“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ

unen
6 цагийн өмнө

“Хөтөлгөө морьтой хүн явж болдоггүй шигүү ой байсан даа” хэмээн толгой сэгсрэн ярих хөгшчүүлийн яриаг гол дагуу энд тэнд харагдаж буй ганц хоёр мод гэрчлэх шиг...Хэрэв, мод ярьдагсан бол тэд ямар их зүйлийг өгүүлэх бол. Цаг хугацааны урсгалд дарагдан хууч яриа, домог мэт болон үлдсэн үнэний талаар, бас ирээдүйд нүүр тулах хэцүүхэн бодит байдлын тухай сануулах байсан даа. Хэдий буруу, зөвийн талаар хүүрнэн өгүүлэхгүй ч болох, болохгүйг өнгө төрхөөрөө илтгэн харуулсаар...

Нутгийн хөгшчүүлийн энэ домог мэт яриаг дэмжих шиг салхинд тохилзох хөгшин модод “ханьтай” болжээ. Тодруулбал, Монгол Улсын анхны сум Алдархааны зүүн хэсгээр урсдаг алдарт Яруугийн голд “амь тариа залгажээ”. Өөрөөр хэлбэл, гол дагуу бургас, улиас, бор бургас зэрэг мод тарьж, ойжуулалт хийв.  Ингэснээр тэртээгээс өдийг хүртэл “амь” тасарчихгүйхэн шиг урсаж ирсэн гол хүч сэлбэж, цаашид өнө удаан жил байгалиа тэтгэж, хүн, малаа ундаалах тэнхээтэй болсон байна.

“Одоо л бидний сэтгэл амарч, баян хангай минь амсхийж, сэргэж эхэллээ” хэмээн догдлон ярих энэ хүн бол Алдархаан сумын иргэн Ю.Дэлгэрнасан. Тэрбээр “Яруугийн голын ай сав газарт компаниуд хайрга олборлодог байсан юм. Нүдэн дээр л урсац нь багассаар. Мэдээж үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. Нэг талаараа хайрга олборлолт, зохисгүй бэлчээр ашиглалт гээд хүний сөрөг үйл ажиллагаа нөлөөлнө. Нөгөө талаараа хэт халалт, дэлхийн дулаарал, бороо бага орж байгаа,  ган, зуд гээд байгалийн гамшигт үзэгдлүүдийн тоо, давтамж нэмэгдэж буй нь нөлөөлж байгаа. 

Голын маань амь тасарчихвий гэж их л сэтгэл зовниж, нутгийнхан бид хөл хүрэх бүхий л газарт очиж, хэлж ярьж, эсэргүүцсэний эцэст олборлолтыг зогсоолгож чадсан. Нөгөө талдаа олон улсаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Яруугийн гол дагуу ойжуулалт хийж, хашиж хамгаалснаар усны урсац нэмэгдэж, өвс ногоо ургаж, газар хөрс сэргэж байна” хэмээн ярихуй дор усны чимээ сонстох нь түүний ярианд хүч нэмэх шиг. Хашаалсан талбайд түүнийг хүүхэд байхад ургадаг байсан, хожим огт харагдахаа больсон өвс, ургамал, цэцэг, ногоо ургажээ. Энэ нь цаашид бэлчээрийг зүй зохистой ашиглах, малын тоо бус чанарт анхаарах ёстойг харуулж буй гэдгийг ойлгосон тухайгаа хуваалцсан юм.


Алдархаан сумын нутагт Яруугийн голын усны түвшин, урсгалыг өнгөрсөн оны өдийд хэмжиж, өмнөх жилүүдтэй нь харьцуулахад өндөр үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, тус голын гүүрний орчимд голын урсгалын хурд 0.6-0.8 м/с, хамгийн өргөн хэсэгтээ 130 метр орчим байжээ. Ингэж л Завхан аймгийн Алдархаан сумын Яруугийн гол яралзан урсаж, хөрсөө тэтгэж, хүн, малаа ундаалж буйд  “АДАПТ” төсөл тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсан гэдгийг нутгийн иргэд онцлон хэлж байлаа.

 ОЙЖУУЛАЛТЫН ҮР ШИМИЙГ ХҮРТЭЖ ЭХЭЛЖЭЭ


Тодотговол, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ, БОУАӨЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр  хамтран “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг 2021 оноос  Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгийн 68 суманд хэрэгжүүлж байгаа юм. Тухайн аймаг, сумд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээгээр өндөр үзүүлэлттэй гарсан тул зорилтот байдлаар ийнхүү сонгож,  хэрэгжүүлснээр эхнээсээ үр дүнгээ харуулж эхэлжээ.

Жишээлбэл, Завхан аймгийн Алдархаан суманд “АДАПТ” төслийн хүрээнд татмын ойжуулалт, ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах,  бэлчээрийн менежмент буюу нөхөн сэргээх, сэлгэх, хадлан тэжээлийн нөөц газар байгуулах, эслэг бүтээгдэхүүн болон өвс тэжээлийн агуулах барих, засварлах, шинээр худаг гаргах болон бусад ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, эхний байдлаар 61000 гаруй иргэн, малчид үр шимийг нь хүртэж эхэлсэн талаар “АДАПТ” төслийн Завхан аймгийн орон нутгийн  зохицуулагч Ц.Энхтуяа ярилаа.

Эдгээрээс алдархаанчууд хамгийн үр дүнтэй, жишиг болохуйцаар татмын ойжуулалт болон булгийн эхийг хашиж хамгаалсан ажлыг онцлон нэрлэв. Богино хугацаа өнгөрсөн ч өдгөө үр дүнгээ харуулж, үр шимээ хүртээж эхэлжээ. Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртсөн голын эх бүхий талбай, урсац бүрдэх сав газрын унаган төрх, эко системийг хамгаалж, тэнцвэржүүлэх зорилгоор татмын ойжуулалтыг хийдэг байна. Тиймээс Завхан аймгийн Алдархаан сумын Яруугийн гол дагуу 2023 онд 30 га, 2024 онд 50 га газарт татмын ойжуулалт хийж, байгалийн аясаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлжээ.


Ингэж Яруугийн гол дагуу татмын ойжуулалт хийгээд гурав дахь жилтэйгээ золгож байгаа ч алдархаанчууд тодорхой хэмжээнд үр шимийг нь хүртэж эхэлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн жил голын эрэг орчмоос дөрөв, таван портер машин өвс хадаж, малчдадаа хямдралтай үнээр олгожээ. 

Түүнчлэн ойжуулалтын талбайг  нэмэгдүүлж, 80 га болгосон тул цаашид илүү их хэмжээний хадлан авч, зудтай өвлийг эрсдэл багатай даван туулах боломж бүрдэж байгаа талаар нутгийн иргэд, малчид ярьж байлаа. Тэдний төлөөлөл болох Х.Батбилэг “Манай нутаг ямар ч модгүй. Үхэр харгана л гэж бий. Одоо ойтой болох эхлэл тавигдлаа. Яруугийн гол дагуу ойжуулалт хийхээс гадна хашиж хамгаалсан нь хамгийн зөв шийдэл байсан. Хашиж хамгаалснаар тухайн талбайгаас ихээхэн хэмжээний хадлан авсан. Харин одоо усалгаа арчилгаа л нэлээд шаардлагатай байгаа. Би өнгөрсөн зун 30 га талбайн усалгаа, арчилгааг хариуцаж байсан юм. Одоо талбайн хэмжээ нэмэгдсэн учраас хүн хүч нэлээд шаардагдах байх. Тиймээс цаашид усалгаа, арчилгаан дээр технологи ашиглах нь зөв болов уу. Арчилж тордоод өөрөө бие дааж ургах хэмжээнд хүргэчихвэл татмын ойжуулалт бүх талаараа үр өгөөжтэй, маш их ач холбогдолтой юм билээ. Наад зах нь л гэхэд, жил бүр хадлангаа авч, малчид маань зудтай өвлийг өнтэй даван туулна шүү дээ” хэмээн ярих зуураа модны усалгааны ажил оройтож байгаа талаар хэдэнтээ дурдах нь сэтгэл нь зовниж буйг илтгэнэ.  


 АЛДАРТ "ЯМААН УС”  ГОЛ БОЛОН УНДАРЧЭЭ

 

Алдархаанчууд “АДАПТ” төслийн хүрээнд булгийн эхийг хашиж хамгаалж буй  ажлыг “зөв” хэмээн онцолж,  Б.Явуухулан найрагчийн “Тэхийн зосгоол” шүлэгт гардаг алдарт “Ямаан ус” нь гол болон ундарсан тухай хуваалцлаа. “Ямаан ус” нь тойрон хүрээлүүлж буй уулаасаа эх авч урсдаг ч арав, хорьхон метрээс цааш хэтэрдэггүй аж. Харин “Ямаан ус”-ны эхийг хашиж, хүн, малын хөлөөс хамгаалснаар өдгөө гол болон нэлээд урт ундарч, хүн, малаа ундаалдаг болсон байна.

Төслийн хүрээнд Алдархаан сумаас гадна Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Их-Уул, Сантмаргаз, Цэцэн-Уул, Түдэвтэй сумын нийт 13 булгийн эхийг хашиж хамгаалжээ. Төслийн хүрээнд дөрвөн аймгийн хэмжээнд нийт 88 булгийг хашиж, хамгаалахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс одоогоор 52-ыг нь хашиж, хамгаалжээ. 

Булгийн эхийг хашиж хамгаалахдаа газар ухаж хөндөхгүй, урт хугацаанд ашиглах боломжтой зэвэрдэггүй ган төмөр ашигладаг байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй малчдын дасан зохицох чадамжид тодорхой нөлөө  үзүүлэхүйц, цаашлаад ширгэж буй булгийн эхэд зөөвөрлөн ашиглах боломжтой зэрэг олон давуу талтай, үр дүнтэй ажил болсныг орон нутгийн иргэд  дүгнэж байв.


 ЭКО СИСТЕМИЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ БА ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАГЧ

Татмын ойжуулалт гэж юу вэ, байгаль дэлхий, хүн амьтанд ямар ач холбогдолтой вэ. Татмын ойжуулалт гэдэг нь гол, голын ай сав дагуу мод тарихийг хэлдэг байна.  Эрсдэл өндөртэй гол дагуу татмын ойжуулалт хийснээр эко системийг сэргээж, тэнцвэржүүлэх, хүн амьтан амьдрах таатай орчныг бүрдүүлдэг байна. Мөн хөрсний хуурайшилт, элэгдлийг багасах, чанарыг сайжруулах, усны чанар болон нөөцөд эерэг нөлөө үзүүлж эргэн сэргэх боломжийг бүрдүүлдэг. 

Түүнчлэн мод нь тоос, шороог бууруулдаг, нүүрсхүчлийн хийг шингээдэг, агаарын чийгшлийг 4-7 хувиар нэмэгдүүлж, нарны хэт халалтыг 10-15 хувиар багасгадаг, цөлжилтийг сааруулдаг зэрэг олон талын өндөр ач холбогдолтойг мэргэжлийн хүн онцлон хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн зорилтыг хангахад “АДАПТ”  төслийн хүрээнд хийж буй татмын ойжуулалт ихээхэн хувь нэмэр оруулж буйг онцолж байлаа. 

Төслийг хэрэгжүүлэх 2021-2028 онд 2500 га газарт татмын ойжуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд  2022-2024 онд дөрвөн аймгийн хэмжээнд нийт 1604 га талбайд татмын ойжуулалт, нөхөн сэргээлт хийжээ. Харин Завхан аймгийн хэмжээнд  2022-2024 онд арван сумын 259 га талбайд татмын ойжуулалт хийсэн бол энэ жил 150 га-д хийхээр төлөвлөсөн байна. Мөн энэ онд Завхан аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд бэлчээрийн менежментийг 102 га-д хийх, өвс тэжээлийн хоёр агуулах барих, таван булаг хашиж, хамгаалах, хөв цөөрөм гурвыг байгуулахаар тусгасан байна.   

 

Энэхүү бүтээлийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” /АДАПТ/ төслийн хүрээнд бүтээв.

#АДАПТТөсөл 

#УурАмьсгалынДасанЗохицол 

#ADAPTProject #ClimateResilience #Preparedness

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №015/24642/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 1 цагийн өмнө
​ Зүрх асна 2 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 2 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 2 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 2 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 3 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 3 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 4 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 4 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 4 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 5 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 6 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 7 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 8 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 8 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 8 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 8 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 8 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 9 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25