Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн

unen
3 цагийн өмнө


Гэрэл зургийн түүх “Хувьсгалч­дын өлгий” болсон Франц ул­саас эхэлнэ. Корсик эр Напо­леон Бонапарт тухайн үеийн Оросын эзэнт гүрнийг байлдан дагуулахаар мордсоноос яг 10 жилийн дараа буюу 1822 онд Парис хотын Маре гудамжинд нэгэн үзвэрийн газар нээгдсэн нь хувьсгалч парисчуудыг жинхэнэ утгаараа байлдан дагуулж байлаа. Нимгэн хагас тунгалаг даавуун дээр зурсан зургийг зэрэгцүүлсэн сараалжид байрлуулж, ээлжлэн гэрэлтүүлэх нь тухайн үеийн хот газрын хамгийн дэгжин, эрхэмсэг хатагтайг ч зэрэг зиндаагаа үл хайхран дуу алдан гайхмаар үзвэр байсан нь лавтай. 

Үзвэрийн газрын эзнийг Луи Жак Дагэр гэнэ. Ж.Дагэр өөрийн энэ гайхалтай цэнгэл жаргалтай бизнесийг улам боловсронгуй болгохыг оролдон хичээх зуураа бас нэгэн франц эр болох Жозеф Нийсэфор Ньепс хэмээх эрхмийн талаар сонсжээ. Энэ үе нь ноён Ньепс анхны харанхуй камерыг хийж түүнийгээ гелиограф гэж нэрлэчихээд байх үе. Ноён Дагэр ноён Ньепстэй 1829 онд хамтран ажиллаж, шинэчлэл хийхээр шийдэн “Ноён Ньепсийн нээж ноён Дагэрийн боловсронгуй болгосон гелиограф” нэртэй гэрээ байгуулснаар өдгөө бидний сайн мэдэх болсон гэрэл зургийн түүх эхэлжээ.

Шинжлэх ухааны нарийн төвөгтэй алхмуудыг нарийвчлан бичих шаардлагагүй гэж үзсэний улмаас шууд л гэрэл зургийг цаашид үргэлжлүүлэн судалж, хөгжүүлэх боломж бүхий аж үйлдвэрийн шинэ салбар гэж үзсэн 1839 онд ирэхээс аргагүй. Парисын Шинжлэх ухааны академийн хурал дээр нэрт эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн Доминик Франсуа Араго анх Луи Жак Дагэр, Жозеф Нийсэфор Ньепс нар хавтгай метал гадаргуу дээр гэрлийн дүрсийг бэхжүүлэн авах боломжийг нээснийг илтгэсэн байдаг. Энэхүү богино түүхээс бид 1822, 1829, 1839 гэдэг  гурван он тоололтой боллоо. Яагаад он тооллыг чухалчлан авч үзээд байгаагаа би доор тайлбарлая.

 

Тэмээн жин-Уурын тэрэг

 

Монголын уран зургийн галерейд жил бүр уламжал болгон зохион байгуулдаг “Mongolia photo week-2025” гэрэл зургийн долоо хоног нээлтээ хийсэн юм. Тус долоо хоногийн хүрээнд маш олон үзэсгэлэн, арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал, уулзалт зохион байгуулагдсанаас “Монголын түүх гэрэл зурагт” нэртэй түүхэн сэдэвт гэрэл зургийн өдөрлөг хамгийн их анхаарал татсан нь байсан юм. Үзэсгэлэнд бидний өвөг дээдсийн түүх, түүхийн он дарааллыг гэрчлэн өгүүлсэн маш олон гэрэл зураг дэлгэгдсэн учраас тэр байж ч болох. Монголчууд бид гэрэл зураг гэгч XIX зууны энэ гайхамшигт бүтээлтэй хэзээнээс танилцаж эхлэв гэдэг асуултын хариулт эндээс олдоно. Коммунист түүх хүүрнэгчид монголчуудын түүхийг ардын хувьсгалаас хойших он жилүүдэд хайрцаглаж ирсэн байдаг. 

Ямар сайндаа л бид “100 жилийн ойн хүрээнд” бүх тэмдэглэлт ойгоо хийгээд сурчихсан байх вэ дээ. Харин сүүлийн үед “Орчин цагийн...” гэх тодотгол нэмдэг болоо юу даа. Монголд орчин цагийн гэрэл зургийн салбар үүссэний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Ардын хувьсгал ялснаас хойш 1935 онд нийслэл Улаанбаатар хотод гэрэл зургийн газар шинээр байгуулагдсан цагаас энэ салбарын үүсэл эхлэлтэй гэж үзэж л дээ. Гэтэл Монголчууд бид үүнээс даруй 60 гаруй жилийн өмнө гэрэл зурагтай танилцсан гэж гэрэл зургийн сэт­гүүлч, судлаач В.Баттулга үзсэн бөгөөд тэрбээр “Гэрэл зураг үүсээд 170 гаруй жил болж байна. Харин монголчууд гэрэл зурагтай танилцаад 140 гаруй жил болжээ” гэж 2018 оны бүтээлдээ дурдсан байна. Түүгээр ч үл барам ардын хувьсгалаас өмнө тухайн үеийн нийслэл хүрээнд Хятад, Германы гэрэл зургийн газар ажиллуулдаг пүүсүүд байсан тухай судалгаандаа өгүүлсэн нь бий. Тэгэхээр гэрэл зургийн салбар үүссэн он цаг арай урагшлах гээд байгаа биз. Тэдгээр пүүс хэдийгээр гадаад иргэдийн эрхэлж байсан бизнес боловч Монгол Улсын нутаг дэвсгэр тул би ийн бодсон хэрэг. 

Ингээд зогсохгүй монголчуудын гэрэл зурагтай танилцсан он цаг дахиад 30-аад жилээр урагшилсан баримтыг “Монголын түүх гэрэл зурагт” үзэсгэлэнд дэлгэн харуулсан байлаа. МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралт “Арт аялал” төслийн хүрээнд АНУ-д явж байхдаа түүхэн номоос 1845 оны монголчуудын дүрсийг гэрэл зурагт анх удаа буулгасан Францын худалдаачин Жан-Пьер Алиберын түүхэн зургийг олжээ. Зурагт нутгийн иргэд, Түнхэний буриадууд, манж ноён, европ хүмүүс харагдана. Хоёр өөр иргэншил ертөнцийн уулзалт мэт санагдах тус зураг Монголын төдийгүй Сибирийн анхны гэрэл зураг гэж тооцогдож байгаа. Францын худалдаачин Жан-Пьер Алибер 25 настайдаа одоогийн Хөвсгөл аймгийн Ханх сумаас хойд зүгт 20 орчим километр замд байрладаг Ботоголд бал чулууны асар том орд нээж, үүнийхээ дурсгал болгон тус зургийг авчээ. Үүнээс өмнө Оросын аялагч, жуулчид ба түүн дотроо Оросын нэрт аялагч газар зүйч эрдэмтэн Н.М.Прежевальский 1870-1873 онд Монгол, Тангадаар аялахдаа монголчуудыг анх гэрэл зурагт буулгасан гэж үздэг байсан юм.

Одоо дээр өгүүлсэн 1822, 1829, 1839 гэдэг  гурван он тоо­лол руугаа эргээд очих уу. Энэ гурван он тоолол дээр монголчууд бидний гэрэл зурагтай танилцсан 1845 оныг нэмэх хэрэгтэй болно. Эдгээр он тоолол нийлээд дэлхий ертөнцийн технологийн хөгжил ямар хурдтай урагшилдгийг, монголчууд бид тэр хөгжлийн хурдаас өчүүхэн ч хоцроогүй явж иржээ гэдгийг бидэнд харуулж байна гэж би ойлгосон учраас онцолсон юм. Өнөөгийн ертөнцөд л гэхэд “Apple”-ийн загварууд жил тутам шинэчлэгдэн гарч, шинэчлэн гарсан загвар бүрийг дэлхийн аль ч өнцөг буланд байх соёлт хүн төрөлхтөнтэй ижил хугацаанд бид эзэмшиж байна. Шинэ загвар бүрт суулгасан илүү нягтрал бүхий камераар дэлхий ертөнцөд болж буй үй түмэн тохиолын мөч бүрийг буулган хүний төсөөллөөс давсан олон гэрэл зургаар түүхийн хуудас зузаарсаар байгааг ч бид зүрх алдан ажиглаж байна.

Дүрсийг буулгах энэ технологийн замнал үүссэн цагаасаа хойш хоёр дахь зууныхаа ч босгыг давж амжаагүй гэхэд итгэмээргүй хурдтай хөгжиж байгаа хэрэг биш үү. Францын худалдаачин Жан-Пьер Алибер Эрхүү, Хиагт, Дээд Үдэд аялж явахдаа ганцхан гэрэл зураг аваад л явдаг эр байсангүй. Мань эр аялагч биш худалдаачин тул Дагеротип хэмээх анхны гэрэл зургийн аппаратыг нэгэн цагт дэлхийг эрхшээж явсан эзэнт гүрний буурийг сахин үлдсэн ихэмсэг язгууртны нэгээхэн хэсэг түмэнд зургаан ширхгийг худалдаж орхисон байгаа юм. Анхны тэр зургаан аппарат Сибир, Алс дорнодод гэрэл зураг үүсэх үндэс суурийг тавьж л дээ. Гэрэл зургийн аппаратын талаар огт мэдлэг мэдээлэлгүй, ашиглаж чадахгүй хүн худалдаж авах ямар ч шаардлагагүй нь ойлгомжтой. Тэд ч бас технологийн мэдлэгээс хоцроогүй байсныг энэ наймаа харуулж байна гэж би ойлгосон. Мэдээж хөгжлийнх нь хурдыг өнөөгийнхтэй харьцуулбал тэмээн жингийн хурдыг уурын тэрэгний хурдтай харьцуулсан мэт болно. Монголчууд бид хэдийгээр аж үйлдвэржилтийн хувьсгалаас сугаран хоцорсон ч мэдлэг, мэдээллээр хол хоцроогүй байжээ гэдгийг би энэ хэсэгт өгүүлэх гэсэн юм.

 

Гэрэл зураг түүхийн судлагдахуун

 

Гэрэл зураг түүхийн гарын авлага, судлагдахуун болдог. Монголчуудын 150-170 жилийн өмнөх ахуй амьдралыг баримтат гэрэл зураг авч үлджээ. Ерөөсөө үүссэн цагаасаа эхлээд шахуу л монголчуудын түүхийг гэрчилж ирсэн гээд хэлчихэд нэг их буруудахгүй л юм байна. Монголын гэрэл зургийн түүхийг судлаачид “Гэрэл зураг дэлгэрсэн үе, гэрэл зургийн хөгжлийн эхэн үе, үндэсний мэргэжлийн гэрэл зургийн үе, мэргэжлийн гэрэл зурагчдын үе” гэж дөрвөн үед хуваан авч үздэг. Гэрэл зураг нийгмийн янз бүрийн зохион байгуулалтыг туулан хөгжиж ирэхдээ үнэт зүйл, үзэл санааг нь гэрчлэн он цагийг өөртөө шингээн үлдээсэн байна. Нийгэм бүр өөрийн үнэт зүйл, суртал ухуулгатай. Гэрэл зураг ч үүсэн бий болсон цагаасаа эхлэн эдгээр нийгмийн суртал ухуулга, түүх хүүрнэгчдийн тэмцэлд татагдан орсон. Дэлхий ертөнц хоёр системд хуваагдсан он жилүүдэд системийн маш хурц зэвсгүүдийн нэг нь гэрэл зураг байсныг бид хуучны гэрэл зургуудаас л хардаг шүү дээ. Гэрэл зургийн бидэнд зөөж ирсэн он цагийн зөв бурууг түүнээс хайн шүүх биш харин түүхийн гэрчийнх нь хувьд судлагдахуун болгодог л доо.

Ийм судлагдахуун болох гэрэл зургийн төрөлд баримтат зураг ордог юм билээ. Баримтат зураг амьдралыг гоёчлолгүй, бодит үнэн түүхийг маш чадварлаг, урнаар харуулдаг. Гэхдээ баримтат учраас бид тархи толгойгоо өвтгөн тайлж унших шаардлагагүй гэж бодож болохгүй. Франц худалдаачны авсан дээрх зургаас жишээ татан өгүүлэхэд л хүмүүсийн дүр төрх, харилцаа ямар байсан, хэрхэн амьдарч байсан зэргийг харж болно.

 Гэрэл зурагт Түнхэний буриадууд, манж ноён, европ хүмүүс харагдах бөгөөд Буриад монголчууд өмсгөл зүүсгэлээ тэгш асаан гоёсон ч манж ноён, европ хүмүүсийн урдуур нэлээд зайтай суусан байна. Өгүүлэмжийн хувьд европ, манж ноёдын байрлалаас бид та бүгдийн эзэд гэсэн дээрэнгүй хандлага ажиглагдаж байх жишээтэй. Социалист нийгмийн үеийг харуулсан гэрэл зурагт намын Төв хорооны бүгд хурлын уриалгыг хаданд сийлснийг буулгасан байдаг. Тухайн зургийг ямар үзэл бодолтой хүн үзэж байгаагаас зургийн тайлбар өөрчлөгдөнө. Нэг хэсэг нь түүнийг намд үнэнчээ харуулсан хийрхэгчийн үйлдсэн гэмт хэрэг мэт харж байхад нөгөө хэсэг нь тухайн цаг үеэ хаданд сийлж үлдээжээ гэж ойлгож болно гэх мэт. Коммунист түүх хүүрнэгчид монголчууд биднийг түүх язгуургүй, бүтээсэн өв соёлгүй мэт сурталдсаар ирсэн байдаг.

 Үнэн нь юу ч байсан хамаагүй, бидэнд түүхийг шүүх эрх байхгүй. Гэхдээ үзэсгэлэнд тавигдсан яз­гуур­тан ноёд, хатдын зурагнаас гадна өмссөн хувцас нь өлөн хиргүй эгэл ардын эрүүл чийрэг дүр төрх анхаарал татахгүй байх аргагүй. Ноёд, тайжийн хамжлага тэдгээр ардын нүдэнд гуниг үл харагдах ажээ. Хувьсгалаас өмнөх үеийн аж байдлын гэрэл зураг байна. Хурдан морь унаач хүүхдүүд зураглаачийн өөдөөс харсан байх бөгөөд тэдний өмссөн хувцасны хийц загвар саяхныг хүртэл буюу 1980-аад оны сүүл хүртэл байсан хурдан морь унаач хүүхдийн хувцаснаас ялгарах юмгүй харагдана. Тэд зурагчны өөдөөс бүгд шахам хэлээ гаргаж инээсэн баясгалантай царай үзүүлэх нь Төвөдийн соёлын нөлөө бидний соёлд нэлээд гүнзгий нэвтэрч байгаа юу даа гэх бодол төрүүлнэ.  Хүрээний айлууд гудамжиндаа ус зайлуулах хоолойтой байсан нь гаднын судлаачдын тэмдэглэл, гэрэл зургийн дуранд үлдсэн байдаг. Дэлхий ертөнцийг эзэгнэн байсан хүчирхэг дээдсийн үр хойчис ч гэлээ жаргал зовлон, баяр гунигийг ээлжлэн туулах нь лавтай. 

Гэхдээ Монгол юу юугүй мөхөж сөнөж байсан ядуу буурай улс бол огтоос байгаагүй гэдгийг мөнөөх л гэрэл зургууд нотлон өгүүлэх. Энэхүү бичвэрээ Оросын зураач, аялагч, зохиолч, сэтгэгч Н.Рерихийн "...Хувцас хунарынх нь зохисон гэж ванлий. Дээлийнх нь хуниас нугалаас нь л гэхэд уран зураг, Гоццолагийн Итали сийлбэрүүд лүгээ ижил, өндөр оройтой малгай өмссөн бүсгүйчүүл нь үзэсгэлэнтэй гэдэг нь нүд унамаар..." хэмээн уулга алдан тэмдэглэсэн өгүүлбэрээр төгсгөе. Илүү ойлгомжтой болох биз ээ.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: "Монголын үнэн сонин" №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 1 цагийн өмнө
​ Зүрх асна 1 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 1 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 1 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 2 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 3 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 3 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 3 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 3 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 4 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 5 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 6 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 7 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 7 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 7 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 7 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 7 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 9 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25