​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна

unen
5 цагийн өмнө

Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан, “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх А.Шагдарсүрэн Худалдааны маркетинг, соёл, стандарт өнөө үед ямар байх ёстой тухай сонирхолтой нийтлэл бичиж  ирүүлснийг нийтлэв.  

“Номин холдинг” ком­пани гэхээр ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс үйлдвэрлэдэг, барилга, орон сууцны хотхон барьдаг гэдгээс илүү олон дэлгүүртэй худалдаа хийдэг компани гэдгийг хүмүүс сайн мэддэг.  Манай номинчууд нэг уриатай. Тэр нь “Бадрангуй тэмүүлэлтэй, ёс суртахуунтай, бүтээгч хамт олон байна” гэсэн уриа юм. Ёс суртахуунтай байхын хамгийн чухал нь соёлтой байх асуудал. Үүнтэй уялдаж “Номин холдинг”-ийн хэмжээнд “Таван сайн алхам”-ыг хэрэгжүүлэн хувь хүнээс эхлүүлээд ажлын байр, хэсэг, нэгж, салбар, байгууллагын үйл ажиллагааны стандарт болгон хэвшүүлж байгаа юм. 

Өнөөдөр Монгол Улсын 65 хуулийн 2408 заалт худалдааны салбарт мөрдөгдөж байна. Манай “Номин холдинг” ХХК-д  570 үйл ажиллагаанд 40 журам үйлчилж байна. Тэр бүгдийг соёлын стандарт гэж болно. 


ИНЭЭМСЭГЛЭЛ БОЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРКЕТИНГ ЮМ

Худалдаа үйлчилгээний соёл гэж асуухаар эхлээд “Инээмсэглэл” гэж санаанд орж байна. Инээмсэглэж чадахгүй хүн худалдаа хийж чадахгүй гэсэн дорнын сургаал байдаг. Сайхан инээмсэглэл, чин сэтгэлийн инээмсэглэл бол худалдаачин хүний нэн түрүүнд эзэмших соёл. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний маркетинг юм. Дүмбэ дүлий оргин байж юм худалдана гэж байхгүй.  Юуны өмнө үйлчлүүлэгчээ инээмсэглэсэн харцаар өөртөө татах хэрэгтэй. Тэр үйлчлүүлэгч танаас юм худалдаж авбал таны хэрэг бүтэх учраас та инээмсэглэж угтах нь зүйн хэрэг.

 Хүнд хэрэгтэй зүйл зарж, борлуулж байгаа бол өөдөөс угтан ирж буй хүнийг сайхан инээмсэглэлээр л угтах хэрэгтэй.  Тийм инээмсэглэл нь  “Танд хэрэгтэй зүйл надад байна, танд би тусалъя” гэдгийг хэлчихэж байгаа юм. Хүн рүү нүдээрээ хандаж байх хэрэгтэй. Тэр нь харцаараа гар барьж байгаа хэрэг. Хүн рүү нүд бэлчээж байхдаа “Та над руу ханд” гэж хэлээд байгаа юм шүү дээ. Ер нь үйлдэл бол үгнээс илүү нөлөөтэй байдаг.  Хуурамч инээмсэглэл бүүр хэрэггүй. Хуурамч инээмсэглэлд хэн ч хууртагдахгүй. Албадсан инээмсэглэл харин гомдол, дургүйцэл төрүүлнэ. За энэ ч дээ ийм юм авах амьтан биш дээ гэсэн байдлаар хандсан үйлдэл бол ёстой соёлгүй байдал. Эд барааг худалдан авахад ч гэсэн бас тийм соёл шаарддаг.

 

ХУДАЛДААНЫ СОЁЛД  МЭДЛЭГ БАС ШААРДАГДАНА          

         

Социалист гэгддэг өмнөх нийгэмд социалист ёсоор уралдах, социалист ёсоор аж төрөх гэдэг соёл ноёрхож байлаа. Бүх юм тэгш, бүгд тогтсон нэг хатуу үнэтэй бараа, таваараар үйлчилдэг байлаа.  Харин эдүгээ зах зээлийн гэх өрсөлдөөний капиталист нийгэмд худалдааны уян хатан, шударга өрсөлдөөний зарчим, түүнийг дагасан соёл үйлчлэх болсон. Авбал ав, байвал бай гэсэн зарчмаар биш, эрэлт хэрэгцээнд нийцсэн зүйлийг маш үнэн бодитой тайлбарлан, сурталчилж байж худалддаг болж байна. Сайн, чанартай таваарыг тохирсон үнээр, өөрөөр хэлбэл чанар, эдэлгээнээс хамаарч хямд, эсвэл үнэтэй борлуулдаг. Түүндээ тохирсон агуулах сав, тээвэр зөөвөр, худалдааны танхим, үйлчилгээний соёл янз бүр байна.  Нийтийн зах, ТҮЦ, тохиролцооны лангуунаас эхлээд супермаркет, хайпермаркет, их дэлгүүр, агуулах худалдааны гээд соёлын түвшин өөр өөр байх жишээтэй.  Мөн зарж борлуулж байгаа барааныхаа төрлөөс хамаараад эрүүл ахуй, үйлчилгээний соёл харилцан адилгүй байна. 

Томхон дэлгүүр, үйлчилгээний газруудын соёлын түвшин нь дэлхийн хөгжилтэй орныхтой ойролцоо, бараг адилхан болсон гэж хэлэхээр байдаг. Тухайлбал, манай “Номин холдинг”-ийн салбарууд бүгд дэлхийн жишгийн хэмжээнд тогтоосон стандарт, дүрэм журмыг мөрдөж хэвшиж байна. Тийм ч учраас Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO:9001, хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцооны OHSAS:18001 болон ISO:45001, байгаль орчны чанарын удирдлагын тогтолцооны ISO:14001 стандартыг нэгэн зэрэг нэвтрүүлсэн анхны компани болж батламж авсан. Бас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний нөөцийн ISO 30405, ISO 30406, ISO 30407, ISO 30408, ISO 30400 гэсэн таван стандартыг нэвтрүүлсэн.

Худалдаа үйлчилгээний соёл гэдэг бол үйлчлүүлэгч, үйлчлэгчийн хоорондын харилцааны соёл, бараа бүтээгдэхүүний өрөлт хураалт, хадгалалт хамгаалалтын соёл, тээвэр зөөврийн аюулгүй байдал, гэмтээж чанарыг муутгахгүй байх соёл, захиалгаар гэрт нь, албан байранд нь хүргэн өгч, угсарч ажиллуулаад ашиглалтын зааварчилгаа өгөх соёл гэх мэтчилэн өргөн хүрээтэй.  Худалдааны заал, танхимын зохион байгуулалтын соёлоос үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ихээхэн шалтгаалдаг. Худалдаа үйлчилгээний соёлын түвшин тухайн улс орны соёлын нүүр царай болдог, нийгмийн асар их нөлөөтэй юм.  Өнгөрсөн зууны 1990-ээд оны дунд үеэс тоотой хэдэн компани  болох “Наран”, “Номин”, “Женко”, “ВSB” компаниуд японы электрон барааг импортолж, монголчуудынхаа шинэлэг хэрэгцээг хангах болсон.  Монгол хүн, айл өрх орчин үеийн электрон бараа хэрэглэх болсноор ахуйн соёлд хувьсал гарсан шүү.

Нидрүүлгээр савандаж угаадаг байсан зүйлээ автомат угаалгын машинаар угаадаг, махаа борцолж хадгалдаг байсан бол хөргөгч, хөлдөөгчид хадгалдаг, хогоо дэрсэн шүүрээр шүүрдэж цэвэрлэдэг байсан бол тоос сорогчоор цэвэрлэдэг соёл нэвтэрсэн. Шуудан дээр очиж утсаар ихээхэн бэрхшээлтэй ярьдаг байсан бол одоо гар утсаар хаанаас л бол хаанаас чөлөөтэй ярьдаг соёл хэвшчихлээ. Энэ нь худалдаанаас эхтэй.

1994 онд “Номин” анхны холын зайнаас ярьдаг гар утас оруулж ирж байлаа. Тэр үед хүмүүс үйлчлүүлж сураагүй, үйлчилж сураагүйн хоёр зовлон байлаа. Ийм үед номинчууд бид “Үйлчлүүлэгч - Хаан” гэсэн уриатай ажиллаж эхэлсэн юм. Худалдааны соёл дээшлэхийн хэрээр улс орны эдийн засаг, нийгмийн харилцааны хүрээнд нөлөөлөх нөлөө, үүрэг асар их болж байна. Бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх худалдаа нь эрэлт нийлүүлэлтийг зохицуулах, жижиг, дунд үйлдвэрлэгчид, гар үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмждэгээрээ эдийн засгийн хөгжилд чухал түлхэц өгдөг. Бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд соёлтой сурталчилж, тэдний сонголтоо зөв хийхэд нөлөөлж тусалж байдаг хүмүүс бол худалдаачид. 

Анх электрон бараа импортолж олон нийтэд худалдаалахад лангуун дээр хичээл заах шахуу юм болдог байлаа. Хүнсний, гоо сайхны гээд бүх төрлийн бараанд бас нарийн тайлбар, сурталчилгааг худалдаачид хийдэг.  Тиймээс худалдаж байгаа бараа бүтээг­дэхүүнийхээ чанар, онцло­гийг хамгийн сайн мэдэх нь худал­дагчийн мэдлэг, маркетинг, менеж­ментээс ихээхэн хамаарна. Дэлгүүрийн менежерүүд нь худалдан авагчдынхаа сонголт, сэтгэгдэл нь байнга хувирч, өөрчлөгдөж байдаг. Ттиймээс эрэлт хүсэлт, хүлээлт шаардлагад нийцүүлэн өдрөөс өдөрт сайжирч, боловсронгуй болж байдаг тийм л онцгой “бүтээгдэхүүн”-ийг үйлдвэрлэгчид байх ёстой. Энэ­хүү шаардлагыг хангаж чадаж баймааж нь зорилтот худалдан авагчид тухайн дэлгүүрийн санал болгож байгаа бараа, үйлчилгээний үнэ, үнэлэмжийг хүлээн зөвшөөрөх болно.  Энэ бол худалдааны соёл улам өн­дөр түвшинд тавигдаж байгаа гэсэн үг.

 Хэн энэ талаараа давуу байна, тэр бараа бүтээгдэхүүнээ илүү сайн сонгож, хэрэглэгчдээ татаж чадна.  Сувинерийн бараа худалдаалж байгаа бол гадаадын жуулчидтай соёлтой харилцах хэлний болоод бусад чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй болно. Ном, соёлын бараа худалдаалж байгаа бол түүнд зохицсон соёл хэрэгтэй. Спортын бараа худалдаалдаг бол спортын талын мэдлэг хэрэгтэй. 

Эм, эмнэлгийн бараа, хэрэгслийг борлуулахын тулд бас тус бүрийн онцлог, ялгааг мэдэх шаардлагатай. Хадгалалтын заавар, хугацааг онцгой хянаж мөрдөх учиртай. Тэгэхээр худал­дааны соёл гэдэг нь орчин үед мэдлэг шаардсан соёл болж байна. Өөрийн хувцаслалт, ариун цэвэр, сэтгэл зүй, харилцааны соёл, бараа судлал, үнэ ханш, савлах, баглаж боох, стандартын гэх мэт маш өргөн хүрээнд худалдааны соёл гэдгийг авч үзэж, түүнийг байнга сайжруулж, хөгжүүлж олон нийтийн хяналтыг тавьж байх нь чухал юм гэж боддог. Үйлчлүүлэгчдэд ч гэсэн үйлчлүүлэх соёл шаардагддаг. Үйлчлүүлэгчдийн харилцаа, соёлын түвшин нь үйлчилж байгаа хүмүүст сайнаар, эсвэл сөргөөр нөлөөлж байдаг талтай. Дэлгүүрүүдэд өөрөө өөртөө үйлчлэх, төлбөрөө автомат кассанд бичүүлэх явдал нийтлэг болж байна. Энэ нь бас л мэдлэг соёл шаардагдах нь зүйн хэрэг ээ.

 

АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ БОЛ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ ТӨДИЙГҮЙ АГУУ ХҮНДЛЭЛ ЮМ 

“Номин холдинг” ХХК-д мөрдөгд­дөг худалдаа үйлчилгээний стан­дартуудын нэг бол ариун цэврийн өрөөний стандарт юм. Өнөөдөр аль ч худалдаа үйлчилгээний газарт нийтийн ариун цэврийн газар ховор байгаа нөхцөлд “Номин холдинг”-ийн худалдаа үйлчилгээний салбарууд дахь ариун цэврийн өрөө иргэд, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангаж байна гэхэд хилсдэхгүй болов уу.

Гудамжинд хүүхэдтэйгээ явж байсан иргэн хүүхдээ бие засуулах шаардлагатай болоод манай салбаруудын ариун цэврийн өрөөг нээлттэй үйлчилдгийг мэдэхгүй тул  зохион байгуулагчаас нь  ариун цэврийн өрөө асууж байсан гэ­дэг. Ариун цэврийн өрөө бол бүх худалдаа үйлчилгээний газруудад байх ёстой. Энэ бол нэг талаас эрэлт хэрэгцээ, нөгөө талаас агуу хүндлэл юм. “Номин”-гийн салбар дэлгүүрүүдийн ариун цэврийн өрөөний стандарт гэхэд 30 гаруй зүйл багтаж байна. Сантехникийн хэрэгслүүд яаж байрласан байх вэ, гэрэлтүүлэг, цахилгааны залгуур, унтраалга, агааржуулалт, сэнс, толь, өлгүүр, хогийн сав ямар байх, ямар алчуур, ямар цаас байх, ариутгалын бодис, үнэр дарагчийг хаана тавьсан байх, ямар санамжууд байх вэ гэдгийг нарийн стандартчилж зааж өгч түүнийг мөрдүүлж байна. “О”-ийн өрөөнд “Зөв хүний үйлдэл далд байсан ч зөв байдаг” гэсэн санамж манайхаас дэлгэрсэн байх аа.

Энэ мэтчилэн Оффисын өрөө, супермаркет, хайпермаркет, их дэлгүүр, агуулах худалдааны гадна, дотно тал, өрөө, танхим бүрийн онцлогийг харгалзан стандартчилж өгсөн байдаг юм.

Үйлчлүүлэгчдийг орж ирэхэд угтаж мэндчилэх, бараа үйлчил­гээ­гээ үзүүлээд гарахад нь “Баяр­лалаа, өдрийг сайхан өнгө­рүүлээрэй, төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй, сайхан баярлаарай, танд сайн сайхныг ерөөе, дахин манайхаар үйлчлүүлээрэй” гэх мэт сайхан сэтгэгдэлтэй гарахад худалдагч, үйлчлэгч нар байнга анхаарч, хэвшил болгож занших хэрэгтэй юм шүү.

Ийм зүйлийг давтан давтан үйлддэг. Энэ нь зүгээр нэг давтан үйлдэл бус, бүүр дадал заншил болж байвал жинхэнэ соёлтой үйлчилгээ мөн. Харин үйлчлүүлэгчээ үл анзаарч бусадтай буу халж, эсвэл утсаар удаан ярьж тоомжиргүй байх нь худалдаа, үйлчилгээний ажилтнуудын хамгийн соёлгүй үйл ажиллагаа юм. Үйлчилгээндээ хайнга хандах нь хэтдээ доройтохын ёр болдог!

Үйлчлүүлэгчийн хэрэгцээг соргог мэдрээд уг хэрэгцээг зохистой хангах нь үйлчлэгчийн гол үүрэг. Хэрэглэгчдэдээ хүн ёсоор соёлтой, хүндэтгэлтэй хандаж чадсан цагт тэд буцаж ирэх нь дамжиггүй гэсэн олон улсын тогтсон дүрэм байдаг юм. Өнгөрсөн 30 жилд “Номин” компани бий болгосон үнэт зүйл дээрээ тулгуурлан ирэх 30 жилд шинэ эрхэм зорилгоо дэвшүүлсэн.


Эрхэм  зорилгоо: Инноваци, Технологийн дэвшил, Ногоон хөгжил, Хүний нөөц, Менежментийн шийдлээр бизнесийн шинэ үеийг цогцлоож, дотоодын бизнес эрх­лэгчидтэй зорилгоо нэгтгэсэн, олон улсын жишигт нийцсэн Үндэсний манлайлагч, Баялаг бүтээгч хамт олон байна гэж тодорхойлсон юм.

Компанийнхаа үнэт зүйлсээ үндсэндээ “Номин” гэсэн нэ­рийн­хээ таван үсэгт багтаж то­дорхойлдог. Энэ нь:

Найрсаг - Хэрэглэгч түнш бүрийг хүндэтгэн харилцаж, сэтгэл ханамжийг нь дээдлэн ажиллана.

Оюунлаг - Бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан техник технологийн дэвшлийг ямагт эрэлхийлнэ.

Манлайлал - Нөөц болом­жуудыг ухаалгаар удирдан нийгэм дэх манлайллыг бий болгоно.

Итгэлтэй - Хэрэглэгч, харил­цагч, түншүүд, ажиллагсадтайгаа харилцан итгэлцэл дээр тулгуурлан ажиллана.

Ногоон хөгжил - Нийгэм, бай­галь орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан нөөцийг аль болох хэмнэлттэй зарцуулахад чиглэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлж ажиллана.

Үүнийгээ бүх нийтийн нүдэнд ил тод бичиж сурталчилдаг юм.

Номинчуудын бий болгосон үнэт зүйлс нь Монгол Улсын хөгжлийг түүчээлж бусдад үлгэр дуурайл болж байгаа гэж боддог.

 А.ШАГДАРСҮРЭН

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 4 цагийн өмнө
​ Зүрх асна 5 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 5 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 5 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 5 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 6 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 6 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 7 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 7 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 7 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 8 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 9 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 11 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 11 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 11 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 11 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 11 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 12 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25