Оманы нийслэл Маскат хотод болсон АНУ, Ираны төлөөлөгчдийнТегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх шууд бус яриа хэлэлцээр ажиглагчдын таамаглаж байснаас амжилттай боллоо. Иран хатуу ширүүн сүрдүүлгийн дараа буулт хийсэн, Ерөнхийлөгч Трамп эцсийн зорилго, сүрдүүлсэн үг хэллэгийг үл харгалзан талууд яагаад байдлыг хурцатгах сонирхолгүй байгааг шинжээчид онцолж байна. Уулзалтаас өмнө Иран Вашингтонтой харилцахаас эрс татгалзсан. Гэхдээ Ерөнхийлөгч Дональд Трамп “Уулзалтын санал хүлээж авахгүй бол урьд өмнө хэзээ ч байгаагүй хүчтэй цохилт өгнө” гэсэн ультиматум гаргасан. Цагаан ордны тэргүүний мэдэгдэл, шинэ хориг арга хэмжээний ирээдүйтэй зэрэгцэн Тегераныг байр сууриа өөрчлөхөд хүргэсэн бололтой.
Ираны дээд удирдагч Али Хаменеи таамаглашгүй хурцадмал байдлаас эмээж, баримтлан ирсэн хатуу чиг хандлагаасаа татгалзсан байж магадгүй.
Хэлэлцээрийг дэмжигчид нь Исламын хувьсгалт гвардийн корпусын командлагч асан, одоогийн парламентын дарга Мохаммад Багер Галибаф, Ерөнхийлөгч Масуд Пезешкян нар юм. Тэдний үзэж байгаагаар яриа хэлэлцээрээс татгалзах нь Иран, АНУ, Израилийн хооронд зайлшгүй дайнд хүргэж болзошгүй юм. Түүгээр ч зогсохгүй дотоод хямралын нөхцөлд энэ нь нийгмийн шинэ үймээн самуунд хүргэх эрсдэлтэй. Маскат хотноо болсон шууд бус хэлэлцээрт Ираны Гадаад хэргийн дэд сайд Аббас Арагчи, АНУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Виткофф нар төлөөлөн оролцлоо. Оманы дипломатууд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч зуучлагчийн форматыг үл харгалзан Аббас Арагчи, Стив Виткофф нар уулзалт дуусахаас өмнө хэдхэн удаа биечлэн ярилцжээ.
Вашингтон Ираныг зэвсгийн хэмжээнд хүртэл уран баяжуулахаа зогсоохыг шаардаж байгаа бол Иран хориг арга хэмжээгээ цуцлахыг шаардсан. Хэлэлцээрийн явцад АНУ хэсэгчилсэн буулт хийхэд бэлэн гэдгээ харууллаа. Олон эх сурвалжийн мэдээлснээр, Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарлах гурван нөхцөл тавьсан байна. Америкийн стратегичид уран баяжуулахыг зарчмын хувьд эсэргүүцсээр байгаа ч Стив Виткофф хатуу шаардлагаас татгалзаж, хоёр дахь шатны хэлэлцээрийн үеэр үргэлжлүүлэх санал тавьжээ. Гэхдээ АНУ-ын тал Ираныг нөөцөлсөн уранаа ашиглахад бэлэн цөмийн зэвсэг болгох цагаа тулгахаас эмээж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд ахиц дэвшил гаргахад 60 хоногийн хугацаа өгсөн.
Маргаантай цөмийн хөтөлбөр
Тегераны цөмийн хөтөлбөр Иран дахь 20 гаруй цөмийн судалгаа, үйлдвэрлэлийн байгууламжийг хамардаг. Энэхүү хөтөлбөр нь 1950-өад оноос эхэлсэн бөгөөд Исламын дэглэм тогтохоос өмнө зөвхөн энх тайвны зорилгоор боловсруулж байв. Харин 2000-аад оны эхэн үеэс барууны орнууд болон Олон улсын цөмийн энергийн агентлагийн шинжээчид Ираны цөмийн зэвсэг бүтээх эцсийн зорилго бүхий бүрэлдэхүүн хэсгүүдтэй гэж хардаж эхэлсэн. 2006 онд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, гадаад бодлогын нөхцөл байдлаас шалтгаалан чангаруулж, сулруулж байсан.
2015 онд Бүгд найрамдах улсын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахын тулд Иран болон хэсэг бүлэг орон (АНУ, Орос, Хятад, Их Британи, Франц, Герман) хооронд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Хамтарсан иж бүрэн төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрт тус улсын баяжуулсан ураны ихэнх хэсгийг гадаадад тээвэрлэх, Ираны цөмийн зэвсгийн хөгжилд олон улсын хяналт тавих, ОУАЭХА-д 20 жилийн турш тус улсын цөмийн хөтөлбөрийг энхийн зорилготой явуулах боломжийг олгох зэрэг багтдаг. Дональд Трамп АНУ-д засгийн эрхэнд гарсны дараа хориг арга хэмжээг бүрэн сэргээсэн.
2024 оны арванхоёрдугаар сард ОУАЭА-ийн захирал Рафаэль Гросси Ираны уран баяжуулалтын түвшин 60 хувьд хүрсэн бөгөөд хэдхэн долоо хоногийн дотор 90 хувьд хүрч магадгүй гэж сэрэмжлүүлжээ. Энэ бол цөмийн зэвсэг бүтээхэд хангалттай түвшин юм. Иран пуужин, шумбагч онгоц, бөмбөгдөгч онгоцтой эсэх, үр дүнтэй дамжуулах системтэй эсэх нь маргаантай хэвээр байна. Ираны цөмийн хөтөлбөр улс орных нь аюулгүй байдалд шууд заналхийлнэ гэж израилчууд үздэг юм. Израилийн тал цөмийн хэлэлцээр байгуулахыг хэзээ ч дэмжиж байгаагүй бөгөөд Иранд дээд зэргээр шахалт үзүүлэхийг шаарддаг.
Хэрвээ Ираны эсрэг эдийн засгийн хоригуудыг цуцлах аваас тус улс бүс нутаг дахь өөрийн гар хөл бологч хүчнүүдийг улам хүчтэй дэмжиж, орчин үеийн баллистик пуужингуудаа ХАМАС, Хезболлах бүлэглэлүүдэд илүү олноор нийлүүлэх болно гэж болгоомжилж байгаа юм.
Эдийн засгийн хямрал
Вашингтон Тегераны дипломат харилцаа ихээхэн төвөгтэй. Ээдрээтэй байдал 40 жил үргэлжилж байна. АНУ-ын гадаад харилцааны бодлого Иран улсыг хаант засаглалтай байхыг дэмждэг. 1953 онд болсон төрийн эргэлтийн үеэр Ираны хаант засгийн талд хүч хавсарч байсан юм. Иран улс нийгэм, эдийн засгийн сунжирсан хямралыг туулж байна. Инфляц 2024 онд 31 хувьтай байсан бол өнөөдөр 37.1 хувьд хүрсэн. Ажилгүйдлийн түвшин 9.6 хувь, хүн амын 28 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдардаг. Эрчим хүчний хомсдол нь үйлдвэрлэлийг бууруулсан. Үүнээс үүдэн эсэргүүцлийн жагсаал үе үе болж, эрх баригчдыг сандаргадаг.
Али Хаменеигийн ойр тойрныхон эсэргүүцлийн шинэ хөдөлгөөн, АНУ, Израилийн дайралттай зэрэгцэн дэглэм нурахаас эмээдэг. Эсэргүүцлийн жагсаалд залуучууд олноороо оролцож байгаа бөгөөд Ираны сэхээтнүүдийн ярьж байгаагаар, интернэтээс бусад улс орнуудын мэдээллийг авч буй залуу үеийнхний хувьд илүү уур бухимдалтай байна. Европын орнууд Ираныг уран баяжуулж, хадгалснаар гэрээгээ зөрчсөн гэж үзсэн. Учир нь ураныг өндөр баяжуулж , олборолсноор цөмийн зэвсэгт ашигладаг аж. Ираны хувьд уг үйлдэлийг "хууль бус, өдөөн хатгалаг" гэлээ.
Европын орнууд НҮБ-ын хугацаа нь дөхөж буй хориг арга хэмжээг шинээр хуульчилж, үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Тодруулбал, шинэчлэн үргэлжлүүлэх хориг арга хэмжээ нь Ираны баллистикт пуужин, дроны экспортыг зогсоох зорилготой. Өмнө нь Иран НҮБ-ын хоригийг зөвшөөрсөн ч ОХУ руу баллистикт пуужин, дрон нийлүүлснээр ихээхэн шүүмжлэлд өртсөн юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна