“Эрүүл монгол эмэгтэй-Элэг бүтэн гэр бүл” уриатай Ласанте эмнэлэг байгуулагдаад 10 оныг үджээ. Ласанте эмнэлгийн үүсгэн байгуулагч, захирал З.Болормаа өнгөрсөн ням гариг буюу 2025.04.20-нд төрсөн өдрөөрөө 108 бүсгүйд зориулсан “Бусдад өгөх өдөр” аяныг зохион байгууллаа.
Эрүүл мэндийн байгууллагад мөрдөгддөг цэвэр цэмцгэр байх стандартыг ягштал мөрддөг тус эмнэлгийн үүдээр оруут ер бусын халуун дулаан уур амьсгалтайн дээр угтагч инээмсэглэн мэндэлдэг. Маршал таун хотхонд байрлалтай бөгөөд хоёр давхар обьектыг сэтгэл шингээн засварлажээ. Нэг давхарт эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах буйдан, уулзалтын өрөө, кегель дасгал, бясалгалын өрөө байрладаг. Цаашлаад спа, уламжлалт анагаах ухаан аюурведа бариа, феникс аппаратын эмчилгээний өрөөнүүдтэй. Хоёр давхартаа цус шингэлдгээрээ алдартай япон улсын цахилгаан аппаратыг суурилуулсан ортой нэг өрөө, үзлэг, шинжилгээ, эмчилгээний болон вип өрөөнүүд бий. Тус давхарт хүлээлгийн буйдан, массажны орнуудад эмчид үзүүлэх дарааллаа хүлээнгээ үйлчлүүлэгчид тухална. Хоёр давхартаа ногоон хиймэл зүлэг, саравч, сандал бүхий террастай. Хавар, намар, зуны дэлгэр цагт эл террасанд нарлах боломжийг эмчлүүлэгчдэдээ олгодог. Аливаа байгууллагын уур амьсгалд захирлын зан чанар нөлөөлдөг гэвэл бүх зүйлээс З.Болормаагийн нямбай чанар нүдэнд үзэгдэж, сэтгэлийн тав тухыг мэдрүүлдэг.
Эдгээрийг үзэж, биеэр туршаагүй шинэхэн зочид мөн З.Болормаатай олон жил хамтран ажиллан, эмчлүүлж, зөвлөгөө, сургалтаар нь амьдралын чанартаа эрс өөрчлөлт хийсэн бүсгүйчүүд “Бусдад өгөх өдөр”-т сонгогдон оролцов. Тэр өглөг, буяныг бэлгэдэж 108 эмэгтэйг урьжээ.
Аливааг хийж бүтээж байгаа хүн үргэлж суралцдаг жамтай. З.Болормаа феникс аппаратны эмчилгээ буюу аарцаг ёроолын булчингийн хэвийн жигд үйл ажиллагааг хангах чиглэлийн эмчилгээг Франц улсад суралцан, Монголд анх нэвтрүүлсэн. Үүнтэй уялдаатайгаар аюурведа бариа заслыг нутагшуулж, улмаар сэтгэл зүйч, хоол зүйч, тархи судлаач, бариа засалч, кегель дасгалжуулагч зэрэг ур чадваруудыг эзэмшжээ. Түүнтэй сэтгэл нийлдэг хамт олон нь салбартаа ховорхон өөриймсөг хандлагатай, ур чадвар сайтай эмч, сувилагч, ажилтнууд билээ.
АМЬДРАЛЫН ЧАНАРЫН БУЛЧИН
1948 онд Америкийн эрдэмтэн Арнольд Кегел нэгэн дасгал туршаад, “Энэ бол гайхамшиг. Хамгийн энгийн, хамгийн үр дүнтэй зүйл бол энэ дасгал байна” хэмээсэн гэдэг. Юун түрүүнд З.Болормаа бидэнд 10 эрэгтэйгээс “Та кегель дасгал хийдэг үү” гэж асуух даалгавар өгөв. Миний судалгаанд 37 настай мужаан, 38-тай сэтгүүлч, 47-той дизайнер, 48-тай бизнесмен, 36-тай хуульч, 15-тай сурагч, 52-той дуучин, 20-той оюутан, 25-тай фитнесийн багш, 60-тай жолооч мэргэжлийн хүмүүсээс асуухад “Юун кегел вэ, дасгал хийдэггүй” гэсэн хариулт сонслоо. Ажлын хүн үг дуугүй толгой сэгсэрч байна. Мэдээж, энэ даалгаврыг өгсөн нь нэгдүгээрт, эрчүүд кегел дасгал хийж болохыг мэдэж байна уу?, хоёрдугаарт кегел дасгал хийдэг эсэхийг тандах байх. Амьдралын чанарт нэгдүгээрт нөлөөлдөг аарцаг ёроолын булчингийн дасгалаар сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд хичээллэж байгаа боловч хүн амын тоонд харьцуулахад даанч бага аж.
З.Болормаа:“Миний хувьд Ласанте эмнэлгийг байгуулаад жил орчмын хугацаанд энэ бүгдийн учрыг олсон. Шээс задгайрал, бэлгийн ажилд ханамжгүй байдал энэ бүгд амьдралын чанарын булчинтай холбоотой. Заавал бэлгийн ажлаас дур ханахаар хязгаарлагдахгүй. Кофе уухдаа, цэцэг хараад, цас, борооноос, хүний сайхан сэтгэлд талархах сэтгэлтэй хүмүүс байдаг. Аливаа зүйлээс таашаал авахаар эсүүд амьдраад, таашаалгүй бол хорогдох жишээтэй. Ерөөсөө дур тавьдаггүй хүн ааштай байдаг гэсэн аман яриа байдаг шүү дээ. Энэ нь эдгээр бодит кейсээс үүдэж дамжсан үг болов уу.
Та бүхэн үүнийг ойлгох ёстой. Бэлгийн таашаал хамгийн чухал. Бэлгийн ажил үйлдэхгүй нөхцөлд өөрийгөө дур тавиулж сурах хэрэгтэй. Таашаал бол дааврыг тэнцвэржүүлэгч юм” гэв. Охид, хөвгүүд өсвөр наснаас кегел дасгал хийж сурах нь цаашид амьдралд, нөхөн үржихүйн эрүүл мэндэд тохиолдох олон эрсдэлээс сэргийлдэг аж. Онцгойлон чухалчлах нь бид хөл, гарын булчингаа хөгжүүлэхийн тулд олон жил хичээллэдэгтэй агаар нэгэн гэв. Ихэнх хүн кегелийн дасгалаас богино хугацааны үр дүн хүсдэг аж. Өсвөр наснаасаа огт хяналтгүй явчихаад тийм хурдан хэвийн байдалд орохгүй ч аарцаг, ёроолын булчин байнгын дасгал сургуулилалтад харин ч дуулгавартай эрхтэн гэдгийг эмэгтэйчүүд мэдэж авсан нь сайшаалтай.
Эл өдөр уламжлалт аюурведа барианы ач тус, аюурведа хоолыг хэрхэн хийж, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвших зэрэг сургалтуудаар олон гэрийн эзэгтэй мэдлэгийн хүрээ, амьдрахуйн ухаанаа тэллээ. Мөн савны хорт хавдраар өвдсөн зохиолч эмэгтэйн номыг худалдан авч, эмчилгээний зардал босгоход өчүүхэн төдий нэмэр хандив болсондоо эмэгттэйчүүд нэгэн өдрийг сэтгэл хангалуун өнгөрөөв. “Бусдад өгөх өдөр”-ийг санаачлагч З.Болормаа бол олон гэр бүлийн эв нэгдэлд нөлөөлөгч, буяны үрийг үйл хэргээрээ таригч юм.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна