МАН-ын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооны ээлжит уулзалт энэ сарын 22-нд боллоо. Энэ удаагийн уулзалтад МАН-ын дэргэхэд СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар оролцов. Уулзалтыг СДАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр удирдан явууллаа.
Олон улсад худалдааны ээдрээтэй нөхцөл үүссэн энэ үед Монгол Улс гадаад бодлогодоо ямар зарчим барьж байгаа, үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй сорилтуудын талаар УИХ-ын гишүүд ахмадуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
“МАН-ын ахмадууд бол хэцүү цаг үеийг нуруундаа үүрч гарсан, Монгол Улсыг НҮБ-д элсүүлж, хоёр хөрштэйгөө эв найрамдалтай байх харилцааг бүрдүүлж, тусгаар тогтносон, аюулгүй байх баталгааг бий болгосон хүмүүс. Тиймээс бид та бүхнээрээ бахархаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэн явж байгаа нь нэр төрийн хэрэг” гэдгийг сайд Б.Батцэцэг илтгэлийнхээ эхэнд онцоллоо.
Б.Батцэцэг: Гадаад харилцаагаа тэлэх бодлогыг хэрэгжүүлж байна
Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр, диломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг баримталдаг. Энэ үзэл баримтлалын дагуу өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд гадаад улс орнуудтай харилцаж ирсэн билээ. Ардчилсан тогтолцоотой, дэлхийн бүх улс оронтой энх тайвнаар зэрэгцэн орших манай улсын бодлого өнөөдрийн хүнд, хэцүү цаг үед хамгийн зөв байсныг харуулдаг. Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн 192 улс оронтой дипломат харилцаа тогтоосон цөөн орны нэг.
Газар зүйн болоод улс төрийн өвөрмөц байрлалд оршдог манай улсын хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлтэй. Тиймээс ч хоёр хөршийн бодлогын хүрээнд дэд бүтэц, төмөр зам гээд томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна. Харин гуравдагч хөршийн бодлогыг бусад улс оронтой хэрэгжүүлж байгаа юм.
“Гадаад бодлого өөрөө дотоод бодлогын үргэлжлэл байдаг. Манай улсын гадаад бодлого сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байна. Өнөөдөр олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, таамаглахын аргагүй өөрчлөгдөж, цаашид хэрхэх нь тодорхой бус шинэ сорилттой тулж байна. Манай улс аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай нэг цонхны зарчим баримталж байгаа. Гадаад харилцаатай холбоотой асуудлыг улстөржүүлэхгүй байх нь чухал.” гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо.
Сүүлийн жилүүдэд манай гадаад харилцаа идэвжиж, Монгол Улсын нэр хүнд өссөн. Үүнийг гадаад орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн манай улсад хийж буй айлчлал, манай улсын төр, засгийн тэргүүнүүдийн гадаад оронд хийсэн айлчлалуудаас харж болно. Сүүлийн хоёр жилд манай улсад гадаадын 13 Төрийн тэргүүн, найман парламентын дарга, нэг Ерөнхий сайд, Гадаад харилцааны 17 сайд айлчилсан байна. Тухайлбал, Манай улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монгол бол энх тайвны бэлгэ тэмдэг улс” гэдгийг дэлхий дахинаа зарлаж, сурталчилсан бол Гүег хааны захиаг тээж ирсэн Ромын пап агсан Францис “Монгол бол шашин шүтлэгийн эрх чөлөөний орон” гэж айлдсан билээ.
Айлчлал гэдэг бол харилцааны хамгийн оргил хэсэг байдаг байна. Учир нь айлчлал хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр явагддаг. Зарим улс орон 20-30 жил бэлтгэж, ойлголцолд хүрч, тохиролцсоны үндсэн дээр харилцан айлчлал хийх тохиолдол ч байдаг байна. Айлчлал бүрээр хоёр улсын төр, засгийн тэргүүнүүд баримт бичиг байгуулдаг. Энэ нь айлчлалын бэлтгэл ажлын үр дүнтэй холбоотой гэнэ. “Энэ нь оновчтой гадаад бодлогын илэрхийлэл. Монгол Улс өнөөдөр хурдтай хөгжиж байгаа орны тоонд багтдаг. Бид гадаад харилцаагаа тэлэх бодлогын ажлыг хийж байна” гэдгийг сайд дурдаж байлаа.
Г.Тэмүүлэн: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бодлогын өөрчлөлт оруулна
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал, сорилт бэрхшээлийн талаар танилцуулга хийлээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 2001 онд батлагдсан. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд түүхэн үүргээ гүйцэтгэсэн байна. Тиймээс хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа ч өөрчлөлт оруулах цаг болжээ. Монголын Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд хүн амын удмын сангийн асуудал нэн тэргүүнд тавигджээ. Өнөөдөр олон улсын харилцааны шинэ дэглэм бий болсон байна. Тиймээс цаашид эдийн засгийн хараат бус байдлаа хангах, бэхжүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах шаардлага тулгарчээ. Олон улсын худалдааны ээдрээтэй энэ цаг үед Монгол Улс эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах бодит нөхцөл үүссэн билээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Төр, засгийн түвшинд Монгол Улс эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус байдлаа хангахыг зорьж байна. Эдийн засгийн хараат бус байдлаа бид бэхжүүлэх хэрэгтэй. Тиймээс төсвийн нөөц бололцоогоо үр ашигтай зүйлд зарцуулж, мөнгөө хадгалах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж, эдийн засгаа солонгоруулах зайлшгүй шаардлага байна. Эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд анхаарах зүйл ч байна. Тухайлбал, мөрийтэй тоглоом, цахим худалдааны залилангаас сэргийлэх хэрэгтэй. Кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал хурцаар тавигдаж байна. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг төрөөс онцгой анхаарч үзэх шаардлагатай. Хүний хөгжилд чиглэсэн бодлогын өөрчлөлт оруулж, залуу үеэ эрсдэлээс сэргийлэх бодлого хэрэгтэй. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1992 онд Монгол Улсын удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тухай зарлиг гаргаж байсан. Түүнээс хойш ямар нэг бодлого шийдвэр гаргаагүй. Харин 2022 онд УИХ-ын гишүүдтэй хамтарч Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаах тухай найман зүйл заалт бүхий УИХ-ын тогтоолыг батлуулсан. Энэ тогтоолын дагуу ургийн бичгийг хөтлүүлэх хэрэгтэй” гэлээ.
Хүрээлэн буй орчин, экологийн аюулгүй байдал өнөөдөр анхаарал татаж байгаа. Бэлчээрийн даацыг сэргээх асуудал байнга сөхөгдөж, төр, засгаас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлсээр ирсэн. Энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд оруулж, бодлогын зайлшгүй өөрчлөлт оруулна гэдгээ Байнгын хорооны дарга онцолж байлаа.
Сүүлийн үед улс төрийн хүрээнд анхаарлын төвд байгаа “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж байгаа юм.
Дээрх хоёр төслийг Засгийн газраас зөвшилцөхөөр УИХ-д өргөн барьсан юм. Энэ талаар тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэхдээ асуудлыг нэг нам, нэг хүний бодлогоор хүчээр шийдэх боломжгүй, олон намын төлөөлөл олон талаас нь нухацтай, шүүлтүүртэй хэлэлцэж байгаад шийдвэрлэнэ гэлээ.
Ахмадууд боловсон хүчний томилгоо, визийН асуудлыг анхааруулав
УИХ-ын гишүүдийг мэдээлэл хийсний дараагаар уулзалтад оролцсон ахмадууд асуулт тавьж, хариулт авлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Ичинноров “Монгол хүний үнэлэмжийн талаар гадаад бодлогод яаж тусгадаг вэ. Би АНУ-ын визэнд ороод татгалзсан хариу авлаа. Ямар шалтгаанаар татгалзсанаа АНУ-ын ЭСЯ хэлсэнгүй. БНСУ руу залуус явж байна. Тэнд монгол хүнийг яагаад үнэлэхгүй байна вэ” гэсэн бол Баянгол дүүргийн иргэн Оюунчимэг “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайд сайн ажиллаж байна. Харин боловсон хүчнийг шилж, сонгож ажиллуулахад анхаарах хэрэгтэй. Төрийн албаны хүний нөөцийг сонгон шалгаруулах мерит тогтолцоог барьж ажиллахад анхаармаар байна” гэсэн бол Хан-Уул дүүргийн иргэн Цэрэнхүү “Эдийн засгийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Гадаад, дотоод талдаа ч эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Үүнд өөрчлөлт оруулмаар байна” гэлээ. Ахмадуудын асуултад гишүүд хариулсан юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Манай иргэд амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-ыг зорьж байна. Манай зүгээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлыг БНСУ-ын талд тавьсаар ирсэн. Миний бие энэ уулзалтын өмнө БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайдтай уулзалт хийхдээ мөн л монгол иргэдийнхээ асуудлаар хүсэлт тавьсан" гэлээ. Тухайлбал, БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоож өгөхийг хүсчээ. БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд зургаан сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах талаар санал тавьсан байна.
Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байдаг. Энэ нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласаар ирсэн тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргах асуудлыг судалж үзэхийг БНСУ-ын талаас хүссэн байна. Мөн БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох талаар хөнджээ.
Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2025 оныг дуустал 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан. Үүнтэй холбогдуулан харилцан адил байх зарчмын хүрээнд эхний ээлжид эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэлх хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх асуудлыг судалж хүссэн байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Визний асуудалд улс орон бүр өөр өөрийн журамтай байдаг. Виз татгалзсан шалтгаанаа ихэвчлэн хэлдэггүй. Тэр тусмаа БНСУ-д зөвхөн монголчууд бус олон орны иргэд ажилладаг. Тиймээс виз олгох журмаа нарийн чанга баримталдаг.” гэдгийг онцолсон юм. Үүнээс гадна хилийн чанад дахь монгол иргэд янз бүрийн гэмт хэрэгт өртөх нь их, хөдөлмөр хамгааллын дүрмээ баримталдаггүй асуудал их гаргадаг байна. Энэ нь тухайн улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудад сөргөөр нөлөөлдгийг сайд ахмадуудад учирлаж байв.
Ийнхүү СДАХ-ноос зохион байгуулсан энэ удаагийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна