссөн дипломтой хүнийг боловсролтой гэж хэлэхгүй. Хүний хөгжлийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй.
-Тэгвэл Монголын онцлогтой тогтолцоог та хэрхэн бодож төсөөлж байна?
-Хөгжсөн улс орнуудаас чадварыг нь сураад ирэх маш чухал. Тэр чадвар, хүний нөөцөд үндэслэн эхний ээлжид орон нутгийн боловсролд чанартай судалгаа хийж, түүндээ үндэслэн тухайн аймгийн онцлогт тохирох гаргалгаануудыг гаргаж ирж болно. Үүний тулд монгол эрдэмтэн, шинжээчдээр баг бүрдүүлэх ажил нэн тэргүүнийх. Судалгаа хийхэд зөвхөн эрдэмтэд гэхээсээ илүүтэй эцэг эхчүүд, багш, нийгмийн ажилтнуудыг хамруулсан баг бүрдүүлснээр үүсээд байгаа асуудлыг тодорхой болгох, шийдэл гаргах тухай ярих юм. Энэ бүгд цогцоор авч үзэх ёстой асуудлууд. Энэ багт хэн ч багтаж болно. Тэр дундаа эцэг, эхчүүдийн төлөөлөл судалгааны багт нэгдсэнээр илүү амьдралд ойр шийдвэр гарна.
-Өнөөдөр боловсролыг тэгш, хүртээмжтэй байдлаар авч чадаж байгаа юу. Мэдээлэл хомс, хүрээллийн ялгаа, санхүүгийн бололцооноос шалтгаалсан асуудлууд одоо хүртэл байсаар байна?
-Хэрэгтэй цаг үед нь оновчтой шийдлийг гаргаж ирсэн нь л тогтолцооны хувьд зөв байдаг. Нийгэм хүн бүрийн асуудлыг шийдэх боломжгүй. Гэхдээ нийгэм хүн болгоноос тогтож байгаа бүлэг. Эцэг эхийн оролцоо боловсролын салбарт бага байна. Хүүхэд юуны талаар мөрөөдөж байна вэ, сэтгэлийг нь юу зовоогоод байгааг ярилцаж байж мэднэ. Хүүхдэд эцэг эхийн анхаарал халамж маш чухал. Хүүхдийн хайрлагдаж байгаа мэдрэмжид нөлөөлж байгаа зүйлсийг эцэг эх, асран хамгаалагч л анхаарч мэдэх боломжтой.
-Боловсон хүчний хомсдол энэ үеийн толгойны өвчин. Шийдвэрлэх арга замыг салбарын аль шатнаас анхаарвал богино хугацаанд үр дүн гарах боломжтой гэж бодож байна вэ?
-Хүүхэд төгсөх ангидаа ирээдүйн мэргэжлээ сонгох бус эртнээс төлөвлөсөн байвал илүү оновчтой. Магадгүй дунд ангиа төгсөх үедээ “Миний орон зай хаана байж болох вэ” гэдгийг бодох ёстой. Эндээс цаашид аль хичээлээ гүнзгийрүүлэн судлах вэ, элсэлтийн ерөнхий шалгалтаа ямар хичээлээр өгөх вэ гэдэг нь тодорхой болно. Мэргэжил сонголтод хүүхдийн санал бодол их чухал. Заавал дуртай байх ч албагүй. Цаг үеийн шаардлагаар мэргэжлээ сонгосон хүн олон. Хамгийн гол нь хэн нэгэн өмнөөс нь сонголт хийх бус тухайн хүүхэд сонголтдоо эзэн байх хэрэгтэй. Гаднын оюутнуудын туршлагаас харахад нийгэмд юу илүү эрэлттэй болох вэ гэдгийг харж мэргэжил сонгосон нь олон. Гол нь хэрэгцээ шаардлагаа тодорхойлчихсон байгаа юм.
-“Үр дүнтэй сургууль” гэсэн агуулгыг танаас сонссон. Хоёулаа энэ хүрээнд ярилцлагаа үргэлжлүүлье?
-Боловсролын салбар маш тогтвортой байх ёстой. Тогтолцооны хувьд урт хугацаанд үргэлжилж үр дүн гардаг онцлогтой. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бүгд энэ тогтолцоогоор дамжина. Бид суурь боловсролыг тогтолцоогоор дамжуулан авдаг. Насны ялгаатай хүүхдүүдийг цэцэрлэгт өгөхөд хүндрэл үүсэж байна уу гээд энгийн хэрнээ засаж өөрчлөх шаардлагатай зүйлд хугацаа их зарцуулдаг. Тиймээс олон талын оролцоог хангасан судалгаануудыг хийх ёстой. Ер нь үр дүнтэй, сайн сургуулийг хэдэн ч янзаар тодорхойлж болно. Гэхдээ миний бодлоор найман үндсэн зүйл байхгүйгээр үр дүнтэй сургууль байх нь асуултын тэмдэгтэй. Тэдгээр шинжийг хураангуйлан хэлбэл,
-Хүний эрхийн мэдрэмжтэй,
-Хүндлэх, мэндлэх соёлд суралцсан,
-Эмх цэгцтэй цэвэр орчин,
-Шууд болон шууд бус хүчирхийлэлгүй орчин,
-Хамтдаа өсөж хөгжих газар,
-Сургалтын чанартай хөтөлбөртэй,
-Сайн бэлтгэгдсэн багштай,
-Сайн удирдлагатай сургуулийг хэлээд байгаа юм.
-Энэ бүгдийн талаар яривал зай талбай хүрэлцэхгүй. Тиймээс заримаас нь онцолж асууя. Эхлээд хүний эрхийн мэдрэмжтэй гэж ямар сургуулийг нэрлээд байгаа талаар ярилцъя?
-Нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагдаж байдаг. Монгол Улсын хувьд хүний эрх гэдэгт юуг авч үзэх вэ гэдэгт илүү төвлөрөх байх. Мэдээж боловсролын салбарт хүний эрхийг хангахад юу дутагдаад байна вэ. Ямар эрх нь түгээмэл зөрчигдөөд байна вэ гэдгийг анхаарна. Аль ч насны хүн тухайн байгууллагын шат өөд өгсөхөд стандарт хангаж байгаа юу гэдгээс эрхийн тухай ойлголт эхэлнэ. Хүний эрх гэхээр өргөн хүрээний, дэлхий дахины асуудал хөндөхийн оронд мэндлэх, хүндлэхээс эхэлж харах ёстой юм. Тухайн хүний хувьд нийгмийн нэг хэсэг нь л боловсролын байгууллага. Хүүхэд энэ байгууллага руу ороход өөрийгөө дутуу, гадуурхагдсан, энд би байх ёсгүй юм байна шүү гэдэг мэдрэмжийг авах ёсгүй. Тэр нөхцөлийг боловсролын байгууллага бүрдүүлж чадсан уу гэдгээс хүний эрхийн мэдрэмжтэй, мэдрэмжгүй гэдэг асуудал яригдана. Хүний эрхийн талаар ярихад хүртээмжтэй байдлыг ярихаас өөр арга байхгүй. Бүх зүйлд хандахдаа яавал хүний эрхийн мэдрэмжтэй байх вэ гэдгийг бодолцож байх шаардлагатай. Түүний тулд эхлээд туршаад үз гэж зөвлөмөөр байна.
Багш бүхнийг чадагч байх албагүй
-Сайн бэлтгэгдсэн багш гэж таны бодлоор хэн бэ?
-Багш бүх зүйлийг мэддэг хүн биш. Урьдчилаад хичээлээ бэлдэж, арга зүйг нь ойлгосон, багшлах ур чадвартай хүнийг хэлээд байгаа хэрэг. Багш чадвараа байнга хөгжүүлж байх шаардлагатай болохоос бүхнийг чадагч байх албагүй. Химийн багш химийн хичээлээ л заана. Түүнээс биш хүүхдэд тулгамдаад буй бүх асуудлыг шийдэх, оролцох, зөвлөх үүрэг хүлээгээгүй. Багшийн хувьд ерөнхий агуулгаа барьж болох ч хүүхдүүдэд хүргэх арга барилаа цаг үеэ даган өөрчилж байх нь чухал. Арга барилыг хүн давтамжтайгаар өөрийн болгодог. Тэгэхдээ цаг тутам шинэчлэгдэж байгаа мэдээлэлтэй ойр байх хэрэгтэй. Мэдэх юмаа мэдэхгүй байна гэдэг нь чадах ёстой юмаа чадахгүй байна гэсэн үг. Багш хүүхдүүдээсээ нэг, хоёр алхмын урд алхана. Хүүхэдтэй яаж ажиллавал хурдан ойлгох вэ гэдгээс илүү яавал тухайн зааж байгаа хичээлийг хүлээж авдаг болгох вэ. Хүүхдэд “Би ч гэсэн сурч чадах юм байна” гэсэн итгэл өгч хүсэл эрмэлзэл төрүүлэх нь нэн чухал. Багш хүүхдийн нүднээс гэрэлтэж байгаа гэрлийг мөхөөж хэрхэвч болохгүй.
-Дараагийн онцлох шинж бол сургуулийн сайн удирдлага?
-Удирдагч хүн бол зөв хүнийг зөв байранд нь тавьж үр дүн гаргахыг хэлнэ. Удирдаж байгаа хүн хариуцлага тооцдог, оновчтой чиглэл өгч чаддаг байх үүргийг хүлээнэ. Бас шаардлагатай үед сургалт, хөтөлбөрүүдийг оруулж ирдэг эрх мэдэлтэй хүн бол сургуулийн удирдлага. Гэхдээ удирдлага гэхээр зөвхөн сургуулийн захирлыг хэлэхгүй. Сургалтын менежер, нийгмийн ажилтан зэрэг удирдлагын багт орж байгаа бүрэлдэхүүнийг бүхэлд нь хэлнэ. Сургууль гэдэг өөрөө баг хамт олон. Багаар ажиллаж байж урагш алхана.
-Та Монголд ирээд удаагүй хот, хөдөөгийн сургуулиудаар явахад дээрх дурдсан байдал ямар байсан бол?
-Асуудлыг хэн ч ярьж чадна, гэхдээ арга замыг нь тодорхойлох амаргүй. Боловсролын салбарт хүний нөөц байгаа ч тэднийг чадавхжуулах тогтолцооныхоо нэг хэсгийг орхигдуулснаас энэ сэдэв дэвэрсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр манай улсад ажиллах хүчин байна. Гэтэл хэрхэн ажиллахаа мэдэхгүй, чадваржаагүйд гол учир нь байгаа юм. Хүүхдүүдийн өмнө хичээл заах нэг хэрэг. Нэг сургуулийн баг хамт олныг удирдан чиглүүлж ажиллана гэдэг өөрөө тусдаа асуудал юм. Тэгэхээр бид эхлээд хүнээ чадавхжуулах шаардлагатай. Сургуулийн удирдлагуудыг чадварт сургах ёстой. Ийм алхам хийж байж үр дүнтэй сургуулийн тухай ярих боломжтой болох юм.
-Одоо таны ажиллаж буй улс төрийн хүчин хүнээ чадавхжуулахад анхаарал хандуулж байна. Энэ нь нэг талаараа танд боломж. Харин та өөрөө юу гэж харж байгаа бол?
-Миний хийж байгаа ажлууд бүгд уялдаа холбоотой. Чиг үүргийнхээ хүрээнд хэн нэгний эрхийг зөрчихгүйгээр намын гишүүд, улс төр сонирхож байгаа залуучуудыг хэрхэн чадавхжуулах вэ гэдэгт анхаарч ажиллана. Гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууд олуулаа. Тэдэнд Монголд ирээд улс төр, нийгмийн салбарт ажиллаж мэдсэн сурснаа бусадтай хуваалцахыг уриалдаг. Энэ агуулга санааг “Монголд та хэрэгтэй” ТББ болон гадаад харилцааныхаа зүгээс өгч байгаа.
Эцэст нь хэлэхэд, ажлын бүтээмж баг хамт олноос ихээхэн шалтгаална. Монгол хүмүүс чадах чадахаараа нэгнээ дэмждэг, чадварыг нь үнэлдэг, чадахгүй байгаа нь түүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Би чадахгүй гээд хойш суудаг биш, урагш тэмүүлдэг. Бүх насныхны онцлогийг тогтолцоондоо суулгаж чадвал монголчууд бид хамтдаа хөгжинө. Жижиг эсвэл том зорилго гэж байдаггүй. Гол нь хамтаараа юуны төлөө зорьж байгаа вэ гэдэг л чухал. Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хүч байх нь хамгийн чухал. Би зорьж байгаа ажлуудаараа дараа үеийнхнийхээ өмнө тулгараад байгаа хад чулууг нь буталж өгнө. Харин тэд миний эхлүүлсэн ажлыг хөгжүүлж илүү сайн сайхныг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна