Зуун зууныг элээсэн зулай цагаан Алтайн үргэлжлэл, Хан тайшир Хар азаргын нуруу, Монголын баруун өмнөд хязгаарын байгалийн үзэсгэлэнт нутаг Засагт хаан аймаг, Говь-Алтай аймгийн энэ нутагт олон алдартан төрсний дотор Монгол төрийн Ерөнхий сайд, нэрт эдийн засагч П.Жасрай, Л.Түдэвийн өөрийнх нь бичсэнээр тав хүртэл жанжин /генералууд/ Ч.Лодойдамбаас эхлээд их Цэрэндорж асан эрдэмтэн мэргэд төрсөн өгөөж буянтай нутаг. Тэдний дунд тус аймгийн Наран буюу Халиун сумын нутагт 1935 онд нэгэн хүү мэндэлсэн нь Лодонгийн Түдэв юм.
Лам хар нь ч юм уу, хэн гэдэг ухаантан төвөдөөр “Хүчтэй буюу хүчтэн” гэдэг нэрийг энэ их хүмүүнд хайрлажээ. Насан туршдаа энэ нэрийнхээ агуулгыг хадгалан бүх зүйлд хүчтэй, хүчирхэг хандаж ирсэн нэн ялангуяа соёлын дайчин байлдагч, хөдөлмөрч, ажилсаг хичээнгүй тариаланч байлаа. Халиуныхан бол уйгагүй хөдөлмөрч шинийг сэдэх, шинэ зүйл бий болгох талаар Монголын сум нэгдлүүдийн дотор толгой цохиж байсан газар. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Гомбын Лодойхүү гэж "Суусан газраасаа шороо атгах" гайхам хөдөлмөрч түүнтэй хамтран зүтгэгч Аюушийн Цээсүрэн (намын дарга) Сүхбаатарын хошой одонт нарийн тооцоо бүхий асуудалд ханддаг нэгэн, залуучуудын эвлэлийн дарга нь одоогийн Монгол Улсын Ардын багш Ж.Дүгэр нар юм. Тэд тариа ногоо, жимс жимсгэнэ зэрэг Монголд гэрэл гэгээ байгаагүй зүйлийг анх бий болгосон. Ийм хөдөлмөрч хамт олон бий болоход байгалийн тэрхүү өвөрмөц тогтолцоо, уур амьсгал нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Л.Түдэв жирийн малчин айлын хүүхдийн адил чулуун тоглоомон гэрийн хаяанаас аав, ээж, адуу мал бүхнийг өөртөө шингээн бага дунд сургууль, улмаар Багшийн дээд сургуулийг төгсөж "Соёлын байлдагч"-ийн ажлыг эхэлсэн байдаг. Багшийн сургууль дөнгөж төгсөөд тухайн үеийн багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд гадаад хэлний асуудал хариуцсан мэргэжилтнээр очжээ. Хүмүүсийн ярианаас сонсоход хамгийн жижиг нь болов уу гэмээр долоо орчим настай орсон байх. Орос хэлийг маш чадамгай эзэмшсэн, бичиг баримт гаргуун боловсруулсан тухай орос мэргэжилтэн нь жишээ болгон ярьсан гэдэг. Төд удалгүй Улсын багшийн дээд сургуульд орж суралцсан байна. Сургуулиа төгсөөд төрөлх нутаг Говь-Алтайдаа багшаар очиж "Соёлын тариачин"-ы ажлаа эхэлж энэ үеэс шүлэг, хүүхдийн сэтгэхүйн онцлог үйл явдал бүхий “Сумъяагийн сураг, зохиогүй чимэг” нэлээд хэдэн өгүүллэг, “Хорвоотой танилцсан түүх” тууж бичсэн байна. Тэр үед хүүхдийн зохиол маш ховор Бадарчийн “Хүжийн гал”, Д.Цэгмэдийн “Хоньчин Найдан” зэрэг бүтээл байв. Тухайн амьдралыг тусгасан хүүхдийн бүтээлч сэтгэхүйгээр бүтсэн зохиолын шинэчлэл орж ирсэн бололтой. Манай судлаачид “Хорвоотой танилцсан түүх” зохиолыг зөвхөн хүүхдийн тоглоомон гэрээс танин мэдэх төдийгүй бодисын орших физик, химийн шинжээр хүүхдийн сэтгэхүйд хүрч буй нь ихээхэн ач холбогдолтой. Тийм ч учраас дэлхий дахины сонирхлыг татаж олон хэлээр орчуулагдсан болов хүндэтгэх үгийг нь хүлээн өхөөрдөж тоглож байгаа хэсгүүдэд монгол амьдрал тэр чигтээ дүрслэгдэж, нэн сургамжтай зохиол болсон байдаг. Онцлог нь бага насаа маш гярхай ажиглан дотроо боловсруулж, сурган хүмүүжүүлэгч багш хүний хувьд уран сайхны тал дээр давс хужрыг нь тааруулж чадсан ирээдүйн авьяасын эх булаг болсон байдаг. Энэ авьяасаараа тодорч Улаанбаатарт татагдан, 1960 оноос "Үнэн" сонинд Утга зохиолын нарийн бичгийн дарга мөн Намын төв хороонд зааварлагчаар цөөн сар ажиллаад 1961-1964 онд соёл, утга зохиол сонины эрхлэгч бөгөөд Зохиолчдын хорооны орлогч дарга, МХЗЭ-ийн төв хорооны товчооны гишүүн байв. Энэ үеийг нь миний бие сайн мэдэх юм. Нэг үгээр хэлбэл, энэ үеэс танил болсон билээ.
1963-1964 оныг Монголын зохиолчдын шинэ үе үерлэн орж ирсэн үе гэж хэлж болно. Залуу зохиолчдын дунд яруу найргийн түүврийн уралдаан зарлаж, 1964 онд МХЗЭ-ийн Төв хороотой хамтран залуу зохиолчдын улсын зөвлөгөөн болж түүврийн уралдаанд 150 орчим зохиолчийн бүтээл ирснээс Ш.Сүрэнжавын “Шөнө ургасан цэцэг”, П.Пүрэвсүрэнгийн шүлгийн түүвэр, Ж.Шагдарын “Уулсын цаана уулс” түүвэр гуравт орж шалгарсан билээ. Мөн шилдэг шүлгээр нь ном болгох болзолтой байв. Тэр үед зохиолчдын хороо Геологийн яамны хоёрдугаар давхарт хэдэн өрөөнд байрлаж байв. /Өнөөгийн Засгийн газрын IV байр/. Миний бие тэгэхэд М.Дугаржавын тухай судалгааны өгүүлэл, "Цог" 1962 оны 3-т, 1963 онд зохиолч Н.Наваан-Юндэнгийн зохиолоор “Баян Монгол” тээвэр эмхлэн хэвлүүлэх зохиолчдын хороогоор орж гардаг ажилтай байв. Ингээд Б.Явуухулантай уулзаж бас шүлэг бичих санаатай ганц нэг юм үзүүлж ярьж байтал тэр түүврүүдээс шилж ном болгохоор шүлгийн ном /эмхэтгэл болгон/ хэвлүүлэх хүсэлт тавихад дуртай зөвшөөрч, хоёр гурван боодол ном тэвэрч Налайхын зүг зорьж билээ. Тэгэхэд би Налайхын сургуульд багшилж байсан юм. Ном хийхийн хорхойтой, зуны амралтаа зориулж намар нь 60 гаруй хүний шүлгийг түүж нэгтгэн Зохиолчдын хороонд ирж Явуу, Дооров, Лхамсүрэн нарт үзүүлсэн. Тэр үед Л.Түдэв ч мөн байсан санагдана. Нэр өгөх болоход Ч.Лхамсүрэн өсөн дэвжихийг бодож “Нахиа” хэмээн нэрлэвэл яасан юм гэхэд Л.Түдэв "Залуус гуйвуулаад “”Нахивал нахь” гэх юм болов уу гэдэг байгаа. Л.Түдэв багш юманд маш гярхай, олон талаас нь бодож ханддаг нэгэн. Тухайн үед "Нахиа"-гаар нэрлэхээр шийдэж би нэг оршил бичсэн юм. Тэр түүвэрт одоогийн лут амьтад Т.Галсан, П.Бадарч, Ж.Дашдондог, нэрт яруу найрагч Т.Очирхүү, С.Надмид шүлэг, бүтээл орсон. Ийнхүү манай 60-аад оны яруу найрагч, зохиолчдын нэгэн үе төрсөн түүхтэй.
Л.Түдэв соён гэгээрүүлэх төдийгүй залуу зохиолчдын ажлын замыг түшсэн юм. Тухайн үед миний бие Налайхын утга зохиолын дугуйланд багшлах, мөн зарим үед эрхлэн хариуцна. Манай дугуйланд С.Базаргарьд, Ц.Санжжав, Д.Чойжамц, Т.Очирхүү, С.Пүрэв, С.Цэрэн, Ш.Жумабек, нарын хориод хүн байв. Бид хотын Д.Пашкагийн дугуйлантай түншийн холбоотой гээд л шүлэг бүтээлээ уншдаг, ярилцдаг байлаа. Энэ дугйланд Л.Лодоншарав, С.Цэвэг, Г.Жамъян (Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн энэ бүхнийг гадарлах хүн) нар байв. Миний хувьд Л.Түдэвийн уран бүтээлийг нь амтархан уншиж, хамт явж ирсэн жирийн нэгэн уншигч. 1960 он бол түүний ид 25 нас. Тэгэхээр урд гарсан хүүхдийн уран бүтээлүүд тун залуу насандаа бичсэн байж таарна. Хамгийн анхны роман “Уулын үер”. Тэгэхээр 30 хүрээгүй роман бичиж, дөч хүрээгүй эрдмийн цэрэг цол хамгаалжээ.Тэрбээр зохиолынхоо гол баатруудыг өөрөө зурсан байдаг.
“Оройгүй сүм”, “Төл” зэрэг бас л амьдралыг бодит зөгнөлт маягаар үзүүлсэн гайхамшигт бүтээлүүд. Ер нь үргэлжилсэн үгийн төрлөөр голлон бичиж байсан бөгөөд залуудаа шүлэг бичиж байсан цөөн бүтээл ч буй. Л.Түдэв Монголын уран зохиолын төрөл зүйлийн талаар жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүний нэг мөн. Үүнд бэсрэг хэлбэрийн төрөл туурь, эсээ, фельетон бараг шинээр бий болгосон гэж хэлж болно. Өгүүллэг, нийтлэл ёгтлолын төрлийг баяжуулсан сонирхолтой олон бүтээн туурвисан “Мал сүргийн талаар” цагаан далай, зудын тухай “Нью-Йорк” урт чацтай хот" зэрэг хүчтэй нийтлэлүүд эрдэм шинжилгээний агуулга бүхий эртний болон дундад үеийн уран зохиолын төрөл гэж үзэж болох бөөгийн дуудлага, хараал, ерөөл аман ба бичгийн асар их цуглуулгад түшиглэн өргөн хэмжээнд бичиж байв. Дом шившлэг, тоглоом наадгай зэргийг голдуу “Далны хуудас”-аар нийтлэн гаргаж байв. Бүтээлийн талаар дэлгэрэнгүй ярих гэвэл Дэмбэрэл тоочоод барахгүй цаг цаас гарздаад яах вэ. Л.Түдэвийн бүтээлүүд нь хүний зан төлөвийн инээн баясах, элэглэх, ёгтлох, зэвүүрхэх бүх зан араншин гарна гэдгийг баттай хэлж чадна. Хэлж ярих, хийж бүтээх бүхий л үйлс нь соён гэгээрүүлэх, хөдөлмөрлөх зэрэг нь үлгэрлэх мэт санагдана. Түүнийгээ нэг их шахаад байхгүй их дүргүй нь хүрвэл “Өгөр” гэдэг амны уншлага болсон хараалтай. Намайг ч яах вэ. Шог хийж дайруулж ярина. Амьтанд ад болмоор жигтэйхэн хүн амьтантай суугаад ярьж хөөрөх тун дургүй, ялангуяа сурвалжлагч нартай ярилцахаас ихэд цааргална. Ажил тарахын өмнө үдийн цай ойртсон үед уулзах нь бүр ч гонжийнжоо. Ажил тараад сууна гэж байхгүй ажлаа цагтаа багтаахыг шаардана. Энэ бол түүний хэвшсэн дадал юм. Үнэндээ олдсон бяцхан цагаа үрэхгүйг хичээн бүтээлдээ зориулдаг байв. Ер нь манай тэр үеийн зохиолчид ажил төрөл энэ тэр гээд уран бүтээл дээрээ суух цаг байгаагүй. Хэрэв ажил хийхгүй бол яаж амьдрах билээ. Тиймээс ажлын бус цагаа уран бүтээлдээ зориулна. Үндсэндээ өөрсдийн авьяас сонирхол нэг ёсны дагуур ажил нь зохиолчийн ажил байсан хэрэг. Олон жилийн дараа 70 оноос уран бүтээлийн чөлөө, мэргэжлийн зохиолч, бичих бололцоог С.Удвал, Л.Түдэв авгай хоёр хэчнээн хөөцөлдөж боломж олгосон байх. Хэрэв ганц зохиолоо дагнаж байсан бол ямар их зүйл бүтээх байсан нь тодорхой. Ялангуяа Л.Түдэв зохиолчдын хорооны дарга МХЗЭ-ийн Төр хорооны товчооны гишүүн, Ази, Африкийн зохиолчдын нэгдлийн орлогч, МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байхдаа Ардын их хурлын тэргүүлэгч гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбоо зэрэг олон ажил бас зохиолч залуу нөхөдтэй зав гарвал уулзахыг бодно. Ер нь юм хийж оролддог хүнд тун нааштай хандана.
Сүүлийн жилүүдэд “Дал” хэмээх зөгнөлт түүхэн сонин, Далны хуудас хэмээр бусад товхимол юм юмаар оролдоно, ном бүтээл гаргана. Ингэж Л.Түдэв ямартаа ч зохиолын 40 гаруй боть гаргажээ. Энэ нь дэлхийн томчуудад тун ч ойртсон жишиг юм. Энэ бүх ажлын зэрэгцээ санаачилга гэдгийг их өрнүүлнэ. "Утга зохиолын сонин" болон "Үнэн" сонины эрхлэгч, Утга зохиолын нарийн бичгийн дарга, МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг ажил нь хүний тархи хайлуулсан бичиг цаасны нүсэр ажил. Бүх бичиглэлийг өөр дээрээ төвлөрүүлж, засаж залруулна. Тэгэхгүйгээр олигтой юм гарахгүй. Ялангуяа Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байхдаа Их, Бүгд хурлын болон элдэв хурал зөвлөгөөний илтгэлүүд шил шилээ даран булна. Баргийн хүн давах аргагүй даваа. Энэ бүхний сургаар бөөн шуурга дэгдэнэ. Бид мэт хөлд нь үрэгдэх шахам өдөр шөнөгүй цаас цоохорлож тэр нь хэрэг болсон ч юмгүй ганц нэг тоо баримт аваад л өөрөө сууна. 4-5 бичээч зэрэг гүйлдээд л хоёр гурван өдөр суугаад л орос, монгол хэлээр гаргачихна. Тэр үед Ю.Цэдэнбал даргад хүрэх материалыг орос хэлээр бэлтгэнэ. Урьд нь олон хүн Нүхт мэтэд сууж хэдэн хоногоор ажиллаж гаргадаг байв. Энэ бүхэнд уран зохиолд нь орох олон сайхан үг хэллэг албан үгээр солигдож, уран бүтээлийн цаг ямар их үрэгдсэн бол гэхээс эдүгээ харамсдаг юм. Нэгэнт өөрөө багш байсан учир хүнтэй ажиллан сургах сэтгэл зүй, логик /учир шалтгаан ухаан/ түүхийн шинжлэх ухааныг гарамгай эзэмшсэн, эх зохиол, баримт бичигтэй маш их ажиллана. Үлэмж уншиж судална. Аль хэдийнэ бүхнийг өөрөө мэдчихсэн байдаг нь гайхмаар, спортоос теннис, тэшүүрээр багагүй оролдоно. Амралтаа, аялах маягтай өнгөрөөж хиргэсүүр, хүн чулуу зэргийг гэрэл зургийн хальсандаа буулгаж авна. Ер нь цагийг хоосон өнгөрөөх гэж байхгүй ёстой л суусан газраасаа шороо атгах гэгчээр зүгээр суудаггүй нэгэн. Зохиож бүтээж бичихийн зэрэгцээ бүтээлч санаачилгыг идэвхтэй өрнүүлнэ. Манайхан цөөхүүл гэж ярьдаг боловч Д.Сүхбаатар жанжны хэлснээр цөөхнөөр олонхыг дийлэх авьяастай байхыг сургасан байдаг. Л.Түдэв абугай монголчууд цөөн учир нэг хүн 5-6 хүний ажил хийхийг, цэрэг эр 50-тай тэнцэх цэрэгжилттэй байхыг шаарддаг байсан юм.
Д.Дэмбэрэл
/Ахмад настан/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна