​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ

unen
5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилготой эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг олгож эхлээд буй. Тодруулбал, тус зээлийг энэ оны хоёрдугаар сараас олгож эхэлсэн бөгөөд энэ сарын 10-ны байдлаар 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.  Тухайн зээлийг Хаан, Төрийн банк, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн банк, Богд, М банк, Ариг зэрэг арилжааны арван банкаар дамжуулан олгож байгаа юм. Ингэхдээ банкууд өөрсдөө зээлийн эх үүсвэрээ гаргаж байгаа бол төрөөс зээлийн хүүгийн татаасын 10 хувийг төлж байгаа юм.

Энэ онд ноос ноолуур, арьс ширний салбарт үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор улсын төсөвт тусгасан. Үүний 300 тэрбумыг эргэлтийн хөрөнгө, 488.9 тэрбумыг хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр олгох юм. Ингэхдээ Засгийн газраас хүүгийн хөнгөлөлтийг хариуцах бөгөөд үүнд 66.4 тэрбум төгрөгийг олгохоор тусгасан. Ийм байдлаар ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэрүүдэд бага хүүтэй зээл олгосноор хөнгөн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, үйлдвэрлэлийн шат дамжлагыг ахиулах, хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь дэмжих боломж бүрдэнэ гэж үзэж буй. 


Тодруулбал, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг 2024-2028 онд хэрэгжүүлснээр ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 2.3 их наяд төгрөг, экспортыг 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлэн, шинээр 3000 гаруй ажлын байрыг бий болгоно гэж тооцоолжээ. Тэгвэл ноосны боловсруулалтын түвшнийг 55 хувь, үйлдвэрлэлийг 670 тэрбум төгрөг, экспортыг 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2200 орчим ажлын байр бий болгох бол арьс, ширний тухайд  гүн боловсруулалтын түвшинг 50 хувь хүртэл, борлуулалтыг 90 тэрбум төгрөг, экспортыг 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байрыг бий болгох зорилго дор хүүгийн хөнгөлөлттэй зээлийг олгож эхлээд байгаа билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн олгосон зээлд дийлэнхдээ Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хамрагджээ. Тиймээс цаашид зээлийн хүртээмжийг тэлэх, орон нутаг руу чиглүүлэх, ялангуяа бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулахад анхаарч, төслөө сайжруулахад нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа холбогдох албаныхан мэдэгдлээ. Тэдний байр суурийг хүргэе.

 

Б.Даваадалай: Зээлийн хамрагдалтыг орон нутаг руу чиглүүлэхэд анхаарна

/Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх/

 -"Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний байдлаар 60 гаруй аж ахуйн нэгж 220-230 тэрбум төгрөгийн зээл шийдвэрлүүлсэн гэсэн тоо бий. Эдгээрийн дийлэнхийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд эзэлж байна. Орон нутгийн хувьд хотын зэрэглэлтэй Эрдэнэт, Дарханы бүс нутаг дахь үйлдвэр, аж ахуйн нэгжүүд түлхүү хамрагдсан байдалтай байна. Энэ нь “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд олгож буй хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг орон нутаг руу сайн хүргэж, чадавхжуулахад анхаарч ажиллах ёстойг харуулж байна.

  Ялангуяа, зээл хүссэн төсөл нь эдийн засгийн үр өгөөжтэй байх талаас нь  аймаг, сумын холбогдох газрууд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, томоохон аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд чадавхтай, барьцаа хөрөнгийн хүрэлцээ сайтай байгаа болов уу. Харин бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд банкны шаардлага хангахгүй, барьцаа хөрөнгөгүй гэх мэт асуудал гардаг. Нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 

Төрөөс зөвхөн хүүгийн татаасын арван хувийг төлж байгаа. Харин банкууд өөрсдөө зээлийн эх үүсвэрээ гаргаж байгаа. Тэд эрсдэлээ өөрсдөө дааж, хариуцах учраас тодорхой хэмжээний шалгуурууд тавьж, тухайн шалгуурыг нь хангасан, эдийн засгийн үр өгөөжтэй байх, чанартай, баталгаатай төсөлд олгож байгаа болов уу. Нэг талаасаа банк ингэж эрсдэлээ тооцоолох нь зөв. Нөгөө талдаа төрийн бодлогоор олгож буй зээл учраас бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хүсэлтийг буцаахаас илүүтэй тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, төслийг нь сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэй. Тиймээс бид  энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байна.


 М.Дондогдорж: Гадаад зах зээлд сурталчлан таниулахад анхаарч байгаа

/ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

 -Хөдөлгөөний хүрээнд олгож буй ноолуурын зээлийн эх үүсвэрийн тухайд хөрөнгө оруулалтын болон эргэлтийн зээлийг хооронд нь шилжүүлэх замаар ноолуурын эргэлтийн зээлийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ асуудал удахгүй шийдэгдчих байх. 

Зээлээс гадна гадаад зах зээлийн асуудал бас бий. Сүүлийн жилүүдэд манай улсын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд олон улсад зохион байгуулагдаж буй томоохон үзэсгэлэн худалдаанд оролцож, зарим нь түншийн харилцаа үүсгэж чаддаг болсон. Ноос, ноолуурын холбоо Гадаад харилцааны яамтай хамтарч өнгийн ноолууран дээр Европын холбооны газар зүйн заалттай бүтээгдэхүүний тэмдгийг авахаар ажиллаж байна. Манай улс таван өнгийн ноолуур гаргадаг, мөн урт, ширхэг сайтай гэх мэт давуу тал ихтэй. Тиймээс өнгийн ноолуурыг ямар нэгэн химийн будаггүй, натурал өнгөөр нь гаргах боломж бий. Тиймээс монгол ноолуурынхаа давуу талыг сурталчлан таниулах ажлыг хийж байгаа. 

Ер нь гадаад зах зээлд сурталчлахад юу анхаарах ёстой вэ гэхээр, мөшгөх систем. Үүнийг малчны хотноос эхлүүлэх ёстой.  Ямааг хэрхэн яаж самнаж байна вэ, бэлчээр ашиглалт, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх гэдэгт олон улсаас аудит хийж үнэлдэг. Тиймээс цаашид тогтвортой, ногоон үйлдвэрлэлийг бий болгосноор экспортоо илүү сайн нэмэгдүүлэх боломжтой болно. Жишээлбэл, арьс ширний тухайд манай улсын хоёр үйлдвэр олон улсын LWG гэрчилгээг авсан. Ингэснээр дэлхийн томоохон брэндүүд Монгол Улсаас боловсруулсан арьс авах боломж нээгдэж байгаа юм.

 

С.Даваажав: Арьс ширний хаягдлуудыг ашиглаж, бүтээгдэхүүн хийж эхэлсэн

/Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга/

 -“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд манай арьс ширний салбарт 2028 он хүртэл 125 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байгаа. Гэхдээ одоогоор 100-гаад аж ахуйн нэгж 160, 170 орчим тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлсэн. Үүнээс одоогоор арваад аж ахуйн нэгж 34.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч эхэлсэн байдалтай байгаа.

Эргэлтийн хөрөнгийн хувьд одоогоор азнасан байдалтай байгаа. Яагаад гэвэл арьс ширний түүхий эдийн бэлтгэл улирлын чанартай буюу 60-70 хувийг нь өвөл бэлтгэдэгтэй холбоотой. Манай салбар одоогоор арьсныхаа 30 хувийг гүн боловсруулж, бүтээгдэхүүн хийхэд бэлэн болгож байгаа. Цаашид үүнийг 50 хувьд хүргэх том зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд гүйцэд боловсруулдаг хуурай дамжлагын тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх ёстой. Тиймээс томоохон аж ахуйн нэгжүүд маань хөрөнгө оруулалтын зээл авч, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ нэвтрүүлж, ашиглаж эхлээд байна. Салбарын томоохон аж ахуйн нэгжүүд бага оврын цэвэрлэх байгууламж барьж байгуулсан. 

Мөн усаа хэмнэх, цэвэршүүлэх тоног төхөөрөмж ашиглахын зэрэгцээ тодорхой хувийг нь дахин ашигладаг болсон. Цаашид “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд шийдвэрлэх гэж буй бас нэг томоохон асуудал бол арьсыг боловсруулах явцад гардаг янз бүрийн хатуу хаягдлыг эргүүлэн ашигладаг болох явдал юм. Энэ чиглэлээр томоохон хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр зээлийн хүсэлт гаргаж,  зарим нь санхүүжилтээ авсан байгаа. Жишээлбэл, “Дархан нэхий” компани хромтой хаягдлуудаа эргүүлэн ашиглаж, гутлын ул, өсгий хийдэг шахмал шир хийж эхэлсэн. Ингэснээр гутлын ул, өсгий хийдэг шахмал ширийг гаднаас экспортоор авах бус дотоодоосоо хангах боломжтой болж байгаа юм. 

Түүнчлэн  арьсны хромгүй хаягдлуудаар ч мөн адил төрөл бүрийн бүтээгдэхүүн хийхээр болж байгаа.  Ер нь цаашид манай салбар түүхий эдийнхээ гэмтлийг бууруулж чадвал чанар, үзүүлэлтийн хувьд сайн гэдэгт тооцогддог.

 

Ц.Ганболд:Холбогдох стандартуудыг нь шинэчилж, мөрдүүлэх хэрэгтэй

/Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч/

 -“Цагаан алт” хөдөлгөөн ноос, ноолуурын салбарт үр дүнтэй, бодитой хэрэгжиж байгаа. Одоогоор 15 аймаг, орон нутагт анхан шатны угаах үйлдвэр байгуулагдаж,  тэдгээрийн дийлэнх нь самнах үйлдвэртэй болсон. Салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэгт харьяа яам, хэрэгжүүлэгч агнентлагууд түлхүү ажиллаж байгаа. Харин бидний хувьд үйлдвэрлэлийг явуулах боломжтой эсэх, технологийг нь шинэчлэх үү, нэгж кг бүтээгдэхүүнээр хэр зэрэг өндөр өртөгтэй инновац шингэсэн бүтээгдэхүүн хийж болох вэ, судалгаа хөгжүүлэлт, эдийн засгийг нэмэгдүүлэх, тэлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа. 

Цаашид олон улсын арга аргачлалыг нэвтрүүлэх зэргээр холбогдох стандартуудыг нь шинэчилж, мөрдүүлэх хэрэгтэй. Мөн түүхий эд, бүтээгдэхүүнийг байгалийн гаралтай, амьсгалдаг гэх мэт давуу шинж чанартай гэдгийг нь олон улсад таниулах хэрэгтэй. Ингэж байж инновац шингэсэн шинэ бүтээгдэхүүн бий болно. Зарим аж ахуйн нэгж үйлдвэрлэж эхэлсэн байгаа. 

Био анагаах, сансрын хувцас, хэрэглэл чиглэл рүү хөгжүүлж байж нэгж бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, олон улсын сурталчилгааны материал, контент, ширхэгтийг нь таниулсан, шинж чанарыг нь төвийлгөсөн ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины  №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс  уншаарай. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 5 цагийн өмнө
​ Зүрх асна 5 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 5 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 5 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 6 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 7 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 7 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 7 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 7 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 7 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 8 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 9 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 11 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 11 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 11 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 11 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 11 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 12 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25